Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/01856

 

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/01856

 

 

Увидасын шүтээн ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/02075 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Увидасын шүтээн ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Үүдэн чулуу ХХК-д холбогдох,

 

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 313 412 301 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Ажил гүйцэтгэх гэрээний хөлс 215 587 699 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Наранбаяр, Д.Болормаа

Хариуцагчийн өмгөөлөгч: Л.Загдаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Увидасын шүтээн ХХК нь Увдист орон цогцолборын төслийг боловсруулан, уг цогцолборын хүрээнд 10 метрийн өндөртэй, 115.72 м.куб хэмжээтэй боржин чулуун хаалга буюу Увдисын үүд нэртэй байгууламжийг хийхээр цогцолборын төсөлд тусгагдсан.

Манай компани чулуун хаалга хийх ажил гүйцэтгэх гэрээг Үүдэн чулуу ХХК-ийн захиралтай 2015 оны 10 сард амаар тохиролцсон бөгөөд гэрээний нийт үнийн дүн дээр талууд тохиролцоогүй тул өнөөдрийг хүртэл бичгээр гэрээ хийгдээгүй байна.

Хариуцагч нь чулуун хаалгыг нийт 696 600 000 төгрөгөөр хийж гүйцэтгэх үнийн санал, гүйцэтгэх ажлын төсвийн хамт 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Увидасын шүтээн ХХК-д ирүүлсэн. Уг үнэлгээг Увидасын шүтээн ХХК нь зөвшөөрөөгүй тул Үүдэн чулуу ХХК нь төсөвчин Ч.Мөнхтуяагаар 2016 онд чулуун хаалгыг 698 587 132 төгрөгөөр хийж гүйцэтгэх ажлын төсөв ирүүлсэн. Увидасын шүтээн ХХК-аас чулуун хаалга 115.72 м.куб хэмжээтэй болж байхад 720 м.куб чулуу шаардлагагүй тул төсвөө дахин гаргахыг хүсэхэд Үүдэн чулуу ХХК нь 3 дахь удаагаа төсвийг гаргахдаа 1 101 647 787 төгрөгөөр гүйцэтгэх тооцоог гаргасан.

Нэхэмжлэгчийн зүгээс чулуун хаалгыг хийж гүйцэтгэх ажлын хөлсөнд 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд 313 412 301 төгрөгийн хариуцагчид төлсөн.

Хариуцагч нь чулуун хаалгыг бүрэн хийж дууссан гэж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн хувьд чулуун хаалгыг хийж гүйцэтгэх ажлын төсвийг бодитой үндэслэлтэй тогтоосны дараа ажлын хөлсийг төлөх хүсэлтэй байгаа. Иймд Үүдэн чулуу ХХК-ийн хийсэн 115.72 м.куб хэмжээтэй боржин чулуун хаалганы зах зээлийн дундаж үнэлгээг тогтоосон дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна.

Шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй байх тул дахин шинжээч томилох хүсэлт гаргасныг хангахаас татгалзсан. Шинжээчийн эргэлзээтэй дүгнэлтээр хэргийг шийдвэрлүүлэх нь нэхэмжлэгчид илт хохиролтой байх тул нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна. Талуудын хувьд боржин чулуун хаалганы үнийг анхнаасаа хэлэлцэн тохирч чадаагүй тул гэрээ байгуулагдаагүй гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчээс боржин чулуун хаалганы үнэд төлсөн нийт 313 412 301 төгрөгийг хариуцагч Үүдэн Чулуу ХХК-иас гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Талууд урьд өмнө ажил хэргийн холбоотой байсан тул итгэлцлийн үндсэн дээр чулуун хаалганы үнийг санлыг ирүүлэхээс өмнө ажлын урьдчилгаа хөлсийг өгч эхэлсэн. Хариуцагчаас 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргаж өгсөн үнийн саналыг зөвшөөрөөгүй учраас 2, 3 дахь төсвийг хариуцагчаас нэхэмжлэгчид гаргаж өгсөн бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчтэй чулуун хаалганы үнийг тохиролцож чадаагүй гэдгээ мэдэж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл бичгээр гэрээ байгуулагдаагүй болно.

Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2015 оны 8 дугаар сард Увдист орон цогцолборын бүтээн байгуулалтын эхний хэсэг болох 10 метр өндөртэй, 21 метр урттай боржин чулуун хаалгыг нэхэмжлэгчийн саналын дагуу хийж гүйцэтгэхээр болж нийт 696 600 000 төгрөгөөр хийж гүйцэтгэх санал тавихад захиалагч тал хүлээн зөвшөөрч, улмаар төсвийн дэлгэрэнгүй хувилбартай танилцах хүсэлтийг тавьсан байдаг. Манай компанийн зүгээс уг 696 600 000 төгрөгөөр хийж гүйцэтгэх төсвийн дэлгэрэнгүйг 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчид өгсөн. Нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхэлсэн урьдчилгаа төлбөрийг төлж эхэлсэн бөгөөд нийт 313 412 301 төгрөгийн төлбөр төлсөн.

Манай компани 2015 оны 8 дугаар сард захиалсан чулуун хаалгыг нэхэмжлэгчийн саналын дагуу хийж гүйцэтгэсэн бөгөөд Увидасын Шүтээн ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс болох 383 187 699 төгрөгийг манай компанид төлөөгүй байна. Манай компанийн зүгээс нэхэмжлэгчийг үлдэгдэл ажлын хөлсийг төлөх хүртэл боржин чулуун хаалгыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэггүй болно.

Бид дээрх чулуун хаалгыг хийж гүйцэтгэх ажлын төсвийг нийт 696 600 000 төгрөг /үүнд чулуун хаалгыг Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цахир сум хүртэлх тээвэрлэлтийн зардал болоод суурилуулах зардал, ажлын хөлс, НӨАТ ороогүй/ байхаар тооцоо, төсөв гаргасныг Увидасын шүтээн ХХКомпанид хүргүүлж, танилцуулсан.Үүний дараагаар захиалагч талаас үнийн талаар ямар нэгэн санал, тайлбар ирүүлээгүй бөгөөд уг сардаа урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн тул бид ажлаа эхлүүлсэн. Манай компани ажлын нэмэлт зардлыг өөрсдөө гаргаж, ажлыг хийж дуусгасан.

Захиалагч тал уг байгалийн боржин чулуугаар хийж гүйцэтгүүлсэн чулуун хаалганы ажлын хөлсийг бүрэн төлж барагдуулаагүй атлаа чулуун хаалгыг гаргуулж, өөрт олгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас шинжээч томилох хүсэлт гаргасны дагуу шүүгчийн захирамжаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХКомпанийг шинжээчээр томилсон. Улмаар шинжээч нь боржин чулуун хаалгыг 529 000 000 төгрөгөөр үнэлсэн байдаг.

Иймд захиалагчийн чулуун хаалгыг хийж гүйцэтгүүлсэн боловч ажлын хөлсийг гүйцэт төлөөгүй төлбөрийн үлдэгдэл болох 215 587 699 төгрөгийг хариуцагч Увидасын шүтээн ХХКас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан Үүдэн Чулуу ХХКас 313 412 301 төгрөг гаргуулах тухай Увидасын Шүтээн ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар Увидасын Шүтээн ХХКас 215 587 699 төгрөгийг гаргуулан Үүдэн Чулуу ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч байгууллагаас төлсөн 1 725 020 төгрөг, хариуцагч байгууллагаас төлсөн 1 235 890 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Увидасын Шүтээн ХХКас 1 235 890 төгрөгийг гаргуулан Үүдэн Чулуу ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэлд дурдсан үндэслэл болон дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Хариуцагч нь чулуун хаалганы ажлын төсвийг 3 удаа зохиохдоо үндэслэлгүй өндөр үнэлгээ тогтоосон. Хариуцагч нь ажил гүйцэтгэгч нь захиалагчид ажлын төсвийг бодитой, үндэслэлтэй гаргаж өгөхгүй байсан, мөн ажлын үр дүнг хүлээлгэн өгөхгүй байсан учраас нэхэмжлэгч нь боржин чулуун хаалгыг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Мөн нэхэмжлэгч нь боржин чулуун хаалгыг хүлээн авахад төлөх зах зээлийн дундаж үнэлгээг тогтоолгох зорилгоор шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг дээрх нэхэмжлэлийн хамт шүүхэд гаргасан бөгөөд шүүгчийн захирамжаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээчийн дүгнэлтэд боржин чулуун хаалганы зах зээлийн үнийг 529 000 000 төгрөг гэж тодорхойлсон байх бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон шинжээч дээрх үнэлгээнд боржин чулуун хаалгыг Архангай аймгийн Цахир суманд хүргэж суурилуулах ажлын хөлс ороогүй, энэхүү зардлыг талууд тусад нь тохиролцоно гэж тайлбарлаж байхад нэхэмжлэгч байгууллага нь шинжээчийн дээрх үнэлгээнд боржин чулуун хаалгыг Архангай аймгийн Цахир суманд хүргэж суурилуулах ажлын хөлс орсон гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагчийн зохиосон боржин чулуун хаалганы ажлын гурван өөр үнийн дүн бүхий төсөвт боржин чулуун хаалгыг Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цахир сум хүртэл тээвэрлэх болон суурилуулах машин механизмын зардал, нэмэгдсэн өртгийн албан татварыг ороогүй ба харин бусад бүх зардал буюу үүний дотор боржин чулуун хаалгыг газар дээр нь суурилуулах ажлын хөлс буюу чулуун хаалгыг угсрах, наах, засах зардлыг оруулж тооцсон гэрээний нийт үнийн дүн бүхий төсөв байдаг. Анхнаасаа захиалагч нь Архангай аймгийн Цахир сумын нутагт гэрээний зүйл болох боржин чулуун хаалгыг бүрэн угсарч суурилуулан хүлээн авах зорилготой байсан бөгөөд талууд гэрээний нийт үнийг тогтоохдоо Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цахир сум хүртэл тээвэрлэх болон суурилуулах машин механизмын зардал, нэмэгдсэн өртгийн албан татварыг оруулахгүй байхаар тогтсон бөгөөд чулуун хаалгыг газар дээр нь суурилуулах зардал, а:клын хөлсийг тусдаа тохирно гэсэн нэг ч тохиролцоо хийгээгүй, тийм нотлох баримт ч хэрэгт байхгүй.

Анхан шатны шүүх шинжээч "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн захирал Р.Зоригтыг хариуцагчийн хүсэлтээр оролцуулсан гэх боловч Р.Зоригт нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэйг нотолсон баримт болон түүнийг шүүх хуралдаанд оролцуулах тухай бичгээр гаргасан хүсэлт хэрэгт авагдаагүй, мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасан ажиллагааг явуулж, түүнд эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулсан баримт хэрэгт байхгүй. Түүнчлэн уг боржин чулуун хаалганы үнэлгээг "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн үнэлгээний мэргэжилтэн Ж.Уртнасан гаргасан байх боловч шүүх Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасан ажиллагааг шинжээчийн дүгнэлт гарснаас хойш явуулж, Ж.Уртнасанд эрх, үүрэг, хариуцлагыг нь 2018 оны 04 дүгээр 10-ны өдөр танилцуулж, гарын үсэг зуруулсан. "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн захирал Р.Зоригт нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн асуултад хариулахдаа "... Боржин чулууг засах, угсрах, наах нийт үнэ болох 57 375 000 төгрөг нь "Үүдэн чулуу" ХХК-ийн хашаанд байгаа боржин чулуун хаалганы одоо хийгдчихээд байгаа ажлын нийт үнэлгээ юм. Газар дээр нь суурилуулах, угсрах, наах зардал нийт үнэлгээний дүнд ороогүй бөгөөд тэрхүү үнэлгээг тусад нь дахин гаргуулж болно ..." гэж шинжээчид тавьсан асуултаас илт зөрүүтэй хариулсан бөгөөд харин энэ талаар шинжээчийн дүгнэлтэд огт дурдагдаагүй. Өөрөөр хэлбэл шинжээч "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн захирал Р.Зоригт болон үнэлгээний мэргэжилтэн Ж.Уртнасан нар нь шүүхээс шинжээчид тавьсан асуултыг бүрэн ойлгоогүй учраас бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй дүгнэлт гаргасан нь тогтоогдож байна. Тиймээс нэхэмжлэгч тал шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байна гэж үзэн дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан боловч шүүх шинжээчийн дүгнэлтийг ямар үндэслэлээр эргэлзээтэй гэж үзэж байгаа үндэслэл нь тодорхой бус байна гэж үзэн хүсэлтийг хангахаас татгалзаж, уг шийдвэрт гомдол гаргах эрхгүй захирамж гаргасан. Нэгэнт шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байгаа учраас уг дүгнэлтээр хэргийг шийдвэрлүүлэх нь нэхэмжлэгчид илт хохиролтой байсан тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчилсөн.

Нөгөөтэйгүүр энэхүү иргэний хэрэгт нэхэмжлэгчийн хүсэлтээр "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК нь шинжээчээр томилогдож, дүгнэлт гаргасан бөгөөд уг байгууллага нь шинжээчийн ажлын хөлс болох нийт 3 850 000 төгрөгийн нэхэмжлэхийг шүүхэд хүргүүлсэн байх бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ уг шүүхийн зардлыг зохигчдод хуваарилаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шинжээчийн зардлыг хуваарилсан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Увидасын шүтээн ХХК нь хариуцагч Үүдэн чулуу ХХК-д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 313 412 301 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гүйцэтгэсэн ажлын хөлс 215 587 699 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Талууд ажил гүйцэтгэх гэрээний үнийн талаар тохиролцоогүй тул гэрээ байгуулагдсан эсэх талаар маргажээ.

 

Нэхэмжлэгч талаас ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох боржин чулуун хаалганы үнэ болон хаалгыг зөөж, суурилуулах ажлын төсвийг гаргуулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ.

 

2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлт гарч, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээхдээ анхан шатны шүүх шинжээч Ж.Уртнасанд Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлийг тайлбарласан боловч 2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-д дээрх заалт байхгүй. Иймд шинжээчид холбогдох хуулийн заалтыг тайлбарласан гэж дүгнэхээргүй байна. /хх 111 дэх тал/

 

Анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд шинжээч Ж.Уртнасан оролцоогүй, шинжээчээр Р.Зоригтыг шүүх хуралдаанд оролцуулахдаа х түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг огт тайлбарлаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжилгээ хийхээр томилогдож байгаа шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийг дуудан ирүүлж, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлт гардуулан өгч, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, хэргийн оролцогчтой ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгах, мөн зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар эрх, үүргийг нь тайлбарлаж, эс биелүүлбэл зохих хүлээх хариуцлагыг нь танилцуулах ажиллагааг хийгээгүй нь хуулиар тогтоосон нотлох баримт бүрдүүлэх журам зөрчсөн гэж үзнэ.

 

Уг ажиллагаа бүрэн хийгдээгүй тохиолдолд шинжээчийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй нотлох баримт болох юм. Түүнчлэн уг шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаагүй нь нотлох баримт зохих ёсоор бүрдсэн гэж дүгнэх, улмаар дүгнэлтэд үндэслэн хэргийг шийдвэрлэх буюу шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

 

Иймд зохигчдын хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг анхан шатны шүүх зөрчсөн, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/02075 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 725 020 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА