Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2017/00227

 

     Эс Икс Би ХХК-ийн нэхэмжлэлтэй,

          иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/06281 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Эс Икс Би ХХК,      

Хариуцагч : Моносфарм трейд ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага : 201.522.612 төгрөг гаргуулах тухай

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уламбаярын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат, нэхэмжлэгийн өмгөөлөгч Б.Цэнгүүн, хариуцагийн итгэмжлэгдсэн төлөөлөг Б.Уламбаяр, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: 2013.11.27-ны өдөр Моносфарм трейд ХХК-тай тоног төхөөрөмж захиалан худалдаж авах гэрээ байгуулж, нийт 8 нэр төрлийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр тохиролцсон ба үүнээс 7 тоног төхөөрөмж маргаангүй нийлүүлэгдсэн.  Эс Икс Би ХХК-ийн захиалгын дагуу 8 нэр төрлийн тоног төхөөрөмжийг оруулж ирж хариуцагчид нийлүүлэхэд, Риал тайм Пи Си Ар /Real time PCR/ гэх төхөөрөмжийг Зоонозын Өвчин судлалын үндэсний төв /ӨСҮТ/-с тендерийн шаардлага хангасан тоног төхөөрөмж биш байна гэж хүлээж аваагүй байдаг. Энэ талаар Моносфарм трейд ХХК-д мэдэгдэхэд Зоонозын ӨСҮТ -д нийлүүлчих, бид асуудлыг зохицуулна” гэж хэлсний дагуу 2014 оны 3 дугаар сард дээрх Реал тайм Пи Си Ар тоног төхөөрөмжийг Зоонозын ӨСҮТ -д нийлүүлсэн. Үүний дараа Моносфарм трейд ХХК-иас ...бид захиалгын алдаа гаргасан байна, Real time PCR ABI7500 тоног төхөөрөмжийг дахин оруулж ирээч гэсэн санал тавьсан. Үүний дагуу анх тохиролцсон үнийн дүнд тохиролцсон үнээр Real time PCR ABI7500 тоног төхөөрөмжийг 2014 оны 6 дугаар сард оруулан ирж, Зоонозын ӨСҮТ -д хүлээлгэж өгөх гэтэл Зоонозын  ӨСҮТ хуучин төхөөрөмж байна авахгүй гэж хэлсэн. Ингээд бид энэ Real time PCR ABI7500 төхөөрөмжийг буцааж авсан. Гэтэл Моносфарм трейд ХХК-иас дахин Real time PCR ABI7500 төхөөрөмжийг оруулаад ир гэж хэлсний дагуу 51 000 ам.долларын үнэ бүхий шинэ Real time PCR ABI7500 төхөөрөмжийг оруулж Зоонозын ӨСҮТ -д хүлээлгэж өгсөн, одоо энэ төхөөрөмжийг Зоонозын ӨСҮТ  ашиглаж байгаа. Гэрээний дагуу хүлээлгэн өгсөн хавсралтад тусгагдсан 8 нэр төрлийн төхөөрөмжийн нийт үнэ 400.800.000 төгрөгөөс 355.240.000 төгрөгийг төлж үлдэгдэл 45.560.000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөр болох 45.560.000 төгрөг, алданги 22.780.000 төгрөг /алдангийг 0.5 хувиар шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар буюу 2014.6.04-ний өдрөөс эхлэн тооцсон/, хамгийн сүүлд Зоонозын ӨСҮТ -д хүлээлгэж өгсөн Real time PCR ABI7500 төхөөрөмжийн үнэ болох 51.000 ам.доллар буюу тухай үеийн төгрөгийн ханшаар тооцож 93.004.620 төгрөг, мөн хариуцагч талын буруутай үйл ажиллагаанаас болж 51.000 ам.долларын үнэ бүхий төхөөрөмж оруулж ирэхийн тулд банкнаас зээл авч хүү төлсөн тул гэрээнээс учирсан хохирол буюу  хүүд төлсөн 40.177.992 төгрөг, нийт 201.522.612 төгрөгийг Моносфарм трейд ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Моносфарм трейд ХХК нь 2013.11.27-ны өдөр эмнэлгийн тоног төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээг нэхэмжлэгч компанитай байгуулсан ба Эс Икс Би ХХК нь Байгалийн голомтот халдварт өвчин судлалын төвөөс зарласан тендерийн шалгаруулалт хангасан тоног төхөөрөмж нийлүүлэхээр тохиролцсон. Гэрээний нийт төлбөр 400.800.000 төгрөг болсон байдаг. Үүнээс 355.240.000 төгрөгийг бид төлсөн. Үүн дээр манай зүгээс маргахгүй тул үлдэгдэл 45.560.000 төгрөгийг төлөх болно. Бараа нийлүүлэх явцад гэрээгээр тохиролцсон 8 нэр төрлийн бараанаас эхний нийлүүлсэн Real time PCR төхөөрөмж нь тендерийн шаардлагад нийцээгүй. Энэ нь Зоонозын ӨСҮТ -с бидэнд ирүүлсэн албан бичгээс харагдана. Нэгэнт тендерийн шаардлага хангаагүй тул бид тоног төхөөрөмжийг хүлээж аваагүй. Тендерийн шаардлагад нийцэх тоног төхөөрөмж нийлүүл гэсэн шаардлага тавьсан. Үүний дагуу дахин шаардлага хангасан тоног төхөөрөмж ахин оруулж ирсэн болохоос бид дахин нэмэлт тоног төхөөрөмж худалдаж авахаар тохиролцоогүй. Хэрэв 51.000 ам.доллараар тоног төхөөрөмж оруулж ирсэн бол бидэнтэй эхлээд ярилцаж тохиролцож, нэмэлт гэрээ хийх ёстой байсан. Эс Икс Би ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу чанарын шаардлага хангасан тоног төхөөрөмж нийлүүлээгүй улмаас дахин оруулж ирсэн тоног төхөөрөмжийн үнийг бид хариуцах ёсгүй. Анхны хүлээлгэж өгсөн Real time PCR төхөөрөмжийг бид хүлээж аваагүй. Хэрэв Зоонозын ӨСҮТ дээр байгаа гэж үзэж байгаа бол тухайн байгууллагаас нь гаргуулах шаардлагаа гаргаж болно. Иймд 93.004.620 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй.  Үүнтэй холбогдуулж зээл авч, хүүд төлсөн нэхэмжлэлийн шаардлага мөн үндэслэлгүй байна. Гэрээнд алдангийн талаар тохиролцсон боловч гэрээний үнийг хэдий хугацаанд төлөх байсан нь тодорхойгүй. Мөн гэрээний үүргээ хариуцагч хэрхэн яаж биелүүлсэн нь маргаантай байдлаас болоод бидний зүгээс үлдэгдэл төлбөрийг өгөөгүй байгаа. Иймд алдангид нэхэмжилсэн 22.780.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 101/ШШ2016/06281 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт  заасныг баримтлан  Моносфарм трейд ХХК-иас 45.560.000 төгрөг гаргуулж Эс Икс Би ХХК-д олгож, нэхэмжлэлээс 155.962.612 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус заасныг баримтлан  нэхэмжлэгчээс 582.563 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, Моносфарм трейд ХХК-иас 385.750 төгрөг гаргуулж Эс Икс Би ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 13 дугаартай магадлал гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/06281 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан  шүүхэд буцаажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үйл баримтуудаа, мөн алданги тооцсон аргачлал зэргээ нотолж чадаагүй. ИХШХШТХ-ийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигчид нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд өөрөө гаргаж өгөх боломжгүй нотлох баримтыг мөн хуулийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр зохицуулсан. Энэ дагуу талууд нотлох баримтуудаа гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр холбогдох эрх бүхий байгууллагуудаас удаа дараа нотлох баримтуудыг гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүх хангаж, хуульд заасан эрхээ эдлэх бололцоогоор бүрэн хангаж, 3 удаа шүүх хуралдааныг хойшлуулж нотлох баримтуудыг холбогдох байгууллагуудаас гаргуулсан. Шүүх зөвхөн хэрэгт цугларсан баримтын хүрээнд шийдвэрлэх ёстой байтал тогтоогдохгүй байгаа зарим зүйлсийг буюу "....Зохигчид АВI 7500 РСR төхөөрөмжийг дахин нийлүүлэхтэй холбоотойгоор нэмэлт захиалга хийсэн эсэх, ийнхүү захиалсан бол үнийг хэрхэн тохиролцсон, хүлээлгэн өгсөн эсэх, эхний нийлүүлсэн төхөөрөмжийг хэрхсэн талаар харилцан зөрүүтэй баримт, тайлбар гаргасан тохиолдолд хэргийн уг нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай..." гэж үзсэн. Мөн "...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Эс Икс Би ХХК-иас 2013 онд бараа нийлүүлэхтэй холбоотойгоор Моносфарм трейд ХХК руу явуулж байсан е-майл –д үзлэг хийлгэх хүсэлтийг шийдвэрлээгүй нь ИХШХШТХ-ийн 105.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзнэ", "...нэхэмжлэгч тал е-майлээр харилцаж байснаа үгүйсгээгүй, гэх үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь мөн тухай хуулийн 38.6 дахь хэсэгт заасанд нийцээгүй" гэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн. Учир нь хариуцагчийн е-майлд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан даруйд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг сонсоход нэхэмжлэгч уг е-майлийг явуулж байснаа хүлээн зөвшөөрнө, уг мэйлд бичигдсэн зүйлийн агуулга болон бусад нөхцөлүүдийг зөвшөөрч байгаа, маргахгүй гэснийг нэн даруй шийдвэрлэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн тул хуулийн уг заалтыг зөрчөөгүй гэж үзэхээр байна. Магадлалд "Түүнчлэн 2016.9.15-ны өдрийн 101/11132016/28073 дугаар захирамжийн дагуу нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл нь шүүгчийн гарын үсгээр баталгаажаагүй тул ИХШХШТХ-ийн 51.2, 51.6 дахь хэсэгт нийцсэн шүүхээс явуулсан ажиллагаа гэж үзэхгүй." гэж заасан, мөн 167.1.5-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь ойлгомжгүй. Иймд магадлалыг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Эс Икс Би ХХК нь Моносфарм трейд ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж,  гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 45.560.000 төгрөг, алданги 22.780.000 төгрөг, Real time PCR ABI7500 төхөөрөмжийн үнэ 51.000 ам.доллар буюу 93.004.620 төгрөг, банкны зээлд төлсөн 40.177.992 төгрөг нийт 201.522.612 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас гэрээний үндсэн үүргийн үлдэгдэл 45.560.000 төгрөг гаргуулж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн талаархи давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 168.1.7-д нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээв.  

 Хэргийг хянан шийдвэрлэхэд туршилт, үзлэг хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.

Анхан шатны шүүх талуудаас гаргасан  хүсэлтийг шүүх 2016 оны 9 дүгээр сарын 15 -ны өдрийн 101/ШЗ2016/28073 дугаар захирамжаар шийдвэрлэсэн боловч уг захирамжийн заалт бүрэн биелэгдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчжээ.  

Түүнчлэн шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШЗ2016/28073 дугаар захирамжийн дагуу хийгдсэн ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2, 51.6 дахь хэсэгт нийцээгүй байна.

Мөн зохигчдын тайлбар болон баримтуудаар хэргийн бодит байдал тогтоогдоогүй талаархи давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. 

Давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийхдээ Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1.  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаар магадлалын хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уламбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч байгууллага хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 937.770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                      ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ