Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 221/MA2018/0235

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2018/0235

Улаанбаатар хот

 

 

 

 

Ж.Н-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 7 дугаар шийдвэртэй, Ж.Н-ын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 7 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/63 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоожээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “ ... Захиргааны хэргийн анхан шатны шүүх “сонгон шалгаруулах комиссын шалгалтын нэгдсэн үнэлгээг хүчингүй болгох эрх хуулиар олгогдоогүй байхад ...” гэж үзэн шүүх шийдвэрээ гаргасан байна. Сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг аймгийн Төрийн албаны салбар зөвлөл хийдэггүй юм, хуулиар ийм эрх олгогдоогүй гагцхүү хуулиар эрх олгосон этгээд нь аймгийн Боловсрол, соёлын урлагийн газар шийдвэр гаргах этгээд нь Боловсрол, соёлын урлагийн газрын дарга юм. Ийм учраас Боловсрол, соёл урлагийн газрын өмнөөс Төрийн Албаны Салбар зөвлөл шийдвэр гаргахгүй. Шийдвэрийг хүчингүй болгож өгөөч гэж Боловсрол, соёлын урлагийн газраас аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хандах шаардлагагүй. Гаргасан шийдвэрийг зөв эсхүл буруу болохыг Боловсрол, соёлын урлагийн газрын дарга өөрөө л тушаалаараа шийдвэрлэнэ. Үүнийг Боловсролын тухай хууль, Төрийн Албаны Зөвлөлийн тогтоол хуульчлан баталгаажуулсан байна.

Дархан сумын 15 дугаар сургуулийн захирлын ажлын сул орон тоонд томилохоор 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдсан ажилтны сонгон шалгаруулалт нь хууль бус сонгон шалгаруулалт болсон.

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулах журам”-ын 1.4.3, 4.1, 4.2 дахь заалтыг зөрчсөн. Тухайлбал тус заалт нь “Сонгон шалгаруулалт явуулах тохиолдол бүрт комиссыг шинээр зохион байгуулна” гэсэн заалтын дагуу Боловсрол, соёлын урлагийн газрын даргын тушаалаар комисс томилогдсон байх заалтыг бүрэн зөрчсөн.

Харин 2016 оны 06 дугаар сард зохион байгуулагдсан эхний сонгон шалгаруулалтын комисс эрх мэдлээ хэтрүүлэн хууль зөрчин ажилласан.

Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.7 дахь заалт” орон нутгийн төрийн өмчийн сургууль цэцэрлэгийн захирал эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах” гэсэн заалтыг зөрчсөн. Тодруулбал сонгон шалгаруулах зохион байгуулах бүрэн эрх нь Боловсрол, соёлын урлагийн газарт байна. Үүний дагуу Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолыг үндэслэн Боловсрол, соёлын урлагийн газрын дарга тушаал гарч сонгон шалгаруулалтын комисс томилох байсан хэдий ч тушаал гараагүй байхад Дархан-Уул аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн гишүүдээр ажиллаж байсан П.Э, Б.Б, Б.Б-А нар албан тушаалаа ашиглан Боловсрол, соёлын урлагийн газрын даргын тушаал гараагүй байхад дур мэдэн сонгон шалгаруулалт зохион байгуулсан нь Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.7 дахь заалт, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолын 4.2 дахь заалтыг ноцтой зөрчсөн тул 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдсан сонгон шалгаруулалт хууль бус бөгөөд хүчингүй юм.

Дээрх тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийн дагуу Дархан сумын 15 дугаар сургуулийн захирал Ж.Н 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлэхээр сонсох үйл ажиллагааны мэдэгдлийг Боловсрол, соёлын урлагийн газрын 2017 оны 378 тоот албан бичгээр хүргүүлсэн байна. Тус албан тоотыг Боловсрол, соёлын урлагийн газрын архив, бичиг хэргийн ажилтан Н.Х 15-р сургуулийн захирал өрөөндөө байгаагүй учраас архив, бичиг хэргийн ажилтан Н.Гантуяад хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан байдаг.

Дархан сумын 15 дугаар сургуулийн захирал Ж.Н 378 тоот албан бичигт дурдсан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй тул албан тоотод дурдсан хугацаанд хариу ирүүлээгүй тохиолдолд сонсох үйл ажиллагаанд оролцсонд тооцно гэсний дагуу Боловсрол, соёлын урлагийн газрын даргын 2017 оны А/63 тоот тушаал ба тус тушаал нь хүчин төгөлдөр болно. Иймд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 07 тоот шийдвэрийг хүчингүй болгох гомдол гаргаж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин хэрэглэсэн материаллаг хуулийн заалтаа шийдвэрийн тогтоох хэсэгт заагаагүй байх тул зохих өөрчлөлтийг орууллаа.

Нэхэмжлэгч Ж.Н нь Дархан-Уул аймгийн Боловсрол, соёлын газрын дарга Р.Б-ын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 24 дүгээр тушаалаар томилогдсон сонгон шалгаруулалтын комиссоос зохион байгуулсан “Ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт”-д орж тэнцсэн болох нь хэрэгт авагдсан Боловсрол, соёлын газрын дарга Р.Б-ын Төрийн албаны Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлд 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 265 дугаар илтгэх хуудас, 24 дүгээр тушаал, Шалгалтын нэгдсэн үнэлгээнүүд зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Дархан-Уул аймгийн Засаг дарга нь сонгон шалгаруулалтад тэнцсэн талаарх баримтуудыг үндэслэн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/59 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Ж.Н-ыг Дархан-Уул аймгийн 15 дугаар сургуулийн захирлаар томилсон байна.

Гэтэл хариуцагч тус аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга нь 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/35 дугаар тушаалаар Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан сонгон шалгаруулалтын журмын 1.4.3, 4.1 дэх хэсгийг үндэслэн Төрийн албаны салбар зөвлөлийн гишүүд ашиг сонирхлын зөрчил үүсгэж ... сонгон шалгаруулалтын комиссыг Боловсролын газрын даргаар томилуулахгүйгээр сонгон шалгаруулалт хийсэн гэж үзэж, 2016 оны 07 дугаар сарын 07-нд явагдсан дээрх сонгон шалгаруулалтыг хүчингүй болгожээ.

Уг тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч Ж.Н-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Боловсрол, соёл урлагийн газрын дарга хүлээн зөвшөөрснийг Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 54 дүгээр захирамжаар баталсан байна.

Гэтэл хариуцагч тус аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга дахин дээрх тушаал гаргасан үндэслэлээрээ 2017 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр А/63 дугаар тушаал гаргаж дээрх сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосныг Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д заасан бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргасан гэж үзэж Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д зааснаар илт хууль бус акт болохыг тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. 

Хариуцагч давж заалдах гомдолдоо “... Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.7-д заасан эрхийн дагуу гаргасан шийдвэрийг зөв, эсхүл буруу болохыг Боловсрол, соёлын урлагийн газрын дарга өөрөө л тушаалаараа шийдвэрлэнэ. Төрийн албаны салбар зөвлөлд ийм эрх байхгүй ... Сонгон шалгаруулалт явуулах тохиолдол бүрт комиссыг шинээр зохион байгуулна” гэжээ. 

Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.7-д “орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах” эрхийг аймгийн боловсролын газар хэрэгжүүлэхээр заасан нь хууль ёсны дагуу явагдсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох эрх олгосон заалт гэж үзэхээргүй байна.

Мөн комиссын бүрэлдэхүүнд хэн орохыг энэхүү хуулиар зохицуулаагүй байх бөгөөд хариуцагч Боловсрол, соёл урлагийн газрын дарга 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 24 дүгээр тушаалаараа Төрийн албаны салбар зөвлөлийн гишүүд болон Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтнүүдээс бүрдсэн комиссыг томилсон, уг комисс нь нэхэмжлэгч Ж.Н-ын оролцсон сонгон шалгаруулалтыг зохион байгуулж явуулсныг хууль бус буюу төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан сонгон шалгаруулалт гэж үзэх үндэслэлгүй. Мөн тухайн үед шалгаруулалтад оролцсон этгээдээс сонгон шалгаруулалтын талаар гомдол гаргаагүй байна.

Хариуцагч нь сонгон шалгаруулалтыг явуулах бүрт шинэ комисс томилох ёстой гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан баримтууд болон уг 24 дүгээр тушаалаар дээрх комиссыг томилохдоо “15 дугаар сургуулийн удирдах албан тушаал” гэж дурдсанаас үзвэл тухайн комиссыг уг захирлын албан тушаалд томилогдох этгээдийн сонгон шалгаруулалтыг явуулсныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн урьд нь хариуцагч 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/35 дугаар тушаалаар 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн сонгон шалгаруулалтыг маргаан бүхий актад дурдсан үндэслэлээр хүчингүй болгож, түүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч шүүхэд хандан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг шүүх баталсан байхад дахин тухайн үндэслэлээр тушаал гаргаж төрийн алба тогтвортой байх зарчмыг зөрчжээ.

Нэхэмжлэгч Ж.Н нь эрх бүхий этгээдийн зарласан сонгон шалгаруулалтад орж тэнцэн, зохих журмын дагуу албан тушаалд томилогдсон байх бөгөөд Сонгон шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүн хууль бус байсан эсэхийг мэдэх боломжгүй тул нэхэмжлэгч Ж.Н-ын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэлгүй байсан байжээ. 

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхэд хэрэглэсэн Боловсролын тухай хуулийн холбогдох заалтыг тогтоох хэсэгт заагаагүй байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 7 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “47.1.3” гэсний дараа “Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.7, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5” гэж нэмж өөрчлөн үлдэх хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ