Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2020/01877

 

 

 

 

 

 

 

 

 

А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/02040 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 23 124 753 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ББСБ ХХК нь Б.Батбаяртай 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 25 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн ба зээлийн барьцаанд Б.Батбаярын эзэмшлийн Лексус 470 маркийн 21-12 УБП улсын дугаартай машиныг барьцаалсан.

Зээлдэгч Б.Батбаяр нь 2016 онд нас барсан. 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би барьцааны машиныг авсан. Д.Батдалай С-тэй 2017 оны 04 сард уулзаад гэрээн дээр гарын үсэг зуруулсан. С- тухайн зээлийг хариуцахаар болж гэрээг шилжүүлсэн. 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 500 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 500 000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 20 000 000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 3 000 000 төгрөг, нийт 25 000 000 төгрөг төлсөн.

2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 20 000 000 төгрөгөөс 484 хоногийн нэмэгдүүлсэн хүү 1 429 969 төгрөг, 513 хоногийн хүү 8 432 877 төгрөг, үлдсэн 10 137 154 төгрөгийг үндсэн зээлээс хассан. 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 3 000 000 төгрөгөөс 950 хоногийн нэмэгдүүлсэн хүү 1 505 539 төгрөгийг, мөн 950 хоногийн хүү 7 527 696 төгрөгөөс 1 494 461 төгрөгийг тус тус хасч тооцсон ба үндсэн зээлийн төлөлт хийгдээгүй.

2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 14 862 846 төгрөг, хүүгийн үлдэгдэл 7 890 462 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 371 445 төгрөг, нийт 23 124 753 төгрөгийг С-гээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би А ББСБ ХХК-аас нэг ч төгрөгийн зээл аваагүй бөгөөд миний аав Б.Батбаяр тус байгууллагаас 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 25 000 000 төгрөг зээлсэн ба зээлээ төлж дуусаагүй байх үед буюу 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нас барсан. 2016 оны 1, 2 сарын зээлийн төлбөр нийт 1 000 000 төгрөгийг аав өөрөө төлсөн. 2017 оны 07 дугаар сарын 05-ны 20 000 000 төгрөгийг ээж Л.Эрдэнэцэцэг төлсөн. 2019 оны 08 дугаар сард төлсөн 3 000 000 төгрөгийг ээж миний нэрээр төлсөн.

2016 оны 12 дугаар сард Ч.Болд гэх хүн над руу ярьж, барьцааны машиныг гараашаас өөрөө унаад явсан ба дараахан нь зээлийн гэрээний дүнд хүрэхгүй юм байна гээд надад буцааж өгсөн. 2017 оны 04 дүгээр сард би А ББСБ ХХК-ийн Д.Батдалай гэх хүнтэй уулзсан. Д.Батдалай намайг ахын дүү аавынхаа ясыг өндөлзүүлээд яах вэ, гэрээнд гарын үсэг зурчих, хүү тооцохгүй, боломжоороо мөнгийг нь төлөөд дуусгачих гэсэн ба би нас барсан хойно нь аавынхаа нэрийн гаргаад яахав гэж бодоод зурсан.

Би аав, ээж хоёрыг гадаадад байхад нь зээлийг нь төлж байсан. Аав, ээж хоёр маань 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр яваад 2016 оны 01 дүгээр сард ирсэн ба байхгүй үед намайг хүү төлөөрэй гэж хэлсэн учраас би төлж байсан. Би ажилтай үедээ зээлийг нь төлж байсан. Одоо надад боломж байхгүй. Авто машин нь миний хадгалалтанд байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул С-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23 124 753 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 273 574 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хуулийг бурүу тайлбарлаж хэрэглэснээс болж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Шүүх зээлийн гэрээний харилцааны талаар бодит дүгнэлт хийж чадаагүй, гэрээний харилцаа болон хуулийг буруу тайлбарлан дүгнэлт хийсэн.

Бид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхээ эдэлж хариуцагч С-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, түүний ээж Л.Эрдэнэцэцэгийг хамтран хариуцагчаар татан оролцуулахаар шаардлага гаргасан боловч шүүх хууль зөрчиж манай шаардлагыг хүлээж авалгүй хэргийг шийдвэрлэсэн ба энэ талаар шүүхийн шийдвэрт огт тусгаагүй байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23 124 753 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, хамтран хариуцагчаар Л.Эрдэнэцэцэгийг татах хүсэлтийг гаргасан байх бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2020/11041 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх шаардлагыг хангаагүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, хамтран хариуцагчаар татах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах эрхтэй ба мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагчийг тодорхойлох эрхтэй. Гэтэл анхан шатны шүүх хамтран хариуцагчаар Л.Эрдэнцэцэгийн татах нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэхээр байна.

 

Уг зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/02040 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 273 574 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЗОЛЗАЯА