Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/01591

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/01591

 

 

 

Б.Ц нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/01538 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Ц хариуцагч Х ХХК-д холбогдуулан гаргасан үйл ажиллагаа хариуцсан захирлын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/248 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн Б.Цэцэгмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ариунтуул, хариуцагчийн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, Ч.Хэрлэн, П.Отгонтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хасбанк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2002 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 55 тоот тушаалаар Х ХХК-ийн Гов-Алтай салбарт нягтлан бодогч албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрээгээ шинэчилж, хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан санхүү бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогчийн орон тоонд ажиллаж, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан боловч 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл авч, банкны үйл ажиллагаа хариуцсан захирлын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/248 тоот тушаалаар орон тоо хасагдсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Гэтэл нягтлан бодогчийн орон тоо хасагдаагүй, зөвхөн хувь хүн буюу намайг ажлаас халахын тулд орон тоо хасагдсан гэх үндэслэлийг гаргасан гэж үзэж байна. Тус хэлтэст 5 нягтлан бодогч ажиллаж байсан хэдий ч эдгээр ажилтнуудын дунд ямар нэгэн сонгон шалгаруулалт, ажлын үнэлэлт хийлгүйгээр намайг ялгаварлан гадуурхах байдлаар ажлаас халж, хөдөлмөрлөх эрхийг минь ноцтой зөрчсөн.

Тухайн ажлын байрыг цөөрүүлсэн гэх боловч бодитоор цөөрөөгүй. Санхүүгийн хяналтын мэргэжилтэн н.Энхмаа нь Н.Одмаагийн ажлыг шууд шилжүүлж авсан. Үндсэн 4 нягтлан бодогч, 1 мэргэжилтэн, нийт 5 нягтлан бодогчийн ажлыг хийсэн хэвээр. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ажилгүй байсан үеийн хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг үндсэн цалин 1 750 000 төгрөгөөр тооцон олгож, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны Хас банкны төв албаны зарим нэгжүүдийн албан тушаалыг, орон тооны хамт хасах тухай А-145 дугаар тушаалаар санхүү бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогчийн албан тушаалыг 1 орон тооны хамт хассантай холбогдуулан Х ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирлын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/248 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн Б.Цэцэгмаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Гүйцэтгэх захирлын А-145 дугаар тушаалын дагуу банкны хэмжээнд нийт 33 албан тушаал, орон тооны хамт хасагдсан бөгөөд албан тушаалын орон тоо нь хасагдсан бусад ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг мөн хуульд заасны дагуу цуцалсан. Б.Цэцэгмааг халахын тулд А-118, А-145 дугаар тушаалууд гараагүй, нийт 5 нягтлан бодогч байснаас 1-ийг нь цөөрүүлсэн. Санхүү бүртгэлийн хэлтэс 5 нягтлан бодогчтой бөгөөд тэд ижил ажил хийдэггүй, хариуцан хийдэг гүйлгээнүүд нь өөр өөр юм. Ажил олгогч нь Б.Ц хийдэг байсан гүйлгээ бүхий ажлын байрыг цөөрүүлсэн. Нэхэмжлэгчийн хийдэг байсан гүйлгээ өнөөдөр ч банкин дээр хийгдэж байгаа бөгөөд бусдаар гүйцэтгүүлж байгаа. Ажилтныг цөөрүүлсэн тохиолдолд өмнө гүйцэтгэж байсан ажил үүрэг хэвээр үлдэх нь тодорхой, түүнийг үлдсэн ажилтнууд хувааж хийх нь ойлгомжтой. Үлдсэн ажилтнууд ажлыг нь хуваан гүйцэтгэж байгаа тул энэ байдлыг ажлын байр нь хэвээр гэж эндүүрч болохгүй. Хэрэв ажил олгогч ажилтны тоог цөөрүүлээд 3 сар хүрэхгүй хугацаанд дахин ажлын байрыг бий болгон шинээр хүн авсан бол нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй байж болох юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан "Хас банк" ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирлын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/248 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Цэцэгмааг Х ХХК-ийн Санхүү, бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх олговорт Х ХХК-аас 4 883 721 төгрөг гаргуулж Б.Цэцэгмаад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Б.Ц ажилгүй байсан бүх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Х ХХК-ийн удирдлагад үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 93 090 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шийдвэрийн агуулгыг нэг мөр ойлгож биелүүлэх боломжгүй, хоёрдмол агуулгатай гэж үзэж байна. Хас Банкны гүйцэтгэх захирлаас үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Зулд банкны төв алба болон салбар, тооцооны төвд хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн контрактаар ажиллаж байгаа ажилтнуудтай холбоотой хүний нөөцийн үйл ажиллагааг бүхэлд нь хариуцах эрхийг Хөдөлмөрийн дотоод журам болон эрх шилжүүлэх тушаалаар шилжүүлсэн байдаг ба хэрэгт Хөдөлмөрийн дотоод журмыг нотлох баримтыг шаардлага хангасан байдлаар гаргаж өгсөн. Үйл ажиллагаа хариуцсан захирлын 2020 оны Б.Цэцэгмаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/248 дугаартай тушаал нь Гүйцэтгэх захирлын 2020 оны А/145 дугаартай тушаалаас гадна, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 16 дугаар зүйлийн 16.1.8, 16.2 дахь заалтыг тус тус үндэслэсэн бөгөөд Хөдөлмөрийн дотоод журмын 16 дугаар зүйлийн 16.10-т заасны дагуу үйл ажиллагаа хариуцсан захирал нь ажлаас хапах тухай тушаал гаргах эрхтэй ч гүйцэтгэх захирлын А/145 дугаартай тушаалд заасны дагуу шийдвэр гаргах эрхгүй гэж дүгнэсэн нь хоёрдмол утгатай болжээ. Гүйцэтгэх захирлын А/145 дугаар тушаалын 2 дахь заалтад заасныг шүүгч явцууруулан тайлбарлаж, уг тушаалд орон тоо цөөрүүлэх гэсэн утга байхгүй байгаа учир үйл ажиллагаа хариуцсан захирал хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхгүй гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй. Уг тушаалын ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах гэдэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан аливаа үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн контрактыг цуцлах бүх үндэслэл хамаарах бөгөөд Үйл ажиллагаа хариуцсан захирал нь ерөнхий утгаараа ажил олгогчийг төлөөлж хөдөлмөрийн гэрээг аль ч үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлах шийдвэрийг гаргах бүрэн эрхтэй байсан болохыг уг давж заалдах гомдолдоо Гүйцэтгэх захирлын хувиар дахин тодорхойлж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт уг тушаалаар зарим албан тушаалын орон тоог хассан, цөөрүүлсэн ажил олгогчийн шийдвэрийг буруутгаагүй атлаа, уг тушаалын 2 дахь заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтад заасан орон тоо хасах, орон тоог цөөрүүлэх гэх ойлголтуудаас зөвхөн орон тоог нь хассан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхийг Үйл ажиллагаа хариуцсан захиралд олгосон гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй. Хас Банкнаас Б.Цэцэгмаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу нэг сарын өмнө урьдчилан мэдэгдэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу гурван сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг олгож хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуцалсан бөгөөд энэ заалтуудын хууль хэрэглээ талаас шүүхээс аливаа дүгнэлт хийгээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримталж хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд мөн хуулийн 36.3 дах хэсэгт заасныг үндэслэн урьд эрхэлж байсан ажилд нь ажилтныг эгүүлэн тогтоохоор хуульчилсан байхад анхан шатны шүүх энэ нөхцөл байдал үүсээгүй, хууль хэрэглээний хувьд энэ талаар дүгнэлт хийлгүйгээр шийдвэр гаргасан нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхэд хүргэж байна. ХасБанк нь Санхүү бүртгэлийн хэлтэст нягтлан бодогчийн орон тоог Гүйцэтгэх захирлын 2020 оны 2 сарын 07-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл тус нэгжид аливаа албан тушаалыг бий болгож, өөр хүн ажилд аваагүй бөгөөд шүүх хуралдааны явцад ч энэ талаар тайлбар өгч, шүүх хурлын тэмдэглэлд тусгуулсан байхад шийдвэрт одоо ч энэ хэвээр ажиллаж байгаа үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэсэн. Бодит байдалд Б.Цэцэгмааг эгүүлэн ажилд авах албан тушаал, орон тоо байхгүй байхад түүнийг Санхүү бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэр гаргасан нь биелүүлэх боломжгүй, ажил олгогчийн хуулиар олгогдсон эрх хэмжээний асуудалд шүүх үндэслэлгүйгээр халдаж байна.

Нэхэмжлэгч нь тушаалд ямар орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсний аль болохыг тодорхой заагаагүй. Тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэлт тайлбар, шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар зэрэгтээ тушаалыг гаргасан этгээд үйл ажиллагаа хариуцсан захиралд эрх олгогдоогүй талаар дурдаагүй. Гэтэл шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч талуудаас маргаагүй үндэслэл болох эрхгүй этгээд шийдвэр гаргасан гэх үндэслэлээр хариуцагчид уг үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй татгалзах, тайлбар гаргах боломж олголгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Дээрхээс үзэхэд шүүхийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан агуулгыг хоёрдмол утгатайгаар тайлбарлаж ажил олгогчийн орон тоо хассан, цөөрүүлсэн нь зөв, гэхдээ ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй гэж үзсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дах хэсгийг хэрэглээгүй, нэхэмжлэгчийг эгүүлэн тогтоосны дагуу ажиллуулахад бодит орон тоо, албан тушаал байхгүй, шүүхийн шийдвэр нь биелэгдэх боломжгүй байх тул уг шийдвэр үндэслэл бүхий байх, хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Б.Цэцэгмаа нь хариуцагч Хасбанк ХХК-д холбогдуулан үйл ажиллагаа хариуцсан захирлын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/248 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч тал эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч зохигчид 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдааны үед эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч Б.Цэцэгмаа үйл ажиллагаа хариуцсан захирлын Б/248 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Х ХХК нь нэхэмжлэгч Б.Цэцэгмаад 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 031 148 төгрөг олгох, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхээр эвлэрэн хэлэлцсэн. Талуудын энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасантай нийцсэн.

 

Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дах хэсэгт зааснаар бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулан эвлэрсэн хэлцлийг шүүхэд гаргасныг давж заалдах шатны шүүхээс батлан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дах хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оын 06 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/01538 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, зохигчид 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр харилцан тохиролцож нэхэмжлэгч Б.Цэцэгмаа нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан гаргасан үйл ажиллагаа хариуцсан захирлын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/248 тоот тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Х ХХК нь нэхэмжлэгч Б.Цэцэгмаад 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 031 148 төгрөг олгох, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхээр зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93 090 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү магадлалыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг зохигчдод тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ