Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/00573

 

        2017 оны 02 сарын 21 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00573

                Улаанбаатар хот

                   

                          

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би даргалж, шүүгч З.Доржнамжин, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Энэрэл хотхоны 4 дүгээр байрны 0 тоотод оршин байгаа “Энэрэл-3” Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ны,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Энэрэл хотхоны 3 дугаар байрны 14 тоотод оршин суух, Шарнууд овогт Доржхандын Бямбаа /РД-ХМ59021575/-д холбогдуулан гаргасан

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал болон эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохиролд 2,889,634 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, мөн сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Энэрэл-3 СӨХ-ны гүйцэтгэх захирал Г.Эрдэнэчимэг, хариуцагч Д.Бямбаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч “Энэрэл-3” СӨХ-ны гүйцэтгэх захирал Г.Эрдэнэчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Тус СӨХ нь 2009 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “Энэрэл” хотхоны оршин суугчдын санаачилгаар байгуулагдсан бөгөөд тус хотхоны 1-4 дүгээр байрны 120 өрхийг хариуцан ажилладаг.

   Хариуцагч Д.Бямбаа нь Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.2.1, 148.2.2, 148.2.3, 148.3 дахь заалтыг зөрчин бусад суугчдын хууль ёсны эрх ашгийг удаа дараа зөрчсөн. Түүнд СӨХ-ны төлбөрөө төлөх талаар удаа дараа шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд СӨХ-ны хэвийн үйл ажиллагаанд доголдол учруулах, нийтийн зориулалттай орон сууцны нэг нэгээсээ хамааралтай байдлыг ашиглан үнэгүй үйлчилгээ авч, бусдыг завшин иргэний үүргээ зөрчиж ирсэн.

Д.Бямбаагаас 2009 оны 11 дүгээр сарын ашиглалтын зардалд 50,545 төгрөг, 2010 оны 12 дугаар сарын 57410 төгрөг, 2011 оны 01-12 дугаар сарын 579,100 төгрөг, нийт 687,138 төгрөгийг нэхэмжилж байгаа.

Тайлбар хэлбэл өмнө нь уг мөнгийг нэхэмжилж шүүхэд хандсан боловч Баянгол дүүргийн шүүхийн 2012 оын 02 дугаар сарын 09-ний өдрийн 329 дүгээр шийдвэрээр СӨХ-г тусгай зөвшөөрөлгүй учир уг мөнгийг оршин суугчаас шаардах эрхгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.

Хариуцагч уг шийдвэрийг үндэслэн манайхыг нэхэх эрхгүй гэсэн тайлбар өгсөөр өдийг хүрсэн.

“Энэрэл-3” СӨХ нь хариуцагчаас нэхэмжилж байгаа төлбөрийг КСМС орон сууцны конторт ашиглалтаа хүлээлгэж өгөхдөө айл бүрийн дулаан, ус болон ашиглалтын бүх зардлын өр төлбөргүй болгон, Д.Бямбаагийн өмнөөс СӨХ-оос орон сууцны ашиглалтын зардлыг төлж дуусгасан.

Иймээс уг мөнгө нь СӨХ-ны нийт оршин суугчдын мөнгө учраас Д.Бямбаагаас уг хохирлыг нэхэмжилж байна.

Хариуцагч нь 2012 онд ч мөн шүүхэд тайлбар гаргахдаа уг мөнгийг үндэслэлгүй авах гэж байна гэж маргадаг байсан боловч эднийх 2008-2011 он хүртэл нийт 6 жил 6 сарын хугацаанд 4 тоолууртай хирнээ түүнийгээ нуун дарагдуулж байсныг гэр бүлийн хүн нь гэрчилж түүнийгээ хүлээн зөвшөөрсөн.

Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцээд эднийхээс нэхэмжлэх ёстой байсан 1,111,423 төгрөгийг тухайн үед авч чадаагүй гэх үндэслэлээр 687,138 төгрөг болгон багасгасан.

Мөн хариуцагч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх үүргээ биелүүлээгүй тул 2013 оны төлбөр 796,114, 2014 оных 507,200 төгрөг, 2015 оны 430,700 төгрөг, 2016 оны 468,500 төгрөг, нийт 2,202,513 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа.

Эдгээр төлбөрийг үндэслэлгүй нэмэгдүүлсэн зүйл байдаггүй. Өөрөөр хэлбэл м.кв-ын үнэ төлбөрийг 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлаар баталсан 200 төгрөгийн тарифаар явж байгаа. Цэвэрлэгчийн үйлчлэгчийн цалинд нэг өрхөөс 3000 төгрөг, талбайн цэвэрлэгч, гадны харуулд 3500 төгрөг, баримт 200 төгрөг, нийт төлбөр 42,000 төгрөг байдаг бөгөөд үүнээс зөвхөн СӨХ-ны төлбөр нь 19,800 төгрөг бусад мөнгө нь ажилчдын цалин, гэрээт газруудын дундын өмчлөл, цахилгааны төлбөр, хогны мөнгө, цэвэрлэгчийн цалин хөлс гэх зэргээр зарцуулагдаж, холбогдох газруудад шилждэг.

Иймд хариуцагч Д.Бямбаагаас 2,889,634 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Бямбаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Энэрэл-3” СӨХ-г 2009 он хүртэл хариуцан ажиллуулж байсан. Надад 2010, 2011 онд өр тооцоо байгаагүй бөгөөд СӨХ-ны төлбөрөө төлөх гээд банкинд очихоор өмнө нь өртэй байна, төлөөгүй тохиолдолд дараагийн төлбөрийг төлөх боломжгүй гээд авдаггүй.

Уг асуудлаар урд нь шүүхэд хандаж Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны шийдвэрээр 595,801 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн.

Дараа СӨХ нь 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “за одоо өр ширгүй болсон, бүх юмаа мартья, цагаан сарын өмнө танайх 1,278,000 төгрөг төлчих” гэсэн. Би өөрийн нэрээр тушаах гэхээр банк алгасаж авахгүй гэсэн учир 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 1,272,041 төгрөг СӨХ-ны дансанд төлж, 2013 оны 01 дүгээр сарыг дуусталх хугацааны төлбөр бүрэн хаагдсан. Үүнээс цааш төлбөр төлөх бололцоогүй болсон.

СӨХ-ны төлбөрийг огт төлөхгүй гэж байгаа юм биш, төлөх ёстой төлбөрөө төлнө. Үүнд: хогны 2000 төгрөг, засвар үйлчилгээний зардалд 19,800 төгрөг төлнө. Засвар үйлчилгээний зардалд засвар, гэрэлтүүлэг, цэвэрлэгээний бүх зардал ордог. Гэтэл үндэслэлгүйгээр гадна цэвэрлэгээ, харуул хамгаалалт, гараашийн мөнгө гэж авч байна. Гараашийн тухайд бол 2013 оны 01 дүгээр сард КСМС компани хүлээж авснаас хойш тэнд мөнгөө төлдөг болсон. Гараашийн гэрэл, цахилгаан, цэвэрлэгээний мөнгө нь тэр төлбөртөө ордог.

Манайх 2013 оны төлбөрөө төлсөн учир түүнээс хойшхи засвар үйлчилгээний зардалд 19,800 төгрөгийг 48 сараар үржүүлээд нийт 1,296,000 төгрөгийг төлөх тооцоо гарч байна. Харин бусад шаардлагыг зөвшөөрөхгүй, илүү төлбөр төлөхгүй гэв.

 

   Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Энэрэл-3” Сууц өмчлөгдчийн холбоо /цаашид СӨХ гэх/ нь Д.Бямбаагаас СӨХ-ны эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 678,113 төгрөг, дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2,112,513 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэн, нийт 2,889,634 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна.

Хариуцагч Д.Бямбаа нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгээс татгалзаж буй үндэслэлээ “... СӨХ-ны дансанд 1,272,000 төгрөг төлж өр төлбөргүй болсон, ... СӨХ-оос банкинд төлбөргүй гэсэн бичиг өгөхгүй болохоор өмнөх өр төлбөрөө барагдуулахгүй бол алгасаж авахгүй гээд төлөх боломжгүй байна ..., ... төлбөрийг төлөхгүй гээгүй, илүү шаардсан төлбөр төлөхгүй ... “ гэж тайлбарладаг.

Шүүх бүрэлдэхүүн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

1.Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 678,113 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаас үзэхэд “Ганбар од” ХХК нь 2009 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Энэрэл хотхоны орон сууц нийтийн аж ахуйн үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаад тус хотхонтой холбоотой үйл ажиллагааг “Энэрэл-3” СӨХ-д 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөхдөө банкны дансаар оршин суугчдаас авах авлагад 9,462,148 төгрөг, гэрээт байгууллагууд буюу дулаан, телевиз, цахилгааны болон хог хаягдал тээвэрлэлтийн төлбөрт 10,084,822.98 төгрөгийн өртэй хүлээлгэн өгсөн байна. /хх-88 дугаар тал/

Нэхэмжлэгч СӨХ, дээрх төлбөрийг гэрээт байгууллагуудад нь төлж барагдуулан, Энэрэл хотхоны 121 өрхийн орон сууцны ашиглалтыг холбогдох газруудад нь хүлээлгэн өгчээ. /хх-23-26, 32, 36-42 дугаар тал/

Үүний улмаас “Энэрэл-3” СӨХ нь өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс нь шаардах эрхтэй ч хариуцагч Д.Бямбаа нь нэхэмжилж буй 678, 113 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Учир нь Д.Бямбаа 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч “Энэрэл-3” СӨХ-ны дансанд СӨХ-ны төлбөрт 1,272,041 төгрөг тушаажээ. /хх-71, 116 дугаар тал/

Нэхэмжлэгч тал уг мөнгийг “Д.Бямбаа нь эрүүгийн хэрэгтэй холбогдуулан төлсөн, мөн 2012 оны СӨХ-ны төлбөр” гэх боловч тухайн онд дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд хэдэн төгрөг гарсныг төлж барагдуулсан мөн эрүүгийн хэрэгтэй холбогдуулан СӨХ-д мөнгө төлсөн гэх үйл баримтаа баримтаар нотлоогүй тул шүүх Д.Бямбааг 2009 оны 11 дүгээр сарын ашиглалтын зардалд 50,545 төгрөг, 2010 оны 12 сарын ашиглалтын зардал 57410 төгрөг, 2011 оны 01-12 дугаар сарын ашиглалтын зардалд 579,100 төгрөг, нийт 687,138 төгрөгийг төлсөн байна гэж үзэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгов.

2.Дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал гаргуулах шаардлагын тухайд:

“Энэрэл-3” СӨХ нь хариуцагч Д.Бямбааг дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал болох 2013 оны 796,114 төгрөг, 2014 оны 507,200 төгрөг, 2015 оны 430,700 төгрөг, 2016 оных 468,500 төгрөг төлөөгүй гэх үндэслэлээр түүнээс 2,202,513 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч уг хугацааны төлбөрийг төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч маргаагүй, харин нэхэмжлэгчийг дураараа илүү төлбөр авч байна, юунд зарцуулж байгаа нь тодорхойгүй гэж мэтгэлцэх хэдий ч үүнийгээ баримтаар нотлоогүйн гадна нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг үгүйсгэж чадаагүй тул Д.Бямбааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзлээ.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцож, СӨХ-нд төлөх үүрэгтэй.

Хэрэгт авагдсан “Энэрэл-3” СӨХ-ны удирдах зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоолоор сууц өмчлөгчдөөс урсгал зардлын төлбөрийн хэмжээг 2007-2010 оны тогтоосон тарифыг үндэслэн 20-25 хувиар нэмэх буюу хасах эрхийг эдлэн мөрдөн ажиллахыг гүйцэтгэх захирал Г.Эрдэнэчимэгт даалгасан байна. /хх-30 дугаар тал/

Үүний дагуу нэхэмжлэгч “Энэрэл-3” СӨХ-ны гүйцэтгэх захирал Г.Эрдэнэчимэг нь хариуцагч Д.Бямбаагаас шаардаж буйг буруутгах боломжгүй юм.

Хариуцагч нь Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т зааснаар СӨХ-ны засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрхтэй боловч энэ нь СӨХ-ны зардлыг төлөхгүй байх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгч “Энэрэл-3” СӨХ нь хариуцагч Д.Бямбаагаас шаардах эрхтэй юм.

Гэхдээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасны дагуу 2013 оны 1-11 дүгээр сарын төлбөрийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул хариуцагчаас уг төлбөрийг гаргуулах боломжгүй байна.

Харин 2013 оны 12 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг хариуцагч Д.Бямбаа төлөх үүрэгтэй учир түүнээс Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасныг баримтлан 1,467,500 /нэг сая дөрвөн зуун жаран долоон мянга таван зуун/ төгрөг гаргуулан “Энэрэл-3” СӨХ-нд олгож, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,422,134 /нэг сая дөрвөн зуун хорин хоёр мянга нэг зуун гучин дөрвөн/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бямбаагаас 38,263 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Энэрэл-3” СӨХ-д буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3, 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Бямбаагаас 1,467,500 /нэг сая дөрвөн зуун жаран долоон мянга таван зуун/ төгрөг гаргуулан “Энэрэл-3” СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,422,134 /нэг сая дөрвөн зуун хорин хоёр мянга нэг зуун гучин дөрвөн/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бямбаагаас 38,263 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Энэрэл-3” СӨХ-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.ЦЭНД

                                                                                                З.ДОРЖНАМЖИН

                                                                                                Ч.МӨНХЦЭЦЭГ