Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2018/01907

 

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2018/01907

 

 

Эргэх наран бүргэд ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/01882 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Эргэх наран бүргэд ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Болор-Эрдэнэд холбогдох,

 

Гэрээний үүрэгт 6 751 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Зулбаяр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Наранцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эргэх наран бүргэд ХХК нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хөнгөлттэй шатахуун олгох журмын дагуу хүсэлт гаргаж, 7000 литр түлшийг 1 литр түлшийг 1920 төгрөгөөр тооцон нийт 13 440 000 төгрөгийн түлш олгохоор 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ТШ2015/31 тоот зээлийн гэрээ байгуулсан.

Гэтэл тариалан эрхлэхээр захиалсан үр тариа нь хугацаандаа ирэхгүй нь тодорхой болсон. Энэ үед газар тариалангийн ажил эрхэлдэг Т.Болор-Эрдэнэ үр тариа бэлэн байна, шатахууны хөнгөлөлтөд ороогүй учраас шатахууны эрхээ шилжүүлж тус болооч гэсэн тул манай компани зөвшөөрсөн. Ингээд зээлийн гэрээний дагуу Т.Болор-Эрдэнэ урьдчилгаа 6 720 000 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлж, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 300 000 төлсөн. Үлдэгдэл 4 420 000 төгрөгийг Т.Болор-Эрдэнэ төлөөгүйн улмаас Хүнс хөдөө аж ахуйн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сан Эргэх наран бүргэд ХХК-ийг шүүхэд өгч, Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 156/ШШ2018/00172 тоот шийдвэр гарч дээрхи төлбөрийг алдангийн хамт нийт 6 630 000 төгрөгийг төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж шийдсэн.

Т.Болор-Эрдэнээс шатахууны үнийг яаралтай төлж дуусгахыг удаа дараа шаардаж байсан боловч янз бүрийн тайлбар хэлж зугтаах болсон. Иймд хариуцагч Т.Болор-Эрдэнээс шатахууны төлбөр болон манай компанид учирсан хохирол болох 6 751 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Болор-Эрдэнэ тухайн үед шатахуун авсан, энэ талаар маргадаггүй. Эргэх наран бүргэд ХХК-ийн захирал С.Гансүхтэй харилцан тохиролцож, 50 хувийн төлбөрийг бэлнээр төлж, бусад төлбөрийг бие биендээ туслах байдлаар хийнэ гэж тохиролцсон. Үүний дагуу 50 хувийн төлбөр 6 720 000 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн. 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 300 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 500 000 төгрөгийг тус тус төлсөн. Ингээд нийтдээ 13 440 000 төгрөгийн шатахуун авч, 9 520 000 төгрөгийг өгсөн.

Үлдэгдэл төлбөрийг 2016 оны 8 дугаар сард нэг бүр 500 төгрөгийн үнэтэй 5300 ширхэг шуудай өгсөн. Мөн Эргэх наран бүргэд ХХК-ийн эзэмшлийн 400 га газрыг н.Батжаргал Т.Болор-Эрдэнэ нар өөрийн тоног төхөөрөмжөөрөө хагалж өгсөн. 1 га газар хагалахад 25 000 төгрөг байдаг. Тэгэхээр 400 га газрыг тоног төхөөрөмжөөрөө хагалахад түрээсийн төлбөр нь 10 000 000 төгрөг болж байгаа. Ер нь ажил үйлчилгээ үзүүлэх маягаар төлбөр тооцоогоо бүрэн төлсөн.

Төлбөр тооцоо дууссан учраас 2016 оны 9 дүгээр сараас хойш Хас банк ХХК-ийн зүгээс шатахууны үлдэгдэл төлбөрөө төлөөч гэсэн шаардлага тавиагүй. С.Гансүх нь 2018 оны 3 дугаар сард Т.Болор-Эрдэнээр шатахуун авсан нь үнэн гэсэн тайлбарыг Тариалангийн эрхлэх санд хэрэг болоод байна гэж бичүүлж авсан байдаг. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ

 

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэг, 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Товуудоржийн Болор-Эрдэнээс 6 630 000 төгрөг гаргуулахыг хүссэн Эргэх наран бүргэд ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 700 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэн зөв үнэлж дүгнээгүйгээс хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн.

Шүүхээс шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгийг үндэслэл болгож хариуцагчийг хариу төлбөрийг төлж дуусгасан гэж дүгнэхдээ тухайн газарыг Т.Болор-Эрдэнэ биш өөр газар хагалсан, хагалсан газрын ажлын хөлсийн үнэлгээ хариуцагчийн үлдэгдэл төлбөрөөс илт их байгаа болон гэрчээр мэдүүлэг өгсөн Г.Батжаргал гэх хүн тоног төхөөрөмжийн түрээсээ С.Гансүх эгчээс нэхэмжилнэ гэсэн байдаг.

Мөн хэрэгт "Мб инжиниринг" ХХК-ийн тоног төхөөрөмжийн түрээсийн үнэ "Уушийн газар ХХК-д хандаж тоног төхөөрөмжийн үнэ нэхэмжилсэн зэрэг баримтуудаар хариуцагч нь хариу төлбөрт нэхэмжлэгчид ямар хэмжээтэй талбай, хэдэн төгрөгөөр хагалж өгсөн болох, түүнчлэн газар хагалж өгсөн эсэх, өгсөн бол уг газар хагалж өгсөний төлбөрийг нэхэмжлэх эрхтэй эсэх нь тодорхойгүй байхад, мөн ямар хэмжээтэй шуудайг ямар үнээр нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн эсэх нь тодорхойгүй байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв дүгнээгүйг зөвтгөх боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Эргэх наран бүргэд ХХК нь хариуцагч Т.Болор-Эрдэнэд холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6 751 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Тариалан эрхлэгчдийг дэмжих сангаас 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Эргэх наран бүргэд ХХК нь хөнгөлттэй үнээр буюу 1920 төгрөгөөр 7000 литр шатахууныг 13 440 000 төгрөгөөр авахаар шийдвэрлэгдсэн, уг түлшийг нэхэмжлэгч Эргэх наран бүргэд ХХК нь хариуцагч Т.Болор-Эрдэнэд хүлээлгэн өгсөн, хариуцагч нь шатахууны төлбөрт 13 440 000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож дүгнэжээ. Иймд талуудын хооронд хүлээсэн үүргийг харьцуулан дүгнэвэл тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж дүгнэхээр байна. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг заасан зээлийн гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн гэж дүгнэсэн нь буруу болжээ. Учир нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.2.2-т зааснаар зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгийг буцаан өгөх, хүү төлөх үүргийг хүлээх юм. Хариуцагч Т.Болор-Эрдэнэ нь шатахуун өмчлөлдөө хүлээн авч, шатахуун бус мөнгө буюу үнийг нэхэмжлэгч Эргэх наран бүргэд ХХК-д төлж байгаа нь зээлийн гэрээний харилцаанд хамаарахгүй юм.

 

Хариуцагч Т.Болор-Эрдэнэ нь 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 6 720 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 300 000 төгрөгийг нэхэмжлэгч Эргэх наран бүргэд ХХК-д төлсөн талаар маргаагүй. /хх 13 тал/

 

Харин хариуцагч нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 500 000 төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөрийг эд хөрөнгө шилжүүлэх болон ажил үйлчилгээ үзүүлэх байдлаар төлж барагдуулсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Иймд хариуцагч Т.Болор-Эрдэнэ нь гэрээний үүрэгт 4 420 000 төгрөг төлөөгүй тул нэхэмжлэгч Эргэх наран бүргэд ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар уг мөнгөн хөрөнгийг шаардах эрхтэй.

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 156/ШШ2018/00172 дугаар шийдвэрээр Эргэх наран бүргэд ХХК-иас 6 630 000 төгрөгийг гаргуулж Хүнс, хөдөө аж ахуйн яамны харъяа, тариалан эрхлэлтийг дэмжих санд олгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, уг шүүхийн шийдвэрээр Эргэх наран бүргэд ХХК-ийн төлбөр нь шатахууны үнэд 4 420 000 төгрөг, алданги 2 210 000 төгрөг болох үйл баримт тогтоогдсон.

 

Иймд хариуцагч Т.Болор-Эрдэнэ нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Эргэх наран бүргэд ХХК-д хохирол учруулсан нь тогтоогдсон тул хохирлыг 2 210 000 төгрөгөөр тогтоож шаардсан нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай нийцэх юм.

 

Гэрч Б.Батжаргал нь хариуцагч Т.Болор-Эрдэнэтэй хамтран ажиллаж байсан нэгдмэл ашиг сонирхолтой этгээд байх бөгөөд түүний мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч Эргэх наран бүргэд ХХК нь хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 121 030 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Учир нь нэхэмжлэгч нь бусдын өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх үүрэгтэй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гарсан зардлыг өөрөө хариуцах нь зүйтэй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/01882 дугаар шийдвэрийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Болор-Эрдэнээс 6 630 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Эргэх наран бүргэд ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 121 030 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын 56.1 гэсний дараа 56.2 гэж нэмж, үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Т.Болор-Эрдэнээс 121 030 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Эргэх наран бүргэд ХХК-д олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Эргэх наран бүргэд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА