Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 01172

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 11 өдөр                  Дугаар 183/ШШ2018/01172                             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б /РД: /-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:, ХИ  ХХК /РД: /-д холбогдох,

хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн зөв бичилт хийлгүүлж, нийгмийн даатгал нөхөн төлөхийг даалгуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базарсад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энэрэл нар оролцов.     

 

                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Би 2016 оны  2 дугаар сарын  22-ны өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ХИ  ХХК-ийн Дэлгэр супермаркетед  ажилласан. Би тус дэлгүүрт анх  худалдагчаар ажилд орж, маш сайн ажилласан тул цалингаа сар бүр нэмүүлж, 4 хүний хийх ёстой ажлыг хүртэл би ганцаараа хийж байсан. Гэтэл Б.Ариунтуяа менежер өрөөндөө дуудаж 2 жил хамтран сайхан ажиллалаа, бид хамаатныхаа хүнийг ажилд авахаар болсон гэж хэлсэн. Ингээд тооллого тооцоогоо хийж, тооцоо нийлсэн акт үйлдэж ажлаа хүлээлгэн өгсөн. Бичиг баримт болох эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэр, ажлаас халах тухай тушаалаа авах гэсэн боловч тушаалыг чинь өгөх боломжгүй байна гэсэн. Нягтлан бодогч намайг дуудаж ар гэрийн гачигдлаар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэсэн өргөдөл бичиж өг гэсэн. Би ингэж халагдаагүй болохоор тийм зүйл бичиж өгөөгүй. Ажилд орсоноосоо хойш анх удаа нийгмийн даатгалын дэвтэрээ авсан. Гэтэл миний нийгмийн даатгалын дэвтэрт маш бага мөнгөөр төлөлт хийгдсэн, нүүрэн хэсэгт нь бичилт хийгдээгүй байсан. Би учрыг нь асуухад нягтлан би мэдэхгүй, захирал мэдэж байгаа гэсэн. Би 2 жил ажиллахдаа ээлжийн амралтын мөнгө аваагүй. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын мөнгө гаргуулах, эрүүл мэнд нийгмийн  даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, зөв бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Энэ шаардлагаа дэмжиж байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Ажилд эргүүлэн  тогтоолгох шаардлагаасаа татагалзаж байна гэж ойлгож байна. Манайх нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа. З.Бг ажлаас халсан тушаалыг өөрт нь өгөх гэсэн боловч аваагүй. Тушаал 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гарсаныг нэхэмжлэгч мэдсэн. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 1 сарын дотор гомдол гаргах ёстой. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлэн шүүхэд гомдол гаргасан байгаа. Анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь гомдол гаргах хугацааг сэргээлгэх тухай байсан. Хэтрүүлсэн хугацааг сэргээх ямар ч үндэслэл харагдахгүй байна. Хууль мэдэхгүй гэх байдал нь хугацаа сэргээх нөхцөл болохгүй. З.Б нь Мөнх бурхан буудай ХХК болон Хаппи трейд ХХК-иудаас өгсөн урамшууллын 2 ширхэг будаа агшаагчийг өөртөө авч ашигласан байдаг. Өөрийн Хаан банкны дансруу 155.700 төгрөгийг шилжүүлсэн үйлдэл, Хаппи трейд ХХК-иас ирүүлсэн жагсаалт албан бичгээр бас нотлогдсон. Мөн НӨАТ-ын баримтуудыг өөр дээрээ бүртгүүлж, татвараас буцаан олголт авсан. Ажлаас халсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.4, дэх хэсэгт заасан үндэслэлүүдтэй бүрэн нийцэж байгаа. Мөн хариуцагчтай  байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.3 дахь хэсэгт ямар зөрчил гаргавал халагдах тухай шууд заасан байгаа.  Ажил үүргээ гүйцэтгэх явцдаа ажлын байраа хувийн зорилгодоо ашигласан ноцтой зөрчил гаргаж ажлаас халагдсан. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийн  шаардлагыг хүлээн зөшөөрөхгүй байгаа” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх З.Бгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн зөв бичилт хийлгүүлж, нийгмийн даатгал нөхөн төлөхийг даалгуулахыг хүссэн шаардлагыг гаргасан, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018.03.28-нд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2016, 2017 оны ээлжийн амралтын мөнгө 1,664,000 төгрөгийг нөхөн гаргуулахыг хүссэн байна.

ХИ  ХХК анх ажилд орсон тушаал болон хөдөлмөрийн гэрээг ажилтанд өгөөгүй, мөн 2017.12.14-ний өдрийн №10 дугаар Ажлаас халах тухай захирлын тушаалыг З.Бд гардуулан өгөөгүй гэх бөгөөд хариуцагч талаас шүүхийн журмаар шаардаж авсан болно.

Хариуцагчаас ирүүлсэн 2016.10.10-ны өдөр нь №01 дугаар хөдөлмөрийн гэрээгээр З.Бгийн сарын үндсэн цалинг 500,000 төгрөгөөр тогтоож, Хангай  инвест ХХК-ийн Дэлгэр супермаркетийн худалдагчаар 2016.10.10-ний өдрөөс 2017.10.10-нийг хүртэл 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан гэх боловч    нэхэмжлэгчийг 2016.02.22-ноос ажилд орсон тухай санхүүгийн тодорхойлолт, 2016.02.29-нээс эхлэн цалин олгогдсон байдал, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд 2016.02.22-нд ажилд орсон гэж дүгнэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй байна.

Хэргийн баримтаас үзэхэд З.Б нь 2016.02.22-ны өдрөөс эхлэн ХИ  ХХК-ийн Дэлгэр супермаркетад худалдагчаар 2017.12.15-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад тус компанийн 2017.12.14-ний өдрийн №10 дугаар Ажлаас халах тухай захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлөгдсөн байх бөгөөд Хөдөлмөрийн гэрээний “Дөрөв”-ийн 3,4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан гэжээ.

З.Бгийн нийгмийн даатгалын дэвтэрт 2016 оны 2 сараас эхлэн 6 сар хүртэл бичилт хийгээгүй, 2016 оны 6 сараас эхлэн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг 200,000 төгрөгөөр, 2017 онд 240,000 төгрөгөөр бичилт хийсэн нь хөдөлмөрийн гэрээг зөрчиж  үндсэн цалин 500,000 төгрөгнөөс бууруулсан гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46.2-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй байна.

Дээрх байдлаас үзэхэд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.

З.Бг ажлаас халах тухай тушаалд ноцтой зөрчлүүдийг гаргасан гэх боловч  нотлогдоогүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоов.

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2018.04.11-ний өдрийн 550 дугаартай прокурорын тогтоолоор З.Бг худалдагчаар ажиллаж байхдаа үйлчлүүлэгчдийн НӨАТ-ын баримтыг шивж 2017 оны 2 дугаар сард буцаан олголт авсан гэх гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч иргэд хоорондын маргаан гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна.    

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заажээ.

ХИ  ХХК-ийн санхүүгийн ирүүлсэн цалингийн тодорхойлолтыг үндэслэн 2017 оны 10, 11, 12  сарын цалин 2,311,670 төгрөгийн дундаж 770,556 төгрөг, ажилгүй байсан хугацааг 2017.12.21-нээс 2018.05.11-нийг хүртэл 5 сар 21 хоногоор тооцож 4,588,305 төгрөгийг хариуцагчаас гаргуулж З.Бд олгохоор шийдэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно, 55.2-т ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно гэж заажээ.

ХИ  ХХК-ийн захирлын 2016.08.24-ний, 2017.07.18-ны өдрийн ээлжийн амралтын тухай болон амралтын мөнгө олгох тухай тушаалаар З.Б ээлжийн амралтыг биеэр эдлэхээс татгалзсаныг дурдаж, 2016 оны 850,000 төгрөг, 2017 оны 814,000 төгрөгийг тус тус олгохыг даалгасан байх боловч мөнгө олгогдсоныг нотолсон баримтгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн ээлжийн амралтын мөнгө нийтдээ 1,664,000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн  46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажилтаны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг зөвтгөн нөхөн хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Ажил олгогч нь ажлаас чөлөөлсөн тушаалыг З.Бд өгөөгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар 2018 оны 2 сард эрхээ зөрчигдсөн тухай мэдсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн  129.2-т заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж дүгнэв.

Энэхүү маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч ХИ  ХХК-иас 144,987 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

        

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь хэсэгт зааснаар З.Бг ХИ  ХХК-ийн Дэлгэр супермаркетийн худалдагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ХИ  ХХК-иас 4,588,305 төгрөгийг гаргуулж З.Бд олгож, үлдэх 603,695 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг зөвтгөн нөхөн хийхийг хариуцагчид даалгасугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар ХИ  ХХК-иас ажилтаны 2016, 2017 онуудын ээлжийн амралтын  олговорт 1,664,000 төгрөг гаргуулж З.Бд олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч  ХИ  ХХК-иас  144,987  төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Д.ЭНХЦЭЦЭГ