Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2020/01538

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Б” ХХК -д холбогдох

 

Үйл ажиллагаа хариуцсан захирлын 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/248 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А, түүний өмгөөлөгч А.Ариунтуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, Ч.Хэрлэн, П.Отгонтуул, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Миний бие А нь анх “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2002 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 55 тоот тушаалаар Бны Говь-Алтай салбарт нягтлан бодогч албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. “Б” ХХК-тай шинэчлэн байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хөдөлмөрийн хугацаагүй гэрээгээр миний бие нь Санхүү бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогчийн орон тоонд ажиллаж, өнгөрсөн хугацаанд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан боловч 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл авч, улмаар тус банкны үйл ажиллагаа хариуцсан захирлын 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/248 тоот тушаал гарч надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг орон тоо хасагдсан гэх үндэслэлээр цуцалсан.

Миний бие нь нягтлан бодогчийн орон тоо хасагдаагүй, зөвхөн хувь хүн буюу намайг ажлаас халахын тулд орон тоо хасагдсан гэх үндэслэлийг гаргасан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, тус хэлтэст 5 нягтлан бодогч ажиллаж байсан хэдий ч эдгээр ажилтны дунд ямар нэгэн сонгон шалгаруулалт, ажлын үнэлэлт хийлгүйгээр намайг ялгаварлан гадуурхах байдлаар ажлаас халж, хөдөлмөрлөх эрхийг минь ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Миний ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг, ач холбогдол өндөр тул уг ажлын байр хасагдаагүй гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн тус компани надтай хамт олон хүнийг бөөнөөр ажлаас халан, ажилтантай харилцан тохиролцоогүй зэрэг нь холбогдох хуулиудыг зөрчиж байна.

Миний ажлын байрыг цөөрүүлсэн гэх боловч одоо бодитоор цөөрөөгүй нь үнэн болохыг хэлье. Мөн надтай хамт ажиллаж байсан н.Даваабаяр өөр хэлтэс рүү шилжихээр болсон, орон тоон дээр нь өөр хүн ажиллуулахаар болсон боловч өнөөдөр н.Даваабаяр шилжихээ больсон байгаа. Тиймээс орон тоо цөөрөөгүй гэж үзэж байна. н.Даваабаяр нягтлан бодогч байгууллагын банк руу шилжих хүсэлтээ өгснөөр түүний оронд ажиллах ажилтны зарыг гаргасан байсан. Тэгсний дараа надад нэг нягтлан бодогч хэрэггүй гэсэн мэдэгдэл өгсөн. Би мэдэгдэл авсны дараа нягтлан бодогч ажилд авна гэсэн зар гарсны дараа намайг ажлаас чөлөөлж байгаа нь яаж байгаа юм бол гэж бодоод сайт руугаа ороод зар харахад зар нь алга болсон байсан. Манай санхүү хариуцсан захирал намайг алдаа гаргасан, чиний ажлын алдааг гаргаж байх зав алга гэсэн. Зөвхөн намайг л халахын тулд ажлын байр цөөрсөн гэсэн. н.Энхмаа гэж санхүүгийн хяналтын мэргэжилтэн нь өнөөдөр миний ажлыг авсан н.Одмаагийн ажлыг шууд шилжүүлж авсан. Үндсэндээ 4 нягтлан бодогч, 1 мэргэжилтэн нь нийлээд 5 нягтлан бодогчийн ажлыг хийсэн хэвээр байгаа.

Иймд намайг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг үндсэн цалин 1,750,000 төгрөгөөс тооцон олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хэргийн баримтын хүрээнд мэтгэлцэх боломжгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д 3 үндэслэл заасан байгаа. Хариуцагч яг ямар үндэслэлийг тушаалд тусгасан нь тодорхойгүй. “Б” ХХК нь орон тоо хасагдсан үндэслэлийг татгалзсан тайлбарын үндэслэл болгож байгаа боловч ажилтны тоог цөөрүүлэх шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. “Б” ХХК-д нягтлан бодогчоор зөвхөн А ажиллаагүй, харин 1 ахлах нягтлан бодогч, 5 нягтлан бодогч ажиллаж байсан. Эдгээрээс 1 нягтлан бодогчийг цөөрүүлсэн байгаа тул орон тоо хасагдаагүй, харин ажилтны тоог цөөрүүлж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд орон тоо хасагдсан үндэслэлээр тушаал гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Хариуцагч 1 сарын өмнө мэдэгдэл өгч, ажлаас чөлөөлсөн боловч хэлбэрийн хувьд хуулийн шаардлагад нийцсэн энэ ажиллагаа бодит байдал дээр Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан ялгаварлах үйл ажиллагаа байж болохгүй гэж заасан байхад нэхэмжлэгчийг ялгаварласан асуудал байна гэж харж байна.

Хэрэв гүйцэтгэх захирлын тушаалаар 1 орон тоо хассан, тухайн орон тоо нь ганцхан Агийн нягтлан бодогчоор ажилладаг ажлын байр байсан бол орон тоо хасагдсан гэж үзнэ. Гэвч Санхүү бүртгэлийн хэлтэст нягтлан бодогчоор 5 хүн ажилладаг байхад яагаад, ямар шалгуураар заавал Аг сонгож, түүгээр ажилтны тоог цөөрүүлж байгаа юм бэ гэдэг асуудал тодорхойгүй нь маргааны шалтгаан болоод байна. Үүнийг ялгаварласан л гэж харж байна.

Ажлаас чөлөөлөх хүртэлх асуудал бус чөлөөлсний хойно ч гэсэн хэдэн нягтлан бодогч ажиллаж байгааг тодруулах нь орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн эсэх үйл баримтыг тодруулахад ач холбогдолтой байсан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар ч тэр нягтлан бодогч биш хүнээр нягтлан бодогчийн ажлыг хийлгэж болохгүй. Түүнээс гадна дадлагажигч гэх жинхлээгүй хүнийг үлдээгээд жинхэнэ ажилтныг халаад байгаа чинь ялгаварлах биш гэж үү. Уг нь ажил олгогч нь ажилтантай зөвшилцөх замаар маргааныг шийдвэрлэх боломжтой байсан. Өөр ажил албан тушаалд шилжүүлэх замаар ч юм уу шийдвэр гаргаж болох л байсан.

Иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь холбогдох хуулиудыг зөрчсөн гэсэн байх ба уг үндэслэлээ тайлбарлахдаа “Нягтлан бодогчийн орон тоо хасагдаагүй, зөвхөн хувь хүн буюу намайг ажлаас халахын тулд орон тоо хасагдсан гэх үндэслэлийг гаргасан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, тус хэлтэст 5 нягтлан бодогч ажиллаж байсан хэдий ч эдгээр ажилтны дунд ямар нэгэн сонгон шалгаруулалт, ажлын үнэлэлт хийлгүйгээр намайг ялгаварлан гадуурхах байдлаар ажлаас халж, хөдөлмөрлөх эрхийг минь ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Миний ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг, ач холбогдол өндөр тул уг ажлын байр хасагдаагүй гэж үзэх үндэслэлтэй байна” гэжээ.

“Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны “Бны төв албаны зарим нэгжүүдийн албан тушаалыг, орон тооны хамт хасах тухай” А-145 дугаар тушаалаар Санхүү бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогчийн албан тушаалыг нэг орон тооны хамт хассантай холбогдуулан “Б” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирлын 2020 оны 3 дугаар зарын 12-ны өдрийн Б/248 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн Санхүү бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогч Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан.

Гүйцэтгэх захирлын А-145 дугаар тушаалын дагуу банкны хэмжээнд нийт 33 албан тушаал, орон тооны хамт хасагдсан бөгөөд албан тушаалын орон тоо нь хасагдсан бусад ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг мөн хуульд заасны дагуу цуцалсан болно. Мөн ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуульд тодорхой албан тушаал, орон тоог хасах, цөөрүүлэх тохиолдолд ямар нэгэн байдлаар сонгон шалгаруулалт хийх, түүний үр дүнг үндэслэж шийдвэр гаргахаар хуульчлагдаагүй, харин ч ийнхүү сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр ажилтныг ажлаас халах нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй болохыг Улсын Дээд шүүхийн 2012 оны “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал”-ын талаар зөвлөмжид тодорхой дурдсан байна. Өөрөөр хэлбэл, “Б” ХХК нь ажилтны хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа хуулийн дагуу шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн хувь хүнийх нь хувьд сонгож, ажлын үнэлэлт хийлгүйгээр ялгаварлан гадуурхаж ажлаас халсан гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “...тус компани надтай хамт олон хүнийг бөөнөөр ажлаас халан, ажилтантай харилцан тохиролцоогүй зэрэг нь холбогдох хуулиудыг зөрчиж байна” гэжээ. Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг ажилтанд нэг сарын өмнө буюу 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс цуцалсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Бны хөдөлмөрийн дотоод журмын 16.11-т заасны дагуу ажилтанд нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг олгосон, урьдчилан мэдэгдсэний дараа гэрээг цуцлах тушаал гаргасан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, хуульд заасны дагуу хэлэлцээ хийх талаар хуульчилсан байна. Энэ тохиолдолд Бны гүйцэтгэх захирлын шийдвэрээр банкны бүтэц, зохион байгуулалт шинэчлэгдсэнтэй холбоотойгоор төв албаны зарим нэгжүүдээс зарим албан тушаалын орон тоог хассан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл болох аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар нэгж татан буугдсаны улмаас орон тоо хасаж бөөнөөр халсан асуудал байхгүй тул ажил олгогч нь ажилтантай харилцан тохиролцох үүрэг хүлээхгүй тул дээрх нь тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна.

“Хас банк” ХХК-ийн хувьд төв албаны 33 ажилтныг цомхтголд оруулсны нэг ажилтан нь А юм. Ганцхан Аг халахын тулд А-118, А-145 дугаар тушаалууд гараагүй. Энэ цаанаа банкны бүтцэд хийсэн бодит өөрчлөлт. Нийт 5 нягтлан бодогч байснаас 1-ийг нь цөөрүүлсэн. Аливаа газар ажилд орно гэдэг нь насаараа тэр хүнийг тэжээх үүрэгтэй гэсэн үг биш. Оны эхнээс Ковид-19 өвчин гарсантай холбоотойгоор эдийн засгийн хямрал үүссэн. Үүнтэй холбоотойгоор ажил олгогч 5 орон тооны 1-ийг цөөрүүлсэн. Нийт 33 хүнийг ажлаас чөлөөлсний 2 нь маргаад явж байгаа. Маргах эрх нь байгаа тул бидэнд үүнтэй холбоотой хэлэх зүйл байхгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийг үндэслэн тайлбар гаргаж байгаа өмгөөлөгчийн тайлбарт дадлагажигчийг авч үлдээд жинхэнэ ажилтныг халсан нь буруу гээд байгаа нь өөрөө жинхэнэ ялгаварлаж байна гэж үзэж байна. Аг ялгаварласан гэж байгаа бол түүнийгээ нэхэмжлэгч тал өөрөө нотлох үүрэгтэй.

Санхүү бүртгэлийн хэлтэс 5 нягтлан бодогчтой бөгөөд 5-уулаа яг адил, нэг хэв шинжийн ажлыг хийдэг байсан уу гэвэл үгүй. Хариуцсан гүйлгээнүүд нь өөр өөр байсан юм шүү. Ажил олгогч нь Агийн хийдэг байсан гүйлгээ бүхий ажлын байрыг цөөрүүлнэ л гэсэн, түүний дагуу л цөөрүүлсэн. Нэхэмжлэгчийн хийдэг байсан гүйлгээ өнөөдөр ч банкан дээр хийгдэж байгаа бөгөөд бусдаар гүйцэтгүүлж л байгаа. Ажилтныг цөөрүүлсэн тохиолдолд өмнө гүйцэтгэж байсан ажил үүрэг хэвээр үлдэх нь тодорхой, түүнийг үлдсэн ажилтнууд хувааж хийх нь энгийн ойлгогдох асуудал. Энэ дагуу л үлдсэн ажилтнууд ажлыг нь хуваан гүйцэтгэж байгаа тул энэ байдлыг ажлын байр нь хэвээр гэж эндүүрч болохгүй юм. Хэрэв ажил олгогч ажилтны тоог цөөрүүлээд 3 сар хүрэхгүй хугацаанд дахин ажлын байрыг бий болгон шинээр хүн авсан бол нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй байж болохуйц. Гэтэл Б өнөөдөр ажлын байрыг танасан хэвээр, үлдсэн ажилтнууд гарсан ажилтнуудын хийж байсан ажлыг хувааж хийгээд л явж байгаа. Энэ бол бодит байдал.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүх тэдгээрийн хүсэлтээр бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан Үйл ажиллагаа хариуцсан захирлын 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/248 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг /гомдол/ гаргасан байна.

Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хэрэгсэхгүй болгуулахаар маргасан. 

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

“Б” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирлын 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/248 дугаар тушаалаар тус банкны гүйцэтгэх захирлын 2020 оны “Бны төв албаны зарим нэгжүүдийн албан тушаалыг, орон тооны хамт хасах тухай” А-145 дугаар тушаалаар Санхүү, бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогчийн албан тушаалыг нэг орон тооны хамт хассантай холбогдуулан, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Хөдөлмөрийн дотоод журмын 8.2.8, 16.1.8, 16.2-т заасныг үндэслэн “Санхүү бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогч Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, түүнийг ажлаас чөлөөлжээ.

 

Нэхэмжлэгч энэ тушаалыг үндэслэлгүй гэж үзэж, эс зөвшөөрсөн гомдлоо 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор тус шүүхэд гаргасан тул шүүх гомдлын үндэслэлийг хянан хэлэлцэв.

 Тушаалд үндэслэсэн “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн “Бны төв албаны зарим нэгжүүдийн албан тушаалыг, орон тооны хамт хасах тухай” А-145 дугаар тушаалын хавсралтаар Санхүү хариуцсан захирлын харьяа нэгж болох Санхүү, бүртгэлийн хэлтсээс нягтлан бодогчийн нэг орон тоог хассан, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтууд нь аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах, ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгох, Хөдөлмөрийн дотоод журмын 8.2.8, 16.1.8, 16.2 дахь заалтууд нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хууль болон гэрээнд заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлах банкны эрх хэмжээнд хамаарах заалтууд байна.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал “тушаалд чухам орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсний аль болохыг тодорхой заагаагүй, Санхүү, бүртгэлийн хэлтсийн 5 нягтлан бодогч байхад ямар нэг шалгуур үзүүлэлтээр сонгон шалгаруулалт хийхгүйгээр зөвхөн Аг сонгож ажлаас халсан нь ялгаварласан үйлдэл болсон” үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн бол хариуцагч тал “ажлаас чөлөөлөхөд сонгон шалгаруулалт явуулах үндэслэлгүй, гүйцэтгэж байгаа ажил үүрэг буюу гүйлгээнээс нь болж Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй” үндэслэлээр татгалзсан тайлбараа тодруулж, мэтгэлцсэн.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогч нь өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй.

 

Ажил олгогчийн энэхүү эрх нь хуулийн дээрх зохицуулалтад заасан үндэслэл бодитоор бий болсон тохиолдолд хэрэгжих журамтай.

 

Манай тохиолдолд нэхэмжлэгчийн ажлын байр хасагдсан, эсхүл ажил албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасгасан буюу ажилтны тоог цөөрүүлэхээр шийдвэрлэсний аль болох, энэхүү шийдвэр нь бодитой эсэх, бодитой бол хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэрийг эрх бүхий этгээд гаргасан эсэх зэргийг шүүх шалгаж тогтоох нь маргааныг шийдвэрлэх гол хүчин зүйлүүд байна.

 

Байгууллагын бүтэц дэх ажлын байр хасагдсан, эсхүл адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тоогоор багасгах тохиолдолд ийнхүү ажилтны тоог цөөрүүлэх болсон шалтгаан, үндэслэл бодит байдалтай нийцсэн эсэхээс гадна эрх бүхий этгээд шийдвэр гаргасан байх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан шаардлагад нийцэх тул шүүх хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэрийг эрх бүхий этгээд гаргасан эсэхэд дүгнэлт өгөх нь маргаан шийдвэрлэх гол хүчин зүйлийн нэг гэж үзсэн болно.

 

Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны А-145 дугаар тушаалаар тус банкны Төв албаны зарим нэгжүүдээс нийт 33 орон тоог хассаны дотор Санхүү хариуцсан захирлын харьяа нэгж болох Санхүү, бүртгэлийн хэлтсээс нягтлан бодогчийн 1 орон тоог хасах шийдвэр гарсны дагуу тус хэлтсийн 1 ахлахаас бусад 5 нягтлан бодогчийн ажил, албан тушаалд ажиллаж буй ажилтан 4 болж багассан, одоо ч энэ хэвээр ажиллаж байгаа үйл баримт тогтоогдож байна.

 

Талууд үүнд маргаагүй болно.

 

Ажил олгогч нь өөрийн хэрэгцээ, шаардлага, цаг үеийн нөхцөл байдал, санхүүгийн нөөц бололцоо, явуулж буй үйл ажиллагааны цар хүрээнд тохируулан дотоод зохион байгуулалтын өөрчлөлт хийж, тодорхой шалтгааны улмаас зарим ажлын байрыг хасах, ажилтны тоог цөөрүүлэх бодит шийдвэр гаргасан нь хууль зөрчихгүй бөгөөд Санхүү, бүртгэлийн хэлтсийн 5 нягтлан бодогчийн тоог 4 болгон цөөрүүлсний улмаас Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдэлд хүрсэн ажил олгогчийн шийдвэрийг шүүх буруутгах боломжгүй.

 

Гэхдээ ажилтан Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах шийдвэрийг “Б” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал гаргасан нь уг тушаалыг ажил олгогчийн шийдвэр буюу эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэр биш гэж шүүх үзэхэд хүргэж байна.

 

Учир нь, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д заасны дагуу “Б” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох гүйцэтгэх захирал нь 2020 оны А-145 дугаар тушаалын 2 дахь заалтаар “...хасагдсан албан тушаалын орон тоонд ажиллаж буй ажилтантай ... байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах эрхийг Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т зааснаар Үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Зулд үүрэг болгон олгосны дагуу Үйл ажиллагаа хариуцсан захирлын 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/248 дугаар тушаал гарсан байдаг.

 

Манай тохиолдолд Агийн албан тушаалын байр байхгүй болоогүй, харин Санхүү, бүртгэлийн хэлтэст харьяалагдах ахлахаас бусад 5 нягтлан бодогчийн орон тооноос 1-ийг цөөрүүлэхээр шийдвэрлэсэн тул ажилтны тоог цөөрүүлсэнтэй холбоотой хөдөлмөрийн гэрээ цуцлах эрхийг А-145 дугаар тушаалаар Үйл ажиллагаа хариуцсан захиралд олгогдоогүй гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, Санхүү, бүртгэлийн хэлтсийн тодорхой 1 ажилтан бүхий албан тушаалын ажлын байр үгүй болоогүй, харин 5 ажилтны тоо 4 болж цөөрсөн тул хасагдсан албан тушаалын орон тоонд ажиллаж буй ажилтан гэх ойлголтод А шууд хамаарахгүй, түүнээс гадна өөр 4 нягтлан бодогч мөн хамаарч байх тул сонголт хийж өөрт эрх олгоогүй асуудлаар Үйл ажиллагааны захирал шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Ажил, албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор буюу 1 тоогоор багасаж байгаа энэ тохиолдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан ажилтны тоог цөөрүүлсэн гэж үзэх тул мөн зүйлийн орон тоо хасагдсан гэх ойлголтод хамаарахгүй.

 

Орон тоо хасагдах ойлголт нь байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг ойлгодог тул одоо ч “Б” ХХК-ийн Санхүү, бүртгэлийн хэлтэст нягтлан бодогчийн ажлын байр байгаа учир энэ ойлголтод хамаарахгүй гэж үзсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хэдийгээр ажлаас халах тухай, ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гаргах эрхийг Хүний нөөц хариуцсан захирал буюу Үйл ажиллагаа хариуцсан захиралд Бны хөдөлмөрийн дотоод журмын 16.10 дахь заалтаар олгосон байгаа ч манай тохиолдолд Үйл ажиллагаа хариуцсан захирал нь энэхүү эрх хэмжээгээ “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны А-145 дугаар тушаалаар үүрэг болгон олгосон эрх хэмжээний дотор хэрэгжүүлэх үүрэгтэй юм.

 

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, 63 дугаар зүйлийн 63.2-т заасан төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, эрх олгосон үйл ажиллагааг гүйцэтгэх зохицуулалт дээр дурдсан үндэслэлээр зөрчигдсөн байх тул шүүх Үйл ажиллагаа хариуцсан захирлын 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/248 дугаар тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д нийцээгүй гэж үзнэ.

 

Иймд хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Агийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам“-ын 7 дахь хэсгийн “а”-д заасны дагуу тооцоход нэхэмжлэгч нь “Б” ХХК-ийн Санхүү, бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогч ажлын байранд сарын 1,913,507 төгрөг /2019.12, 2020.1, 2 сарын цалин/-ийн дундаж цалин хөлстэй ажиллаж байсан нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараараар тогтоогдож байх боловч 1,750,000 төгрөгөөс олговор тооцуулахаар нэхэмжлэгч шаардсан тул түүний шаардсан хэмжээнээс ажилгүй байсан 2 сар 17 хоногийн олговрыг тооцож, хариуцагчаас 4,883,721 төгрөг /1,750,000төг/21,5х17+(1,750,000х2)/-ийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь талуудын зарчимд нийцнэ.

 

Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэр нээж, түүнд хуульд заасан хувь хэмжээгээр ажилтнаас сар бүр төлсөн шимтгэл, хураамж /сарын цалингаас/-ийг төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул Агийн урьд авч байсан цалин хөлснөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй.

 Эцэст нь, шүүх хуралдааны эхэнд шүүх хуралдаан даргалагчаас хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг талуудаас тодруулахад татгалзан гаргах хүсэлт байхгүй гэж хариулсан атлаа хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ариунтуулаас хүсэлт хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлийг бүрдүүлж байна гэж хуулиар тогтоосон журам, шүүх хуралдааны дэгийг зөрчиж шүүх хуралдаан даргалагчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан.

 

Шүүх уг хүсэлтийг хүлээн авах, цаашлаад Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгчээр хүсэлтийг шийдвэрлүүлэхээр шилжүүлэх зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулах нь хуулиар тогтоосон шүүх хуралдааны дэг, дараалал, хүсэлт шийдвэрлэх журамд нийцээгүй тул хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан "Б" ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирлын 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/248 дугаар тушаалыг хүчингүй болгож, Аг “Б” ХХК-ийн Санхүү, бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх олговорт “Б” ХХК-аас 4,883,721 төгрөгийг гаргуулж Ад олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Агийн ажилгүй байсан бүх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг “Б” ХХК-ийн удирдлагад үүрэг болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 93,090 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА