Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2017/01060

 

 

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2017/01060

 

 

 

Бизнес инвест девелопмент ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2017/00547 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Бизнес инвест девелопмент ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Баасанцэрэнд холбогдох

 

Гэрээний үүрэгт 33 942 666,67 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуяг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Баасанцэрэн нь 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр №ЗГ0102150061 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 40 тоотын 40 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, 12 сарын хугацаатай 20 000 000 төгрөгийг нэг сарын 4.5 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч М.Баасанцэрэн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор өнөөдрийг хүртэл биелүүлээгүй.

Иймд зээлдэгч М.Баасанцэрэнгээс үндсэн зээлд 20 000 000 төгрөг, зээлийн хүүд 12 334 666.677 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 608 000 төгрөг, түүнчлэн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №ЗГ0102150061 тоот барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.10-д заасны дагуу өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 3 300 000 төгрөг буюу нийт 37 242 666.67 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Гэвч бид өмгөөлөгчөөс хууль эрх зүйн туслалцаа нэгэнт аваагүй учир 3 300 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн үнийн дүнгээ 33 942 666.67 төгрөг болгон багасгаж байна. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах шаардлагаа дэмжиж байгаа.

2013 онд зээл авсан эсэх тал дээр бид маргаагүй, хариуцагч уг зээлийн гэрээний үүргээ 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр биелүүлж зээлээ хаачихаад энэ өдрөө ахиж зээл авсан. Энэ гэрээний үүргээ л бид шаардаж байна. Тэрээр 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зээлээ бэлнээр төлсөн. Мөн өдрөө зээлийг бэлнээр нь авчихсан, авахдаа гарын үсгээ өөрөө зурсан, энэ нь хэрэгт байгаа. Өмнөх зээлийн гэрээний үүргийг хариуцагчийн төлөөлөгч хольж яриад байгааг гайхаж байна. Хариуцагч 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн гэрээгээр 20 000 000 төгрөгийг хүүтэй авсан, нийтдээ 11 665 333.33 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд уг төлсөн төлбөрийг бид нэхэмжлэлдээ оруулаагүй, хасч тооцсон гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие анх 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулан 22 000 000.00 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай 3,5 хувийн хөнгөлттэй хүүтэйгээр Бизнес Инвест Девелопмент ББСБ-аас авсан. Улмаар гэрээнд заасны дагуу төлбөл зохих нийт 27 077 332.00 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлөх боломжийг олгох зорилгоор зээлийн гэрээг 6 сарын хугацаагаар сунгасан. Харин зээлийн гэрээний сунгасан хугацаа дуусахад /2015.02.04/ тухайн компаниас, иргэн миний эрх зүйн мэдлэггүй байдлыг ашиглан 20 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж үндэслэлгүй, буруу мэдээллийг надад өгч улмаар төлбөр барагдуулахыг шаардсан. Улмаар зээл олгогч талаас уг 20 000 000 төгрөгийг тооцоо нийлж хаах боломжтой аргыг тайлбарлахдаа дахин 20 000 000 төгрөгийн зээлийг тус ББСБ-аас авч өмнөх зээлийн гэрээний үлдэгдлийг төлж барагдуулан хаах боломжтой гэж мэдэгдсэний дагуу 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр №ЗГ0102150061 дугаартай зээлийн гэрээг байгуулсан юм. 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр №ЗГ0102150061 дугаартай зээлийн гэрээнд заасны дагуу төлбөл зохих нийт 26 724 032 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлөх боломжийг олгох зорилгоор зээлийн гэрээг 6 сарын хугацаагаар сунгасан байдаг.

Миний бие 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 22 000 000 төгрөгийн зээлийг бодитойгоор авсан бөгөөд үүний дагуу 15 238 460.67 төгрөг төлсөн байхад дахин 20 000 000 төгрөг төлөхийг шаардсан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Анх бодитоор авсан 22 000 000 төгрөгийн зээлийг авч, нийт 25 000 000 төгрөгийг төлсөн байхад түүн дээр нэмэн дахин 37 сая гаруй төгрөгийг төлөхийг шаардаж байгаа нь шударга ёсонд үл нийцэх байж боломгүй зүйл гэж үзэж байна.

2013 оны гэрээний дагуу 16 400 913 төгрөгийг төлсөн байхад үүнээс 1 868 000 төгрөгийг үндсэн зээлээс нь хасч, 13 238 460 төгрөгийг зээлийн хүүнд, 1 294 452 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд тооцож авсан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалтыг зөрчсөн. Хариуцагч өөрийн авсан зээлээ хаах гэж очиход ББСБ нь хариуцагчийг төөрөгдүүлж 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шинээр зээлийн гэрээг байгуулсан. Өөрөөр хэлбэл ББСБ нь өмнөх гэрээг хаах зорилгоор сүүлийн гэрээг дүр үзүүлэн байгуулсан. Иймд сүүлд 2015 онд байгуулсан гэрээ нь хууль бус, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8, 56.1.9, 56.1.10-т заасан бүхий л заалтуудыг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Мөн ББСБ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.1, 21.1, 21.2, 22.1, Иргэний хуулийн 281 дүгээр зүйл гэх мэт заалтуудыг зөрчсөн. Хариуцагч нь 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн гэрээ байгуулснаас хойш нийт 11 665 333 төгрөгийг буцаан төлсөн. Сүүлийн гэрээний дагуу 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгч бодитоор аваагүй, авчихаад л буцаагаад өгчихсөн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж маш ойлгомжтой зохицуулалт байгаа. Зээлийн данс руу 20 000 000 төгрөгийг хийгээгүй гэдгээ зөвшөөрч байгааг анхаарч, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Баасанцэрэнгээс 33,942,666.67 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Бизнес-Инвест девелопмент ББСБ ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Баасанцэрэн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 40 тоот, 40 м.кв талбай бүхий, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000259354 дугаартай, Ү-2205019162 дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344,163.34 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 327,663 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бизнес-Инвест девелопмент ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ..."Бизнес Инвест Девелопмент" ББСБ ХХК-иас нийт 33 942 666 төгрөгийг нэхэмжилснийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй буюу хууль тогтоомж болон бодит нөхцөл байдалд нийцээгүй гэж үзэж байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь миний төлсөн 11 665 333.00 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс суутгалгүй 9 145 333.33 төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрт, 2 520 000.00 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт суутгасан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасантай нийцээгүй. Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолын 2.4-т "... төлөх хугацаа болсон зээлийн өрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д заасан дарааллын дагуу буюу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлнэ." гэсэн тайлбар гаргасаар байтал ББСБ үүнийг зөрчин тооцоолсон дүнгээ нэхэмжлэн улмаар нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн. Хариуцагчаас ББСБ Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан дарааллыг баримтлан зээлийн эргэн төлөлтийг тооцоогүй болохыг мэдэгдсээр атал шийдвэр гаргахдаа уг нэхэмжилсэн дүнг үгүйсгэж буй тайлбарыг харгалзан үзэлгүй, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, талуудын шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг хангаж чадаагүй. Шүүх шийдвэр гаргахдаа хариуцагч дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ тайлбарлаагүй, энэ талаар маргаагүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.

Мөн анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитоор судлалгүй, хариуцагч талын гаргасан тайбар, хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцаанд бий болсон үйл явдлыг нэг мөр ойлголгүй, бодит байдалд дүн шинжилгээ зөв хийгээгүйгээс үүдэн эрх зүйн дүгнэлтийг буруу хийж, шүүх хэрэглэвэл зохих эрх зүйн хэм хэмжээг бүрэн гүйцэд хэргийн нөхцөл байдалд нийцүүлэн хэрэглээгүйн улмаас шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх зарчим зөрчигдсөн. Тодруулбал, шүүх хариуцагчийн татгалзлын үндэслэл болгосон Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалтын дагуу үүрэг гүйцэтгэх дарааллын нарийвчилсан зохицуулалтыг буюу шүүх хэрэглэх ёстой хэм хэмжээг хэрэглээгүй нь түүний гаргасан шийдвэрийг үндэслэлгүй болгож байгаа юм.

Хариуцагч талын зүгээс маргаан бүхий гэрээний дагуу зээлийн төлбөр төлөлтийн тооцооллын талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан боловч шүүх хэргийг хуралдаанаар шийдвэрлэх явцад уг асуудлыг тодруулан шийдвэрлэх боломжтой гэж үзэн шинжээч томилох шаардлагагүй гэж үзсэн байдаг. Харин хариуцагчийн зүгээс татгалзлынхаа үндэслэлийг нотлон хамгаалах зорилгоор Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргаж зээлийн төлбөрийг тооцоолсон байдал, зээл олголтын үйл ажиллагаа зэргийг шалгуулсан бөгөөд тус хорооны 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 9\524 тоот албан бичгээр өгсөн хариу бичигт Зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасны дагуу тооцохыг тодорхойлсон боловч шүүх шийдвэр гаргахдаа уг үндэслэл бүхий шийдвэрийг харгалзан үзээгүй байна.

Миний тооцоолсноор 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр №ЗГ0102150061 дугаартай зээлийн гэрээний дагуу төлсөн 11 665 333.00 төгрөгийг үндсэн зээлээс хасч, гүйцэтгээгүй үндсэн зээлийн төлбөр 9 335 667 төгрөг дээр гэрээний хугацаанд заасан зээлийн хүүгийн төлбөр 8 645 184.00 төгрөг, түүний нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 1 729 036 төгрөг, мөн гэрээ хугацаа дуусгавар болсон өдрөөс нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл хугацааны гүйцэтгээгүй үндсэн зээлийн хүүгийн төлбөр 3 360 840 төгрөг нийт 23 070 727 төгрөгийг төлөхөөр тооцоо гарч байгаа бөгөөд тухайн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр байгаа тохиолдолд хүлээн зөвшөөрөх боломжтой юм.

...2013 онд байгуулсан зээлийн гэрээний хугацаанд төлсөн 16 400 913.00 төгрөгийг үндсэн зээлээс хасаж, зээлийн гэрээ дуусгавар болоход буюу 2015 оны 2 дугаар сарын 4-ний өдөр үндсэн зээлийн үлдэгдэл 5 599 087 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6 527 998.50 төгрөг тооцон, нийт 12 127 085 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байсан гэж үзэж байгаа. Зээл хаах зорилгоор 20 869 602.63 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн тухайн үед ББСБ-ын ажилтан уг мөнгийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг Барьцааны гэрээний 4.2-т заасны дагуу худалдан борлуулна гэж надад мэдэгдсэн. Харин ББСБ-ын салбарын захирал Г.Мягмаррагчаа уг зээлийн гэрээний үлдэгдэл гэх 20 869 602.63 төгрөгийг тооцоо нийлж хаах боломжтой аргыг тайлбарлахдаа дахин 20 000 000,00 төгрөгийн зээлийг авч өмнөх зээлийн гэрээний үлдэгдлийг төлж барагдуулах боломжтой гэж мэдэгдсэний дагуу 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээг дахин байгуулсан бөгөөд өөрийн орон сууцыг алдахгүйн тулд аргагүй байдалд орсон. Иймээс 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тул уг гэрээний дагуу төлбөр төлөх үүрэг үүсээгүй гэж үзэж байна. ББСБ-ын зүгээс дээрх өр, төлбөрийг нь төлж барагдуулах зорилгоор төлбөрийн чадваргүй зээлдэгчид дахин "бизнесийн" гэх зориулалтаар зээл олгохыг зөвшөөрч улмаар талуудын дунд 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан нь бодит хэлцэл хийх хэрэгцээ шаардлага, зорилготойгоо нийцээгүй байна.

...Зээлийн хувийн хэрэгт ямар ч бизнесийн төлөвлөгөө, эргэн төлөх чадварын судалгаа байхгүй, орлогоо нотолсон зүйл байхгүй, өмнөх зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадаагүй, байнга дутуу төлдөг, хугацаагаа барьдаггүй, ямар бизнес эрхэлдэг нь тодорхойгүй, зээлийн гэрээний үлдэгдлийг төлсөн өдөрт дараагийн зээлийн гэрээг байгуулан олгосон. Шүүхээс зээлийн хувийн хэргийг шүүхэд гарган ирүүлэхийг мэдэгдэж байсан боловч уг баримт материалыг гарган авалгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76.1.1-т заасныг зөрчсөн.

Шүүх ББСБ-ын салбарын захирал Г.Мягмаррагчааг гэрчээр асуухад "зээлийн эргэн төлөгдөх чадварыг судлалгүй гэрээ байгуулсан болохыг гэрчлэн мэдүүлсэн, зээлдэгч нь ямар бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг, түүний орлогыг нотлох баримт материал цуглуулаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

...Хэрэгт авагдсан "Бэлэн мөнгөний зарлагын баримт" гэх зүйл нь үйлдэгдсэн боловч 2015 оны зээлийн гэрээний дагуу олгох 20 сая төгрөг бодитоор олгогдоогүй буюу өмнөх 2013 оны зээлийн гэрээний үүгийн гүйцэтгэлийн өрийг тооцоо нийлж хаахад төлөгдсөн. Зээлийн гэрээг тооцоо нийлж дуусгавар болгосон, дахин зээлийн гэрээ байгуулсан огноо 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр байгаа нь мөн л зээл бодитоор олгогдоогүй болохыг нотолдог. Шүүхийн шийдвэрт "Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451.1-д заагдсан үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн болон барьцааны гэрээ нь ...хуулийн шаардлагуудад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ" гэснээс үзэхэд тухайн зээлийн гэрээг зөвхөн хэлбэрийн хувьд хуулийн шаардлагад нийцсэн болохыг дүгнэсэн боловч тухайн гэрээг байгуулсан талуудын хүсэл зоригийн илэрхийллийн агуулгын талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй, энэ талаар маргаж буй хариуцагчийн тайлбарт нэхэмжлэгч талаас няцаалт хийгээгүй байхад гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь хариуцагчийн зүгэээс зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлээ тайлбарлахдаа зээлийн харилцаанд нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл; дүр үзүүлэн хийсэн хэлцэл; тооцоо нийлэх хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл; үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл; ББСБ-ын үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэж үзээд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хүчин төгөлдөр бус байна гэж маргасан байдаг.

Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21 дүгээр зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснуудаас үзвэл зээлдүүлэгч БИД ББСБ нь зээлийг бизнесийн зориулалтын дагуу, уг гэрээний үндсэн дээр түүнд данс нээж, тухайн дансанд гүйлгээ хийсэн тохиолдолд зээлийг олгосонд тооцохоор хуулчилсан. Гэтэл шүүх ББСБ-ын зээлийн үйл ажиллагааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийг хэрэглэлгүй зөвхөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасныг хэрэглэж зээлийг бэлнээр шилжүүлэн өгсөн гэж дүгнэсэн байгаа нь нөхцөл байдлыг дүгнэхдээ нэхэмжлэгч талд илүү ашигтай хуулийн заалтыг сонгон хэрэглэх замаар шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Мөн шүүхээс "хариуцагч М.Баасанцэрэн зээлийн 20 000 000.00 төгрөгийг бодит байдал дээр гар дээрээ аваагүй гэх боловч тэрээр 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэрээ байгуулснаас хойш зээлийн хүүгийн төлөлтүүд хийж байсан, мөн зээлийн төлөлтийг хийх агуулга бүхий тайлбаруудыг бичгээр өгч байсан баримтуудаас үзэхэд хариуцагч зээлийг авсан буюу бодит үйлдлээрээ зээлийн харилцааг хүлээн зөвшөөрснийг илэрхийлж байх тул "хариуцагчийн зээлийг бодитоор аваагүй" гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна." гэсэн дүгнэлт хийсэн нь мөн л хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн гүйцэд судлан тогтоолгүй зөвхөн нэхэмжлэгч талд ашигтай талаас нь дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 33 942 666 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг 23 070 727 төгрөг болгон бууруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Бизнес Инвест девелопмент ББСБ ХХК нь хариуцагч М.Баасанцэрэнд холбогдуулж зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүүнд 12 334 666,67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 608 000 төгрөг, нийт 33,942,666.67 гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр №ЗГ0102150061 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Бизнес-Инвест девелопмент ББСБ ХХК нь хариуцагч М.Баасанцэрэнд 20 000 000 төгрөгийг 1 сарын 4.5 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон, бэлэн мөнгөний зарлагын баримтаар М.Баасанцэрэн 20 000 000 төгрөгийг хүлээлгэн авсан байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдсон байна.

 

Мөн дээрх зээлийн гэрээний үүрэгт хариуцагч М.Баасанцэрэнгийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 40 тоот, 40 м.кв талбай бүхий, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000259354 дугаартай, Ү-2205019162 дугаарт бүртгэлтэй орон сууцыг барьцаалсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэсэн хуулийн шаардлагуудад нийцсэн, хүчин төгөлдөр байна.

 

Иймд анхан шатны шүүхээс талуудын хоорондын зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Хариуцагч талаас нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8, 56.1.9, 56.1.10 дахь хэсгүүд, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөрчиж хийгдсэн тул хүчин төгөлдөр бус гэж тайлбарлажээ.

 

Зээлдэгч М.Баасанцэрэн нь хувийн бизнесийн эргэлтийн хөрөнгөнд зориулж зээл авах хүсэлтийг гаргасан /хх-ийн 16/ зээлдүүлэгч нь гэрээний 3.2.1, 3.2.2-т зааснаар зээлийн мөнгөн хөрөнгийг бэлнээр хүлээлгэн өгч, энэ тухай баримт үйлдсэн, ийнхүү зээл авсан болон авсан зээлээ хэзээ хэрхэн төлөх талаар удаа дараа бичгээр хүсэлт гаргаж, зээлийн эргэн төлөлтийг хийж байсан /хх-ийн 11-13/ зэргээс үзэхэд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Хариуцагч нь авсан зээлээ өр төлбөртөө зарцуулсан явдал нь түүнийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар тус тус хүлээдэг.

 

Хариуцагч зээлийн гэрээний хугацааг сунгуулах талаар нэхэмжлэгчид хүсэлт гаргасан боловч талууд гэрээний хугацааг сунгаагүй байна. Зохигчдын хоорондын зээлийн гэрээний 2.5, 6.2зээлдэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон байх тул зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, хэтрүүлсэнд хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцох нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт заасан зохицуулалтанд нийцнэ.

 

Харин анхан шатны шүүх зохигчдын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн боловч гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдсөн төлбөрийг хуульд заасны дагуу тооцоогүй байгааг залруулах шаардлагатай.

 

Зээлдэгч гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгчийн гүйцэтгэх үүрэг буюу Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрөөс тооцогддог.

 

Иймд зээлдэгчийн хувьд гэрээний хугацаа хэтэрснээс хойш үндсэн зээлийн үлдэгдэл төлөх үүргийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт заасан илүү хүнд нөхцөлтэй үүрэг гэж үзэхээс гадна мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үндсэн үүргийг биелүүлэх хугацаа болсон байхад Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчийн төлсөн мөнгөнөөс эхлээд үндсэн үүрэг, дараа нь хүүг тооцох, зээлийн гэрээний үндсэн үүрэг нь үндсэн зээл, гэрээний хугацааны хүүгийн нийлбэрээс бүрдэнэ гэдгийг шүүх анхаараагүй байна.

 

Зээлдэгч М.Баасанцэрэн нь зээлийн гэрээний хугацаанд хүүд 4 753 333 төгрөгийг, хугацаа хэтэрснээс хойш 6 912 000 төгрөгийг нийт 11 665 333 төгрөгийг төлжээ. Тэрээр гэрээний хугацаанд 10 800 000 төгрөг төлөх үүрэгтэй ба төлсөн 4 753 333 төгрөгийг хасч тооцвол 6 046 667 төгрөгийн зээлийн хүү төлөх үүрэгтэй. Зээлийн гэрээний үндсэн үүргээс үндсэн зээл 20 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт заасан илүү хүнд нөхцөлтэй үүрэг гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагчийн хугацаа хэтэрснээс хойш төлсөн 6 912 000 төгрөгийг үндсэн зээлээс хасах нь зүйтэй гэж үзэв.

 

Ийнхүү тооцоход үндсэн зээлийн үлдэгдэл 13 088 000 төгрөг, зээлийн гэрээний хүү 6 046 667 төгрөг, хэтэрсэн хугацааны /9 сар 10 хоног/ хүү 5 496 960 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 099 392 төгрөг, нийт 25 731 019 төгрөгийг хариуцагч М.Баасанцэрэнгээс гаргуулж, нэхэмжлэгч Бизнес Инвест девелопмент ББСБ ХХК-д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Анхан шатны шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2017/00547 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Баасанцэрэнгээс 25 731 019 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Бизнес Инвест девелопмент ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 8 211 647 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дах заалтын 327 663 гэснийг 286 605 гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч М.Баасанцэрэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188 946 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

Н.БАТЗОРИГ