Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/01574

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/01574

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/01557 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Т ХХК-ийн хариуцагч С ХХК, Зээлийн батлан даалтын сан, Х.Б, Б.Д нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээг цуцлах, гэрээний үүрэгт 930 381 330.24 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар, хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав, хариуцагч Х.Баянмөнхийн өмгөөлөгч Б.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зээлдэгч Санцо мед" ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Т ХХК-тай 10904 8/01 тоот зээлийн, 1090/18/01-01 тоот барьцааны, 1090/18/01-03 тоот батлан даалтын гурвалсан гэрээг тус тус байгуулж, 816 000 000 төгрөгийн эх үүсвэртэй батлан даалттай төслийн зээлийг сарын 1.0 хувь /жилийн 12.0 хувь/-ийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлдэн авсан. Гэвч зээлдэгч нь зээл авснаас хойш гэрээний үүргээ зөрчиж 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 804 256 895.62 төгрөг, балансын гадуурх үндсэн хүүгийн төлбөр 126 027 934.62 төгрөг, нийт 930 284 830.24 төгрөгийн зөрчилтэй, нийт 464 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Зээлийн батлан даалтын сан, Т ХХК, зээлдэгч С ХХК-ийн хооронд байгуулсан 1090/18/01-03 тоот батлан даалтын гэрээнд зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд 816 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувь буюу 489 600 000 төгрөгт Зээлийн батлан сан батлан даалт гаргасан. Банкны зүгээс компанийн нөхцөл байдалтай танилцаж, удаа дараа уулзалт хийхэд зээлдэгч нь зээлийн гэрээний 6.2.1, 6.2.2 дахь заалтыг зөрчиж зээлийн санхүүжилтийн тодорхой хувийг зориулалтын бусаар ашигласан нь нотлогдсон. Гэвч банкнаас компанийн санхүүгийн нөхцөл байдлыг хүндэтгэн үзэж зээлийн хүүгийн зөрчлийг барагдуулах хугацаа өгч, үүргээ биелүүлэх тухай мэдэгдэлийг утсаар, биечлэн, албан бичгээр удаа дараа хүргүүлсэн боловч тодорхой үр дүн гаргаагүй. Иймд зээлдэгч "С ХХК-аас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал 96 500 төгрөг нийт 447 827 192.87 төгрөг, Зээлийн батлан даалтын сангаас 482 554 137.37 төгрөг, нийт 930 381 330.24 төгрөгийг гаргуулж өгнө үү.  Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зээлийн гэрээнд тодорхойлсон эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ. Түүнчлэн уг зээлийн гэрээ нь урт хугацаатай гэрээ тул зээлийг гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.Баттөмөр миний бие С ХХК-ийн 40 хувийг эзэмшдэг бөгөөд гүйцэтгэх захирлаар 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр томилогдож, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нэр бүртгэгдэж өөрчлөлт орсон. Хэдийгээр би захирлын албан тушаалыг хашдаг гэдэг боловч нэр нь цаасан дээр байдаг, компанийн бичиг баримт, тамга тэмдэг байхгүй. Компанийн хувьцааны асуудал дээр шүүхэд маргаантай байгаа. Би энэ зээлийг аваагүй, Х.Баянмөнх намайг захирлын албан тушаалд томилогдохоос өмнө авсан. Зээлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол улсын засгийн газар нь Азийн хөгжлийн банкнаас 60 000 000 ам.долларыг зээлдэн авч, Зээлийн батлан даалтын санд сангийн яамнаас дамжуулан зээлдүүлсэн. Уг мөнгийг бөөнөөр нь биш зах зээл дээр батлан даалтын эх үүсвэртэйгээр батлан даалт болгож гаргасан. Энэ төслийн зорилго нь банкны урт хугацаат хадгаламжийн зах зээл бий болгох, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн урт хугацаат хүү багатай зээлийг бий болгох юм. С ХХК-д олгосон 816 000 000 төгрөгийн зээл нь энэ төслийн зээл бөгөөд Зээлийн батлан даалтын сан зээл олгодоггүй зээлийн 60 хувь хүртэлх хувьд батлан даалт гаргадаг. Батлан даалт гаргасан дүнтэйгээ тэнцүү хэмжээний эх үүсвэр бүхий хадгаламжийг тухайн дансанд нь байршуулдаг. Тухайн дансанд 816 000 000 төгрөгийн 60 хувь 482 000 000 төгрөг байлаа гэхэд 482 000 000 төгрөгийн хадгаламжийг Т ХХК-д байршуулдаг. Зээл хэвийн болж байгаад, дахиад зээл эрсдэлд орсон тохиолдолд үлдсэн 50 хувийг нь зээлийг төлүүлэх талаар тодорхой арга хэмжээнүүдийг авахуулах, зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсны дараа үлдсэн 50 хувийг өгнө гэсэн үндсэн агуулгатай гэрээ байгаа. Үлдсэн 50 хувийг олгосон зээлээс нь зээлийн эргэн төлөлтийг хасаад, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан. Урьдчилгаа батлан даалтын дүнг хасаад, 60 хувийг нь төлөөлөхийг гүйцэтгэх зохицуулалттай. Энэ зээлийн хувьд нийт алдагдлыг Зээлийн батлан даалтын сан, Банктай хувааж хариуцна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаад, үлдэх дүн нь банкны цэвэр алдагдал. Энэ дүнгийн 60 хувийг зээлийн батлан даалтын сан хариуцаж, 40 хувийг нь банк хариуцах ёстой. Энэ зээлийн хувьд зээлдэгч гэрээний ноцтой зөрчил гаргасан байна гэж үзээд, зээлийн дүнг хэсэгчлэн биш, Зээлийн батлан даалтын сангаас бөөн дүнгээр нэхэмжилж байна. Банк нийт дүнгээр үүрэг гүйцэтгэхдээ барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой. Энэ заалт биелэгдээгүй. Одоогийн байдлаар Зээлийн батлан даалтын сан хэдэн төгрөг хариуцах ёстой гэдгийг тодорхойлох боломжгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Б.Дгийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: "Санцо мед" ХХК нь 2016 оны 02 дугаар сард үүсгэн байгуулагдаж, 2016 оны 6 сард мэс заслын үүдэн эмнэлгийн, 2017 оны 9 дүгээр сард 2 дугаар зэрэглэлийн эмийн сан эрхлэх зөвшөөрлүүдийг тус тус авч үйл ажиллагаагаа эхэлсэн. 2017 онд эмнэлгээ хэвтэн эмчлүүлэх эмнэлэг болгон өргөтгөхөөр "Санцо Өргөтгөл" төслийг боловсруулан 1 тэрбум төгрөгийн санхүүжилт хүсэж "Зээлийн батлан даалтын сан"-д хандсан ба тус сангаас төслийг хянаж, дэмжихээр шийдвэрлэж "Төрийн банк" ХХК-руу шилжүүлсэн боловч тодорхойгүй шалтгаанаар төсөвт санхүүжилтийн хэмжээ 816 000 000 төгрөг болж буурсан. Ингээд 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тус банктай 10 жилийн хугацаатай, №1090/18/01 тоот зээлийн гэрээ байгуулж компанийн дансанд санхүүжилт орж ирсэн. 816 000 000 төгрөгийн зээлийн барьцааны 60 хувь буюу 489 600 000 төгрөгийн зээлд Зээлийн батлан даалтын caн баталгаа гаргаж, үлдсэн 40 хувь буюу 326 400 000 төгрөгийн зээлд иргэн Г.Бат-Очирын хүсэлтээр түүний эзэмшлийн нийт 440.0 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай 2 үл хөдлөх хөрөнгө, 1 129.0 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй 2 газрыг 364 536 881 төгрөгөөр үнэлүүлэн тус тус  барьцаалуулсан. Төслийн санхүүжилт орж ирэхээс өмнө 2017 оны 6 дугаар сард "Санцо мед" ХХК нь Шинэ мянганы барилга" ХХК-тай эмнэлгийн өргөтгөлийн засварын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж, засварын ажлыг эхлүүлсэн боловч төслийн санхүүжилт хойшлогдсоны улмаас засварын ажил түр зогссон. 2018 оны 01 дүгээр сард "Төрийн банк" ХХК-аас санхүүжилт орж ирснээр "Шинэ мянганы барилга" ХХК-д гэрээгээр тохиролцсон боловч төлөгдөөгүй байсан ажлын хөлсний урьдчилгаа болох 36 000 000 төгрөг, мөн засварын ажлыг дуусгахад шаардлагатай 72 700 000 төгрөг, нийт 108 700 000 төгрөгийг төлсөн боловч засварын ажлыг дуусгалгүй манай компанитай ямар ч тооцоо нийлэлгүй орхин явсан. Иймд "Санцо мед" ХХК нь дахин 2018 оны 02 дугаар сард "Канад Кастл" ХХК-тай засварын ажил хийж гүйцэтгүүлэх гэрээ байгуулан өргөтгөлийн ажлын зургийг шинээр төлөвлөн зуруулж эмнэлгийн зориулалттай засвар, цахилгаан, сантехник, салхивч агааржуулалтын ажлуудыг цогцоор нь хийж гүйцэтгүүлсэн. Мөн төсөвлөсөн санхүүжилт дутуу хийгдсэнээс шалтгаалан мэс заслын зарим шаардлагатай чухал багаж тоног төхөөрөмжийг төсөлд тусгагдсан үнийн саналын дагуу худалдан авах боломжгүй болсон тул Шинэ мянганы барилга" ХХК-ийн захирлын санал болгосны дагуу тоног төхөөрөмж хямд үнээр худалдан авахаар тохиролцон 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ байгуулан 100 000 000 төгрөгийг бэлнээр төлсөн боловч ямар ч тоног төхөөрөмж нийлүүлээгүй төлбөрийг ч буцаалгүй алга болсон. 2018 оны 02 дугаар сард "Өнөр Хаус ХХК-аас санал болгосны дагуу зах зээлийн ханшаас хямд өртгөөр эмнэлгийн сувилахын барилга захиалан бариулахаар тохиролцон гэрээ байгуулж 95 000 000 төгрөгийг төлсөн боловч одоог хүртэл барилгын ажил дуусаагүй байдалтай байна. Дээрх шалтгаануудаас үүдэн 2018 оны 9 дүгээр сараас компанийн төлөвлөсөн хэвийн үйл ажиллагаа болон санхүүгийн байдалд хүндрэл учирсан боловч зээл, зээлийн хүүг төлөлтийг хуваарийн дагуу гүйцэтгэж байсан боловч 2019 оны сүүлчээр зээлийн гэрээний ялимгүй зөрчил үүссэн. Бид бүх бололцоогоо дайчлан ажиллаж, төслийн дагуу төлөвлөсөн ажлуудыг хийж гүйцэтгэн "Санцо" мэс заслын хэвтэн эмчлүүлэх эмнэлгээ ашиглалтад оруулан ажиллаж байна. Зээлийн хүүгийн өр төлбөрийн зөрчилтэй холбоотойгоор банкны удирдлагууд болон хариуцсан эдийн засагч, харилцааны менежерүүдтэй хийсэн удаа дараагийн уулзалтуудаар зөвлөлдөж, зөрчлийг арилгах зорилгоор эмнэлгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулан амралтын өдрүүдээр мөн ажиллах болсноор тодорхой хэмжээгээр үр дүн гарч байна. Компанийн үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөж ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, Биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох тусгай зөвшөөрлүүдийг авч Монгол Улсад хараахан нэвтрээгүй байгаа дэвшилтэт технологи бүхий эм, эмнэлгийн хэрэгслүүдийг импортлон оруулж ирэхээр гадны компаниудтай харилцаа холбоо үүсгэн, мэдээлэл солилцож улмаар хамтран ажиллах албан ёсны гэрээнүүд хийгдэхээр хүлээгдэж байна. "Санцо Өргөтгөл" төсөлд тусгагдсан байсан боловч, дээрх шалтгаануудын улмаас авч чадаагүй мэс заслын зарим багаж тоног төхөөрөмжүүдийг худалдан авч Монголд хийгддэггүй зарим нэр төрлийн эмчилгээ, мэс ажилбаруудыг хийх зорилготой хөрөнгийн эх үүсвэрүүдийг босгохоор судлан ажиллаж байна. Компанийн маркетингийн ажлын хүрээнд "Монгол HD телевизийн урилгаар компанийн захирал, анагаах ухааны доктор, элэг цөс нойр булчирхайн мэс засалч Х.Баянмөнх тус ТВ-тэй 2 жилийн гэрээтэйгээр эрүүл мэндийн цуврал нэвтрүүлэгт оролцож байгаа нь мөн тодорхой үр дүн өгч байна Эдгээрээс гадна Төрийн банкны захиргаанд бид цаашид хамтын үйл ажиллагаагаа дараах хэлбэрээр өргөжүүлэн үргэлжлүүлэх хамтран ажиллах саналыг боловсруулан хүргүүлж байсан боловч банкны зүгээс албан ёсоор хариу өгөөгүй байна. Төрийн банкны нийт ажилчид, албан хаагчдын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор "Санцо" мэс заслын эмнэлгийн эмч, анагаах ухааны доктор Х.Баянмөнх тодорхой сонгосон сэдвүүдээр цуврал лекцүүдийг унших, Төрийн банкны нийт ажилчид, албан хаагчдыг "Санцо" эмнэлэгт "Screening lest" үзлэг оношилгоонд 20%-ийн хөнгөлөлттэйгээр хамруулах, (Screening test" оношилгоо гэдэг ДЭМБ-аас боловсруулан дэлхийн нийт улс орнуудад санал болгон гаргасан, нийгмийн зорилтот бүлгийн (тодорхой насны, эрсдэлт бүлгийн) иргэдэд хорт хавдар, чихрийн шижин. даралт ихсэх болон элэг, цөс, нойр булчирхайн эмгэгүүд гэх мэт өвчнүүдийг эрт оношлон илрүүлэх. эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх оношилгооны цогц систем юм. Төрийн банкны нийт ажилчид, албан хаагчид "Санцо" эмнэлгээр мэс заслын болон мэс заслын бус эмчилгээ хийлгэх тохиолдолд эмчилгээний төлбөрийн нийт үнийн дүнгээс 30 хүртэлх хувиар хөнгөлөх, "Санцо" мэс заслын эмнэлэг нь мэс заслын өмнөх өвчний үзлэг зөвлөгөө, оношилгоо, бамбай булчирхай, хөх, болон хэвлийн эхо үзлэг оношилгоо, зүрхний цахилгаан бичлэг хийх болон амбулаторийн мэс заслын тусламж үйлчилгээнүүд, гоо сайхны нөхөн сэргээх мэс ажилбарууд, мөн мэсийн бус лазер эмчилгээнүүд. түүнчлэн хэвлийн хөндийн бусад 240 өөд нэр төрлийн нарийн мэргэжлийн мэс ажилбаруудыг хийж гүйцэтгэх бөгөөд эдгээр эмчилгээнүүд нь европ стандарт, удирдамжаар хийгддэг. Өнөөдрийн байдлаар гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд үндсэн зээлийн үлдэгдэл 797 745 358 төгрөг байх ёстой бөгөөд зээлийн хүү 67 027 084 төгрөг төлсөн байгаа нь нэхэмжлэлийн шаардлагаас зөрүүтэй байна. Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгод үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Баянмөнхийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Төрийн банкнаас тэрбум төгрөгийн зээл хүсэхэд 816 000 000 төгрөгийн зээл олгосон. Эмнэлгийн хажууд сувилал байгуулахаар гэрээ байгуулсан боловч гэрээний үүрэг биелэгдээгүй. Энэ мэтчилэн компанид санхүүгийн хүндрэл үүсээд зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Зээл авсан нь үнэн төлнө. Гэхдээ нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш манай компанийн пост машинаар уншуулсан төлбөр 6 585 209 төгрөгийг зээлийн төлөлтөд суутгаад авсан. Түүнийг зээлийн төлөлтөөс хасуулах хүсэлтэй байна. Манай компанийн үйл ажиллагаа одооноос сэргэж байгаа гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1, 460.4-т заасныг тус тус баримтлан С ХХК /рд:6045499/, Х.Баянмөнх /рд:ХБ68021617/, Б.Д/ рд:ЧЕ77050407/ нараас үндсэн зээлд 321 702 758.25 төгрөг, хүүд 126 027 934.62 төгрөг, нотариатын зардал 96 500 төгрөг, нийт 441 241 983.52 төгрөгийг, Зээлийн батлан даалтын сан /рд:8091099/-аас 482 554 137.37 төгрөг нийт 923 796 120.89 төгрөг тус тус гаргуулж Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 585 209 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 879 574.15 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С ХХК, Х.Баянмөнх, Б.Д нараас 2 364 160 төгрөгийг, Зээлийн батлан даалтын сангаас 2 570 721 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажавын давж заалдах гомдолд: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... Зээлийн батлан даалтын сан- гаас 482 554 137.37 төгрөг гаргуулах гэснийг зөвшөөрөхгүй байна. Батлан даалтын гэрээний үүргийг хэрхэн гүйцэтгэх талаар зохицуулсан гэрээ буюу Зээлийн батлан даалгын сан, Төрийн банкны хооронд 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан Батлан даалтын ерөнхий гэрээг шүүхээс огт шинжлэн судлаагүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй. Зээлийн батлан даалтын сан С ХХК-ийн зээлд батлан даалт гаргаж, Т ХХК, С ХХК батлан даалтын гурвалсан гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан. Уг гэрээний 2.1, 2.2-т зааснаар батлан даалтын гэрээний үүргийг гүйцэтгэх нөхцөл биелэгдсэн эсэхийг дүгнэхийн тулд Т ХХК Зээлийн батлан даалтын сангийн хооронд 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан Батлан даалтын ерөнхий гэрээг судлах шаардлагатай. Хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн зүгээс уг гэрээг татгалзлын үндэслэлээ болгож тайлбарлаж, мэтгэлцсээр байтал шүүх огт дүгнэлт хийгээгүй. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д заасан нөхөх хариуцлага хүлээхээр гэрээ байгуулсан. Гэвч шүүх батлан даалтын гэрээний 1.1, 2.1, 3.4.2 гэх заалтууд буюу ерөнхий зохицуулалтыг үндэслэн нарийвчилсан зохицуулалт болох 2.2 дахь заалт, Батлан даалтын ерөнхий гэрээнд дүгнэлт хийгээгүй. Мөн батлан даалтын гэрээний 2.1 дэх заалтын ... зээлийн 60 хувьд батлан даалт гаргав гэснийг ... зээлийн 60 хувиар зээл төлөх үүрэг гүйцэтгэх " гэх зэргээр буруу дүгнэлт хийжээ. Анхан шатны шүүх Зээлийн батлан даалтын сангаас 482 554 137.37 төгрөг гаргуулах шаардлагын тухайд банканд шаардах эрх үүссэн эсэхийг нягтлаагүй, батлан даалтын гэрээний үүрэг гүйцэтгэх нөхцөл үүссэн эсэхийг зохицуулсан гол нотлох баримтад дүгнэлт хийгээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Зээлийн батлан даалтын санд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч С ХХК, Зээлийн батлан даалтын сан, Х.Баянмөнх, Б.Д нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 930 381 330.24 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч С ХХК, Х.Баянмөнх, Б.Д нар 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Т ХХК-тай 1090/18/01 тоот зээлийн гэрээг байгуулж, төслийн зээлийн зориулалтаар 816 000 000 төгрөг, сарын 1 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд улсын бүртгэлийн Ү-2003020714 дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сумын 14 дүгээр баг, 3 дугаар хороолол, 1406 дугаар байр 01 тоотын 220 м.кв талбай бүхий амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 1402 дугаар байрны 01 тоотын 220 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 4505701575 дугаартай Дархан-Уул аймаг, 14 дүгээр баг 3 дугаар хороололд байрлах 556 м.кв эзэмших эрхтэй газар, мөн хаягт байрлах нэгж талбарын 4505701576 дугаартай 573 м.кв эзэмших эрхтэй газар, С ХХК-ийн байрыг тус тус барьцаалсан байна. /хх10-17/

Түүнчлэн хэрэгт 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Зээлийн батлан даалтын сан, Т ХХК, Х.Баянмөнх, Б.Д нарын хооронд байгуулагдсан 1090/18/01-03 тоот Батлан даалтын гурвалсан гэрээ, хариуцагч С ХХК, Х.Баянмөнх, Т ХХК-ийн хооронд байгуулагдсан 1090/18/01-02 тоот Батлан даалтын гэрээ авагдсан байна. Батлан даалтын гурвалсан гэрээгээр зээлдэгч нь 1090/18/01 тоот гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Зээлийн батлан даалтын сан түүний өмнөөс зээлийн гэрээний 60 хувьд батлан даалт гаргах, мөн хариуцагч Х.Баянмөнх нь 1090/18/01 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар төрийн банкин дахь харилцах данс, ирээдүйн борлуулалтын орлого, бусдаас авах бүх авлага, бараа материал, банкин дахь бусад харилцах, хадгаламжийн дансны орлогоороо батлан даалт гаргасан байна. /хх18-22/

Анхан шатны шүүх гэрээний үүрэг үүсэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Хэргийн 149-158 дугаар талд авагдсан Т ХХК, Зээлийн батлан даалтын сангийн хооронд хийгдсэн батлан даалтын ерөнхий гэрээний 2.3-т Зээлийн батлан даалтын сан урьдчилсан нөхцлүүд хангагдсан тохиолдолд батлан даалтын үүргийг гүйцэтгэх-ээр заасан. Гэтэл анхан шатны шүүх талуудын тохиролцсон үүрэг буюу Зээлийн батлан даалтын сан гэрээгээр хүлээсэн үүргээ хэзээ, ямар үед гүйцэтгэх талаарх батлан даалтын ерөнхий гэрээний нарийвчилсан зохицуулалтыг хэрэглээгүй нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт нийцэхгүй байна. Үүнтэй холбоотойгоор үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрөөс хэдэн хувийг ямар хугацаанд төлөх үүрэг үүссэн тухай асуудлаар хууль тайлбарлах аргын хувьд гэрээний утга агуулгыг тайлбарлан хэргийг шийдвэрлэх байсан. Гэтэл шүүх энэ агуулгаар гэрээг тайлбарлаагүй, талуудын хоорондох эрх зүйн харилцааны агуулгыг бүрэн тодорхойлж чадаагүй.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна. Батлан даалтын ерөнхий гэрээний 1.12, 1.12.1-т зээл тус бүрийн эрсдэлийн менежмент, эрсдэл хуваах зарчмын нэхэмжлэх болон төлбөр-ийн талаар заасан байна. Энэ нь хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн үүрэг гүйцэтгэх хэмжээ, эрсдэл хуваах нөхцөлд хамаарна. /хх157/

Хэргийн 219-233 дугаар талд авагдсан 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/01557 дугаартай шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг зөрүүтэй байдлаар хэрэгт авагдсан байна. 231-232 дугаар талд агуулгын хувьд үндэслэх хэсгийн зарим хэсэг давхардаж тогтоох хэсгийн зарим хэсэг орсон буюу 2 тогтоох хэсэгтэй байна. Шийдвэрийн тогтоох хэсэг хоорондоо бичвэрийн хувьд адил биш байхад уг шийдвэрийг зохих ёсоор гарсан, улмаар шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэх боломжтой гэж үзэхгүй. Давж заалдах шатны шүүхээс дээрх шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/01557 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 570 720 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ