Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2017/01059

 

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2017/01059

 

 

 Энэрэл-3 СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2017/00573 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Энэрэл-3 СӨХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Бямбаад холбогдох

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал болон эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохиролд 2 889 634 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Эрдэнэчимэг

Хариуцагч Д.Бямбаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Бямбаа нь Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.2.1, 148.2.2, 148.2.3, 148.3 дахь заалтыг зөрчин бусад суугчдын хууль ёсны эрх ашгийг зөрчсөн. Д.Бямбаагаас 2009 оны 11 дүгээр сарын ашиглалтын зардалд 50 545 төгрөг, 2010 оны 12 дугаар сарын 57 410 төгрөг, 2011 оны 01-12 дугаар сарын 579 100 төгрөг, нийт 687 138 төгрөгийг нэхэмжилж байгаа. Өмнө нь уг мөнгийг нэхэмжилж шүүхэд хандсан боловч СӨХ-г тусгай зөвшөөрөлгүй учир шаардах эрхгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч уг шийдвэрийг үндэслэн манайхыг нэхэх эрхгүй гэсэн тайлбар өгсөөр өдийг хүрсэн. Энэрэл-3 СӨХ нь КСМС орон сууцны конторт ашиглалтаа хүлээлгэж өгөхдөө айл бүрийн дулаан, ус болон ашиглалтын бүх зардлын өр төлбөргүй болгон, Д.Бямбаагийн өмнөөс ашиглалтын зардлыг төлж дуусгасан. Иймээс уг мөнгө нь СӨХ-ны нийт оршин суугчдын мөнгө учраас Д.Бямбаагаас уг хохирлыг нэхэмжилж байна.

Мөн хариуцагч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх үүргээ биелүүлээгүй тул 2013 оны төлбөр 796 114 төгрөг, 2014 оны төлбөр 507 200 төгрөг, 2015 оны төлбөр 430 700 төгрөг, 2016 оны төлбөр 468 500 төгрөг, нийт 2 202 513 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа. Эдгээр төлбөрийг үндэслэлгүй нэмэгдүүлсэн зүйл байдаггүй. Өөрөөр хэлбэл м.кв-ын үнэ төлбөрийг 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлаар баталсан 200 төгрөгийн тарифаар явж байгаа. Цэвэрлэгчийн үйлчлэгчийн цалинд нэг өрхөөс 3 000 төгрөг, талбайн цэвэрлэгч, гадны харуулд 3 500 төгрөг, баримт 200 төгрөг, нийт төлбөр 42 000 төгрөг байдаг бөгөөд үүнээс зөвхөн СӨХ-ны төлбөр нь 19 800 төгрөг бусад мөнгө нь ажилчдын цалин, гэрээт газруудын дундын өмчлөл, цахилгааны төлбөр, хогны мөнгө, цэвэрлэгчийн цалин хөлс гэх зэргээр зарцуулагдаж, холбогдох газруудад шилждэг. Иймд хариуцагч Д.Бямбаагаас 2 889 634 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Энэрэл-3 СӨХ-г 2009 он хүртэл хариуцан ажиллуулж байсан. Надад 2010, 2011 онд өр тооцоо байгаагүй бөгөөд СӨХ-ны төлбөрөө төлөх гээд банкинд очихоор өмнө нь өртэй байна, төлөөгүй тохиолдолд дараагийн төлбөрийг төлөх боломжгүй гээд авдаггүй. Уг асуудлаар урд нь шүүхэд хандаж, Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны шийдвэрээр 595 801 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн. Дараа СӨХ нь 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр танайх 1 278 000 төгрөг төлчих гэсэн. Би өөрийн нэрээр тушаах гэхээр банк алгасаж авахгүй гэсэн учир 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 1 272 041 төгрөг СӨХ-ны дансанд төлж, 2013 оны 01 дүгээр сарыг дуусталх хугацааны төлбөр бүрэн хаагдсан. Үүнээс цааш төлбөр төлөх бололцоогүй болсон. СӨХ-ны төлбөрийг огт төлөхгүй гэж байгаа юм биш, төлөх ёстой төлбөрөө төлнө. Үүнд: хогны 2 000 төгрөг, засвар үйлчилгээний зардалд 19 800 төгрөг төлнө. Засвар үйлчилгээний зардалд засвар, гэрэлтүүлэг, цэвэрлэгээний бүх зардал ордог. Гэтэл үндэслэлгүйгээр гадна цэвэрлэгээ, харуул хамгаалалт, гараашийн мөнгө гэж авч байна. Гараашийн тухайд бол 2013 оны 01 дүгээр сард КСМС компани хүлээж авснаас хойш тэнд мөнгөө төлдөг болсон. Гараашийн гэрэл, цахилгаан, цэвэрлэгээний мөнгө нь тэр төлбөртөө ордог. Манайх 2013 оны төлбөрөө төлсөн учир түүнээс хойшхи засвар үйлчилгээний зардалд 19 800 төгрөгийг 48 сараар үржүүлээд нийт 1 296 000 төгрөгийг төлөх тооцоо гарч байна. Харин бусад шаардлагыг зөвшөөрөхгүй, илүү төлбөр төлөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3, 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Бямбаагаас 1,467,500 /нэг сая дөрвөн зуун жаран долоон мянга таван зуун/ төгрөг гаргуулан Энэрэл-3 СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,422,134 /нэг сая дөрвөн зуун хорин хоёр мянга нэг зуун гучин дөрвөн/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бямбаагаас 38,263 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Энэрэл-3 СӨХ-д буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Би автомашины гаражаа өөрөө онгойлгож, өөрөө хаадаг, халаалтын хөлс зэргийн төлбөрийг 2013 оноос КСИМС компанид төлж ирсэн ба гаражийн үйлчилгээний асуудлаар Энэрэл СӨХ-өөс ямар ч үйлчилгээ авдаггүй энэ талаар ямар ч гэрээ хэлцэлгүй байхгүй байхад сард 15 000-20 000 төгрөгийн төлбөрийг контортой давхардуулан бичиж ирснийг шүүх анхааралдаа авч төлбөрөөс хасч тооцсонгүй. Эрчим хүчний зохицуулах хорооноос ирүүлсэн албан тоотод иргэдийн дундын хэрэглээгээр үүссэн цахилгааны төлбөрийг хэрэглэгчдэд тэнцүү хамааралтай төлүүлэх, гарсан төлбөрөөс илүү хэмжээгээр мөнгө авч болохгүйг нотолсоор атал cap бүр 5-8 дахин өсгөсөн тариф зохион айл бүрээс 3 000 төгрөг, сард 500-аас доошгүй мянган төгрөг илүү авч завшдаг болохыг БГД-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх Төвөөс ирүүлсэн санхүүгийн баримтаар нотолсоор атал анхааралдаа авсангүй. Цэвэр, бохир ус, халаалт, цахилгаан холбооны зардал СӨХ-д огт хамаарахгүй ОСА-ын конторт төлдөг байхад усны төлбөр хэмээн айл бүрээс 3 000 төгрөг авдаг луйврыг шүүгч анхааралдаа авсангүй. КСИМС ХХК-д төлдөг гэдгээ баримтаар нотолсон байгаа. Шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооны өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Энэрэл-3 СӨХ нь хариуцагч Д.Бямбаад холбогдуулж халаалт, усны болон бусад ашиглалтын төлбөрт хариуцагчийн өмнөөс КСИМС ХХК-д төлсөн төлбөрөөс 687 120 төгрөгийг болон дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2 202 513 төгрөг, нийт 2 889 633 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс зарим хэсгийг буюу 1 296 000 төгрөгийг төлөхийг хариуцагч зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөхөөс татгалзан маргажээ.

Нэхэмжлэгч Энэрэл-3 СӨХ нь Энэрэл хотхоны 121 өрхийн орон сууцны ашиглалтыг КСИМС ХХК-д хүлээлгэн өгөхийн тулд хариуцагч Д.Бямбаагийн өмнөөс халаалт, усны болон бусад ашиглалтын төлбөрт 2009 оны 11 сарын 50 545,80 төгрөг, 2010 оны 12 сарын 57 417,20 төгрөг, 2011 оны 1-12 сарын 579 157 төгрөг, нийт 687 120 төгрөгийг КСИМС ХХК-д төлсөн тул буцаан гаргуулахаар нэхэмжилсэн байхад шүүх уг шаардлагыг эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байхаас гадна шаардлагын хэмжээг 678 133 төгрөг гэж буруу тодорхойлжээ.

 

Анхан шатны шүүх дээрх шаардлагыг хариуцагч төлж барагдуулсан гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй хэдий ч хууль хэрэглээний хувьд зөвтгөх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт нийцнэ.

 

Нэхэмжлэгч Энэрэл-3 СӨХ нь дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2013 оны 796 113 төгрөг, 2014 оны 507 200 төгрөг, 2015 оны 430 700 төгрөг, 2016 оны 468 500 төгрөг нийт 2 202 513 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бол хариуцагч нэхэмжлэгчийг зарим зардлыг үндэслэлгүйгээр нэмж илүү төлбөр авч байна гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцож, СӨХ-нд төлөх үүрэгтэй.

 

Гэвч сууц өмчлөгч бүрээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, орон сууцны байшингийн харуул хамгаалалттай холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд оролцох журмыг сууц өмчлөгчдийн холбооны дүрмээр тогтоох бөгөөд дүрмийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэхээр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6, 7 дугаар зүйлийн 7.2.1-д зааснаар зохицуулсан байна.

 

Хэрэгт авагдсан Энэрэл-3 СӨХ-ны удирдах зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоолоор сууц өмчлөгчдөөс урсгал зардлын төлбөрийн хэмжээг 2007-2010 оны тогтоосон тарифыг үндэслэн 20-25 хувиар нэмэх буюу хасах эрхийг эдлэн мөрдөн ажиллахыг гүйцэтгэх захирал Г.Эрдэнэчимэгт даалгасан нь Энэрэл-3 СӨХ-ны дүрмийн 9.4, хуулийн дээрх заалтад нийцээгүй байна.

 

Харин хариуцагч Д.Бямбаа нь анхан шатны шүүх хуралдаан дээр ...нийт 48 сарын тооцоо хийх ёстой. Энэ нь 1 296 000 төгрөгийг өгөх үндэслэл байна гэж тооцоо гаргасан. Харин бусад нь үндэслэлгүй гэж үзэж байна ... гэж тайлбар гаргасан /хх-ийн 148/ тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Д.Бямбаагаас 1 296 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Энэрэл-3 СӨХ-д олгон давж заалдах гомдлыг зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2017/00573 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Бямбаагаас 1 296 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Энэрэл-3 СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 593 633 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтын 38 263 гэснийг 35 654 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Д.Бямбаа давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 680 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Н.БАТЗОРИГ