Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2018/0213

 

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2018/0213

Улаанбаатар хот

 

 

Ц.М-ын нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д нарыг оролцуулан, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 111/ШШ2018/0003 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.М-ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 111/ШШ2018/0003 дугаар шийдвэрээр: “...Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ц.М-ыг Баянхонгор аймгийн Баацагаан сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болох 7.722.141 төгрөгийг нэхэмжлэгч Ц.М-д олгох, уг хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт үүрэг болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга давж заалдах гомдолдоо: “...Ажлаас чөлөөлөх болсон хуулийн заалт нь Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 бөгөөд анхан шатны шүүх төрийн албанаас чөлөөлөхдөө сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлсэн төрийн жинхэнэ албан хаагчийн хүсэлтийг үндэслэх шаардлагыг хангаагүй байхад чөлөөлсөн гэж дүгнэсэн. 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тус байгууллагад ирсэн Ц.М гэсэн гарын үсэгтэй 01 хуудас бүхий Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Амарсанаа танаа гэсэн толгой бүхий ажлаас чөлөөлөх хүсэлтийг ирүүлсэн. Өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтрийн 2 дугаарт бичиг хэргийн ажилтан бүртгэн авч, холбогдох албан тушаалтанд шилжүүлсэн. Бичиг хэргийн ажилтан нь тухайн ирж буй албан бичгийг хэнээр бичүүлсэн, гарын үсэг нь мөн эсэх талаар шалгах чиг үүрэг байхгүй. Гэтэл энэ байдал дээр шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь хүсэл зоригийн илэрхийллээ илэрхийлсэн бичгээр гаргасан хүсэлтийг тухайн байгууллага шалгаж тогтоох өөр ажиллагаа явуулах ёстой байсан гэж ойлгогдож байна. Нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлт зориг биш байсан бол тухайн үедээ ажлаа хүлээлгэж өгөхөөс өмнө энэ талаараа хэлж болох байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчээс уг өргөдлийг н.Баасанжаргалаар бичүүлсэн үү, тус өргөдлийг аваачиж өг гэж хэлсэн үү гэж асуухад тийм гэсэн хариултыг өгсөн нь өөрөө эрх зүйн чадамж бүхий иргэний хувьд үр дагаврыг бүрэн тооцоолох боломжтой байсан. Мөн өөрөө шүүх хуралдаан дээр дарамталсан талаар ямар нэгэн байгууллагаар тогтоолгосон эсэхийг лавлахад тогтоолгосон зүйл байхгүй гэж хариулсан. Нэхэмжлэгчийн хүсэлтээ бусдаар гаргуулсан гэдгийг нь мэдэх боломж тухайн үед байгаагүй, мөн анхан шатны шүүх шийдвэртээ шалтаглан гэж бичсэн нь ойлгомжгүй, хууль бус байна. Шүүхийн зүгээс хуулийн “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт” гэдгийг заавал өөрийн гараар бичсэн байх гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн үед өргөдлийг бичүүлэх хүсэл сонирхолтой байсан, өөрөө хэлж бичүүлсэн, аваачиж өгөхийг зөвшөөрсөн бөгөөд энэ талаар нэхэмжлэл болон шүүх хуралдаанд маргаагүй хүлээн зөвшөөрсөөр байхад шүүхийн зүгээс хэт нэг талыг барьсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй гэж заасан байтал шүүхээс уг тушаалыг гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй гэж дүгнэсэн нь тухайн харилцааг буруу тодорхойлж, үйл баримтыг буруу ойлгож дүгнэсэн гэж үзэж байна. Тиймээс  Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 111/ШШ2018/0003 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу хүчингүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар буруу дүгнэж, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2009 оны 17 дугаар тушаалаар Ц.М-ыг Баацагаан сумын хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнээр томилсон бөгөөд улмаар тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийг тухайн албан тушаалаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Ц.М уг тушаалыг эс зөвшөөрч анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ “...тухайн үед аргагүй байдал, дарамт шахалтын дор өөрийн танил П.Баасанжаргалаар өргөдөл гаргуулсан тул уг тушаал хууль бус” гэж, хариуцагчаас “...Ц.М-ыг улс төрийн дарамт, захиалга, шахалт шаардлагын дагуу дарамталж ажлаас чөлөөлөөгүй бөгөөд өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу уг албан тушаалаас нь чөлөөлсөн” гэж тус тус тайлбарлан маргасан ба анхан шатны шүүх “нэхэмжлэгч Ц.М-д Баянхонгор аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан байсан, хариуцагчийн хариу тайлбарт дурдсан зөрчлийг гаргасан болохыг үгүйсгээгүй, уг зөрчлийг гаргасныг шалтаглан, бусдаар гаргуулсан гэх хүсэлтийг үндэслэн төрийн албанаас чөлөөлснийг хууль бус” гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу юм.

Учир нь Ц.М-ын Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад гаргасан 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “ажлаас чөлөөлөгдөх” тухай хүсэлтэд Ц.М гарын үсэг зураагүй гэдэг нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, гэрч П.Баасанжаргалын мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа бөгөөд уг хүсэлтэд нэхэмжлэгч гарын үсэг зураагүй гэдэгтэй хариуцагч маргаагүй.

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө”, 24.1.3-т “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэж тус тус заасан бөгөөд томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь санаачилгаар төрийн албанаас чөлөөлөхөд гаргасан хүсэлтийг төрийн албан хаагч өөрөө бичиж гарын үсэг зурсан байх шаардлагыг хуулиар тавиагүй тул дээрх хүсэлтийг Ц.М бичиж, гарын үсэг зураагүй гэх үндэслэлээр хариуцагчийг буруутгах нь холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй ба хариуцагчийн давж заалдах гомдолдоо “...шүүхийн зүгээс хуулийн “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт” гэдгийг заавал өөрийн гараар бичсэн байх гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна...” гэх гомдол нь үндэслэлтэй байна.  

Мөн Ц.М-ын “тухайн үед аргагүй байдал, дарамт шахалтын дор ... өргөдөл гаргуулсан” гэх тайлбар нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ “...П.Баасанжаргалыг миний өмнөөс өргөдөл бичээд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын нарийн бичигт хүргээд өгөөч гэсэн гуйсан...” гэж дурдсан байдал, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ажил хүлээлцсэн акт болон нэхэмжлэгч ёс зүйн зөрчил гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, уг зөрчилтэй нь холбогдуулан хариуцагч ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаартай тэмдэглэл зэргээс үзвэл Ц.М нь өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байсан гэдэг нь тогтоогдож байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагч сонсох ажиллагаа хийгээгүй гэж маргаагүй байхад анхан шатны шүүх “...сонсох ажиллагаа зохион байгуулах, нөхцөл байдлыг тогтоох, санал авах зэрэг оролцогчийн эрхийг хамгаалуулах үйлдлийг хийгээгүй” гэж дүгнэсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн болохыг дурдах нь зүйтэй.  

Түүнчлэн Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Ёс зүйн хороо 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж, “...төрийн үйлчилгээ үзүүлж байхдаа үйлчилгээний хөлс авсан, ажлын цагаар ажлын байран дээр байдаггүй, харьцаа муутай” гэх зэргээр Ц.М-ын талаар иргэдээс ирүүлсэн гомдлыг хянан хэлэлцсэн байх бөгөөд Ц.М-ын бичгээр гаргасан тайлбар зэргийг үндэслэн Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.1.4, 5.3.1, 5.5.3 дахь заалтуудыг зөрчсөн тухай дүгнэлт гарчээ.

Улмаар 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын зөвлөлийн хуралд Ц.М нь өөрийн биеэр оролцож тайлбар гаргасан байх бөгөөд “иргэдээс үндэслэлгүйгээр 500 төгрөгийн хураамж авч бичиг хэргийн зардалд зарцуулсан, авсан мөнгөө буцааж тарааж өгч гарын үсэг зуруулсан” гэх тайлбараас үзвэл өөрийн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байсан байна.

Хурлаас Ц.М-ыг үүрэгт ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэснийг нэхэмжлэгч мэдэж байсан бөгөөд Ц.М-ын гаргасан хүсэлтийг үндэслэн түүнийг ажлаас чөлөөлсөн Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны Б/13 дугаар тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 111/ШШ2018/0003 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасныг баримтлан Ц.М-ын Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдуулан гаргасан “...Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, энэ хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР  

ШҮҮГЧ                                                                   Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                   Ц.САЙХАНТУЯА