Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/00305

 

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/00305

 

Бэст-Ийст ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2017/03154 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Бэст-Ийст ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Монголын цахим институт ТББ-д холбогдох

 

Зөвлөх үйлчилгээний гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 4 800 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1 600 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын цахим институт ТББ-ын захирал Г.Ганзориг нь 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүний нөөцийн менежментийн өнөөгийн төлөв байдалд шинжилгээ хийж Хөдөлмөрийн аюулгүй байдал болон эрүүл ахуй /ХАБЭА/-н болон хүний нөөцийн бодлогыг тодорхойлон боловсруулах, бичиг баримтыг орчин үеийн стандартын дагуу тухайн компанийн онцлогт тохируулан сайжруулах, зөвлөгөө өгөх, зөвлөмж бичих, сургалт явуулах ажлыг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгнө гэж тохиролцон гэрээг байгуулж 4 800 000 төгрөг авсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлэхгүй өдийг хүрлээ. 80 хувийн ажил хийсэн гэх боловч бидэнд огт хүлээлгэж өгөөгүй, шүүхэд хуурамч баримтуудыг авчирч өгсөн байна. Иймд 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Зөвлөх үйлчилгээний гэрээ-нээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 4 800 000 төгрөгийг буцаан шаардаж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээ байгуулснаас хойш гэрээний хавсралт 01-д тусгагдсан ажлуудыг холбогдох мэргэжилтнүүддээ хувиарлан өгч хийж гүйцэтгэж байсан боловч үл ойлголцсоны улмаас зарим ажлуудыг хийж дуусгалгүй зогссон. Бид гэрээний хавсралт 01 болох хүний нөөцийн зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд үйлчлүүлэгч байгууллагын удирдлага зохион байгуулалтын болон бичиг баримтын бүрдэл, хүний нөөцийн бодлогын бичиг баримтуудтай 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр танилцаж, мониторинг хийж, тэмдэглэл хөтөлсөн. Мөн тухайн байгууллагад хүний нөөц болон ХАБЭА-тай холбоотой баримт бичгүүд байсан ч үйл ажиллагаатай нь холбогдоогүй стандарт шаардлага хангаагүй цөөн хэдхэн баримт бичгүүд байсан учир байгууллагад зайлшгүй байх ёстой бодлогын бичиг баримтууд болон холбогдох маягтуудыг боловсруулж, ажилчдын цаг ашиглалт, хуваарилалт болон үйлдвэрлэлийн үйл явцын талаарх мэдээллийг авах мөн захирал Д.Оюунгэрэлийн гэрээнд тусгагдаагүй үйлдвэрийн процессийн зураглал хийлгэх хүсэлтийн дагуу мэдээлэл авах зорилгоор ажилчдаас судалгаа авсан. Мөн компанийн өдөр тутамд хэрэглэгдэх захирамжлалын, зохион байгуулалтын, мэдээлэл лавлагааны 19 бичиг баримтыг стандартын дагуу боловсруулж хэлбэржүүлсэн ба албан хэрэг хөтлөлттэй холбоотой 8 бүртгэлийн хуудас, Албан хэрэг хөтлөлт-ийн журмыг боловсруулсан.

Мөн бодлогын бичиг баримтуудыг байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохируулан захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ, мэргэжил, ур чадварын түвшин тогтоох, ажилтанд мэргэжлийн зэрэг олгох, ажлын байрны зэрэглэл тогтоох комиссын ажиллах журам, хувийн хэрэг, тоо бүртгэл, судалгаа хийх журам, нууцыг боловсруулах, хадгалах, хамгаалах байгууллагын дотоод журам, албан хэрэг хөтлөлтийн журам, оффист ажиллах журам, хүний нөөцийн удирдлагын хүрээнд шаардагдах загвар, маягтууд, удирдах ажилтнуудын ёс зүйн дүрэм сургалт хөгжлийн журам, хүний нөөцийг бүрдүүлэх, ажилтан сонгон шалгаруулж, авах үйл явцын журам, хөдөлмөрийн дотоод журам, ХАБЭА-ын бичиг баримтуудыг бүрэн боловсруулж дуусгасан. Мөн манай байгууллагын зүгээс уг гэрээний нийт 80 хувийг хийж дуусгасан гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага гэрээний дагуу ...ажлуудыг гүйцэтгэн файл хэлбэрээр Бэст Ийст ХХК-д хүлээлгэн өгсөн. Мөн манай Монголын цахим институт ТББ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан-аар сургах сургалтанд сургаж сертификат олгодог бөгөөд тус сургалтад Бэст Ийст ХХК-ийн нэр бүхий 7 хүнийг сургаж сертификат олгосон. Энэхүү сургалт маань нэг хүний 300 000-350 000 төгрөгийн төлбөртэй сургалт юм. Манай байгууллага уг гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлын гүйцэтгэл 80 хувьтай гэж үзэж байгаа ба гэрээгээр тохиролцсон дүнгээс 6 400 000 төгрөгийн ажлыг захиалагчид өгсөн. Урьдчилгаа төлбөрт өгсөн 4 800 000 төгрөгөөс гадна бид өөрсдийн зүгээс 1 600 000 төгрөгийг гаргаж ажлыг гүйцэтгэж байсан. Иймд ажлын хөлсний төлбөр болох 1 600 0000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын цахим институт ТББ нь гэрээ байгуулснаас хойш ажлаа эхлүүлээгүй, дээрх манай компанид хийж өгсөн гэх 16 нэр бүхий ажлыг хийгээгүй. Хийсэн гэх дээрх 16 нэр бүхий ажлыг хийсэн гэж тус шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж түүнд хавсаргаж өгснийг нь анх удаа шүүх дээр харсан. Түүнээс биш өмнө нь манай компанид болон гүйцэтгэх захирал надад дээрх баримтуудыг хүлээлгэн өгөөгүй, ийм ажлыг хийлээ гэж ч хэлээгүй, хэлэх ч үндэслэл байхгүй. Учир нь гэрээнд заагдсан хугацаа 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байсан боловч ажил хийгдэхгүй байгаа талаар Монголын цахим институт ТББ-д 2017 оны 5 дугаар сарын 18-ны шаардлага тавихад 2017 оны 5 дугаар сарын 24-ний н.Алтансүх захирал нь өөрийн биеэр манай компани дээр ирж манай ажилтны буруу гэж уучлалт гуйн гэрээний хугацааг 1 сараар хойшлуулан дахин эхлэе хэмээн тохиролцсон боловч түүнээс хойш 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр болон 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн орчимд 2 удаа манай ажлын гүйцэтгэлийг хийнэ хэмээн дагуулж ирсэн хүмүүстэйгээ удаа дараа тохиролцохгүй байсан ба ...энэ хүмүүстэйгээ эхэлж тохиролцоод хэн, хэзээ, юу хийхээ тодорхой болгоод ажлаа эхлүүлээч гэхэд тэрээр ...гэрээгээ цуцлая, та нар шүүхээр заргалдаад мөнгөө аваарай гэж бүдүүлэг авирлаж хэлсэн.

Монголын цахим институт ТББ-тай байгуулсан гэрээний хавсралтын 4-ийн сургалт гэсэн хүснэгтэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар сургах сургалтанд сургаж сертификат олгоно гэж хийх ажилд дурьдагдаагүй, сургалтанд өөрсдөө сайн дураараа суулгасан. Энэ сургалтанд суулгаж болох юм уу, гэрээнд ийм сургалтанд хамруулна гэж байхгүй гэхэд нарийн бичиг н.Сараа гэх эмэгтэй нь ...болно, болно гээд суулгасан байсан. Сургалт нь 300 000-350 000 төгрөгийн төлбөртэй гэж огт хэлээгүй. Түүнээс биш манай компанийн зүгээс сургалтанд суулгая гэж хэлээгүй, санал тавиагүй, гэрээнд тусгагдаагүй учир хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээгээ ч эхлүүлээгүй байж, хийж өгсөн ажлын хөлс гэж 1 600 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Монголын цахим институт төрийн бус байгууллагаас 4 800 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бэст ийст ХХК-д олгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Бэст ийст ХХК-иас 1 600 000 төгрөгийг гаргуулж хариуцагч Монголын цахим институт төрийн бус байгууллагад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,750 төгрөг, хариуцагчаас төлсөн 40,550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монголын цахим институт төрийн бус байгууллагаас 91,750 төгрөгийг гаргуулж Бэст ийст ХХК-д, нэхэмжлэгч Бэст ийст ХХК-иас 40,550 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэл гаргах эрх бүхий субъект уг нэхэмжлэлийг гаргасан эсэх нь тодорхой бус байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдаж байна. "Бэст Ийст" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Оюунгэрэл гэж анх нэхэмжлэл гаргасан боловч хэргийн 25 дах талд авагдсан 2017 оны 06 сарын 29-ний өдрийн А/089 тоот итгэмжлэлд Бэст-Ийст ХХК-ийн ерөнхий захирал Б.Сэржмядагаас Д.Оюунгэрэлд итгэмжлэл олгосон. Мөн өмгөөлөгч Г.Алтанчимэг шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий субъект буюу тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Д.Оюунгэрэл уг компанийг үүсгэн байгуулагчаас дахин итгэмжлэл авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа нь Иргэний хуульд заасан итгэмжлэл, төлөөллийн хуулийн шаардлага хангахгүй, мөн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байгаа нь хуульд ннйцээгүй гэж үзэж байна. Шүүх шийдвэртээ нэхэмжлэгч гэж бичсэн болохоос нэхэмжлэгч нь хэн болох талаар тодорхой заагаагүй мөртлөө "Бэст Ийст" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Оюунгэрэлийг нэхэмжлэгчиин төлөөлөгч Д.Оюунгэрэл гэж бичсэн нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг шүүх шийдвэртээ дурьдсан болохыг харуулж байна. Нэхэмжлэгч хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзээд гэрээнээсээ татгалзаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс гэрээний 6.2.2-т заасныг харгалзан үзэхгүйгээр нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь гэрээг цуцлах талаар манай талд албан ёсоор мэдэгдээгүй, гэрээнд зааснаар бол 1 сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдэнэ гэж талууд тохиролцон гэрээ байгуулсан, мөн гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд зөрчил арилгах хугацааг харилцан тохиролцож тогтооно гэж заасан байхад гэрээний заалтыг харгалзахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр бодитой байж чадаагүй. Шүүх шийдвэр гаргахдаа талууд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж дүгнэсэн боловч энэ талаар баримт байхгүй. Нэхэмжлэгч нь манай талд гэрээнээс татгалзах тухай албан ёсоор мэдэгдээгүй байж шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш мэдэгдэх хуудсаар гэрээнээс татгалзсан тухай баримтыг шүүхэд хүргүүлсэн байдаг. Иргэний хуульд гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно гэж заасныг зөрчсөн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Бэст-Ийст ХХК нь хариуцагч Монголын цахим институт ТББ-д холбогдуулан Зөвлөх үйлчилгээний гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 4 800 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүрэгт 1 600 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Зохигчдын хооронд 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Зөвлөх үйлчилгээний гэрэ байгуулагдаж, гүйцэтгэгч Монголын цахим институт ТББ нь захиалагч Бэст-Ийст ХХК-ийн хүний нөөцийн менежментийн өнөөгийн төлөв байдалд шинжилгээ хийж, ХАБЭА-ийн болон хүний нөөцийн бодлогыг тодорхойлон боловсруулах, бичиг баримтыг орчин үеийн стандартын дагуу, тухайн компанийн онцлогт тохируулан сайжруулах, зөвлөгөө өгөх, зөвлөмж бичих, сургалт явуулах ажлыг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх, захиалагч нь гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, хөлсийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 8-11/

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд хариуцагч ажлын хөлсний урьдчилгаанд 4 800 000 төгрөг хүлээн авч ажлыг эхлүүлсэн боловч гэрээгээр хүлээсэн ажлын үр дүн хүлээлгэн өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн шаардлагаар гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Зохигчид гэрээт ажлын гүйцэтгэлийн хэмжээний талаар маргасан болно.

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзэхэд хариуцагч Монголын цахим институт ТББ нь Зөвлөх үйлчилгээний гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажлын үр дүнг нэхэмжлэгчид хүлээлгээн өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээт ажлын 80 хувийг буюу хийж гүйцэтгэсэн гэж нийт 386 хуудас баримт бичгүүдийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн боловч эдгээр баримт бичгүүдийг гэрээт ажлын үр дүн гэж нэхэмжлэгч Бэст-Ийст ХХК-д хүлээлгэн өгсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан тохиолдолд ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ашиг сонирхолтой бол ажлын хөлсийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч ажлын хөлс шаардах эрх үүсэх нөхцөл байдал байгаа гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дах хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсан явдлыг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэгч ажлын хөлсөнд урьдчилан төлсөн мөнгөн хөрөнгийг буцаан шаардсан нь үндэслэлтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Харин анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байна.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй боловч мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дах хэсэгт зааснаар захиалагч ажил дуусахаас өмнө гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан Зөвлөх үйлчилгээний гэрээний хавсралтаар талууд сургалт зохион байгуулахаар тохиролцсон, Бэст-Ийст ХХК-ийн ажилчид Монголын цахим институт ТББ-ын явуулсан сургалтад хамрагдсан гэж үзэх үндэслэлтэй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас сургалтын төлбөрийн 1 600 000 төгрөгийг хангах нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дах хэсэгт зааснаар үндэслэлтэй байна.

 

Иймд дээр дурдсанаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг дээрх байдлаар залруулан дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2017/03154 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Н.БАТЗОРИГ