Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2018/01569

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2018/01569

 

 

 

Д.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/00849 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: А.Эрдэнэбилэгт холбогдох

Нэр төр сэргээлгэх, сэтгэл санааны хохирол 50 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтангэрэл, хариуцагч А.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: Хүний их эмч, эмгэг судлалын профессор Д.Оюунгэрэл нь 1987 оноос эхлэн эмгэг судлал, шүүх эмнэлгийн шинжээч эмчээр нийт 30 жил улсад ажиллаж байгаа бөгөөд өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ бахархаж, үнэнчээр ажиллаж байсан юм. Гэтэл 2015 оны 01 дүгээр сарын сүүлээр NBS телевизийн Хуулийн цоорхой нэвтрүүлгээр А.Төртогтох гэдэг хүнээс авилга авч шүүх эмнэлгийн хуурамч дүгнэлт гарган Л.Хүрэлбаатар гэгч гэмгүй хүнийг хилс хэрэгт оногдуулсан мэтээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр улс орон даяар нэвтрүүлж Д.Оюунгэрэлийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд гэм хор учруулсан. Нэвтрүүлэг хийгдсэний дараа 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Авилгатай тэмцэх газарт гаргасан гомдлын дагуу зориуд худал дүгнэлт гаргасан гэсэн үндэслэлээр Д.Оюунгэрэлийг Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр прокурор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Хэдийгээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан хэдий ч олон нийтийн дунд тарсан авилга авч, зориуд худал дүгнэлт гаргасан гэдэг ойлголт одоо хүртэл хэвээр байна. Эмч мэргэжлийн итгэлийн галыг бөхөөж үр хүүхэд, найз нөхөд, хамт олны дунд миний нэр төрийг гутаан доромжилсон А.Эрдэнэбилэгт маш их гомдож байна. Л.Хүрэлбаатарт холбогдох хэрэгт шинжээч эмчийн 2-3 дүгнэлт гарсан. Сүүлд дахин шинээр зураг авахуулан шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь хавтаст хэрэгт авагдсан. Гол үндэслэл нь 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 826 тоот магадлалаар буцсан. 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 476 тоот магадлалаар шүүх шинжээч эмчийн 238, 701, 1220 тоот дүгнэлтүүд нь зөв дүгнэлт байна гэж хүнд хэлбэртэй гэдгийг тогтоон яллагдагчид ялыг өгсөн байдаг. Прокурорт гомдол гаргахад 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 тоот прокурорын тогтоолоор ялтны хэргийг хохирогчийн биеийн байдал дээрдсэн, эдгэрсэн гэдэг үндэслэлээр ялыг өөрчилж Л.Хүрэлбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон. Рентгений тусгай эмч А.Төртогтохын цээжний зураг, толгойн зургийг авсан бөгөөд хавирга хугарсан гэсэн байдаг. 

Шүүх эмнэлгийн шинжээч эмч зургийг хараад 7-9 дүгээр хавирга битүү хугаралттай, цус хуралттай, хамрын яс цөмөрсөн гэсэн дүгнэлт хийсэн. Энэ тухай эрүүгийн хэрэгт рентгены их эмч н.Мөнхцэцэгийг байцаасан. Тэрээр тайлбартаа  Багануур дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр А.Төртогтох шүүх эмнэлгийн бичигтэйгээ цээж, толгойны рентген зураг авахуулсан бөгөөд цахим үнэмлэх авах мөнгөгүй, өвчтэй зовиуртай байсан тул бүртгэлд хамрагдаагүй зураг авсан нь үнэн болно  гэсэн гэрчийн мэдүүлэг байгаа. Прокуророос шүүхийн шатанд нотлох баримтаар ирүүлсэн хохирогч А.Төгтогтохын амбулаториор эмчлүүлэгчдийн картыг толгойны болон цээжний рентген зургыг хохирогчид буцаан олголоо гэснийг шийтгэх тогтоол дээр хийсэн байна. Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 189/385 тоот тушаал болон Шүүхийн шинжилгээний тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуульд заасныг тус тус үндэслэн Д.Оюунгэрэл эмч дүгнэлт гаргасан.  3 удаагийн шинжээчийн дүгнэлтээр 9 дүгээр хавирга хугарсан байна гэдгийг баталсан.

Иймд NBS телевизийн Хуулийн цоорхой нэвтрүүлгээр нэвтрүүлсэн нэвтрүүлгийн талаар залруулга хийлгэж, ажил хэргийн нэр хүндэд халдсан тул нэр төрөө сэргээлгэх, сэтгэл санааны хохирол 50 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч А.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.Төртогтох нь Л.Хүрэлбаатартай согтуугаар түүний гэрийн гадаа зодолдсон байдаг. Тэрээр Д.Оюунгэрэл гэдэг хүнээр гэмтлийн зэрэг тогтоолгосон байдаг. Шинжээчийн дүгнэлт дээр 7, 8, 9 дүгээр хавирга хугарсан гэдэг. Шинжээч эмчийн дүгнэлт үнэн байсан уу, худал байсан уу гэдгийг мэдэхийн тулд рентген зургийг хайхад зураг байгаагүй. Рентген зургийг Багануурын дүүргийн эмнэлэгт авахуулах ёстой. Эмнэлэгт үзүүлсэн баримт байхгүй, дэвтэр дээр нь тэмдэглэгдээгүй. Гэвч нэг зураг байдаг бөгөөд энэ асуудал ямар учиртай вэ гэвэл таньдаг шүүх эмнэлэг дээр очоод юу болсон талаараа хэлэхээр нь чиний урьд нь хаагуур хаагуур чинь хурагч байсан бэ гэж байгаад таамгаар шинжээч эмч Д.Оюунгэрэл бичсэн байна. Энэ хүн хуучин хугаралтай хүн байсан. Дараа нь дахин шинжээч томилогдоход 7, 8, 9, биш 9, 10, 11, 12 дугаар хавирга хугарсан гэдэг дүгнэлт гарсан. Тэгэхээр Д.Оюунгэрэл эмч 20-30 жил шинжээч эмчээр ажилласан юм бол ингэж андуурах ёс байхгүй. Олон жил ажилласан эмч нар рентген зураг хараад хавирганы дугаар андуурах ёс байхгүй.

2015 онд NBS телевизээр нэвтрүүлэг хийгээд өргөдөл бичиж өгсөн. Шинжээч эмчийн 7, 8, 9 дүгээр хавирга хугарлаа гэсэн худлаа дүгнэлт гаргалаа гэж нэвтрүүлсэн. Би нэвтрүүлгийг үнэн юм дээр үндэслэж хийдэг. Өнөөдрийг хүртэл 7, 8 дугаар хавирга хугарсан гэсэн баримт эрүүгийн хэрэг дотор ч байхгүй. Хаана ч байхгүй. Хэрэгсэхгүй болгосон тухай асуудал бол хэрэг байсан эсэх дээр дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл 4 хавиргыг ташраар нь хүний гарын цохилтоор хугалах асуудал Монголын түүхэнд байхгүй. Энэ бол техниктэй холбоотой зүйлээс болж хугардаг болохоос биш 2 согтуу хүн зодолдоход хугарна гэж байхгүй. Өнөөдөр би гараараа нэг хавиргыг ч цохиод хугалж чадахгүй. Хүний эрүүл ухаанд байхгүй гажиг дүгнэлт гаргасан. Үүнийг урьд өмнө нь байсан гэмтэл гээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болгоод хэрэгсэхгүй болгосон. Хоёр хүн хоорондоо муудалцахад шинжээч эмчийн дүгнэлт гаргуулаад ирсэн зүйл байсан. Д.Оюунгэрэл нь тийм туршлагатай эмч юм бол ядаж рентген зураг харж байгаад дүгнэлт гаргаж болно. Тэгэхэд рентген зураг байдаггүй. Тэгэхээр миний нэвтрүүлэг дотор рентген зураг байхгүй, дүгнэлт гаргасан, 7, 8 дугаар хавирга хугараагүй гэсэн нэвтрүүлэг хийсэн. Л.Хүрэлбаатарын ар гэрийнхэн над дээр 9, 10, 11, 12 дугаар хавирга хугарсан баримт, Л.Төртогтохын очиж засвар хийсэн айлын хүний мэдүүлэг, дээр 9, 10, 11, 12 дугаар хавирга хугарсан гэсэн дүгнэлтийг үндэслээд гаргасан. Прокурорын дүгнэлт нь энэ хүн 7, 8 дугаар хавирга хугараагүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Д.Оюунгэрэл нь рентгений эмч дээрээ очоод за чи тэгээд хэлчих, би хэрэгт орооцолдох гээд байна гэхэд тийм байсан гэдэг мэдүүлэг өгсөн байдаг. Тэр зураг нь Л.Төртогтохын зураг гэдгийг хэн нотолж байгаа юм. Д.Оюунгэрэл шиг хүнээс болоод шинжээч нарын нэр хүнд унаж байна. Иймэрхүү хүмүүсээс болоод хуульд, шинжээч нарт иргэд итгэхээ больж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Оюунгэрэлийн хариуцагч А.Эрдэнэбилэгт холбогдуулан гаргасан А.Эрдэнэбилэгээр түүний ашигласан мэдээллийн хэрэгслээр буцаан залруулга хийлгэж, ажил хэргийн нэр төрийг сэргээлгэх, сэтгэл санааны хохиролд 50 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Д.Оюунгэрэлийн нэхэмжлэлийн гол агуулга нь хариуцагч А.Эрдэнэбилэг NBS телевизийн Хуулийн цоорхой гэх нэвтрүүлгээр А.Төртогтох гэгчээс авилга авч, зориуд худал дүгнэлт гаргаж, гэмгүй иргэн Л.Хүрэлбаатарт хилс хэрэг оногдуулсан... мэтээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр улс, орон даяар нэвтрүүлж, шинжээч эмч Д.Оюунгэрэлийн ажил, албан тушаалтай нь холбогдуулан түүний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гүтгэн, гутааж байгаа нь түүний болон гэр бүлийн хүрээнд сэтгэл санааны маш хүнд гэм хор учруулсан хэмээн дурдсан. Шүүх шинжээч эмч Д.Оюунгэрэлийн 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гаргасан №238 тоот дүгнэлт буруу байсан эсэхэд илүү анхаарч, харин А.Төртогтох гэгчээс авилга авч, зориуд худал дүгнэлт гаргасанд голлож анхааралгүй орхигдуулсан.

Уг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...дээрх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №32 тоот дүгнэлтээр ...Д.Оюунгэрэл эмчийн үзлэгт үндэслэн дараагийн дүгнэлтүүд гарсан байна. Л.Төртогтохын биед тухайн үед амь насанд нь аюултай хүнд гэмтэл учирсан шинж илрээгүй байна... гэсэн үндэслэлээр тухайн хүнд гэмтлийг үгүйсгэж байна. гэжээ, Өөрөөр хэлбэл энэхүү дүгнэлтээр өмнө нь гарсан 238, 701, 1220 тоот дүгнэлтүүдийг үгүйсгэсэн байх бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид хэн аль нь дүгнэлтэд гомдол гаргаагүй байна. гэж дурдсан нь шүүх, шинжээч эмч Д.Оюунгэрэл буруу дүгнэлт гаргасанд илүү анхаарсан болохыг үүгээр илэрхийлжээ.

Мөн шүүх ... хэн аль нь дүгнэлтэд гомдол гаргаагүй байна. гэх нь өрөөсгөл бөгөөд манай төлөөлүүлэгч ийм дүгнэлт гарсан тухай огт мэдээгүй байсан, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №32 тоот дүгнэлтийг өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гэтэл Д.Оюунгэрэл эмч худал дүгнэлт гаргасан юм бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254, 255 дугаар зүйлүүдэд тус тус заасныг үндэслэн цагдаад хандах ёстой атал хариуцагч Эрдэнэбилэг нь дээрх нэвтрүүлэгтээ ...өнөөдөр дөнгөж сая энэ Д.Оюунгэрэл эмчтэй холбогдуулаад АТГ-т гомдол гаргалаа. Цагийн өмнө гомдол гаргалаа. Одоо ингээд шалгах юм байгаа биз...гэх мэтээр ярьж, АТГ-т хандсан байдаг.

Буруу дүгнэлт гаргах, Авилга авч, зориуд санаатайгаар худал дүгнэлт гаргах үйлдлүүд нь өөр зүйлчлэлтэй асуудлууд юм. Авилга авах үйлдэл нь өөрийгөө хүндэлдэг, нэр төрөө эрхэмлэдэг хүмүүст ой гутам, маш гутамшигт, өөрийгөө дорд үзсэн хэрэг бөгөөд шившигт явдал юм. Тус шүүх хуралдаан дээр нотлох баримтуудыг шинжлэн судлах үеэр шинжээч эмч Д.Оюунгэрэлийн Хаан банк ХХК-ийн хуулгаас 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх өдрүүдэд А.Төртогтох гэгчээс авилгын мөнгө орсон эсэхийг тодруулахыг хүсэхэд, хариуцагч А.Эрдэнэбилэг нь шүүгчдэд хандан ...юу гэж дансаар нь мөнгөө хийх вэ дээ, бэлнээр л өгсөн байгаа ш дээ... хэмээн тайлбарласан нь шинжээч эмч Д.Оюунгэрэлийг авилга авсан хэмээн гүтгэж буй хэрэг юм. Шүүх түүний энэ тайлбарыг үнэлэлгүй, орхисон бөгөөд шинжээч эмч Д.Оюунгэрэл авилга авч, зориуд худал дүгнэлт гаргасан эсэх тухай шийдвэртээ нэг ч өгүүлбэрээр дүгнэж, бичээгүй нь нэхэмжлэлийн гол агуулгаас төөрөлдсөн болохыг нотолж буй хэрэг юм.

Харин тус шүүх хуралдааны эцэст иргэдийн төлөөлөгч Ц.Оюумаа Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Оюунгэрэлийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаж гутаасан байна. Нэхэмжлэгч нэр төрөө сэргээлгэх эрхтэй байна. хэмээн өөрийн дүгнэлтээ илэрхийлсэн нь гурван шүүгчдээс илүү асуудлыг зөвөөр ойлгосон болохыг илтгэж байхад, шүүгчид нэхэмжлэлийн агуулгыг ойлгохгүй төөрөлдсөн нь үүгээр давхар нотлогдож байна.

Мөн дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн төгсгөлд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Д.Оюунгэрэлийн ажил хэргийн нэр хүнд гутаагдсан гэж тайлбарладаг ба ажил хэргийн нэр хүнд гэж тухайн хүний эрхэлж буй ажил, албан тушаалтай холбоотой, тухайн иргэний өөрийгөө үнэлэх үнэлэмж бөгөөд дээр дурдсан үйл баримт болон нэвтрүүлгийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгч Д.Оюунгэрэлийн ажил хэргийн нэр хүндийг хариуцагч А.Эрдэнэбилэг нь гутаасан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. гэв.

Гэтэл ...ажил хэргийн нэр хүнд гэж тухай хүний эрхэлж буй ажил албан тушаалтай холбоотой, ... гэж шүүх шийдвэртээ тайлбарлах бөгөөд хариуцагч А.Эрдэнэбилэг нь NBS -телевизийн Хуулийн цоорхой гэх нэвтрүүлэгтээ ... санаатай хэн нэгийг ...шалгагдахад хүн яах ёстой байдаг юм. Мөнгөө өгөөгүй бол, авилга өгөөгүй бол ингээд чихээд явуулдаг... Магадгүй үүнийг /сэжигтэн Л.Хүрэлбаатарыг/ ингээд энэ чигээр нь явуулчихна. Энэ чигээрээ яваад энэ хүн ялаа аваад, шорондоо дуусна. Араас нь яаж ч яваад нэмэр байхгүй. Ингээд дуусдаг... Тэгэхээр өнөөдөр энэ асуудал дээр дөнгөж сая энэ Д.Оюунгэрэл эмчтэй холбогдуулаад АТГ-т гомдол гаргалаа. Цагийн өмнө гомдол гаргалаа. Одоо ингээд шалгах юм байгаа биз... гэж ярьсан нь сэжигтэн Л.Хүрэлбаатараас мөн авилга авах гээд авилга өгөөгүй болохоор нь шоронд явуулах гэж худал дүгнэлт гаргасан мэтээр, мөн дээрх шүүх хуралдааны үеэр ...таньдаг шүүх эмнэлэг дээр очоод юу болсон талаараа /А.Төртогтох/ хэлэхэд нь урьд нь чиний хаагуур хаагуур хугарч байсан бэ? гэж байгаад таамгаар шинжээч эмч Д.Оюунгэрэл бичсэн байна. Энэ хүн хуучин хугаралтай байсан... гэж болсон явдлыг нүдээр үзэж, харсан, бүгдийг мэдсэн мэт илт худал тайлбарлаж байхад/энэхүү тайлбар дээрх шүүхийн шийдвэрийн 3-р хуудсанд бий. Шүүх эдгээрт үнэн бодит дүгнэлт хийлгүй шинжээч эмч Д.Оюунгэрэлийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг янз бүрээр гүтгэн, гутааж байгааг сонсож, мэдсээр байж үл хайхарч, шүүхийн шийдвэртээ ...дээр дурдсан үил баримт болон нэвтрүүлгийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгч Д.Оюунгэрэлийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг хариуцагч А.Эрдэнэбилэг нь гутаасан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй хэмээн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Шинжээч эмч Д.Оюунгэрэл нь авилга авч, зориуд худал дүгнэлт гаргадаг хэмээн янз бүрээр давхар давхар гүтгэн гутаасаар байхад нэхэмжлэлийн агуулгад шүүх анхаарлаа хандуулалгүй орхигдуулсан нь дээрх үйл баримтаар нотлогдож байна. Телевизийн нэвтрүүлгийг бүх нийтээр үздэг ба нийгэмд асуудлын буруу зөвийг ялган, тунгааж, ойлгох чадваргүй мэдлэг, мэдээлэл муутай хүмүүс олон байх бөгөөд тэд гол санааг өөр өөрсдийн ойлголтын хэмжээгээр буруу зөрүү янз бүрээр тусган ойлгож.хүлээж авцгаадаг.

Хариуцагч А.Эрдэнэбилэг нь NBS телевизийн Хуулийн цоорхой гэх нэвтрүүлгээрээ бусдын нэр төр, ажил хэргийн нэр хүндэд санаатайгаар халдаж, авилга авч, зориуд худал дүгнэлт гаргадаг гэх мэтээр санаатайгаар гүтгэн гутааж, нийгэмд эсрэгээр өөрийгөө мундаг гэж дөвийлгөн ойлгуулж, далд аргаар, өөртөө олон үйлчлүүлэгч олж авч, ашиг олох зорилгоор олон нийтийн мэдлэг сул доройг ашиглан, арилжааны мэдээллийн хэрэгслээр санаатайгаар бусдад өөрийн /хувь хүнийхээ/ буруу ойлголт, цензургүй мэдээллийг улс, орон даяар түгээн нэвтрүүлж буй бусармаг, ёс суртахуунгүй үйлдлийг шүүх өөгшүүлэн дэмжих нь буруу, түүний гаж үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй... гэж сургадаг. Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар үнэлээгүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Оюунгэрэлийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Д.Оюунгэрэл нь хариуцагч А.Эрдэнэбилэгт холбогдуулан нэр төр сэргээлгэх, сэтгэл санааны хохирол 50 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний 9 дүгээр гудамжинд Л.Хүрэлбаатар гэгч согтуугаар Л.Төртогтохтой маргалдаж, улмаар түүнийг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож, шинжээч эмч Д.Оюунгэрэл нь Л.Төртогтохын биед үзлэг хийж, 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 238 дугаар дүгнэлт гаргаж, уг дүгнэлтэд ... Л.Төртогтохын биед баруун талын 7-9 дүгээр хавирганы битүү хугаралт баруун талын цээжний хөндийд цус хуралт хамрын ясны хугаралт зөөлөн эдийн цус хуралт гэмтэл тогтоогдож байна. Л.Төртогтохын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлдчлэлээр үүсгэгдсэн байна ... тогтоожээ.

Хохирогч Л.Төртогтохын биед учирсан гэмтлийн талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 701 дугаар, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1220 дугаар, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаар дүгнэлтүүд тус тус гарсан бөгөөд хамгийн сүүлийн дүгнэлт буюу 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаар дүгнэлтээр ... Урьд гарсан дүгнэлтүүдэд дурдсан баруун талын 7,8,9-р хавирганы хугаралын ирмэг дотогш цээжний гялтанг гэмтээж цээжний хөндийд цус хуралдсан гэмтэл учирсан нь батлагдахгүй байна. Рентген зурагт баруун 9-р хавирга суганы дунд шугамаар зөрөө үүсээгүй бороололт тогтоогдсон байна. ... хяналтын зураг авч дахин уншуулсан хариуд баруун 9-р хавирганд бороололтын шугам тогтоогдсон байна. ...Гэмтлийг эхний үзлэг хийж дүгнэлт гаргасан эмч нэмэлт шинжилгээгээр баталгаажуулдаг бөгөөд дараагийн дүгнэлт гарах үед хүн нь биеэр ирж үзүүлээгүй тул Д.Оюунгэрэл эмчийн үзлэгт үндэслэн дараагийн дүгнэлтүүд гарсан байна. ...Л.Төрбатын биед тухайн үед амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан шинж илрээгүй байна. ... тухайн хүнд гэмтлийг үгүйсгэж байна гэжээ. /хх-ийн 158 дугаар тал/ Өөрөөр хэлбэл, шинжээч эмч Д.Оюунгэрэлийн дүгнэлтийг үгүйсгэсэн баримт хэрэгт байх тул нэхэмжлэгч буруу дүгнэлт гаргасан гэх нөхцөл байдлыг мэдээлснийг худал, буруу гэж үзэхээргүй байна.

Хариуцагч А.Эрдэнэбилэг нь 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр NBS телевизийн Хуулийн цоорхой гэх нэвтрүүлгээр Л.Хүрэлбаатарт эрүүгийн хэрэг үүссэн болон Л.Төртогтоход учирсан гэх гэмтлийн талаар, шинжээч эмч Д.Оюунгэрэлийн гаргасан дүгнэлт, бусад дүгнэлттэй холбоотойгоор зарим нэг этгээдүүдийн нэрийг дурдан хүнд гэмт хэрэгт бусдыг гүтгэсэн, ажлаа зохих ёсоор хийсэнгүй, шинжээч эмч Д.Оюунгэрэлийн гаргасан дүгнэлт зөрүүтэй байсан, Авилгатай тэмцэх газарт шалгуулах агуулга бүхий мэдээ, мэдээллийг цацсан нь талуудын тайлбар, хурцагт хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдсон. /хх-55-57/ Иймд дээрх үйл баримтуудыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн ажил үүргийнхээ дагуу гаргасан дүгнэлт нь зөрүүтэй дүгнэлт байсан нь CD бичлэгт байгаа хариуцагч А.Эрдэнэбилэгийн ярьсан зүйлүүдтэй тохирч байна. Мэдээлэлд дурдагдсан ... Мөнгөө өгөөгүй бол, авилгаа өгөөгүй бол ингээд чихээд явуулдаг өнөөдөр Монголын практик байдаг юм., ... Багануурын айлд халтуурын ажил буюу засварын ажил хийсэн. Мөнгийг нь авчихсан бүр нотлогдсон. ... гэснийг зөвхөн нэхэмжлэгч Д.Оюунгэрэлд хамааруулан, түүнийг авилга авсан гэж хэлсэн хэмээн ойлгох нь учир дутагдалтай юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Тэрээр нэхэмжлэгчийг Авилгатай тэмцэх газарт шалгуулах тухай асуудлыг ярьсан байх ба, үүнийг гэмт хэрэгт шууд гүтгэсэн, нэр төрийг нь гутаасан, бодит байдалд нийцэхгүй мэдээллийг тараасан гэж үзэх үндэслэлгүй, нэр төр гутаасан, бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй, худал мэдээлэл тараасан гэх зүйл тогтоогдсонгүй. Шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт нийцсэн болно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/00849 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Б.НАРМАНДАХ