Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2019/01843

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2019/01843

 

 

Н.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/01759 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Н.Э-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГ-т холбогдох

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунчимэг

Гуравдагч этгээд Ч.Дамдиндорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Э-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 1706 дугаар шийдвэрээр Б.Энхтөрөөс 15 725 000 төгрөг, Б.Анхбаяраас 113 475 000 төгрөг, надаас 26 775 000 төгрөгийг тус тус гаргуулж Ч.Дамдиндоржид олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу барьцааны эд хөрөнгүүдийг 308 800 000 төгрөгөөр үнэлснийг эс зөвшөөрч байна. Барьцааны хөрөнгө болох орон сууц, авто зогсоолыг 2011 онд Жигүүр гранд ХХК-аас 500 000 000 гаруй төгрөгөөр худалдан авч байсан. Мөн хөрөнгүүдийг урьд нь эрүүгийн хэрэгт 412 108 176 төгрөг, шүүхийн шатанд Вендо ХХК-аас 356 984 858 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээ хийхэд ижил стандарт баримталж гаргадаг. Гэтэл 3 өөр үнэлгээ гарч, төлбөр төлөгчийн эд хөрөнгийг үнэгүйдүүлэх, өмч хөрөнгөө чөлөөтэй захиран зарцуулах эрхийг минь зөрчиж байна. Иймд эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/01706 дугаар шийдвэрээр Б.Энхтөрөөс 15 750 000 төгрөг, Б.Анхбаяраас 113 475 000 төгрөг, Н.Э-гаас 26 775 000 төгрөгийг тус тус гаргуулж Ч.Дамдиндоржид олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул Н.Э-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206033704 дүгээр бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Интернэйшнл рент хотхон, 90/6 дугаар байрны 7 тоот хаягт байршилтай, 139.1 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 18291145/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 18291145/02 дугаар тогтоолоор хураасан. Хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилоход 308 800 000 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 4/3714 дугаар албан бичгээр талуудад мэдэгдсэн. Бид хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулсан. Нэхэмжлэгчээс орон сууцыг урьд үнэлэхэд 416 000 000 төгрөг болж байсан гэсэн боловч уг үнэлгээ нь 3-4 жилийн өмнө хийгдсэн, элэгдэл хорогдлыг хасаж тооцвол зөв гарсан гэж харагдаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ч.Дамдиндорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан үнэлгээтэй санал нэг байна. Уг газарт хуучин сүрьеэгийн больниц байсан учир савханцартай бүс гээд хүмүүс орон сууц авахаа больсон. Иймд шинжээчийн дүгнэлт бодитой гарсан гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тулНШШГГ-т холбогдох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Интернэйшнл рент хотхон, 90/6 дугаар байрны 7 тоот хаягт байршилтай, 139.1 м.кв талбайтай 4 өрөө орон сууц болон 18 м.кв талбай бүхий авто зогсоолыг 308 800 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Н.Э-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж давж заалдах гомдолдоо: Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасан хуулийн шаардлагыг хангахгүй, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Давж заалдах болон хяналтын шатны шүүх гомдолд дурдсан үндэслэл, нөхцөл байдлуудыг нөхөн гүйцээх боломжгүй тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.3 дахь хэсэгт зааснаар дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шаардлагатай байна.

Шүүх Б.Эрдэнэбаатар шинжээчийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулсан нь шинжээчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэг болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан шинжээчийн хүлээх эрх, үүрэг хариуцлагын зохицуулалтыг хэрэглэх боломжгүй болгох нөхцөл байдлыг үүсгэсэн.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 38 дугаар зүйлийн 38.8, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3, 40.4 дэх хэсгүүдийг ноцтой зөрчсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичгүүдэд тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа албан тушаалтан гарын үсэг зурж албажуулаагүй байхад үнэлгээ гаргах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан гэж дүгнэх боломжгүй. Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан шаардлага хангасан нотлох баримт болж чадаагүй байхад анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэж чадаагүй. Энэ талаар итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлыг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаагүй, хэт нэг талыг барьсан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг анхан шатны шүүх үнэлэхдээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илт зөрчиж хууль бус дүгнэлт хийсэн. Үл хөдлөх эд хөрөнгүүдийг Вендо ХХК нь 356 984 851 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Мөнх-Оргил Трейд ХХК нь 308 800 000 төгрөг гэж тус тус үнэлсэн. 48 184 851 төгрөгөөр зөрүүтэй үнэлсэн Мөнх-Оргил Трейд ХХК-ийн гаргасан эд хөрөнгийн үнэлгээ нь илтэд үндэслэлгүй, зах зээлийн бодит нөхцөл байдалд үндэслээгүй байна.

Барьцааны зүйл нь байршил, чанар стандартын хувьд 2-3 жилийн хугацаанд худалдан авсан үнээ илтэд алдах эд хөрөнгө биш гэдэг нь нийтэд илэрхий нөхцөл байдал байсаар байтал шүүх тухайн нөхцөл байдалд огт дүгнэлт хийгээгүй, өмнө нь тухайн эд хөрөнгөтэй холбоотой гаргасан дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй талаар илтэд хууль бус дүгнэлт хийж нотлох баримтаар үнэлэхээс зайлсхийсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд нөлөөлсөн гэж үзэж байна.

Иймд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Н.Э- нь хариуцагчНШШГГ-т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/01706 дугаар шийдвэрээр Н.Э-гаас 26 775 000 төгрөг гаргуулж Ч.Дамдиндоржид олгож шийдвэрлэжээ. /хх 26-29 дэх тал/НШШГГ- нь уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулан барьцааны зүйл болох Н.Э-гийн өмчлөлд бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Интернейшнл рент Ар зайсан гудамж, 90/6 байр, 7 тоотод байрлах 139.1 м.кв талбай бүхий орон сууцыг 290 400 000 төгрөгөөр, зоорийн давхрын 7 тоот 18 м.кв талбай бүхий автомашины зогсоолыг битүүмжилж, хураан авсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. Дээрх ажиллагаанд талууд маргаангүй.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Н.Э- 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийг 550 000 000 төгрөгөөр тогтоолгох санал гаргасныг төлбөр авагч Ч.Дамдиндорж хүлээн зөвшөөрөөгүй тул шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 23 дугаартай тогтоолоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилжээ. /хх-69 дэх тал/ Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын явуулсан дээрх ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан журамд нийцэж байх ба анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэсэн байна.

Нэхэмжлэгч Н.Э- нь уг үнэлгээг ... илтэд үндэслэлгүй, зах зээлийн бодит нөхцөл байдалд үндэслээгүй... гэх үндэслэлээр гомдол гаргаж, Нийслэлийн прокурорын газраас Дамно ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг шүүхийн журмаар нотлох баримтаар гаргуулан, улмаар шинжээч томилуулан албадан дуудлага худалдаанд оруулах гэж буй барьцааны хөрөнгүүдэд үнэлгээ хийлгэсэн байна. /хх-130-144, 149-162/ Хариуцагч тал гомдлыг эс зөвшөөрч, хөрөнгө үнэлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэх үндэслэл заан маргаж, нэхэмжлэгч Н.Э-гийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хувийн хэргийг шүүхэд нотлох баримтаар гарган өгчээ. /хх-22-121/ Шүүх хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүх нотлох баримт үнэлэх журам зөрчсөн гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад томилогдсон шинжээч Мөнх-Оргилтрейд ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны хөрөнгүүдийг үнэлэхдээ жишиг үнийн арга ашиглаж зах зээлийн үнийг 308 800 000 төгрөгөөр тогтоосон байна. /хх74-167 дахь тал/ Иймээс нэхэмжлэгчийн, ... үнэлгээ илтэд үндэслэлгүй, зах зээлийн бодит нөхцөл байдалд үндэслээгүй ... гэх гомдлыг үндэслэлгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв.

Мөн нэхэмжлэгч Н.Э- нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хэргийн бодит хохирол тогтоолгох зорилгоор 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дамно ХХК-аар өөрийн барьцааны эд хөрөнгүүддээ үнэлгээ хийлгэсэн байх тул уг үнэлгээг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт гэж үнэлэх боломжгүй юм. Энэ нь эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зарчим ялгаатай байдагтай холбоотой.

Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтээр 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр захирамж гарган, Вендо ХХК-ийг шинжээчээр томилж, нэхэмжлэгчийн барьцааны эд хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заажээ. Анхан шатны шүүх шинжээч Вендо ХХК-ийн дүгнэлтийг дээрх хуульд заасан ямар арга хэрэглэсэн нь тодорхойгүй өөрөөр хэлбэл ... ямар үнэтэй эд хөрөнгүүдтэй харьцуулан үнэлгээ тогтоосон нь тодорхойгүй, эргэлзээтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Мөнх-Оргилтрейд ХХК-ийн шинжээч Б.Эрдэнэбаатарыг шүүхэд гэрчээр дуудаж, мэдүүлэг авсан ажиллагаанд гомдол гаргажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийн зохицуулалтаас үзвэл хэрэг маргааны бодит байдлыг тогтоох, түүнтэй холбоотой ач холбогдол бүхий үйл баримтыг мэдэж байгаа этгээд гэрч байж болохоор байна. Шүүх мөн шинжээч Б.Эрдэнэбаатарыг шүүх хуралдаанд оролцуулж, дүгнэлтийг нь тайлбарлуулахдаа гэрчийн байр суурьнаас оролцуулж, мэдүүлэг авсан нь мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасанд нийцээгүй хэдий ч хууль сануулж тайлбар авсан мэдүүлгийг буруутгах боломжгүй тул энэ алдааг шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ноцтой зөрчилд хамаарахгүй гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/01759 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Ч.ЦЭНД