Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 3154

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:, Б И ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч, МЦ ТББ -д холбогдох

 

4,800,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

1,600,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А, Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгопын цахим институт” ТББ-ын захирал Г.Ганзориг нь 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “Бэст Ийст” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.О надтай хүний нөөцийн менежментийн өнөөгийн төлөв байдалд шинжилгээ хийж Хөдөлмөрийн аюулгүй байдал болон эрүүл ахуй /ХАБЭА/-н болон хүний нөөцийн бодлогыг тодорхойлон боловсруулах, бичиг баримтыг орчин үеийн стандартын дагуу тухайн компанийн онцлогт тохируулан сайжруулах, зөвлөлгөө өгөх, зөвлөмж бичих, сургалт явуулах ажлыг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгнө гэж харилцан тохиролцож гэрээг байгуулж 4,800,000 төгрөгийг авсан. Гэтэл “Монголын цахим институт” ТББ нь гэрээний гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлэхгүй өдийг хүрлээ. Иймд 2017 оны 3 дугаар сарын 22-ны №003 тоот зөвлөх үйлчилгээний гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, учирсан хохирол 4,800,000 төгрөгийг “Монголын цахим институт” ТББ-аас  гаргуулж “Бэст Ийст” ХХК-д олгох шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчлөн тодруулж байна. Хариуцагч тал 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн “Зөвлөх үйлчилгээний гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул бид уг гэрээнээс татгалзаж гэрээний урьдчилгаанд төлсөн 4,800,000 төгрөгийг буцаан шаардаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: МЦ ТББзахирал Г.Ганзориг нь БИ ХХКзахирал Д.Отэй харилцан тохиролцож хамтран ажиллах гэрээг байгуулан ажилласан. Манай байгууллага нь энэ төрлийн гэрээ хийж ажил үйлчилгээ үзүүлэхдээ багадаа 14,000,000 төгрөгийн үнэлгээгээр хийдэг бөгөөд Д.О захирлын гуйлтаар 8,000,000 төгрөгөөр хийхээр болж тохирсон. Мөн ийм төрлийн гэрээний ажлын хугацааны хувьд 2-3 сарын хугацаатай хийдэг боловч Д.О захирлын хүсэлтээр 6 сар болгож сунгасан. Гэрээг байгуулснаас хойш гэрээний хавсралт 01-д тусгагдсан ажлуудыг холбогдох мэргэжилтнүүддээ хувиарлан өгч хийж гүйцэтгэж байсан боловч үл ойлголцсоны улмаас зарим ажлуудыг хийж дуусгалгүй зогссон. Бид энэхүү гэрээний хавсралт 01 болох хүний нөөцийн зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно.

1/ Үйлчлүүлэгч байгууллагын удирдлага зохион байгуулалтын болон бичиг баримтын бүрдэл, хүний нөөцийн бодлогын бичиг баримтуудтай 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр танилцаж, мониторинг хийж, тэмдэглэл хөтөлсөн. Тухайн байгууллагад хүний нөөц болон ХАБЭА-тай холбоотой баримт бичгүүд байсан ч үйл ажиллагаатай нь холбогдоогүй стандарт шаардлага хангаагүй цөөн хэдхэн баримт бичгүүд байсан учир байгууллагад зайлшгүй байх ёстой бодлогын бичиг баримтууд болон холбогдох маягтуудыг боловсруулсан.

2/ Үйлчлүүлэгч байгууллагын ажилчдын цаг ашиглалт, хуваарилалт болон үйлдвэрлэлийн үйл явцын талаарх мэдээллийг авах мөн захирал Д.Оийн гэрээнд тусгагдаагүй үйлдвэрийн процессийн зураглал хийлгэх хүсэлтийн дагуу мэдээлэл авах зорилгоор ажилчдаас судалгаа авсан.

3/ БИ ХХКөдөр тутамд хэрэглэгдэх захирамжлалын, зохион байгуулалтын, мэдээлэл лавлагааны 19 бичиг баримтыг стандартын дагуу боловсруулж хэлбэржүүлсэн ба албан хэрэг хөтлөлтэй холбоотой 8 бүртгэлийн хуудасны загварыг боловсруулсан.

4/ БИ ХХК“Албан хэрэг хөтлөлт”-ийн журмыг Монгол Улсад мөрдөгдөж байгаа холбогдох хууль, дүрэм, журамд нийцүүлэн боловсруулсан.

5/ Бодлогын бичиг баримтуудыг байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохируулан дараах журмуудыг шинэчлэн боловсруулсан. Захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ, мэргэжил, ур чадварын түвшин тогтоох, ажилтанд мэргэжлийн зэрэг олгох, ажлын байрны зэрэглэл тогтоох комиссын ажиллах журам, хувийн хэрэг, тоо бүртгэл, судалгаа хийх журам, нууцыг боловсруулах, хадгалах, хамгаалах байгууллагын дотоод журам, албан хэрэг хөтлөлтийн журам, оффист ажиллах журам, хүний нөөцийн удирдлагын хүрээнд шаардагдах загвар, маягтууд, удирдах ажилтнуудын ёс зүйн дүрэм сургалт хөгжлийн журам, хүний нөөцийг бүрдүүлэх, ажилтан сонгон шалгаруулж, авах үйл явцын журам, хөдөлмөрийн дотоод журам, ХАБЭА-ын бичиг баримтуудыг бүрэн боловсруулж дуусгасан болно. Мөн манай байгууллагын зүгээс уг гэрээний нийт 80 хувийг хийж дуусгасан гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хариуцагч БИ ХХКзахирал Д.Отэй манай байгууллага нь 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “Зөвлөх үйлгээний №003 тоот гэрээ”-г байгуулан хамтран ажилласан бөгөөд уг гэрээний дагуу 8,000,000 төгрөгөөр хөлсийг тохирч урьдчилгаа хөлс болгож 4,800,000 төгрөгийг шилжүүлэн авсан. Иргэний хэрэг шүүхэд хянан эрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Манай байгууллага нь гэрээний дагуу дараах ажлуудыг “Бэйст Ийст” ХХК-д хийсэн байна. Үүнд:

1/ Захирлын тушаал

2/ Хөдөлмөрийн гэрээ

3/ Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ

4/ Хөлсөөр ажиллах гэрээ

5/ Хөдөлмөрийн түр гэрээ

6/ Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох, ажилтанд мэргэжлийн зэрэг олгох, ажлын байрны зэрэглэл тогтоох комиссын ажиллах журам

7/ Хувийн хэрэг, тоо бүртгэл, судалгаа хийх журам

8/ Нууцыг боловсруулах, хадгалах, хамгаалах байгууллагын дотоод журам

9/ Албан хэрэг хөтлөлтийн журам

10/ Оффист ажиллах журам

11/ Хүний нөөцийн удирдлагын хүрээнд шаардагдах загвар, маягтууд

12/ Удирдах ажилтнуудын ёс зүйн дүрэм

13/ Сургалт хөгжлийн журам

14/ Хүний нөөцийг бүрдүүлэх, ажилтан сонгон гаалгаруулж, авах үйл явцын журам

15/ Хөдөлмөрийн дотоод журам

16/ ХАБЭА-ын бичиг баримтууд

Эдгээр хийж гүйцэтгэсэн ажлуудыг файл хэлбэрээр “Бэйст Ийст” ХХК-д хүлээлгэн өгсөн болно. Мөн манай “Монголын цахим институт” ТББ нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан”-аар сургах сургалтанд сургаж “сертификат” олгодог бөгөөд тус сургалтанд БИ ХХКнэр бүхий 7 хүнийг сургаж “сертификат” олгосон. Энэхүү сургалт маань нэг хүний 300,000-350,000 төгрөгийн төлбөртэй сургалт юм. Манай байгууллага нь уг гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлын гүйцэтгэл 80 хувьтай гэж үзэж байгаа ба гэрээгээр тохиролцсон дүнгээс 6,400,000 төгрөгийн ажлыг захиалагчид өгсөн. Урьдчилгаа төлбөрт өгсөн 4,800,000 төгрөгөөс гадна бид өөрсдийн зүгээс 1,600,000 төгрөгийг гаргаж ажлыг гүйцэтгэж байсан. Иймд “Бэйст Ийст” ХХК, гүйцэтгэх захирал Д.Оээс 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн зөвлөх үйлчилгээний №003 тоот гэрээний дагуу хийсэн ажлын хөлс төлбөр болох 1,600,0000 төгрөгийг гаргуулан манай байгууллагад олгож хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэл гаргасан тайлбартаа: “Монголын цахим институт” ТББ-тай 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “Бэст Ийст” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.О надтай хүний нөөцийн менежментийн өнөөгийн төлөв байдалд шинжилгээ хийж ХАБЭА болон хүний нөөцийн бодлогыг тодорхойлон боловсруулах, бичиг баримтыг орчин үеийн стандартын дагуу тухайн компанийн онцлогт тохируулан сайжруулах, зөвлөлгөө өгөх, зөвлөмж бичих, сургалт явуулах ажлыг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгнө гэж харилцан тохиролцож гэрээг байгуулж 4,800,000 төгрөгийг өгсөн. “Монголын цахим институт” ТББ 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулж гэрээ байгуулснаас хойш ажлаа эхлүүлээгүй, дээрх манай компанид хийж өгсөн гэх 16 нэр бүхий ажлыг хийгээгүй, хийсэн гэх дээрх 16 нэр бүхий ажпыг хийсэн гэж тус шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж түүнд хавсаргаж өгснийг нь анх удаа шүүх дээр дээрх баримтуудыг харсан. Түүнээс биш өмнө нь манай компанид болон гүйцэтгэх захирал надад дээрх баримтуудыг хүлээлгэн өгөөгүй, ийм ажлыг хийлээ гэж ч хэлээгүй, хэлэх ч үндэслэл байхгүй. Учир нь гэрээнд заагдсан хугцааа 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байсан боловч ажил хийгдэхгүй байж байгаа талаар “Монголын цахим институт” ТББ-д 2017 оны 5 дугаар сарын 18-ны шаардлага тавихад 2017 оны 5 дугаар сарын 24-ний н.Алтансүх захирал нь өөрийн биеэр манай компани дээр ирж манай ажилтны буруу гэж уучлалт гуйн гэрээний хугацааг 1 сараар хойшлуулан дахин эхлье хэмээн тохиролцсон боловч түүнээс хойш 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр болон 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн орчимд 2 удаа манай ажлын гүйцэтгэлийг хийнэ хэмээн дагуулж ирсэн хүмүүстэйгээ удаа дараа тохиролцохгүй байсан ба “...энэ хүмүүстэйгээ эхэлж тохиролцоод хэн, хэзээ, юу хийхээ тодорхой болгоод ажлаа эхлүүлээч” гэхэд тэрээр “...гэрээгээ цуцлая, та нар шүүхээр заргалдаад мөнгөө аваарай” гэж бүдүүлэг авирлаж хэлсэн. “Монголын цахим институт” ТББ нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар сургах сургалтанд сургаж сертификат олгодог бөгөөд тус сургалтанд БИ ХХКнэр бүхий 7 хүнийг сургаж сертификат олгосон. Энэхүү сургалт нь 2 хүний 300,000 төгрөгөөс 350,000 төгрөгийн төлбөртэй сургалт юм гэсэн байна. Гэтэл “Монголын цахим институт” ТББ-тай байгуулсан гэрээний хавсралтын 4-ийн сургалт гэсэн хүснэгтэд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар сургах сургалтанд сургаж сертификат олгоно” гэж хийх ажилд дурьдагдаагүй, сургалтанд өөрсдөө сайн дураараа суулгасан. Энэ сургалтанд суулгаж болох юм уу, гэрээнд ийм сургалтанд хамруулна гэж байхгүй гэхэд нарийн бичиг н.Сараа гэх эмэгтэй нь “...болно, болно” гээд суулгасан байсан. Ингэж суулгахдаа уг сургалт нь 300,000 төгрөгөөс 350,000 төгрөгийн төлбөртэй гэж огт хэлээгүй. Түүнээс биш манай компанийн зүгээс сургалтанд суулгая гэж хэлээгүй, санал тавиагүй, гэрээнд тусгагдаагүй учир хүлээн зөвшөөрөхгүй. “Монголын цахим институт” ТББ нь манай компанид 6,400,000 төгрөгийн ажлыг хийж өгсөн “Бэйст Ийст” ХХК, гүйцэтгэх захирал Д.Оээс 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн зөвлөх үйлчилгээний №03 тоот гэрээний дагуу хийсэн ажлын хөлс төлбөр болох 1,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн байгаа нь үндэслэлгүй ямар ч ажил хийж гүйцэтгээгүй. Гэрээгээ ч эхлүүлээгүй байж, хийж өгсөн ажлын хөлс гэж 1,600,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул МЦ ТББгаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А, Д.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид анх шүүхэд  2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Зөвлөх үйлчилгээний гэрээ”-г хүчингүй болгуулах, хохирлын 4,800,000 төгрөг гаргуулах гэсэн шаардлагыг гаргаж шүүхэд хандсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Манай нэхэмжлэлийн шаардлага бол уг гэрээнээс татгалзаж, урьдчилж төлсөн мөнгө 4,800,000 төгрөг гаргуулах юм.  Анх Б И ХХКнь хүний нөөцийн менежментийн зөвлөгөө авч, орчин үеийн менежментийн шинэчлэлт хийж ажилчдаа 100% сэтгэл хангалуун байлгах зорилготойгоор хариуцагч “Монголын цахим институт” ТТБ-тай очиж уулзаж хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлсэн. 2017 оны 3 сарын 21-ний өдөр хариуцагч “Монголын цахим институт” ТТБ-ын захирал гэж өөрийгөө танилцуулсан Л.А гэж хүн хүний нөөцийн багш н.Алтанцэцэг, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны багш н.Ганзориг, нарийн бичиг Ж.Сарантуяа гэсэн хүмүүсийн хамт ирсэн. Тухайн үед би өөрийнхөө байгууллагын талаар, хүний нөөцийн байдлаа танилцуулахад хариуцагч “Монголын цахим институт” ТТБ-аас танайд зөвлөгөө өгөх боломжтой бөгөөд хүний нөөцийн шинэчлэлт хийнэ, компанийн онцлогт тохируулан сайжруулна гэж харилцан тохирч 2017 оны 3 сарын 22-ны өдөр хамтран ажиллах гэрээг 8,000,000 төгрөгийн хэмжээнд тохирч, хугацааг 6 сараар тохирсон. Урьдчилгаа 4,800,000 төгрөгийг би шилжүүлсэн. Гэрээний дагуу 2017 оны 4 сарын 01-нээс 2017 оны 9 сарын 31-нийг хүртэл ажил төлөвлөгдсөн бөгөөд 2017 оны 5 сарын 20-ны байдлаар буюу 1 сар 20 хоног өнгөрсөн байхад төлөвлөгдсөн ажил хийгдээгүй. Хариуцагч талаас 2017 оны 4 сарын 01-нээс эхний долоо хоногт хийх үйл ажиллагаагаа хийгээгүй. 2 дахь долоо хоногт ч гэсэн ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Мөн намайг байхгүй байхад хариуцагч талаас хөдөлмөр аюулгүй ажиллагааны багш нь ирж манай ажилчдаас судалгаа авсан боловч албан ёсоор нэг ч удаа ирээгүй. Үндсэндээ 4 сард хийх ёстой байсан ямар ч ажил хийгдээгүй. Ингээд би 2017 оны  5 сарын 20-ны байдлаар хариуцагч байгууллагатай холбогдоход нэг ч хүн утсаа авалгүй байж байгаад н.Алтанцэцэг нь утсаар холбогдоход нь би тухайн үед танайх сар гаран өнгөрч байхад ямар ч ажил хийсэнгүй манай талаас гэрээгээ цуцлах саналтай байна гэсэн. Гэтэл 2017 оны 5 сарын 24-ний өдөр Л.А ирээд манай ажилтны буруу гэж уучлалт гуйж үйл ажиллагаагаа дахин явуулах хүсэлт гаргасан учир би зөвшөөрсөн. Ингээд хариуцагч талаас н.Баасанхүү гэж хүнийг дагуулж ирээд энэ хүн танай байгууллагад зөвлөгөө өгнө гэсэн. Гэвч хэд хоногийн дараа н.Баасанхүү нь над руу залгаад би танай ажлыг хийх боломжгүй болсон, намайг танай байгууллагад зөвлөгөө өг гэсэн болохоос төсөл хэрэгжүүл гэж хэлээгүй, ийм ажлыг ийм хөлсөөр ч гэсэн хийдэггүй юм. Би танай байгууллагад 7 хоногт 2-3 удаа ирж ажиллаж чадахгүй гэж хэлсэн бөгөөд н.Баасанхүү нь энэ талаараа гэрчээр асуугдахдаа мэдүүлэг өгч, гар утсаа шалгуулсан. Хэд хоногийн дараа Л.А нь дахин 2 хүн танилцуулсан боловч тухайн 2 хүн нь бидний хийлгэх гэж байсан ажлын танилцуулгыг хараад бид ийм ажил хийхгүй гэсэн. Ингээд дахин Л.Атэй уулзаж гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардахад Л.А нь “...та нар боль, яршиг энэ гэрээгээ цуцал, мөнгөө шүүхдээд аваарай” гэсэн ёс бус үг хэлээд гараад явсан бөгөөд гэрээнд заасан ямар ч ажил хийгээгүй үүргээ биелүүлээгүй. Хариуцагч талаас хэрэгт өгсөн баримтууд нь манай байгууллагын үйл ажиллагаатай ямар ч хамааралгүй, манай байгууллагын логог хүртэл буруу хийсэн, хэрэгт хуурамч баримтыг өөрсдөө шинээр гаргаж өгсөн байсан. Бид шүүх хуралдааныг хүртэл ийм их ажил хийсэн гэх баримтыг олж хараагүй, хариуцагч байгууллага бидэнд гэрээ үргэлжлэх хугацаанд ийм ажил хийснээ хүлээлгэж өгөөгүй. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй. 80 хувийн ажил хийсэн гэх боловч бидэнд огт хүлээлгэж өгөөгүй, шүүхэд хуурамч баримтуудыг авчирч өгсөн байна. Бид шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбараа бүхэлд нь дэмжиж байна гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:             Анх Д.О гэж хүн манай “Монголын цахим институт” ТББ-аас зөвлөх үйлчилгээ авахаар ирэхэд нь би өөрийгөө зөвлөх гэж танилцуулсан. Ингээд талууд хийх ажлын талаар харилцан ярилцсан бөгөөд манай байгууллага хамгийн багадаа зөвлөх үйлчилгээг 8,000,000 төгрөгөөр, хөдөлмөр аюулгүй байдал, эрүү ахуйн зөвлөгөөг 6,000,000 төгрөгөөр буюу нийт 14,000,000 төгрөгөөр ажил хийхээр тохирсон. Гэвч нэхэмжлэгч талын төлөөлөгч Д.О нь маргааш нь ирээд би ерөнхий захиралдаа нийт гэрээний төлбөрийг андуураад 8,000,000 төгрөг гэж танилцуулсан байна. Үүнийг зохицуулаад аргалах боломж байна уу гэхэд нь бид ярилцаад гэрээний үнийг 8,000,000 төгрөг байхаар тохирсон. Манай ажил хийх хугацаа 1-3 сар байдаг боловч нэхэмжлэгч талаас энэ хугацааг сунгаж эхний 3 сардаа бичиг баримтуудаа боловсруулаад сүүлийн 3 сардаа үүнийг нутагшуулах ажиллагаа хийж өгнө үү гэсний дагуу нийт 6 сарын хугацаатай гэрээ байгуулсан. 2017 оны 3 сарын 22-ны өдөр гэрээ байгуулж хүний нөөц, хөдөлмөрийн аюулгүй байдал болон эрүүл ахуй, албан хэрэг хөтлөлт гэсэн үндсэн 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар болсон. Гэрээ байгуулсны дараа буюу 2017 оны 4 дүгээр сарын сүүлээр би нэхэмжлэгч байгууллага дээр очиж уулзсан нь үнэн. Манай гэрээ хариуцсан ажилтан нялх хүүхэдтэй учир гэрээний ажил бага зэрэг удааширсан болохыг тайлбарлаж, уучлалт гуйсан. Бид дараа 7 хоногоос гэрээнд заагдсан ажлыг хийж эхлэхээр тохирсон. Ингээд хүний нөөцийн зөвлөх үйлчилгээг н.Алтанцэцэг, н.Мөнгөн-Эрдэнэ нарт даалгасан. Бичиг баримтын бүрдүүлэлтийг орчин үеийн нөхцөлд тааруулж хийх ажлыг Ж.Сарантуяад, эрүүл ахуйн бичиг баримтыг боловсруулах ажлын н.Ганзоригт даалгасан. Ийнхүү 3 хавсралт гэрээ хийгдсэн. Нэхэмжлэгчийн яриад байгаа шиг огт ажил хийхгүй зүгээр суугаад байсан зүйл байхгүй. Гэрээ хийгдсэний дараа бид нэхэмжлэгч байгууллага дээр маш олон удаа очиж уулзаж хэрэгт өгсөн баримтын дагуу энэ байгууллагад хагас сар анализ хийж албан бичгээ боловсруулсан бөгөөд 2017 оны 4 сарын 02-ны өдрөөс 2017 оны 5 сарын 27-ны өдөр хүртэл “Бэст ийст” ХХК-иас нийт 7 хүн сургалтад суусан. 3 хүн нь 2 сургалтад давхар хамрагдсан бөгөөд нийт сургалтын төлбөр нь 3,150,000 төгрөг болсон. Нэг сургалт нь 350,000 төгрөг, нөгөө сургалт нь 300,000 төгрөгийн төлбөртэй байсан. 2 сургалтад хамрагдсан хүмүүс 650,000 төгрөгийн төлбөртэй байсан. Бидний хувьд хагас сар анхан шатны бичиг баримтуудаа боловсруулж дууссаны дараагаар Ж.Сарантуяа, н.Ганзориг, миний бие “Бэст ийст” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Од гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж үр дүнг нотолсон баримтыг би хүлээлгэн өгсөн. Тухайн үед бид хүлээлгэж өгсөн акт үйлдээгүй. Ажлын төлөвлөгөөний дагуу сургалт хийж нэхэмжлэгч байгууллагаас 7 хүн сууж нийт төлбөр нь 3,150,000 төгрөг болсон. Манайх хийх ёстой ажлаа хийсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бидний зүгээс гэрээний дагуу 80%-ийн ажил хийсэн. Харин 20%-ийн ажил нь Д.Отэй тохирсноор нутагшуулах ажил үлдсэн байсан. Бид Д.О захиралтай уулзах бүрт нэхэмжлэгч нь байнга шинэ юм шаарддаг бөгөөд үйл ажиллагааны процесс гэсэн нэг ч үг гэрээнд байхгүй. Гэвч бидний зүгээс хүний нөөцийн процессыг хийж болох юм байна гэж үзээд н.Ганзориг багш ажилчдаас нь судалгаа авч ажлын байрны зураглал хийсэн байгаа. Ж.Сарантуяаг үйл ажиллагааны процессэд зөвлөх маягаар ажиллах ёстой байсан боловч Д.О нь байнга, өдөр бүр ажил гэсэн учир тохиролцоонд хүрээгүй. Нэхэмжлэгч талын шаардаж байснаар манай талаас бүх л хүмүүсээ явуулж үзсэн боловч нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй. Нэхэмжлэгч талаас өөрийнх нь байгууллагын логог буруу хийсэн гэж байгаа боловч Д.О захирал нь өөрийнхөө фэйсбүүк хаягаар манайд өгсөн логоны дагуу л бүх бичиг баримтыг хийсэн. Бид сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б И ХХКболон хариуцагч “Монголын цахим институт” төрийн бус байгууллагууд 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр №003 тоот “Зөвлөх үйлчилгээний гэрээ”-г байгуулжээ.

 

Тус гэрээгээр МЦ ТББ нь “Бэст ийст” ХХК-ийн хүний нөөцийн менежментийн өнөөгийн төлөв байдалд шинжилгээ хийж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй /ХАБЭА/-н болон хүний нөөцийн бодлогыг тодорхойлон боловсруулах, бичиг баримтыг орчин үеийн стандартын дагуу, тухайн компанийн онцлогт тохируулан сайжруулах, зөвлөгөө өгөх, зөвлөмж бичих, сургалт явуулах ажлыг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч үйлчилгээний хөлс төлөхөөр харилцан тохирсон ба уг гэрээний 01, 02 дугаар хавсралтаар 2017 оны 4 дүгээр сарын эхний 7 хоногоос эхлэн хийж гүйцэтгэх ажлын хуваарыг дэлгэрэнгүй байдлаар тусгажээ. 

 

Нэхэмжлэгч Б И ХХКнь дээрх гэрээний дагуу хариуцагч МЦ ТББд шилжүүлсэн 4,800,000 төгрөгийг шаардаж, өөрийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир бид гэрээнээс татгалзаж урьдчилгаа төлбөрөө буцаан шаардаж байна” гэж тайлбарласан.

 

2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр №003 тоот “Зөвлөх үйлчилгээний гэрээ”-ний дагуу хийх ёстой ажлын 80 хувийг хийсэн учир нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй гэж өөрийн татгалзлын үндэслэлээ хариуцагч талаас тайлбарлаж, улмаар уг үндэслэлээрээ 1,600,000 төгрөгийг шаардсан сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

 

Нэг талаас ажил гүйцэтгэгч тодорхой ажлын үр дүнг нийлүүлэх, нөгөө тал буюу захиалагч нь тохирсон хөлс төлөх 2 талт үүрэг бүхий гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д тодорхойлсон бөгөөд шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.

 

Ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд ажил гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэх, харин  захиалагч гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүргийг тус тус хүлээж оролцох учиртайг Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсгүүдэд заасан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс урьдчилгаа төлбөрийг тохирсон хугацаанд төлсөн талаар зохигчид маргаагүй.

 

Харин хариуцагч тал 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр №003 тоот “Зөвлөх үйлчилгээний гэрээ”-нд буюу гэрээний 01, 02 дугаар хавсралтад дурдагдсан ажлуудыг тохирсон хугацаанд хийж эхлүүлээгүй, хугацаа хожимдуулсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “...н.Алтансүх захирал нь 2017 оны 5 дугаар сард над дээр ирж ажил удааширч байгаа талаар тайлбарлаж, уучлалт гуйсан”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Аийн “...2017 оны 4 дүгээр сарын сүүлээр би нэхэмжлэгч байгууллага дээр очиж уулзсан ба манай гэрээ хариуцсан ажилтан нялх хүүхэдтэй учир гэрээний ажил бага зэрэг удааширсан болохыг тайлбарлаж, уучлалт гуйсан, 7 хоногийн дараагаас ажлыг хийж эхлэхээр тохирсон” гэсэн тайлбаруудаар тогтоогдож байна. 

 

Тодруулбал, хэрэгт цугларсан баримтууд болон талуудын тайлбараар хариуцагч Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр №003 тоот “Зөвлөх үйлчилгээний гэрээ”-ний дагуу хийгдэж эхлэх ёстой ажлыг гүйцэтгэж эхлэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд талууд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй гэж үзэхээр байна. 

 

Дээр дурдсанчлан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх хуулийн зохицуулалттай ба Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол мөн хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчид гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу гэрээний урьдчилгаанд төлсөн 4,800,000 төгрөгийг буцаан шаардах эрх үүсчээ.   

 

Хэдийгээр хариуцагчийн зүгээс нэр бүхий ажлуудыг хийж гүйцэтгэсэн, улмаар уг ажлуудаа хүлээлгэн өгсөн гэсэн тайлбарыг гаргасан боловч нэхэмжлэгчийн “...бид энэ ажлыг гэрээний хугацаанд хүлээж аваагүй, шүүх дээр л анх удаа харж байна” гэсэн тайлбарыг үгүйсгэх буюу хийсэн ажлын үр дүнгээ нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсонгүй. 

 

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсгүүдэд заасныг үндэслэж хариуцагч МЦ ТББас 4,800,000 төгрөгийг гаргуулж “Бэст ийст” ХХК-д олгох шийдвэрийг шүүхээс гаргалаа. 

 

Сөрөг нэхэмжлэлийн хувьд:  

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх боловч хариуцагч мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт заасан гүйцэтгэсэн 80 хувийн ажлын үр дүнг хийж, улмаар захиалагчид хүлээлгэн өгснөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмын дагуу нотлоогүй учир нэхэмжлэгчээс урьдчилгаанд өгсөн 4,800,000 төгрөгийг хариуцагчид үлдээж, улмаар 1,600,000 төгрөгийг гаргуулах агуулга бүхий сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.    

 

Харин хариуцагч МЦ ТББас зохион байгуулсан 1 хүний 300,000-350,000 төгрөгийн үнэтэй сургалтад нэхэмжлэгч байгууллагын 6 ажилтан хамрагдсан байдлыг харгалзаж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд буюу  1,600,000 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасантай харшлахгүй гэж шүүхээс үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч МЦ ТББас 4,800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Бэст ийст” ХХК-д олгосугай. 

 

2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Бэст ийст” ХХК-иас 1,600,000 төгрөгийг гаргуулж хариуцагч МЦ ТББд олгосугай.    

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,750 төгрөг, хариуцагчаас төлсөн 40,550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МЦ ТББас 91,750 төгрөгийг гаргуулж “Бэст ийст” ХХК-д, нэхэмжлэгч  “Бэст ийст” ХХК-иас 40,550 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

      

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                 Н.ХАНГАЛ