Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2020/01557

 

 

 

 

2020           05           05                                             101/ШШ2020/01557

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч “Т Б” ХХК/рд /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “С М” ХХК/рд: /,

Хариуцагч: “З Б Д С”/рд: /,

Хариуцагч: Х.Б

Хариуцагч: Б.Д холбогдох

Зээлийн гэрээг цуцлах, гэрээний үүрэгт 930,381,330.24 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, хариуцагч “С М” ХХК-ийн төлөөлөгч Г.*******, хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн төлөөлөгч М.*******, хариуцагч болон хариуцагч Б.Дгийн төлөөлөгч Х.Б, түүний өмгөөлөгч Б.*******, нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч “С М” ХХК/рд: / нь ******* банкны "*******” бизнес төвөөс 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 10904 8/01 тоот Зээлийн гэрээ, 1090/18/01-01 тоот Барьцааны гэрээ, 1090/18/01-03 тоот Батлан даалтын гурвалсан гэрээ, /Цаашид гэрээ гэх/-ний үндсэн дээр 816.000.000 /Найман зуун арван зургаан сая/ төгрөгийн Эх үүсвэртэй батлан даалттай төслийн зээлийг сарын 1.0 хувь /жилийн 12.0 хувь/-ийн хүүтэй, 120 сарын хугацаатай авсан. Гэвч зээлдэгч нь зээл авснаас хойш гэрээний үүргээ зөрчиж 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 804,256,895.62 төгрөг. балансын гадуурх үндсэн хүүгийн төлбөр 126,027,934.62 төгрөг. Нийт 930,284,830.24 төгрөгийн зөрчилтэй, нийт 464 хоног хугацаа хэтрүүлсэн байна. “З Б Д С”******* банкны “*******” бизнес төв, зээлдэгч “С М” /рд:*******/ нарын хооронд байгуулсан 1090/18/01-03 тоот “Батлан даалтын гэрээнд зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээ”-ний дагуу олгогдсон 816,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувь буюу 489,600,000 төгрөгт “Зээлийн батлан сан”-г батлан даалт гаргасан.

Банкны зүгээс компанийн нөхцөл байдалтай танилцаж удаа дараа уулзалт хийсэн бөгөөд банкнаас хийсэн хяналтаар зээлдэгч нь зээлийн гэрээний 6.2.1, 6.2.2 дахь заалтыг зөрчиж зээлийн санхүүжилтийн тодорхой хувийг зориулалтын бусаар ашигласан нь нотлогдсон. Гэвч банкнаас компанийн санхүүгийн нөхцөл байдлыг хүндэтгэн үзэж зээлийн хүүний зөрчлийг барагдуулах хугацааг өгч, зээлийн гэрээний үүргээ биелүүлэх тухай “Мэдэгдэл”-ийг/утсаар, биечлэн, албан бичгээр/ удаа дараа хүргүүлсэн боловч тодорхой үр дүн гаргаагүй байна.

Иймд зээлдэгч 1090/18/01 тоот Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа төлүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээгээр барьцаалуулсан барьцааны зүйлийг хөдлөх эд хөрөнгийн хувьд Монгол Улсын Иргэний хуулийн 453 дугаар зүйл 453.2 дахь хэсэгт заасны  дагуу үл маргах журмаар шилжүүлэн авч захиран зарцуулах,  үл хөдлөх эд хөрөнгийн хувьд Барьцааны гэрээнд заасан журмаар худалдан борлуулж Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулна.” гэж, мөн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан №1090/18/01-03 тоот “Батлан даалтын гурвалсан гэрээ”-ний 1.1. 2.1. 3.1.1. 3.3.4-д заасны дагуу банк Зээлдэгч болон Зээлийн батлан даалтын сангаас нийт 930,381,330.24 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. “С М” ХХКнь ******* банкны "*******" бизнес төвийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан №1090/18/01 тоот, Зээлийн гэрээний 7.1-д заасан "Зээлдэгч Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор зээлийн гэрээний хавсралт болох 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан №1090/18/01-01 тоот Барьцааны гэрээнд тодорхойлсон хөрөнгүүдийг барьцаа болгон барьцаалуулсан болно.

Зээлдэгч “С М” ХХК-иас зээл, зээлийн хүүгийн төлбөр, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нэхэмжлэх гаргахтай холбоотой гарсан нотариатын зардал 96,500 төгрөг нийт 447,827,192.87 төгрөг, зээлийн батлан даагч “З Б Д С”-с 482,554,137.37 төгрөг, нийт 930,381,330.24 төгрөгийг гаргуулж өгнө үү.  Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан №1090/18/01-01 тоот Барьцааны зээлийн гэрээнд тодорхойлсон эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж. үүргийн гүйцэтгэлийг хангуулан зээл,  зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “******* банк”        ХХК-ийн нэхэмжлэлтэй, “С М” ХХК болон “З Б Д С”, Х.Б, Б.Д нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Энэ зээлийн гэрээ нь урт хугацаатай зээлийн гэрээ нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлагаа гаргаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж зээлийг гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар шаардлага гаргаж байна гэв.

Хариуцагч “С М” ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “С М” ХХК-ийн 40 хувийг эзэмшиж гүйцэтгэх захирлаар 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр томилогдож, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нэр бүртгэгдэж өөрчлөлт орсон. Хэдийгээр би захирлын албан тушаалыг хашдаг гэдэг боловч энэ нь цаасан дээр байгаа гэсэн үг. Надаа энэ компанийн  бичиг баримт, тамга тэмдэг байхгүй. Компанийн хувьцааны асуудалтай бид шүүхэд маргаантай байгаа. Би энэ зээлийг аваагүй, намайг захирлын албан тушаалд томилогдохоос өмнө Х.Б энэ зээлийг авсан. Би энэ зээлийн асуудалтай хамааралгүй хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч “З Б Д С” шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол улсын засгийн газар нь Азийн хөгжлийн банкнаас 60 сая ам.долларыг зээлж, үүнийг Зээлийн батлан даалтын санд сангийн яамнаас дамжуулан зээлдүүлж байгаа. 60 сая ам.доллараа бөөн дүнгээр биш зах зээл дээр батлан даалт эх үүсвэртэйгээр батлан даалт болгож гаргасан. Энэ төслийн зорилго нь банкны урт хугацаат хадгаламжийн зах зээл бий болгох болон жижиг дунд үйлдвэр эрхлэгчийн урт хугацаат хүү багатай зээл бий болгох зорилготой. “С М” ХХК-д олгосон 816,000,000 төгрөгийн зээл нь энэ төслийн зээл юм. Төслийн эх үүсгэвэр гэж юуг хэлээд байна гэхээр Зээлийн батлан даалтын сан нь зээл олгодоггүй зээлийн 60 хувь хүртэлх хувьд батлан даалт гаргадаг. Батлан даалт гаргасан дүнтэйгээ тэнцүү хэмжээний их үүсвэр бүхий хадгаламжийг тухайн дансанд нь байршуулдаг. Тухайн дансанд 816,000,000 төгрөгийн 60 хувь 482,000,000 төгрөг байлаа гэхэд 482,000,000 төгрөгийн хадгаламжийг “Т Б” ХХК-д байршуулдаг.

Цаашид зээл хэвийн болоод явна. Ингээд зээл хэвийн болж байгаад, дахиад зээл эрсдэлд орсон тохиолдолд үлдсэн 50 хувийг яаж төлүүлэх вэ гэхээр зээлийг төлүүлэх талаар тодорхой арга хэмжээнүүдийг авахуулах, тодорхой хэлбэл зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсны дараа үлдсэн 50 хувийг өгнө гэсэн үндсэн агуулгатай гэрээ байгаа. Үлдсэн 50 хувийг яаж өгүүлэх вэ гэхээр олгосон зээлээс нь зээлийн эргэн төлөлтийг хасаад, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан. Урьдчилгаа батлан даалтын дүнг хасаад, 60 хувийг нь төлөөлөхийг гүйцэтгэх зохицуулалттай.

Энэ зээлийн хувьд нийт алдагдлыг Зээлийн батлан даалтын сан болон Банк хоёр хувааж хариуцана. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаад, үлдэж байгаа дүн нь банкны цэвэр алдагдал. Энэ дүнгийн 60 хувийг зээлийн батлан даалтын сан хариуцна.  40 хувийг нь банк хариуцах ёстой. Энэ зээлийн хувьд зээлдэгч зээлийн гэрээний ноцтой зөрчил гаргасан байна гэж үзээд, зээлийн дүнг хэсэгчлэн биш, Зээлийн батлан даалтын сангаас бөөн дүнгээр нэхэмжилж байна. 

Банк нийт дүнгээр үүрэг гүйцэтгэхдээ ямар нөхцөлийг хангасан байх ёстой вэ гэхээр банк барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой. Энэ заалт биелэгдээгүй байна. Яг одоогийн байдлаар бол Зээлийн батлан даалтын сан нь яг хэдэн төгрөг хариуцах ёстой вэ гэдгийг тодорхойлох боломжгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т Б нь “С М” ХХК-иас 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан №1000/18/01 тоот Зээлийн гэрээний үүрэгт 447.827.193 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хүлээн аваад дараах тайлбарыг гаргаж байна.

“С М” ХХКнь 2016 оны 02 дугаар сард үүсгэн байгуулагдаж, 2016 оны 6 сард мэс заслын үүдэн эмнэлгийн, 2017 оны 9 дүгээр сард 2 дугаар зэрэглэлийн эмийн сан эрхлэх зөвшөөрлүүдийг тус тус авч үйл ажиллагаагаа эхэлсэн. 2017 онд эмнэлгээ хэвтэн эмчлүүлэх эмнэлэг болгон өргөтгөхөөр "С Өргөтгөл" төслийг боловсруулан 1 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн "Зээлийн батлан даалтын сан"-д хандсан ба тус сангаас төслийг хянаж, дэмжихээр шийдвэрлэн төслийг "******* банк" руу шилжүүлсэн боловч тодорхойгүй шалтгаанаар төсөвт санхүүжилтийн хэмжээ 816,000,000 төгрөг болон буурч 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тус банктай 10 жилийн хугацаатай, №1090/18/01 тоот зээлийн гэрээ байгуулан компанийн дансанд санхүүжилт орж ирсэн.

Уг 816,000,000 төгрөгийн зээлийн барьцааны 60%-д буюу 489,600,000 төгрөгийн зээлд "Зээлийн батлан даалтын caн" баталгаа гаргаж, үлдсэн 40% буюу 326,400,000 төгрөгийн зээлд иргэн Г.Б(рд:)-ийн хүсэлтээр түүний эзэмшлийн нийт 440.0 м.кв талбай бүхий амины орон сууцны зориулалттай 2 үл хөдлөх хөрөнгө, нийт 1129.0 м.кв талбай бүхий амины орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй 2 газрыг 364,536,881 төгрөгөөр үнэлүүлэн тус тус  барьцаалуулсан болно.

Төслийн санхүүжилт орж ирэхээс өмнө 2017 оны 6 дугаар сард “С М” ХХКнь “Шинэ мянганы барилга" ХХК-тай эмнэлгийн өргөтгөлийн засварын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тохиролцон уг компанийн захирал Л.Х-тай гэрээ байгуулан засварын ажлыг эхлүүлээд байсан боловч төслийн санхүүжилт шидэгдэлгүй хойшлогдож байсны улмаас засварын ажил түр зогссон. 2018 оны 01 дүгээр сард "Т Б" банкны санхүүжилт орж ирснээр "Шинэ мянганы барилга" ХХК-ийн захирал Л.Х-д гэрээгээр тохиролцсон боловч төлөгдөөгүй байсан ажлын хөлсний урьдчилгаа болох 36,000,000 төгрөг, мөн засварын ажлыг дуусгахад шаардлагатай 72,700,000 төгрөг нийт 108,700,000 төгрөгийг төлсөн боловч засварын ажлыг дуусгалгүй манай компанитай ямар ч тооцоо нийлэлгүй орхин явсан.

Иймд “С М” ХХКнь дахин 2018 оны 02 дугаар сард "Канад Кастл" ХХК-тай засварын ажил хийж гүйцэтгүүлэх гэрээ байгуулан өргөтгөлийн ажлын зургийг мөн шинээр төлөвлөн зуруулж эмнэлгийн зориулалттай засвар, цахилгаан, сантехник, салхивч агааржуулалтын ажлуудыг цогцоор нь хийж гүйцэтгүүлсэн.Мөн төсөвлөсөн санхүүжилт дутуу хийгдсэнээс шалтгаалан мэс заслын зарим шаардлагатай чухал багаж тоног төхөөрөмжийг төсөлд тусгагдсан үнийн саналын дагуу худалдан авах боломжгүй болсон тул мөн дээрх компанийн захирал иргэн Л.Х-ын санал болсны дагуу тоног төхөөрөмж хямд үнээр худалдан авахаар тохиролцон 2018 оны 01 дүгээр сарын 23-нд гэрээ байгуулан 100,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн боловч мөн ямар ч тоног төхөөрөмж нийлүүлээгүй төлбөрийг ч буцаалгүй мөн алга болсон.

Үүний зэрэгцээ эмнэлгийн ажлын байрны асуудал төвөгтэй байдалд орж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул 2018 оны 02 дугаар сард "Өнөр Хаус“ ХХК-иас санал болгосны дагуу зах зээлийн ханшнаас хямд өртгөөр эмнэлгийн сувилахын барилга захиалан бариулахаар тохиролцон гэрээ байгуулж 95,000,000 төгрөгийг төлсөн боловч одоог хүртэл барилгын ажил дуусаагүй байдалтай байна.

Дээрх шалтгаануудаас үүдэн 2018 оны 9 дүгээр сараас компанийн төлөвлөсөн хэвийн үйл ажиллагаа болон санхүүгийн байдалд хүндрэл учирсан боловч зээл, зээлийн хүүг төлөлтийг хуваарийн дагуу гүйцэтгэж байсан боловч 2019 оны сүүлчээр зээлийн гэрээний ялимгүй зөрчил үүссэн. Гэсэн хэдий ч бид бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж. төслийн дагуу төлөвлөсөн ажлуудыг хийж гүйцэтгэн "Санцо" мэс заслын хэвтэн эмчлүүлэх эмнэлгээ ашиглалтад оруулан иргэдэд дэлхийн стандартад нийцсэн чанартай эмчилгээ, үйлчилгээг хүргэхийг зорин ажиллаж байна.

Зээлийн хүүгийн өр төлбөрийн зөрчилтэй холбоотойгоор бид банкны удирдлагууд болон хариуцсан эдийн засагч. харилцааны менежерүүдтэй хийсэн удаа дараагийн уулзалтуудаар ярилцан зөвлөлдөж, зөрчлийг арилгах зорилгоор:

1. Эмнэлгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулан амралтын өдрүүдээр мөн ажиллах болсноор тодорхой хэмжээгээр үр дүн гарч байна.

2. Компанийн үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөж ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж. Биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох тусгай зөвшөөрлүүдийг аван Монгол Улсад хараахан нэвтрээгүй байгаа дэвшилтэт технологи бүхий эм, эмнэлгийн хэрэгслүүдийг импортлон оруулж ирэхээр гаднын компаниудтай харилцаа холбоо үүсгэн, мэдээлэл солилцож улмаар хамтран ажиллах албан ёсны гэрээнүүд хийгдэхээр хүлээгдэж байна.

3. "С Өргөтгөл" төсөлд тусгагдсан байсан боловч, дээрх шалтгаануудын улмаас авч чадаагүй мэс заслын зарим багаж тоног төхөөрөмжүүдийг худалдан авч Монголд хийгддэггүй зарим нэр төрлийн эмчилгээ. мэс ажилбаруудыг хийх зорилготой хөрөнгийн эх үүсвэрүүдийг босгохоор судлан ажиллаж байна.

4. Компанийн маркетингийн ажлын хүрээнд "Монгол HD“ телевизийн урилгаар компанийн захирал, анагаах ухааны доктор, элэг цөс нойр булчирхайн мэс засалч Х.Б тус ТВ-тэй 2 жилийн гэрээтэйгээр эрүүл мэндийн цуврал нэвтрүүлэгт оролцож байгаа нь мөн тодорхой үр дүн өгч байна Эдгээрээс гадна ******* банкны захиргаанд бид цаашид хамтын үйл ажиллагаагаа дараах хэлбэрээр өргөжүүлэн үргэлжлүүлэх хамтран ажиллах саналыг боловсруулан хүргүүлж байсан боловч банкны зүгээс албан ёсоор хариу өгөөгүй байна. Үүнд:

1. ******* банкны нийт ажилчид, албан хаагчдын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор "С" мэс заслын эмнэлгийн эмч, анагаах ухааны доктор Х.Б тодорхой сонгосон сэдвүүдээр цуврал лекцүүдийг унших,

2. ******* банкны нийт ажилчид, албан хаагчдыг "С" эмнэлэгт "Screening lest" үзлэг оношилгоонд 20%-ийн хөнгөлөлттэйгээр хамруулах, (“Screening test" оношилгоо гэдэг ДЭМБ-аас боловсруулан дэлхийн нийт улс орнуудад санал болгон гаргасан, нийгмийн зорилтот бүлгийн (тодорхой насны, эрсдэлт бүлгийн) иргэдэд хорт хавдар, чихрийн шижин. даралт ихсэх болон элэг, цөс, нойр булчирхайн эмгэгүүд гэх мэт өвчнүүдийг эрт оношлон илрүүлэх. эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх оношилгооны цогц систем юм.))

3. ******* банкны нийт ажилчид, албан хаагчид "С" эмнэлгээр мэс заслын болон мэс заслын бус эмчилгээ хийлгэх тохиолдолд эмчилгээний төлбөрийн нийт үнийн дүнгээс 30 хүртэлх хувиар хөнгөлөх, 

("С" мэс заслын эмнэлэг нь мэс заслын өмнөх өвчний үзлэг зөвлөгөө, оношилгоо, бамбай булчирхай, хөх, болон хэвлийн эхо үзлэг оношилгоо, зүрхний цахилгаан бичлэг хийх болон амбулаторийн мэс заслын тусламж үйлчилгээнүүд, гоо сайхны нөхөн сэргээх мэс ажилбарууд, мөн мэсийн бус лазер эмчилгээнүүд. түүнчлэн хэвлийн хөндийн бусад 240 өөд нэр төрлийн нарийн мэргэжлийн мэс ажилбаруудыг хийж гүйцэтгэх бөгөөд эдгээр эмчилгээнүүд нь европ стандарт. удирдамжаар хийгддэг болно.)

Өнөөдрийн байдлаар гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд үндсэн зээлийн үлдэгдэл 797,745,358 төгрөг байх ёстой бөгөөд зээлийн хүүгийн өр төлбөр 67,027,084 төгрөгийн төлсөн байгаа нь нэхэмжлэлийн шаардлагаас зөрүүтэй байна.

Хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэж ойлгож байна.

Гэтэл гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгод үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг. Талууд гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэлийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.-т тусгасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Х.Б шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө. Миний бие компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “******* банк”-наас тэрбум төгрөгийн зээл хүсэхэд 816,000,000 төгрөгийн зээл авсан. Миний бие олон жил гадаадад эмчээр ажиллаж байгаад эх орондоо ирсэн.Өөрийн сурсан мэдсэн зүйлээ эх орондоо үргэлжлүүлэхээр мэс заслын эмнэлэг байгуулахаар зээлийг авсан. Гэхдээ зарим хүмүүст хууртагдаж мөнгөө алдсан. Мөн эмнэлгийн хажууд сувилал байгуулахаар гэрээ байгуулсан боловч гэрээний үүрэг биелэгдээгүй. Энэ мэтчилэн компанид санхүүгийн хүндрэл үүсээд зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Зээл авсан нь үнэн төлнө. Гэхдээ нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш манай компанийн пост машинаар уншуулсан төлбөр 6,585,209 төгрөгийг ******* банк зээлийн төлөлтөд суутгаад авчихсан байгаа. Түүнийг зээлийн төлөлтөөс хасуулах хүсэлтэй байна. Манай компанийн үйл ажиллагаа одооноос сэргэж байгаа. ******* банкнаас авсан зээлийг төлж барагдуулна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Т Б” ХХК нь хариуцагч “С М” ХХК, иргэн Ө.*******, Х.Б нарт холбогдуулж гэрээний үүрэгт 447,730,692.87 төгрөг, нотариатын зардалд 96,500 төгрөг, нийт 447,827,192.87 төгрөгийг, Зээлийн батлан даалтын сангаас 482,554,137.37 төгрөг нийт 930,381,330.24 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар нэмэгдүүлж, хамтран хариуцагчаар “С М” ХХК-ийн захирал Г.Б, Х.Б, Б.Д нарыг татан оролцуулсан.

Хариуцагч “С М” ХХК-ийн захирал Г.Б энэ компанийн захирлын албан тушаалыг цаасан дээр гүйцэтгэдэг. Намайг гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдохоос өмнө энэ зээлийг авсан тул би хариуцахгүй гэж;

хариуцагч Зээлийн батлан даалтын сан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж,

Хариуцагч Б.Д зээлийн тодорхой хэсгийг хүлээн зөвшөөрнө гэж;

Хариуцагч Х.Б “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ нэхэмжлэгч “Т Б” ХХК шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш манай компанийн 6,585,209 төгрөгийг төлснийг зээлээс хасаж тооцох ёстой” гэж тус тус маргаж байна.  

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.

1. Хариуцагч “С М” ХХК, Х.Б, Б.Д нараас зээлийн гэрээний үүрэгт 447,730,692.87 төгрөг, нотариатын зардалд 96,500 төгрөг, нийт 447,827,192.87 төгрөг гаргуулах, зээлийн гэрээг цуцлах шаардлагын тухайд:

“С М” ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Гадаад худалдаа эрхлэх” үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй байгуулагдаж, гүйцэтгэх захирлаар Х.Бийг 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр томилж, хувь нийлүүлэгчээс 1 хасагдаж, 1 нэмэгдэж, 2 гишүүнтэйгээр 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Г.Б гүйцэтгэх захирлаар томилж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна./хх-ийн 40-48 дугаар тал/

Иргэн Г.Б 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг “С М” ХХК нь өөрийн нэр дээр хамтран зээлдэгч үүрэг гүйцэтгэгчийн хамт ******* банкнаас авах, зээлийн барьцаанд барьцаалах, гэрээ, барьцаалбарыг төлөөлөн байгуулах, гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангах, ЭБЭУБГ-т бүртгүүлэх, авах, лавлагаа авах бүрэн эрхийг “С М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х.Бөд 3 жилийн хугацаатай “Итгэмжлэл”-ийг олгожээ./хх-ийн 63-66 дугаар тал/

Зээлдүүлэгч “Т Б” ХХК, зээлдэгч “С М” ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Б, Б.Д нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 816,000,000 төгрөгийг, жилийн 12 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай, төслийн зориулалттай, №1090/18/01 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан байна./хх-ийн10-13 дугаар талууд/

Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож “Итгэмжлэл”-ийн дагуу талуудын байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр №1090/01-01 тоот баталгаат барьцааны гэрээгээр

1. Г.Б эзэмшлийн ******* аймаг, сум, үгээр баг, 00 дугаар хороолол, Амины орон сууц зориулалттай, нэгж талбарын 0000000 дугаар бүхий, 556 м.кв талбайтай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн №000662760 тоот гэрчилгээтэй газар,

2. Г.Б эзэмшлийн ******* аймаг,  сум, үгээр баг, 3 дугаар хороолол, Амины орон сууц зориулалттай, нэгж талбарын 00000 дугаар бүхий, 0000 м.кв талбайтай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн №000662761 тоот гэрчилгээтэй газар,

3.Г.Б өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэгдсэн ******* аймаг, сум үгээр баг 3 дугаар хороолол, 0000 дугаар байрны 000 тоот хаягт байршилтай, №00000 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй,  амины орон сууцны зориулалттай, 220,0 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

4. Г.Б өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн ******* аймаг, сум үгээр баг 000 дугаар хороолол, 0000 дугаар байрны 01 тоот хаягт байршилтай, №00000 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, амины орон сууцны зориулалттай, 0000,0 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус  барьцаалжээ./хх-ийн 53-54, 57-62 дугаар тал/

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т:“үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ”, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д ”Газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ” гэж тус тус заасны дагуу талууд баталгаат барьцааны гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр болон 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тус тус улсын бүртгэл, газрын албанд бүртгүүлсэн байна. /хх-ийн 14-17 дугаар талууд/

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд зээлийн болон баталгаат барьцааны гэрээ байгуулагдсан, талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хүсэл зоригоо илэрхийлсний үндсэн дээр гэрээнд гарын үсэг зурсан, барьцааны гэрээг хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн, ийнхүү бүртгүүлснээр дээрх гэрээ хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.

Зохигчид 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан №1090/18/01 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 11,743,100 төгрөг, зээлийн хүүд 67,023,021 төгрөгийг төлсөн гэдэгт хэн аль маргаагүй.

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээний талаар талууд маргаагүй, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан, гэрээгээр зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа болон зээлдэгч нар зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус тус тохиролцсон нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж заасантай нийцсэн байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д: “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасны дагуу зээлдэгч Х.Б, Б.Д-г хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр, 120 сарын хугацаатай Зээлийн гэрээ, зээлийн батлан даалтын гэрээ, барьцаат зээлийн гэрээний хугацаа 2028 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болох, гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1-д заасан зээл буцаан төлөх хуваарийг зөрчсөн, гэрээгээр тохирсон эргэн төлөлтийн хуваарийг эс биелүүлж, зээлдэгч гэрээгээр тохиролцсон үндсэн зээл, түүний хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй 464 хоног хэтэрсэн, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл, зээлийг хүүг төлүүлэх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан нь үндэслэлтэй гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан.

 Талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №1090/18/01 тоот зээлийн гэрээний хугацаа 120 сар, тодруулбал 2028 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаатай, талууд хугацаа, төлөлтийг тохиролцсон нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т зааснаар гэрээний гол нөхцөл болно.

Зээлдэгч “С М” ХХК, гүйцэтгэх захирал Х.Б, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Д нар нь гэрээнд заасан зээлийн төлбөрийг тодорхой цаг хугацаанд, тогтсон дүнгээр төлж биелүүлэхээр гэрээний гол нөхцөл болгон зээлдүүлэгчтэй тохиролцсон тул энэ нь талуудын хувьд хугацаа, эргэн төлөлт нь гэрээний үүргээ тохирсон хугацаанд нь, зохих ёсоор биелүүлэх үүрэгтэй.

Талуудын хооронд байгуулагдсан №1090/18/01 тоот зээлийн гэрээний 5-д гэрээ цуцлах үндэслэлийг тохиролцсон байх ба 6 дугаар зүйлийн 6.2.-т ”Банк санаачлан гэрээг цуцлах”, 6.2.1-т:”зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй” гэх үндэслэлийг зохицуулжээ.

“С М” ХХК, Х.Б, Б.Д нар зээлийн гэрээний үүрэгт 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш үндсэн зээлд 11,743,100 төгрөг, хүүд 67,023,021 төгрөгийг төлсөн байх бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн, зээлийн эргэн төлөлт хийгдээгүй байна.

Зээлдэгч нарт зээлдүүлэгч зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.11.-д зааснаар зээлдэгч нарт гэрээгээр хүлээсэн үүүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй зөрчсөн, зээлдүүлэгчийн зүгээс үүргээ гүйцэтгэхийг зээлдэгч нарт мэдэгдэж байсантай зохигч маргахгүй байх тул зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, түүнд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэж үзэхээр байна./хх-67-99 дүгээр тал/

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д :” Зээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглана. Олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй” байна.

Зээлдэгч нар нь гэрээний үүргийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу биелүүлээгүй, дутуу биелүүлсэн тул зээлдүүлэгч нь гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлах шаардлагыг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөр шүүхэд тооцож гаргасан тул мөн өдрөөр гэрээг цуцалж, цуцлах хүртэл хугацааны гэрээний үүргийг шийдвэрлэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага нь зээлдэгч нараас үндсэн зээл 321,702,758.25 төгрөг, зээлийн хүүд 126,027,934.62 төгрөгийг нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар “зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т “зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заажээ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болсон гэж тооцоход талуудын гэрээгээр тохиролцсон үндсэн зээл, зээлийг хүү хүүг мөн өдрөөс хойш тооцох ёстой бөгөөд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар нэмэгдүүлсэн хүү нь гэрээний хугацаа дууссанаас хойш хүлээдэг үүрэг гүйцэтгэгчийн хариуцлага учраас гэрээг хугацаанаас өмнө цуцалж байх тул зээлдэгч нарын зээл ашигласан хугацаанд хариуцлага тооцох үндэслэлтэй.

Хариуцагч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт “******* банк шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш манай компани зээлийн гэрээний үүрэгт 6,585,209 төгрөгийг зээлийн үлдэгдлээс хасуулна”  гэж маргасныг нэхэмжлэгчийн төлөөлөгч “шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш төлсөн байх магадлалтай, би баримт шалгаагүй, 6,585,209 төгрөгийг зээлийн үлдэгдлээс хасахад маргахгүй” гэж тус тус тайлбарлаж байна.

Хариуцагч Х.Б 6,585,209 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч нь хариуцагчийн татгалзалтай холбоотой баримтыг хэн аль шүүхэд ирүүлээгүй, энэ талаар зохигчдыг маргаагүй гэж үзэж, зээлдэгчийн үндсэн зээлээс хасаж тооцох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойших хугацаанд хариуцагчийн төлсөн 6,585,209 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцов.

Нэхэмжлэгч зээлдэгч нараас нотариатын зардал 96,500 төгрөгийг гаргуулахыг шаардсан шаардлага нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасантай нийцэж байх тул зээлдэгч нараас нотариатын зардалд 96,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иймд хариуцагч “С М” ХХК, Х.Б, Б.Д нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн 40 хувь болох 321,702,758.25 төгрөг, хүүд 126,027,934.62 төгрөг, нотариатын зардал 96,500 төгрөг, нийт 441,241,983.52 төгрөгийг гаргуулж “Т Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,585,209 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Талууд зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №1090/18/01 тоот “Зээлийн гэрээ”, №1090/18/01-01 тоот барьцааны гэрээ байгуулсан, зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж байх тул үүрэг гүйцэтгүүлэгч нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй гэж үзэж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу “С М” ХХК, Х.Б, Б.Д нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №1090/18/01-01тоот “Барьцааны гэрээ”-гээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

2. Зээлийн батлан даалтын сангаас 482,554,137.37 төгрөг гаргуулах шаардлагыг тухайд:

Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зохигчдын хооронд байгуулсан батлан даалтын гурвалсан гэрээний 1.4, 1.5, 2.2, 2.3-д ******* банк болон Зээлийн батлан даалтын сангийн хооронд 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан “Гэрээний ерөнхий нөхцөл”, “Холбогдох гэрээ”, “Батлан даалтын ерөнхий гэрээ”-ний талаар дурдаж батлан даалтын үүргийг гүйцэтгэхдээ Батлан даалтын ерөнхий гэрээг баримтлахаар заасан. ******* банк болон Зээлийн батлан даалтын сангийн хооронд 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан Батлан даалтын ерөнхий гэрээнд заасан батлан даалтын үүрэг гүйцэтгэх нөхцөл

бүрдээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч “Т Б” ХХК хариуцагч “С М” ХХК, “З Б Д С”-гийн хооронд 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Батлан даалтын гурвалсан гэрээ”-гээр байгуулжээ.

 

Уг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1.-д  “зээлдэгч  банкны хооронд байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1090/18/01 дугаартай зээлийн гэрээгээр зээл төлөх үүргээ зээлдэгч нь бүрэн биелүүлж чадна гэж баталж хэрэв үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдэгчийн өмнөөс энэхүү гэрээнд заасан үүргийг гүйцэтгэх”, гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д “зээлийн батлан даалтын сан, зээлдэгч, банк нарын хооронд байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан 1090/18/01 тоот зээлийн гэрээний дагуу олгогдсон 816,000,000 төгрөгийн зээлийн 60%-аар зээл төлөх үүрэг гүйцэтгэх”, 3 дугаар зүйлийн 3.4.2-т “зээлдэгчийн өмнөөс үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл дүнгээс энэхүү гэрээний 2.2-т заасны дагуу батлан даалтын үүргийг гүйцэтгэх” гэж тус тус тохиролцжээ.

 

 Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-т “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ”, 460 дугаар зүйлийн 460.1-т “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ”, 460.4-т “Батлан даагч батлан даалтын гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж тус тус зааснаар батлан даалтын гэрээний дагуу Зээлийн батлан даалтын сангаас зээлийн гэрээний үүргийн 60% болох 482,554,137.37 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т Б” ХХК-д олгох зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч “С М” ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Б, Б.Д нараас 441,241,983.52 төгрөг, Зээлийн батлан даалтын сангаас 482,554,137.37 төгрөг нийт 923,796,120.89 төгрөгийг гаргуулж “Т Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,585,209 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар үүргээ сайн дураараа гүйцэтгэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар дугаар зүйлийн 453.1., 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1., 460.4-т заасныг баримтлан “С М” ХХК, Х.Б, Б.Д нараас үндсэн зээлд 321,702,758.25 төгрөг, хүүд 126,027,934.62 төгрөг, нотариатын зардал 96,500 төгрөг, нийт 441,241,983.52 төгрөгийг, “З Б Д С”-гаас 482,554,137.37 төгрөг нийт 923,796,120.89 төгрөгийг тус тус гаргуулж “Т Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,585,209 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “С М” ХХК, Х.Б, Б.Д нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Г.Б эзэмшлийн ******* аймаг, сум, 00 дүгээр баг, 00 дугаар хороолол, Амины орон сууц зориулалттай, нэгж талбарын 000 дугаар бүхий, 0000 м.кв талбайтай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийн №0000 тоот гэрчилгээтэй газар, Г.Б ******* аймаг, сум, үгээр баг, 00 дугаар хороолол, Амины орон сууц зориулалттай, нэгж талбарын 0000000 дугаар бүхий, 0000 м.кв талбайтай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай эзэмших эрхийн №00000 тоот гэрчилгээтэй газар, Г.Б өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэгдсэн ******* аймаг, сум, 000 дүгээр баг, 3 дугаар хороолол, 0000 дугаар байрны 00 тоот хаягт байршилтай, №0000 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, амины орон сууцны зориулалттай, 220,0 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Г.Б өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн              Ү-0000 дугаарт бүртгэгдсэн ******* аймаг, сум, үгээр баг, 3 дугаар хороолол, 00 дугаар байрны 00 тоот хаягт байршилтай, №0000 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, амины орон сууцны зориулалттай, 000,0 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,879,574.15 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С М” ХХК, Х.Б, Б.Д нараас 2,364,160 төгрөгийг, “З Б Д С”-гаас 2,570,721 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Т Б” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ГАНЧИМЭГ