Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2017/03191

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол, 40-р байрны 51 тоотод байрлах, РД-5238102, Сити партнерс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, 20-р байрны 09 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ХД63081877, Харнууд овогт Чойжилын Мөнхжаргалд холбогдох

18 127 240 төгрөгийг гаргуулах, үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Сити партнерс ББСБ ХХК-ийн захирал Б.Мөнхцолмон, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 18 127 240 төгрөгийг гаргуулах шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлж, 19 069 667 төгрөгийг гаргуулахаар шаардсан, үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг тус тус хэлэлцлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Ч.Мөнхжаргал нь 2016 оны 03 сарын 28 өдөр тус банк бус санхүүгийн байгууллагатай ДЗБ006 тоот зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг, сарын 4,5 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн болон барьцааны гэрээнд хоёр тал гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.3 дахь заалт болон Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, зээлийн гэрээний 2.5-д заасныг үндэслэн зээлийн үндсэн өр 10 000 000 төгрөг, хүү 7 860 690 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 208 977 төгрөг нийт 19 069 667 төгрөгийг гаргуулж өгнө үү?.

Хариуцагч Ч.Мөнхжаргал зээлийн гэрээний үүргийг хангах баталгаа болгож барьцаалуулсан, улсын бүртгэлийн Ү-2206040191 дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхийн 000407787 тоот гэрчилгээ бүхий, Хан-уул дүүргийн 11-р хороо, Маршал таун, Олимп гудамж, 103 байр, 65 тоотод байршилтай 15м.кв авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайбартаа: Ч.Мөнхжаргал нь 2016 оны 03 сарын 28 өдөр Сити партнерс ББСБ ХХК-иас 10 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй зээлж авсан. Нийтдээ зээлийн 3 сарын хүү 1 155 000 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний дагуу хүүд нийтдээ 5 265 000 төгрөг төлөхөөр тохирсон. Гэрээний хугацааг сунгаагүй байхад хүүд 7 860 690 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Иймд хүү 4 110 000 төгрөг төлөх үүрэгтэй тул бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэсэн байхад зээлийн гэрээний 3.1.2-д зээлдэгч нь хүлээсэн үүргээ гүйцэтгэхдээ эхний ээлжинд нэмэгдүүлсэн хүү, түүний дараа зээлийн хүү, эцэст нь зээлийн ундсэн төлбөрийг төлөх дарааллыг баримтлах үүрэгтэй гэсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн тул нэмэгдүүлсэн хүү 1 208 977 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Барьцааны гэрээнд Ч.Мөнхжаргалын өмчлөлийн авто зогсоолыг 13 000 000 төгрөгөөр үнэлсэн ба зээлийн гэрээгээр эргэн төлөлтийн гүйцэтгэлд 15 265 000 төгрөг төлөхөөр тооцоо гаргасан нь Монгол банкны журамд зааснаар барьцаа хөрөнгө болон зээлийн эргэн төлөх чадвартай эсэхийг судалгаа хийж шалгаж тогтоогоогүй байна. Иймд зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, ипотекийн гэрээ, зээлийн гэрээний үлдэгдлийн тооцоолол, зээлийн гэрээний төлөлтийн хуулга, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, анкет, автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ, зээлийн үйл ажиллагааны журам, аргачлал зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь хариуцагч Ч.Мөнхжаргалтай 2016-03-28 өдөр ДЗБ3006 тоот зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, ипотекийн ДЗБ3006А тоот гэрээг байгуулж, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Маршал таун, Олимп гудамж, 103-р байрны зоорийн давхар, 65 тоот дахь хариуцагчийн өмчлөлийн автозогсоолыг зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан байна.

Зохигч харилцан хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан дээрх гэрээнүүд нь Иргэний хуульд заасан хэлбэрийн шаардлагуудыг хангасан, хүчин төгөлдөр байх тул харилцан эрх эдлэх, үүрэг шаардах эрх үүссэн байна.

Нэхэмжлэгч зээлийн гэрээгээр хүлээсэн 10 000 000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгч үүргээ биелүүлсэн байна.

Хариуцагч зээлийг өөрийн ажиллаж байгаа компанид эргэлтийн хөрөнгийн зориулалтаар ашиглахаар авсан бөгөөд зээл төлөх хуваарийн дагуу зээлийн 3 сарын хүүд 1 155 000 төгрөгийг төлсөн, зээлийн гэрээний хугацаа 2017-03-28 өдөр дууссан байна.

Гэвч зээлдэгч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу зээл 10 000 000 төгрөг, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний хугацааны хүү 4 110 000 төгрөг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу 2017-03-28 өдрөөс 2017-11-02 өдрийг хүртэл хэтэрсэн 7 сар 21 хоногийн хугацааны хүү 3 465 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 693 000 төгрөгийг тус тус хариуцагч Ч.Мөнхжаргалаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Хариуцагч зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 174 дүгжжр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Маршал таун, Олимп гудамж, 103-р байрны зоорийн давхар, 65 тоот дахь хариуцагчийн өмчлөлийн автозогсоолыг худалдахыг шаардах эрх үүссэн байна.

Иймд хариуцагч сайн дураараа үүргээ эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны зүйл болох автомашины зогсоолыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийг хангуулах үндэслэлтэй байна.

Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 345 886 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох 319 490 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.