Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 1882

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын  дугаар баг, Булаг тоотод байрлах, регистр , Эргэх наран бүргэд ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, дугаар хороо,  дүгээр хороолол,  дугаар байрны  тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр, Т-ийн Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6 751 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зулбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зулбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эргэх наран бүргэд ХХК нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хөнгөлттэй шатахуун олгох журмын дагуу хүсэлт гаргаж, 7000 литр түлшийг 1 литр түлшийг 1920 төгрөгөөр тооцон нийт 13 440 000 төгрөгийн түлш олгохоор 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ТШ2015/31 тоот зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл тариалан эрхлэхээр захиалсан үр тариа нь хугацаандаа ирэхгүй нь тодорхой болсон. Энэ үед газар тариалангийн ажил эрхэлдэг Т.Болор-Эрдэнэ үр тариа бэлэн байна, шатахууны хөнгөлөлтөд ороогүй учраас шатахууны эрхээ шилжүүлж тус болооч гэсэн тул манай компани зөвшөөрсөн. Ингээд зээлийн гэрээний дагуу Т.Болор-Эрдэнэ урьдчилгаа 6 720 000 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төлж, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 300 000 төлсөн. Үлдэгдэл 4 420 000 төгрөгийг Т.Болор-Эрдэнэ төлөөгүйн улмаас Хүнс хөдөө аж ахуйн яамны харъяа Тариалан эрхлэлтийг дэмжих сан Эргэх Наран Бүргэд ХХК-ийг шүүхэд өгч, Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 156/ШШ2018/00172 тоот шийдвэр гарч дээрхи төлбөрийг алдангийн хамт нийт 6 630 000 төгрөгийг төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж шийдсэн. Т.Болор-Эрдэнээс шатахууны үнийг яаралтай төлж дуусгахыг удаа дараа шаардаж байсан боловч янз бүрийн тайлбар хэлж зугтаах болсон. Иймд хариуцагч Т.Болор-Эрдэнээс шатахууны төлбөр болон манай компанид учирсан хохирол болох 6 751 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Болор-Эрдэнэ тухайн үед шатахуун авсан, энэ талаар маргадаггүй. Эргэх наран бүргэд ХХК-ийн захирал С.Гансүхтэй харилцан тохиролцож, 50 хувийн төлбөрийг бэлнээр төлж, бусад төлбөрийг бие биендээ туслах байдлаар хийнэ гэж тохиролцсон. Үүний дагуу 50 хувийн төлбөр 6 720 000 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн. 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 300 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 500 000 төгрөгийг тус тус төлсөн. Ингээд нийтдээ 13 440 000 төгрөгийн шатахуун авч, 9 520 000 төгрөгийг өгсөн байгаа. Үлдэгдэл төлбөрийг 2016 оны 8 дугаар сард нэг бүр 500 төгрөгийн үнэтэй 5300 ширхэг шуудай өгсөн. Мөн Эргэх наран бүргэд ХХК-ийн эзэмшлийн 400 га газрыг н.Батжаргал Т.Болор-Эрдэнэ нар өөрийн тоног төхөөрөмжөөрөө хагалж өгсөн. 1 га газар хагалахад 25 000 төгрөг байдаг. Тэгэхээр 400 га газрыг тоног төхөөрөмжөөрөө хагалахад түрээсийн төлбөр нь 10 000 000 төгрөг болж байгаа. Ер нь ажил үйлчилгээ үзүүлэх маягаар төлбөр тооцоогоо бүрэн төлсөн. Тухайн үед зээлээр шатахуун авч байсан. Төлбөр тооцоо дууссан учраас 2016 оны 9 дүгээр сараас хойш Хас банк ХХК-ийн зүгээс шатахууны үлдэгдэл төлбөрөө төлөөч гэсэн шаардлага тавиагүй. С.Гансүх нь 2018 оны 3 дугаар сард Т.Болор-Эрдэнээр шатахуун авсан нь үнэн гэсэн тайлбарыг Тариалангийн эрхлэх санд хэрэг болоод байна гэж бичүүлж авсан байдаг, гэтэл нэхэмжлэл гаргасан байсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Эргэх наран бүргэд ХХК нь Т.Болор-Эрдэнэд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6 751 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч 6 751 000 төгрөг гэж нэхэмжилсэн боловч улсын тэмдэгтийн хураамжийг оруулан тооцсон байх тул нэхэмжлэлийн үнийн дүн 6 630 000 төгрөг гэж тооцлоо.

 

Эргэх наран бүргэд ХХК нь 2015 онд тариалан эрхлэх зориулалтаар Тариалан эрхлэх сантай ТШ/2015/31 тоот гэрээ байгуулж 13 440 000 төгрөгийн үнэ бүхий 7000 литр түлшийг зээлээр авсан, харин түлшний үнийг 2016 оны 11-р сарын 25-ны дотор төлөх үүргээ биелүүлээгүй байжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03-р сарын 15-ны өдрийн 00172 дугаар шийдвэрээр Эргэх наран бүргэд ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 6 630 000 төгрөг гаргуулж Хүнс, хөдөө аж ахуйн яамны харъяа Тариалан эрхлэлтийг дэмжих санд олгож шийдвэрлэсэн /хх 3-10/ байх ба шийдвэр хүчин төгөлдөр байна.

 

Зээлдэгч үүргээ биелүүлээгүй болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүргээ биелүүлээгүй үндэслэлээ ...захиалсан үр тариа нь хугацаандаа ирээгүйгээс тариалалт хийх боломжгүй болсон, газар тариалан эрхэлдэг Т.Болор-Эрдэнэд түлшээ зээлээр өгсөн, Болор-Эрдэнэ зээлийг төлөөгүй учраас хохирсон... гэж маргаж 6 630 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ ...9 520 000 төгрөгийг бэлнээр төлж, бусад хэсгийг эд хөрөнгө шилжүүлэх, ажил үйлчилгээ үзүүлэх байдлаар төлсөн гэж тайлбарлажээ.

 

Т.Болор-Эрдэнэ нь шатахуун авсан талаар маргаагүй, шатахууны үнийн 50 хувийн төлбөрт 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 6 720 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 300 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 500 000 төгрөг, 2018 оны 5-р сарын 24-нд 1 500 000 төгрөг нийт 11 020 000 төгрөгийг бэлнээр төлсөн /хх 11, 12, 23, 37/ байна.

 

Бусад төлбөрт 2016 оны 8 дугаар сард нэг бүр нь 500 төгрөгийн үнэ бүхий 5 300 ширхэг шуудайг шилжүүлсэн, 2015 оны 8-р сард Эргэх наран бүргэд ХХК-ийн эзэмшлийн Дорнод аймгийн Хөлөн буйр сумын нутагт 400 га газрыг өөрийн ажилтан Мөнхбаатар, Алтантовч нараар өөрийн трактороор ажиллуулсан нь гэрч Г.Батжаргалын ...Гансүх эгч манайд түлшний боломж байна, харин тоног төхөөрөмж байхгүй, газар дээрээ 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулах ёстой, хугацаа дуусах гээд байна, техникээрээ туслаарай гэсэн, ...түлшийг нь 50 хувийн урьдчилгааг манайх төлөөд 50 хувийн төлбөртөө техникээр туслахаар тохирсон, 2015 оны 8-р сард трактор, диск, чиргүүлийн хамт манайд ажиллаж байсан оператор Мөнхбаатар, Алтантовч нарыг ажиллуулах, цалин хөлсийг өөрөө хариуцах, түлшээ өөрөө гаргахаар авч явсан, ...800 га газарт техникийг ажиллуулсан байдаг, 5300 ширхэг шуудайг 10 сая төгрөгөөр авсан, Гансүх эгч арабасаа хийхээр авсан, Болор-Эрдэнийн ах дүү нар аваачиж өгсөн, манай техник ирэхгүй 1 жил болсон, бид өөрсдөө очиж техникээ авчирсан гэсэн мэдүүлэг, хариуцагчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч талбай дээр ажиллуулсан гэх Мөнхбаатар, Алтантовч нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч хүсэлтээсээ татгалзсан бөгөөд гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбарыг няцаасан баримтыг нэхэмжлэгч гаргаагүй болно.

 

Өөрөөр хэлбэл, талууд зээлээр авсан шатахууны төлбөрийн зарим хэсгийг ажил гүйцэтгэх, бараа нийлүүлэх журмаар үүргийг харилцан тооцож дуусгавар болгосон байх ба Т.Болор-Эрдэнэ төлбөр төлөөгүйгээс нэхэмжлэгч хохирсон баримт тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 227-р зүйлийн 227.1 дэх хэсэг, 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т-ийн Б-ээс 6 630 000 /зургаан сая зургаан зуун гучин мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн Эргэх наран бүргэд ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 700 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА