Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 1147

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Эрдэнэтуяа /РД:

Хариуцагч: “Амьдралын үр 32” Хадгаламж зээлийн хоршоо, 

            Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Саранцэцэг, Г.Гантөр, нарийн бичгийн дарга Б.Даваахүү нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Эрдэнэтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс “Амьдралын үр 32” Хадгаламж зээлийн хоршоонд нягтлан бодогчоор ажилд орж 1 жилийн хугацаанд ажиллахдаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй. Намайг байгууллагын зүгээс 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Д-05 тоот тушаалаар хөдөлмөрийг гэрээг цуцалж ажлаас үндэслэлгүйгээр халсанд гомдолтой байна. Иймд шүүхийн журмаар ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

Хариуцагч, түүний төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Иргэн П.Эрдэнэтуяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. П.Эрдэнэтуяа нь хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлж, хоршоонд удаа дараа чирэгдэл учруулж байсан. Тайлант мэдээг хугацаанд нь гаргаж өгөөгүйгээс 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Нягтлан бодох бүртгэлийн Улсын байцаагчаас шийтгэврийн хуудсаар 50 000 төгрөгийн торгууль ногдуулсан, мөн тэрээр Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн санд гаргадаг тайланг өөр хоршооны нягтлан бодогч н.Мөнхзулаар хийлгэж өгдөг байсан нь илэрсэн бөгөөд хоршооны санхүүгийн нууцлал бүхий кодыг бусад хоршооны нягтлан бодогч мэдэж байгаа нь ноцтой зөрчил юм. Мөн аудитын шалгалтанд орох байсан хугацааг 2 удаа хойшлуулж, орох үед нь албан бичиг, тайлангаа цэгцэлж өгөлгүй өвчтэй гээд гээд ажлаа орхиж явсан, . хоршооны хуучин захирал буюу хүүхэд харсны чөлөөтэй байгаа хүний нийгмийн даатгалын дэвтрийг 2017 он хүртэл бүтэн цалингаар бөглөснөөс Нийгмийн даатгалын байгууллагатай зөрчил үүссэн.  Удаа дараа алдаа дутагдал гаргасан нягтлан бодогч П.Эрдэнэтуяад Тэргүүлэгчдийн зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 24, 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 27 тоот тогтоолуудаар зөрчил гаргасантай нь холбогдуулан 2 удаа сануулах араг хэмжээ авсан, мөн өвчтэй байх хугацааны тэтгэмжийг 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр олгосон нь дансны хуулгаар нотлогдоно. Дээрх зөрчлүүлээс үүдэн 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр ажлаас халах тушаалыг гаргаж, 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчийн 5001773492 тоот дансанд ажлаас халагдсаны тэтгэмжийг шилжүүлсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч тал шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэнэ үү.

Шүүх талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

Нэхэмжлэгч  П.Эрдэнэтуяа, хариуцагч “Амьдралын үр 32” Хадгаламж зээлийн хоршооны хооронд 2015 оны 6 дугаар  сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ бичгээр хийгдэж, гэрээний гол нөхцлийн талаар буюу ажил, албан тушаалын нэр, гүйцэтгэх ажил, үүрэг, үндсэн цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцлийн талаар тохиролцож, гарын үсгээ зурж баталгаажуулсан байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.7 дах хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохоор байна. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр цуцласан байх бөгөөд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт зааснаар  2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр буюу хуульд заасан хугацаанд нэхэмжлэл  гаргажээ.

Нэхэмжлэгч нь “Амьдралын үр 32” Хадгаламж зээлийн хоршоонд нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, тус хоршооны гүйцэтгэх захирлын 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 09 тоот тушаал зэрэг нотлох баримтуудаар тогтоогдоно.

Нягтлан бодогч П.Эрдэнэтуяаг “Амьдралын үр 32” Хадгаламж зээлийн хоршооны гүйцэтгэх захирлын 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 05 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.5, Хоршооны тэргүүлэгчдийн зөвлөлийн 2016 оны 28 дугаар тогтоолыг үндэслэн ажлаас нь халж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна.

Ажил олгогч нь ажилтныг ажлаас халахдаа ямар үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаагаа тодорхой тусгасан шийдвэр /тушаал/ гаргаж, энэхүү баримталсан үндэслэл, хуулийн зохицуулалт хоорондоо нийцэж байх шаардлагатай байдаг.

Хариуцагч байгууллага ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.5 дахь  хэсэгт заасан үндэслэлийг баримталсан байх бөгөөд тус байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”–ын 5.3.2-д “ажилтан мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж буй ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон”, 5.3.3-д “хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан”, 5.3.5-д “хоршооны албан болон санхүүгийн нууц задруулсан” тохиолдлуудад хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар зохицуулсан байна.

Хариуцагч “Амьдралын үр 32” Хадгаламж зээлийн хоршооны Тэргүүлэгчдийн зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 24 дугаар тогтоол, 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 27 дугаар тогтоолуудаар нятглан бодогч П.Эрдэнэтуяаг шалтгаангүйгээр ажил тасалсан, мэргэжил ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй, мэргэжлийн хариуцалага удаа дараа алдсан, энэ байдалдаа дүгнэлт хийхгүй байгаа талаар дурдаж цаашид үр бүтээлтэй ажиллахыг үүрэг болгон сануулах арга хэмжээ авчээ.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд гэрч н.Мөнхзул “Амьдралын үр 32” Хадгаламж зээлийн хоршооны тайланг удаа дараа гаргаж өгч байснаа мэдүүлсэн нь хариуцагч байгууллагын тайлбартай тохирч байгаа болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дах хэсэгт заасан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан  ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх тухай зохицуулалт хамаарахгүй гэж дүгнэлээ.

Хариуцагч “Амьдралын үр 32” Хадгаламж зээлийн хоршооны Тэргүүлэгчдийн зөвлөлийн 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 28 дугаартай тогтоолоор тус хоршооны нягтлан бодогч П.Эрдэнэтуяаг үүрэгт ажлаас чөлөөлж, тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг гүйцэтгэх захирал С.Саранцэцэгт үүрэг болгосны дагуу тэрээр тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн байна.

Хариуцагч “Амьдралын үр 32” Хадгаламж зээлийн хоршооны дүрмийн 17 дугаар зүйлийн 17.3.2 дахь хэсэгт гүйцэтгэх захирал нь ажилтныг томилох, чөлөөлөх, ажлаас халах эрхтэй гэж заасан байх бөгөөд эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, ажлын харуцлага алдсан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

П.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлтэй “Амьдралын үр 32” ХЗХ-нд холбогдох хэргийг 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хянан хэлэлцэж, 2016 оны 10 дугаар сарын 13-ны 11 цагт хийхээр товлон хойшлуулсан, шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурсан ч хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдсан хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй байх  тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн хүсэлтээр хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 401.5 дахь хэсэгт заасныг баримтлан П.Эрдэнэтуяагийн “Амьдралын үр 32” ХЗХ-нд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг, шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТСҮХ