Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/01547

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/01547

 

 

 

 

З.Бадамсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдахь шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/01172 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: З.Бадамсүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хангай Инвест ХХК-д холбогдох

Хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн зөв бичилт хийлгүүлж, нийгмийн даатгал нөхөн төлөлт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базарсад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч З.Бадамсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Хангай инвест ХХК-ийн Дэлгэр супермаркетад ажилласан. Би тус дэлгүүрт анх худалдагчаар ажилд орж, маш сайн ажилласан тул цалингаа сар бүр нэмүүлж, 4 хүний хийх ёстой ажлыг хүртэл ганцаараа хийж байсан. Гэтэл Б.Ариунтуяа менежер өрөөндөө дуудаж 2 жил хамтран сайхан ажиллалаа, бид хамаатныхаа хүнийг ажилд авахаар болсон гэж хэлсэн. Ингээд тооллого тооцоогоо хийж, тооцоо нийлсэн акт үйлдэж ажлаа хүлээлгэн өгсөн. Бичиг баримт болох эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэр, ажлаас халах тухай тушаалаа авах гэсэн боловч тушаалыг чинь өгөх боломжгүй байна гэсэн. Нягтлан бодогч намайг дуудаж ар гэрийн гачигдлаар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдөл бичиж өг гэсэн. Би ингэж халагдаагүй болохоор тийм зүйл бичиж өгөөгүй. Ажилд орсноосоо хойш анх удаа нийгмийн даатгалын дэвтрээ авсан. Гэтэл миний нийгмийн даатгалын дэвтэрт маш бага мөнгөөр төлөлт хийгдсэн, нүүрэн хэсэгт нь бичилт хийгдээгүй байсан. Би учрыг нь асуухад нягтлан би мэдэхгүй, захирал мэдэж байгаа гэсэн. Би 2 жил ажиллахдаа ээлжийн амралтын мөнгө аваагүй. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын мөнгө гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, зөв бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, дэмжиж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. З.Бадамсүрэнг ажлаас халсан тушаалыг өөрт нь өгөх гэсэн боловч аваагүй. Тушаал 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гарсныг нэхэмжлэгч мэдсэн. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 1 сарын дотор гомдол гаргах ёстой. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлэн шүүхэд гомдол гаргасан. Анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь гомдол гаргах хугацааг сэргээлгэх тухай байсан. Хэтрүүлсэн хугацааг сэргээх ямар ч үндэслэл харагдахгүй байна. Хууль мэдэхгүй гэх байдал нь хугацаа сэргээх нөхцөл болохгүй. З.Бадамсүрэн нь Мөнх бурхан буудай ХХК болон Хаппи трейд ХХК-иудаас өгсөн урамшууллын 2 ширхэг будаа агшаагчийг өөртөө авч ашигласан. Өөрийн Хаан банк ХХК-ийн дансруу 155 700 төгрөгийг шилжүүлсэн үйлдэл, Хаппи трейд ХХК-аас ирүүлсэн жагсаалт албан бичгээр бас нотлогдсон. Мөн НӨАТ-ын баримтуудыг өөр дээрээ бүртгүүлж, татвараас буцаан олголт авсан. Ажлаас халсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.4, дэх хэсэгт заасан үндэслэлүүдтэй бүрэн нийцэж байгаа. Мөн хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.3 дахь хэсэгт ямар зөрчил гаргавал халагдах тухай шууд заасан байгаа. Ажил үүргээ гүйцэтгэх явцдаа ажлын байраа хувийн зорилгодоо ашигласан ноцтой зөрчил гаргаж ажлаас халагдсан. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2-т зааснаар З.Бадамсүрэнг Хангай инвест ХХК-ийн Дэлгэр супермаркетын худалдагчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Хангай инвест ХХК-аас 4 588 305 төгрөгийг гаргуулж З.Бадамсүрэнд олгож, үлдэх 603 695 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг зөвтгөн нөхөн хийхийг хариуцагчид даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар Хангай инвест ХХК-аас ажилтны 2016, 2017 онуудын ээлжийн амралтын олговорт 1 664 000 төгрөг гаргуулж З.Бадамсүрэнд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва давж заалдах гомдолдоо: Хариуцагч талаас гаргасан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу үнэлсэнгүй. Ажил олгогч "Хангай Инвест" ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Улсын Дээд Шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15 дахь хэсгийн 15.4.2 дахь заалтуудын дагуу цуцлах тухай тушаал гаргасан. Мөн уг тушаал Улсын Дээд Шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15 дахь хэсгийн 15.4.2 дахь заалтад бүрэн нийцсэн байгаа. Учир нь нэхэмжлэгч З.Бадамсүрэн нь хөдөлмөрийн гэрээний 4.4 дэх хэсгийн 3-т заасан шунахай сэдлээр дэлгүүрийн бараа, өмч, хөрөнгийг ашигласан болон 4-т заасан ажлын байраа хувийн зорилгод ашигласан бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан зөрчлүүдийг гаргасан юм. Энэ нь "Мөнх бурхан буудай", "Хаппи трейд" компаниудын албан бичиг, "Мөнх бурхан буудай" компанийн ажилтан З.Цэндээс өөрийн Хаан банк ХХК дахь дансаар 155 700 төгрөг хүлээн авсан баримт, Хан-Уул дүүргийн татварын улсын байцаагч Д.Зоригоогийн тодорхойлолт зэрэг олон баримтаар бүрэн дүүрэн нотлогдсон.

Нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргах хугацааг 1 cap 28 өдрөөр хэтрүүлсэн Учир нь түүнд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай тушаалыг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гардуулах гэхэд хүлээн авалгүй дургүйцлээ илэрхийлж байсан ба тийнхүү тушаал гарсныг энэ өдөр мэдсэнээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Мөн нийгмийн даатгалын шимтгэл болон ээлжийн амралтын олговор гаргуулах тухай шаардлагаа ч Хөдөлмөрийн тухай хуульд заасан 3 сарын хугацааг хэтрүүлж гаргасан байна. Эдгээр шаардлагууд нь шүүхээс хянан шийдвэрлэх маргаан ч биш юм.

Анхан шатны шүүхээс ажил олгогчийг нийгмийн даатгалын дэвтэрт дутуу бичилт хийсэн, цалинг бууруулсан, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг халагдсан өдөр нь өгөөгүй зэрэг аар саархан зүйлээр буруутгаж үндэслэлгүй дүгнэлт хийн нэхэмжлэлийн шаардлагын ихэнх хэсгийг хангасан нь буруу юм. Эдгээр нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах, эс хангах үндэслэлүүд биш. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл болон гэрчээр Г.Ариунзаяа, Б.Ариунтуяа нарыг асуулгах хүсэлтийг хүлээн аваагүй атлаа нэхэмжлэгчийн гэрчээр М.Хонгорзулыг асуулгах хүсэлтийг ханган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн болно. Эдгээр болон бусад нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх журмыг хуульд зааснаар хэрэгжүүлсэн боловч хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахьхэсэгт заасан шаардлагыг хангаагүй алдааг давж заалдахь шатны шүүхээс залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч З.Бадамсүрэн нь хариуцагч Хангай Инвест ХХК-д холбогдуулан хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн зөв бичилт хийлгүүлж, нийгмийн даатгал нөхөн төлөлт хийхийг даалгуулах тухай гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажилтан нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргаж ажлаас халагдсан, тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.

З.Бадамсүрэн нь Хангай Инвест ХХК-ийн захирлын 2016 оны 6 дугаар сарын 01ий өдрийн 05 дугаар тушаалаар худалдагчийн ажилд томилогдон, 2016 оны 10 сарын 10-ны өдөр 01 дүгээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад /хх-ийн 4, 71-72 дугаар тал/ тус компанийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 14ий өдрийн 10 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалснаар ажлаас чөлөөлөгдсөн байна. /хх-ийн 73 дугаар тал/ Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэл болгожээ.

Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг зохих ёсоор гардуулж өгсөн үеэс гомдлын шаардлага гаргах эрх нь үүснэ. Хариуцагч байгууллагын хувьд нэхэмжлэгчид тушаалыг гардуулж өгсөн, ажилтан тушаалыг гардан авахаас татгалзсан гэх үйл баримтаа нотлоогүй. Ийм учраас нэхэмжлэгчийг ажлаас буруу халсан тухай шүүхэд хандах Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

Түүнчлэн ажилтныг ажлаас халсан тушаалд заасан үндэслэл болох ... 2 ширхэг будаа агшаагчийг өөртөө авч ашигласан, худалдан авагчид олгох баримтыг өөрийн нэр дээр бүртгүүлсэн гэх зөрчил нь талуудын хөдөлмөрийн гэрээгээр ноцтой зөрчилд тооцохоор тохиролцсон шунахай сэдэлтээр дэлгүүрийн бараа, өмч, хөрөнгийг үрэгдүүлсэн, ашигласан, хулгайлсан гэх зөрчилд хамаарч буй гэж үзэхэд эргэлзээтэй байхаас гадна энэ нь хангалттай баримтаар тогтоогдоогүй байна. Хариуцагч талын зааж буй хэрэгт авагдсан "Мөнх бурхан буудай" ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 01-ны өдрийн, "Хаппи трейд" ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн албан бичиг нь З.Бадамсүрэн уг 2 ширхэг будаа агшаагчийг өөртөө ашигласныг шууд нотлоогүй, Хан-Уул дүүргийн татварын улсын байцаагч Д.Зоригоогийн тодорхойлолт /тайлан/ нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх ба эдгээрийг үндэслэн ажилтан дээрх ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон, ажил олгогч нь ажилтныг дээрх үндэслэлээр ажлаас халахдаа тушаалд дурдсан зөрчил, хөдөлмөрийн гэрээгээр ноцтой зөрчилд тооцохоор тохиролцсон ноцтой зөрчил гаргасан болохыг тогтоосон гэж үзэхэд учир дутагдалтай байна. /хх-100,104,106 дугаар тал/ Ажилтны гаргасан гэх хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг ажил олгогч шалгаж тогтоосон байх учиртай тул хариуцагч байгууллагын нэхэмжлэгчийг ажлаас халсан 2017 оны 12 дугаар сарын 14ий өдрийн 10 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт нийцээгүй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн дүгнэсэн байх ба хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу маргаанд нь хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ. Өөрөөр хэлбэл, ажилтан тушаалд заасан зөрчил гаргасан нь тогтоогдоогүй бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан, үгүйсгэсэн үндэслэлээ нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй. Иймд хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хангах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.

Харин нэхэмжлэгчийн 2016, 2017 оны ээлжийн амралтын олговор гаргуулах шаардлагыг хангаж, хариуцагч байгууллагаас 1 664 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. Хэргийн баримтаас үзэхэд ажилтан 2016 оны ээлжийн амралтын олговорыг 8 дугаар сард, 2017 оны ээлжийн амралтын олговрыг 7 дугаар сард олгох ёстой гэдгийг мэдэх учиртай, мэдсэн байх ёстой. Энэ хугацаанаас түүний ээлжийн амралтын олговор олгох, авах эрх нь зөрчигдсөн, тэрээр үүнийг мэдсэн буюу мэдэх ёстой тул хуульд заасан хугацаанд холбогдох шаардлага, гомдлоо гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжтой юм.

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах, сөрөг нэхэмжлэл гаргах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн /хх-ийн 129-130 дугаар тал/, энэ талаар мэтгэлцэх боломж олгоогүй гэх үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг болон хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэхгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчлөх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/01172 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, 2 дахь заалтын даалгасугай гэснийг даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дуугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн ээлжийн амралтын олговорт 1 664 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 4 дэх заалтыг 3, 5-ыг 4, 6-г 5 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахьхэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144 987 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахьхэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Б.НАРМАНДАХ