Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2017/01082

 

 

 

 

 

 

2017 05 05

1082

 
 

 

 

П.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/00585 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: П.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Амьдарлын үр гучин хоёр ХЗХ-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: П.Эрдэнэтуяа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Дашдэмбэрэл

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Саранцэцэг, Г.Гантөр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч П.Эрдэнэтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Амьдралын үр гучин хоёр ХЗХ-нд 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нягтлан бодогчоор орсон ба 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл өвчтэй байж байгаад 2016 оны 5 дугаар сарын 10-нд ажилдаа орох гэтэл таны оронд ажиллах хүнийг 3 сарын хугацаатай авсан гэж хэлсэн. Тэргүүлэгчийн зөвлөлийн хурлаар намайг 2016 оны 6 дугаар сарын 02-нд ажилдаа орохоор шийдвэр гарсан. Ажилдаа өглөө эрт очтол хүн байгаагүй, захирал руу залгахад утсаа аваагүй. Дараа нь ажилдаа ирэхэд та цагтаа ирээгүй гээд аваагүй тул дахин тэргүүлэх зөвлөлд гомдол гаргаад тэргүүлэгчдийн зөвлөлийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар дахин ажилдаа эгүүлж орохоор шийдвэр гарсан. Гэтэл надад ажлаас халсан гэж хэлэхгүй байж байгаад 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр халагдах тушаал өгсөн. Би тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Намайг ажиллаж байх хугацаанд байгууллагын тайлан мэдээгээ хугацаандаа өгөөгүй гэж 50 000 төгрөгөөр торгосон боловч энэ торгуулийг миний нэр дээр гаргаагүй. Би хоршоонд ажиллаж байсан туршлага багатай учир санхүүгийн тайланг гаргахдаа өөр мэргэжлийн хүнээс туслалцаа авч байх талаараа анх ажилд орохдоо захиралд хэлж байсан, удирдлага ч энэ талаар тухайн үедээ мэдэж байсан. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү. Цалин 400 000 төгрөг бөгөөд ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 08 дугаар сараас 2017 оны 03 дугаар сар хүртэл хугацааны цалин 3 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Эрдэнэтуяа нь хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлж, хадгаламж зээлийн хоршоонд удаа дараа чирэгдэл учруулж байсан. Энэ нь тайлан мэдээ хугацаандаа өгөөгүйн улмаас 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 50 000 төгрөгийн торгууль ногдуулсан. П.Эрдэнэтуяа нь Санхүүгийн зохицуулах хороо, төрийн сангийн тайланг хугацаанд нь өгсөн ч хоршооны тайланг 7-р хоршооны нягтлан бодогч Мөнхзулаар хийлгэж, хоршооны санхүүгийн нууцлал бүхий кодыг бусдад мэдүүлж, нягтлан бодогчийн хувьд ёс зүйн зөрчилтэй асуудал гаргасан. Мөн аудитын шалгалтад орох хугацааг хоёр удаа хойшлуулж гурав дахь удаа орох үед албан бичиг, тайланг цэгцэлж өгөлгүй өвчтэй гэсэн шалтгаанаар ажлаа орхин явсан. Хоршооны хуучин захирлыг амаржсаны амралттай байхад нь нийгмийн даатгалын дэвтрийг 2017 он хүртэл бүтэн цалингаар бөглөсөн зөрчил гаргасан. П.Эрдэнэтуяад хоёр удаа сануулах арга хэмжээ авсан. Мөн өвчтэй байсан үеийн хугацааны тэтгэмжийг 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр олгосон. Дээрх зөрчлүүдээс үүдэн түүнийг ажлаас халсан ба ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлгүй. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын бичилтийг листны дагуу нийгмийн даатгалын газраас хийгдсэн, хоршооны зүгээс бөглөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлана Сартуул овогт Пүрэврагчын Эрдэнэтуяаг Амьдралын үр гучин хоёр Хадгаламж зээлийн хоршооны нягтлан бодогчийн ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 3,200,000 төгрөгийг хариуцагч Амьдралын үр гучин хоёр ХЗХ-с гаргуулж, нэхэмжлэгч П.Эрдэнтуяад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар П.Эрдэнэтуяагийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Амьдралын үр гучин хоёр ХЗХ-оос улсын тэмдэгтийн хураамж 136 350 төгрөгийг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Саранцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: П.Эрдэнэтуяаг тайлант мэдээг хугацаанд өгөөгүй, ажилтны нийгмийн даатгалын бичилтийг буруу хийсэн, холбогдох тайлан, тооцоог өөр нягтлан бодогчоор хянуулсан ёс зүйн зөрчилтэй асуудал гаргасан гэснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй ба энэ нь ажилтны гаргасан зөрчил дутагдал алдаа мөн гэж дүгнэсэн боловч мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдоогүй гэж тодорхойлсон. Хоршооны Тэргүүүлэгчдийн зөвлөлийн 2016 оны 05-р сарын 23-ны өдрийн 24-р тогтоол, 2016 оны 07-р сарын 04-ний өдрийн 27-р тогтоолуудаар нягтлан бодогч П.Эрдэнэтуяаг шатгаангүйгээр ажил тасалсан, мэргэжил ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй, мэргэжлийн хариуцлага удаа дараа алдсан, энэ байдалдаа дүн шинжилгээ хийгүй байна гэж дүгнэсний үндсэн дээр хоршооны дүрмийн 2-р зүйлийн 2.1.6-т нууцад хамаарах мэдээлэл гэж хоршоо албан ёсоор олон нийтэд зарласнаас бусад хоршооны санхүү, бизнесийн холбоотой аливаа мэдээлэл болон хоршооны нийт гишүүд, тэргүүлэгч болон хяналтын зөвлөлийн гишүүд зээлийн хорооны гишүүд, гүйцэтгэх захиралтай холбогдох хадгаламж зээл, хувь нийлүүлсэн хөрөнгө, ногдох хувь хөрөнгийн мэдээлэл болон Хувь хүний нууцын тухай хуулиар зохицуулсан мэдээлэл, хоршооны бүх гишүүдийн хувь хүний мэдээлэл, дасны мэдээлэл, тэдгээрийн түүх болон хоршооноос олон нийтэд албан ёсоор мэдээлсэн буюу санхүүгийн зохиуцуулах хорооноос гаргасан олон нийтэд зайлшгүй тайлан мэдээнээс бусад аливаа санхүүгийн болон үйл ажиллагааны талаарх мэдээлэл, тэдгээрийн түүх нь нууцлалын мэдээлэл байна гэж заасныг зөрчсөн гэж үзсэн. Дээрх зөрчил тогтоогдсон байгааг харгалзан үзээгүй.

Г.Сайханцэцэг захирал энэ хүнийг ажилд авсан байдаг, уг хүний буруутай үйл ажиллагааны улмаас хоршооны тайлан хоцорч Хоршооны гүйцэтгэх удирдлагын нэрээр шийтгэвэр ирсэн үйл баримтад буруу дүн шинжилгээ хийлээ. Гэрч А.Мөнхзулын мэдүүлгээр байгууллагын нууц кодыг ашиглан удаа дараа санхүүгийн тайлан мэдээг гаргаж байсан зэргийг шүүх шийдвэрээ гаргахдаа харгалзан үзээгүй. Шүүх нотлох баримтуудад үндэслэлгүй, дутуу дүн шинжилгээ хийсэн.

Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч П.Эрдэнэтуяа нь хариуцагч Амьдарлын үр гучин хоёр ХЗХ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, ...удаа дараа зөрчил гаргаж байсан, мэргэжил ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж маргажээ.

 

Зохигчид 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 02 тоот хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, П.Эрдэнэтуяа нь нягтлан бодогчийн ажил албан тушаалд томилогдон ажиллаж байгаад тус хоршооны гүйцэтгэх захирлын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаар тушаалаар ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон зэрэг үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ. /хх-ийн 48-50/

 

Ажилтан бусдаар санхүүгийн тайланг гаргуулдаг байсан болох зохигчдын тайлбараар тогтоогдсон хэдий ч үүнийг хариуцагч байгууллага нь мэдсээр байж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлийг хүлээлгээгүй, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэсэн хугацаа өнгөрсөн байхад ажлаас халах сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэлгүй болжээ.

 

Ажилтанг ажлаас халсан тушаалын үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.5-т заасан нөхцөл байдал хэргийн баримтаар бүрэн тогтоогдоогүй болно. Өөрөөр хэлбэл ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь энэ тухай салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгодог. Гэтэл ажилтны мэргэжил ур чадварын талаар гарсан дүгнэлт баримтгүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/00585 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Саранцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар хариуцагч Амьдарлын үр гучин хоёр ХЗХ нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болох дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдолд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            М.НАРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                          Ш.ОЮУНХАНД