Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/00547

 

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/00547

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Сөүлийн гудамж, 11/1 барилгын 6 дугаар давхарт оршин байх, “Бизнес-Инвест девелопмент ББСБ” ХХК /РД:5013348/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11-40 тоотод оршин суух, Урианхай овогт Мижидийн Баасанцэрэн /РД:чк61111000/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 33,942,666.67 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуяг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Очирхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн М.Баасанцэрэн нь 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр №ЗГ0102150061 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 40 тоотын 40 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, манай “Бизнес-Инвест девелопмент” ББСБ-аас 12 сарын хугацаатай 20,000,000 төгрөгийг нэг сарын 4,5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч М.Баасанцэрэнтэй байгуулсан зээл болон барьцааны дагуу зээлийг төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч тэрээр гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иймд зээлдэгч М.Баасанцэрэнгээс зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээлд 20,000,000 төгрөг, зээлийн хүүнд 12,334,666.677 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,608,000 төгрөг, түүнчлэн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №ЗГ0102150061 тоот барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.10-д заасны дагуу өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 3,300,000 төгрөг буюу нийт 37,242,666.67 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс гаргуулж өгнө үү гэжээ.  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид анх нэхэмжлэгчээс нийт 37,242,666.67 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах шаардлагуудыг гаргасан. Гэвч бид өмгөөлөгчөөс хууль эрх зүйн туслалцаа нэгэнт аваагүй учир 3,300,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн үнийн дүнгээ 33,942,666.67 төгрөг болгон багасгаж байна. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах шаардлагаа бол дэмжиж байгаа.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч М.Баасанцэрэнг манай байгууллагатай гэрээ байгуулж байхад хажууд нь харсан юм шиг ярьж байгаад гайхаж байна. 2013 онд зээл авсан эсэх тал дээр бид маргаагүй, хариуцагч уг зээлийн гэрээний үүргээ 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр биелүүлж зээлээ хаачихаад энэ өдрөө ахиж зээл авсан. Энэ гэрээний үүргээ л бид шаардаж байна. Тэрээр 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зээлээ бэлнээр төлсөн. Мөн өдрөө зээлийг бэлнээр нь авчихсан, авахдаа гарын үсгээ өөрөө зурсан, энэ нь хэрэгт байгаа. Манай ББСБ нь өөрөө дүрэм, журамтай бөгөөд биднийг давхар Санхүүгийн зохицуулах хорооноос давхар маш сайн хянаж байдаг. Бид хэрэв хууль, дүрмээ зөрчвөл өөрсдөө хариуцлагад унадаг учраас хамаа замбараагүй бусдыг хуурч зээл өгсөн мэтээр дүр эсгэх боломжгүй. Өмнөх зээлийн гэрээний үүргийг хариуцагчийн төлөөлөгч хольж яриад байгааг гайхаж байна. Хариуцагч 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн гэрээгээр 20,000,000 төгрөгийг хүүтэй авсан, нийтдээ 11,665,333.33 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд уг төлсөн төлбөрийг бид нэхэмжлэлдээ оруулаагүй, хасч тооцсон байгаа гэжээ.

 Хариуцагч М.Баасанцэрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн М.Баасанцэрэн надад холбогдуулан “Бизнес Инвест девелопмент ББСБ” ХХК-иас гаргасан нэхэмжлэлййг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие анх 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №ЗГ0102130287 тоот гэрээг байгуулан 22,000,000.00 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай 3,5 хувийн хөнгөлттэй хүүтэйгээр “Бизнес Инвест Девелопмент” ББСБ-аас авсан. Улмаар уг зээлийн гэрээнд заасны дагуу төлбөл зохих нийт 27,077,332.00 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлөх боломжийг олгох зорилгоор зээлийн гэрээг 6 сарын хугацаагаар сунгасан байдаг. Харин зээлийн гэрээний сунгасан хугацаа дуусахад /2015.02.04/ тухайн компаниас, иргэн миний эрх зүйн мэдлэггүй байдлыг ашиглан 20,000,000,00 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж үндэслэлгүй, буруу мэдээллийг надад өгч улмаар уг төлбөргийг барагдуулахыг шаардсан. Улмаар тухайн зээл олгогч талаас уг 20,000,000 төгрөгийг тооцоо нийлж хаах боломжтой аргыг тайлбарлахдаа дахин 20,000,000 төгрөгийн зээлийг тус ББСБ-аас авч өмнөх зээлийн гэрээний үлдэгдэлийг төлж барагдуулан хаах боломжтой гэж мэдэгдсэний дагуу 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр №ЗГ0102150061 дугаартай зээлийн гэрээг байгуулсан юм. 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр №ЗГ0102150061 дугаартай зээлийн гэрээнд заасны дагуу төлбөл зохих нийт 26,724,032 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлөх боломжийг олгох зорилгрор зээлийн гэрээг 6 сарын хугацаагаар сунгасан байдаг. Миний бие анх 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн №ЗГ0102130287 тоот 22,000,000 төгрөгийн зээлийг бодитойгоор авсан бөгөөд үүний дагуу 15,238,460.67 төгрөгийг төлсөн байхад дахин 20,000,000 төгрөгийг төлөхийг шаардсан нь ямар ч бодит тооцоо судалгаагүй, үндэслэлгүй болсон гэж би үзэж байгаа. Харин уг гэрээний үлдэгдэл төлбөр гэх бодит үндэслэлгүй 20,000,000 төгрөгийн төлбөрийг төлүүлэх зорилгоор дахин зээлийн гэрээг 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан нь тухайн ББСБ-аас иргэн намайг төөрөгдүүлэх замаар бодитоор олгоогүй зээлийн гэрээг байгуулж улмаар уг гэрээгээ ашиглан үндэслэлгүйгээр ашиг олохыг зорьсон гэж би үзэж байна. Мөн түүнчлэн миний бие дээр дурдсан зээлийн гэрээнүүдийн төлбөр тооцоог хэрхэн бодож гаргасан талаар тайлбар мэдээллийг тухайн ББСБ-аас удаа дараа хүссэн боловч нэг ч удаа гаргаж өгч байгаагүй нь тухайн шаардаж буй дүн нь үндэслэлгүй болохыг нууж уг дүнгийн талаар маргах эрхийг хязгаарлах гэсэн оролдлого байх магадлалтай юм. “Бизнес Инвест Девелопмент” ББСБ ХХК-иас иргэн надад нэг удаа 22,000,000  төгрөгийн зээл олгож улмаар түүнийгээ хэд дахин үржүүлэн төлүүлэхээр явуулж буй үйл ажиллагаа болон зээлдэгч надтай байгуулсан гэрээнүүд зэрэг нь Иргэний хууль болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Эцэст нь дүгнэхэд анх бодитоор авсан 22,000,000 төгрөгийн зээлийг авч, нийт 25,000,000 төгрөгийг төлсөн байхад түүн дээр нэмэн дахин 37 сая гаруй төгрөгийг төлөхийг шаардаж байгаа нь шударга ёсонд үл нийцэх байж боломгүй зүйл гэж үзэж байна. Дээрх байдлаар “Бизнес Инвест Девелопмент” ББСБ ХХК-иас явуулж буй зээлийн үйл ажиллагаа нь зөвхөн иргэн надад холбогдох зээлийн харилцаагаар хязгаарлагдахгүй бусад зээлдэгч нарын хувьд ч ийнхүү үндэслэлгүйгээр ашиг орлого олох хэрэгсэл нь болж байгааг үгүйсгэх аргагүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Очирхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Хариуцагч 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр анх нэхэмжлэгч байгууллагатай зээлийн болно барьцааны гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу нийт 27,077,332 төгрөг төлөх ёстой байснаас 15,238,460.07 төгрөгийг буцаан төлсөн. Уг зээлийн анх бизнес хийх зорилгоор авсан боловч бизнес нь ашиггүй байсан боловч гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлөөгүй. Ингээд ББСБ нь хариуцагчаас 20,869,602 төгрөгийг буцаан төлөхийг шаардсан. 2013 оны гэрээний дагуу 16,400,913 төгрөгийг төлсөн байхад үүнээс 1,868,000 төгрөгийг үндсэн зээлээс нь хасч, 13,238,460 төгрөгийг зээлийн хүүнд, 1,294,452 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд тооцож авсан. Ингэж авсан нь өөрөө Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалтыг зөрчсөн. Хариуцагч өөрийн авсан зээлээ хаах гэж очиход ББСБ нь хариуцагчийн төөрөгдүүлж 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шинээр зээлийн гэрээг байгуулсан. Өөрөөр хэлбэл ББСБ нь өмнөх гэрээг хаах зорилгоор сүүлийн гэрээг дүр үзүүлэн байгуулсан. Иймд сүүлд 2015 онд байгуулсан гэрээ нь хууль бус, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8, 56.1.9, 56.1.10-т заасан бүхий л заалтуудыг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Мөн ББСБ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.1, 21.1, 21.2, 22.1, Иргэний хуулийн 281 дүгээр зүйл гэх мэт хуулийн заалтуудыг зөрчсөн. Мөн ББСБ нь зээлдэгчийн аргагүй байдал болох ахин зээлийн гэрээ байгуулж хугацаа хожих, өрийн дарамтаас гарах, өмнөх зээлээ хаах гэсэн хүсэл зоригийг нь ашиглаж, хариуцагчийг зээл авах, буцаан төлөх чадвартай эсэхийг нь өөрийн үүргийн дагуу судалж үзэлгүйгээр зээлийг олгосон байгаа нь нэхэмжлэгч байгууллагын буруу юм. Хариуцагч нь 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн гэрээ байгуулснаас хойш нийт 11,665,333 төгрөгийг буцаан төлсөн. Гэтэл нэхэмжлэгч уг мөнгийг ахиад 30 гаран сая төгрөгийг нэхэмжлээд байгаа нь ямар ч үндэслэлгүй. Сүүлийн гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч бодитоор аваагүй, авчихаад л буцаагаад өгчихсөн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж маш ойлгомжтой зохицуулалт байгаа. Гэтэл нэхэмжлэгч тал зээлийн мөнгийг бэлнээр өгсөн л гэж байгаа болохоос зээлдэгч буюу хариуцагчийн данс руу мөнгө хийсэн ямар ч баримт байхгүй, зээлийн данс руу 20,000,000 төгрөгийг хийгээгүй гэдгээ ч өөрсдөө зөвшөөрч байгааг анхаарч үзнэ үү. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Бизнес-Инвест девелопмент ББСБ” ХХК нь хариуцагч М.Баасанцэрэнд холбогдуулж №ЗГ0102150061 тоот зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүүнд 12,334,666.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,608,000 төгрөг, өмгөөлөгчийн төлбөрт 3,300,000 төгрөг, нийт 37,242,666.67 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд өмгөөлөгчийн зардал 3,300,000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 33,942,666.67 төгрөг болгон багасгажээ.

 

Хариуцагч талаас нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч “...талуудын хооронд 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8, 56.1.9, 56.1.10 дахь хэсгүүд, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөрчиж хийгдсэн тул хүчин төгөлдөр бус, бодит байдал дээр хариуцагч нэг ч төгрөг гар дээрээ аваагүй” гэж өөрийн татгалзлын үндэслэлийг тайлбарлав.

 

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч болон хариуцагч нар №ЗГ0102150061 тоот зээлийн гэрээ байгуулсан ба “Бизнес-Инвест девелопмент ББСБ” ХХК нь М.Баасанцэрэнд 20,000,000 төгрөгийг 1 сарын 4.5 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохирчээ. 

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож зээлдэгч өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 40 тоот 40м.кв 3 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

 

Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т “...зээлийн гэрээг бичгээр хийнэ”, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэсэн хуулийн шаардлагуудад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ. 

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг...зээлдэгчид шилжүүлэх... үүргийг хүлээнэ” гэж заасны дагуу зээл болох 20,000,000 төгрөгийг хариуцагчид 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр бэлнээр шилжүүлэн өгчээ /хх 14 хуудас/.  

 

Хариуцагч М.Баасанцэрэн зээлийн 20,000,000 төгрөгийг бодит байдал дээр гар дээрээ аваагүй гэх боловч тэрээр 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэрээ байгуулснаас хойш зээлийн хүүгийн төлөлтүүд хийж байсан, мөн зээлийн төлөлтийг хийх агуулга бүхий тайлбаруудыг бичгээр өгч байсан баримтуудаас үзэхэд хариуцагч зээлийг авсан буюу бодит үйлдлээрээ зээлийн харилцааг хүлээн зөвшөөрснийг илэрхийлж байх тул хариуцагчийн “зээлийг бодитоор аваагүй” гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

 

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг  төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан үүргээ гүйцэтгэсэн тул хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй ба хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж шүүх үзлээ.

 

Зээлдэгч М.Баасанцэрэнгээс үндсэн зээлийн 20,000,000 төгрөг, зээлийн хүүд 12,334,666.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1.608.000  төгрөг, нийт 33,942,666.67 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Бизнес-Инвест девелопмент ББСБ” ХХК-д олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасантай нийцэж байх тул барьцааны зүйл болох орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Баасанцэрэнгээс 33,942,666.67 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Бизнес-Инвест девелопмент ББСБ” ХХК-д олгосугай. 

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Баасанцэрэн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 40 тоот, 40 м.кв талбай бүхий, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000259354 дугаартай, Ү-2205019162 дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344,163.34 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 327,663 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Бизнес-Инвест девелопмент ББСБ” ХХК-д олгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Н.ХАНГАЛ