Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/00304

 

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/00304

 

Сити партнерс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/03191 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Сити партнерс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Мөнхжаргалд холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт 19 069 667 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Мөнхцолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Мөнхжаргал нь 2016 оны 03 сарын 28 өдөр тус банк бус санхүүгийн байгууллагатай ДЗБ006 тоот зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг, сарын 4,5 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Иймд Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.3, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, зээлийн гэрээний 2.5-д заасныг үндэслэн зээлийн үндсэн өр 10 000 000 төгрөг, хүү 7 860 690 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 208 977 төгрөг нийт 19 069 667 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2206040191 дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхийн 000407787 тоот гэрчилгээ бүхий, Хан-уул дүүргийн 11-р хороо, Маршал таун, Олимп гудамж, 103 байр, 65 тоотод байршилтай 15 м.кв авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайбартаа: Ч.Мөнхжаргал нь зээлийн 3 сарын хүү 1 155 000 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний дагуу хүүд нийтдээ 5 265 000 төгрөг төлөхөөр тохирсон. Гэрээний хугацааг сунгаагүй байхад хүүд 7 860 690 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Иймд хүү 4 110 000 төгрөг төлөх үүрэгтэй тул бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зээлийн гэрээний 3.1.2-д зээлдэгч нь хүлээсэн үүргээ гүйцэтгэхдээ эхний ээлжинд нэмэгдүүлсэн хүү, түүний дараа зээлийн хүү, эцэст нь зээлийн үндсэн төлбөрийг төлөх дарааллыг баримтлах үүрэгтэй гэсэн нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт заасныг зөрчсөн тул нэмэгдүүлсэн хүү 1 208 977 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Барьцааны гэрээнд Ч.Мөнхжаргалын өмчлөлийн авто зогсоолыг 13 000 000 төгрөгөөр үнэлсэн ба зээлийн гэрээгээр эргэн төлөлтийн гүйцэтгэлд 15 265 000 төгрөг төлөхөөр тооцоо гаргасан нь Монгол банкны журамд зааснаар барьцаа хөрөнгө болон зээлийн эргэн төлөх чадвартай эсэхийг судалгаа хийж шалгаж тогтоогоогүй байна. Иймд зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Ч.Мөнхжаргалаас 18 268 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Сити партнерс ББСБ-д олгохоор тогтоож, нэхэмжлэлээс 801 667 төгрөгийг шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг баримтлан зээлдэгч үүргээ сайн дураар эс биелүүлбэл Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Маршал таун, Олимп гудамж, 103-р байрны зоорийн давхар, 65 тоот дахь, улсын бүртгэлийн Ү-2206040191 дугаарт бүртгэгдсэн, хариуцагч Ч.Мөнжаргалын өмчлөлийн автозогсоолыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийг хангуулах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 345 886 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 319 490 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...хугацаа хэтэрсэн хоногийн хүү 3 465 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь зээлийн гэрээнд хугацаа хэтэрсэн хугацааны хүү төлөхөөр тохиролцоогүй, зөвхөн нэмэгдүүлсэн хүүг тохирсон байгааг шүүх анхаараагүй. Иймд 3 456 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн барьцааны гэрээнд авто зогсоолыг 13 сая төгрөгөөр үнэлсэн ба зээлийн гэрээгээр эргэн төлөлтийн гүйцэтгэлд 15 255 000 төгрөг төлөхөөр тохирсон. Иймд төлөх төлбөрөөс барьцааны хөрөнгийн үнийг бага тогтоосон байхад үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Сити партнерс ББСБ ХХК нь хариуцагч Ч.Мөнхжаргалд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10 000 000 төгрөг, зээлийн хүү 7 860 690 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 208 977 төгрөг, нийт 19 069 667 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаас хариуцагч 15 265 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Сити партнерс ББСБ ХХК болон Ч.Мөнхжаргал нарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Сити партнерс ББСБ ХХК нь зээлдэгч Ч.Мөнхжаргалд 10 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүү эргүүлэн төлөх, гэрээнд заасан хуваарийг зөрчсөн тохиолдолд зээлийн үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ. /хх-9-11/

Зохигчид мөн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ДЗБЗ006А дугаартай Ипотекийн гэрээ байгуулж, дээрх зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Ч.Мөнхжаргалын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун, Олимп гудамж, 103 дугаар байр, зоорийн давхрын 65 тоот хаягт байршилтай 15 м.кв, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. /хх-12-15/

Дээрх зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар зохигч маргаагүй, уг зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Түүнчлэн зээлийн гэрээний 2.1.4-т зээл авах хэлбэрийг бэлнээр гэж тохиролцсон, зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч Ч.Мөнхжаргал хүлээн авсан эсэх талаар маргаагүй байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар зохигчдын хооронд мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч Ч.Мөнхжаргал нь зээлийн гэрээний дагуу 3 сарын хүүд нийт 1 155 000 төгрөг төлсөн үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

Зээлийн гэрээний 2.5-т Зээлдэгч нь гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөх графикт хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн энэхүү гэрээний 2.1.1-т заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна, 2.1.1-т заасан үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг ...төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн байна.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Сити партнерс ББСБ ХХК нь зээлийн гэрээний хугацаа дууссан 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн өдрийг хүртэлх хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх бөгөөд хэтэрсэн хугацааны хүү төлөхөөр тохиролцоогүй гэсэн хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй орхих нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгч Сити партнерс ББСБ ХХК нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан бөгөөд дээр дурдсанаар зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай мөн нийцсэн байна. Иймд энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/03191 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Н.БАТЗОРИГ