Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2022/01003

 

                        П.О-ийн нэхэмжлэлтэй

                         иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 189/ШШ2020/00033 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2039 дүгээр  магадлалтай,

П.О-ийн нэхэмжлэлтэй,

Ж.Т-т холбогдох

Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ж.Т-ын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн эрх залгамжлагчийн өмгөөлөгч Б.Зулбаяр, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч П.О нь хариуцагч Ж.Т-т холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 18,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 189/ШШ2020/00033 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Т-аас 1,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,950 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч Ж.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 38,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.О-т олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2039 дүгээр магадлалаар Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 189/ШШ2020/00033 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1,500,000” гэснийг “...15,588,000” гэж, 2 дахь заалтын “38,950” гэснийг “235,890” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3

дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Ж.Т- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие 2006.05.09-ний өдөр 1-р хороо, 4-р байрны, 38 тоот, 1 өрөө байрыг тус дүүргийн иргэн П.О-т үнэ тохиролцон 1,500,000 төгрөгөөр зарсан. Тухайн үед нийт мөнгөний 13,8 хувь буюу 200,000 төгрөгийг “маргааш хотоос гэрээ авч ирэхдээ өгнө” гэж, үлдэх 1,300,000 төгрөгийг, орон сууцны гэрчилгээний хамт авсан.

4.1. Үүнээс хойш үлдэх мөнгөө шаардаж нэхэхэд элдэв шалтгаан зааж байсан. 2011 оны 06-р сард миний төрсөн дүү Хятад Улсад зүрхний голын судас солиулах яаралтай хагалгаанд орох болсон тул 4-38 тоот, 1 өрөө байраа ханшаас доогуур 3,000,000 төгрөгөөр 1-р хорооны иргэн Д..... П.....д өгч, 2011 оны 08-р сард гадагшаа 28 хоног явж ирсэн. Энэ үед байрны эзэн П.О БНСУ руу явсан байсан. Байрны тооцоо дутуу хийж хугацаа удаашруулсан тул байраа зарна, өгсөн мөнгөө эргүүлж ав гэж олон удаа шаардсан. 2011 оны 11-р сард нэхэмжлэгч БНСУ-аас ирж байрны маргаан эхэлсэн бөгөөд одоогоор 14 жил, 8 сар болж байна. Олон жил болж асуудал шийдэгдэхгүй хуулийн байгууллага, хувь хүмүүсийн ажил амьдралыг хохироож байгаа гол буруутан нь нэхэмжлэгч юм. Байраа өөр дээрээ болгож ав гэж 5 жил шаардахад ухамсарлаж аваагүй, харин асуудал хүндрэхэд бусдад буруугаа тохох нь буруу. Би нэхэмжлэгчийн эзэмшлийн байрыг зараагүй. Нэхэмжлэгчийн маргаж буй маргаан нь ямар ч хуулийн үндэслэлгүй. Байрнаас гарахгүй, өвөл, зуныг өнгөрөөх заль гаргах, эсхүл БНСУ руу 6 сараар явж ирээд шүүхээр маргаан үүсгэж, шүүх нэг талыг барьж шийдсэн хэмээн бүх дүүргийн шүүхээр явсан.

4.2. Нэхэмжлэгч байрнаас гарахгүй, хууль ёсны эзэмшигч гэж 15 жил гаруй болсон ч албан газруудын үйлчилгээний төлбөр төлөх болохоор “энэ Ж.Т-ын байр, би төлөх ёсгүй” гэдэг юм. Энэ талаарх төлбөрийн 2,000,000 төгрөгийн маргаан П.О, Ж.Т, Д.П нарын дунд үүссэн. Мөн миний хувьд нэхэмжлэгчийн маргаанд олон жил өмгөөлөгчийн төлбөр, унаа, хоол, шуудан холбооны зардал болон  сэтгэл санаагаар хохирлоо. Иймд, нэхэмжлэгчид ямар ч хохирол төлөхгүй. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.28-ны өдрийн 2039 дүгээр магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй. Хуульд зааснаар харилцан буцаах зохицуулалт байдаг, харин харилцан буцаахдаа нэмэгдүүлж өгөх зохицуулалт байхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

6. Нэхэмжлэгч П.О-ээс хариуцагч Ж.Т-т холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 18,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хариуцагчаас 1,500,000 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 15,588,000 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өөрчилсөн.

7. Нэхэмжлэгчээс “... 2006.04.06-ны өдөр Багахангай дүүрэг, 1-р хороо, 4-38 тоот, 1 өрөө орон сууцыг 1,500,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ хийж, өмчлөгчийн нэрийг шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Тухайн үед 1,300,000 төгрөгийг 200 долларын хамт өгөхөд Ж.Т солиулах газаргүй гээд аваагүй, дараа нь байрны төлбөрийг бүрэн шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн боловч гэрчилгээг шилжүүлээгүй бөгөөд улсын бүртгэлийн байгууллагаас шинэ гэрчилгээ гаргуулж, иргэн Д.П-д худалдсан. Ж.Т-ын гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай үйлдлийн улмаас одоогийн зах зээлийн ханшаар 1 өрөө байрны үнэ болох 18,000,000 төгрөгийн учирсан хохирлыг гаргуулж өгнө үү...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч, “... Тухайн үед П.О  доллароо солиулж ирээд миний мөнгийг өгөөгүй, түүнээс хойш 5 жил өнгөрсөн. Мөнгийг өгөх боломж байсан. Олон газраар 10 гаруй жил яваад их зардал гарч байна. Би П.О-ээс хохирлын мөнгө авах хэмжээний хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа “... Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д “Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана” гэж зааснаар энэ хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй, иймд хариуцагчаас орон сууцны төлбөрт төлсөн 1,500,000 төгрөгийг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв...” гэж дүгнэхдээ нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон хэсгийнхээ үндэслэлийг дүгнээгүй, мөн нэхэмжлэгчийн орон сууцны төлбөрт шилжүүлсэн мөнгөн дүнг буруу тооцсон байна.

 9. Харин давж заалдах шатны шүүх “... Талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний дагуу 1,500,000 төгрөг төлөхөөс 1,300,000 төгрөг төлж, үлдэх 200,000 төгрөг төлөөгүйтэй холбоотойгоор орон сууцны өмчлөх эрх шилжээгүй байна. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн үүргийн зөрчил ялимгүй байхад эд хөрөнгийг бусад этгээдийн өмчлөлд шилжүүлж гэрээний үүргээ биелүүлэх бодит боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймээс нэхэмжлэгчийн хувьд шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгөө хохирлын хамт буцаан шаардах эрхтэй тул 86,6 хувийн үүргийг биелүүлсэн байгааг харгалзан, хохирлыг мөн хувиар тооцож шаардах үндэслэлтэй...” гэж дүгнэн хариуцагчаас  15,588,000 төгрөг гаргуулж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн гэм бурууг харгалзан үзээгүй нь учир дутагдалтай болжээ.

10. Учир нь, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан 2006 оноос хойш бүтэн 9 жилийн дараа буюу 2015 онд хариуцагчийн дансанд шилжүүлснээс үзвэл нэхэмжлэгч өөрөө гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэм буруутай гэж үзэхээр байна. Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс “тухайн үед үлдэгдэл төлбөрийг хариуцагч аваагүй, илүү мөнгө шаардсан” гэж тайлбарлах боловч үүнийгээ баримтаар нотлоогүй.

11. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэсний дагуу орон сууцны төлбөрт шилжүүлсэн 1,300,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй. Мөн тэрээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй боловч дээр дурдсанаар нэхэмжлэгч гэрээний төлбөрийг цаг хугацаанд нь бүрэн төлөөгүй буруутай, нөгөө талаас хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнээсээ татгалзалгүйгээр, түүнд мэдэгдэлгүйгээр орон сууцыг бусдад шилжүүлсэн буруутай байдлыг, түүнчлэн 2006 онд байгуулагдсан гэрээтэй холбоотой маргааныг одоо шийдвэрлэж буй цаг хугацааны хүчин зүйлийг харгалзан хариуцагчийн гэм буруугийн хэмжээг 30 хувиар тооцох боломжтой гэж үзэв.

12. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын хүрээнд (Тодорхойлох хэсгийн 4-т заасан) нэхэмжлэгчийн шаардсан 18,000,000 төгрөгөөс орон сууцны төлбөрт шилжүүлсэн 1,300,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 16,700,000 төгрөгөөс хохирлын хэмжээг 30 хувиар тооцож 5,010,000 төгрөг, нийт 6,310,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэр, магадлалд оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2039 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 189/ШШ2020/00033 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...15,588,000” гэснийг “... 6,310,000 ...” гэж, “... 16,500,000 ...” гэснийг “... 11,690,000 ...” гэж,  2 дахь заалтын “235,890” гэснийг “... 115,910 ...” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг  хангасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 246,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                 ШҮҮГЧИД                                                  Г.БАНЗРАГЧ

                                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                     Д.ЦОЛМОН

                                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД