Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2020/01714

 

 

 

 

 

 

 

 

 

Л.М нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 08-ны өдрийн 184/ШШ2020/01879 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.М хариуцагч Х.Н холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б , хариуцагчийн өмгөөлөгч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Л.Мөнхцэцэг нь Х.Сүхбаатартай 1986 оны 08 сарын 15-ны өдөр гэр бүл болж хүү С.Мөнхсүх 1986 оны 12 сарын 08-ны өдөр төрсөн. 1999 оноос тусдаа амьдарсан. Х.Сүхбаатар 2018 оны 10 сарын 17-ны өдөр нас барсныг 2019 оны 11 capын орчимд түүний дүү Х.Наранцэцэг холбогдож өв нээлгэхэд гарын үсэг зуруулах хэрэгтэй байна гээд нэхэмжлэгч рүү холбогдсоноор мэдсэн. Л.Мөнхцэцэг, Х.Сүхбаатар нар гэрлэлтээ цуцлуулаагүй байсан учраас Х.Сүхбаатарын өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 12 дугаар байрны 13 тоот Ү-2205013017 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй орон сууцыг хүүгийн хамтаар хууль ёсны өвлөгч болсон. Өв нээлгэх хүсэлтээ нотариатын газарт гаргасан боловч орон сууцны гэрчилгээний эх хувь хэрэгтэй гэсэн. Гэтэл Х.Наранцэцэг уг орон сууцыг хувааж авна гээд гэрчилгээний эх хувийг өгөхгүй байгаа. Иймд Х.Наранцэцэгээс Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 12 дугаар байрны 13 тоот улсын бүртгэлийн Ү-2205013017 дугаартай, Х.Сүхбаатарын нэр дээрх 1 хүний өмчлөлтэй гэрчилгээг /эх хувь/ гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Талийгаач Х.Сүхбаатар, Л.Мөнхцэцэгтэй 1986 онд хамтран амьдраад дундаас нь хүүхэд төрсөн. 1992-2018 оны хооронд нас барагч нь ганц бие амьдарч байсан. 2003 онд Х.Наранцэцэг өөрийн нэр дээр байр аваад төрсөн ах Х.Сүхбаатарт 2005 онд бэлэглэсэн байдаг. Учир нь Х.Сүхбаатар нь орох оронгүй, ах дүү нарынхаараа байдаг байсан. Гэнэт шулуун гэдэсний хорт хавдраар 2019 онд нас барахаар нь он удаан жил харагдаагүй эхнэр нь гарч ирээд байрыг авна гэсэнд гомдолтой. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 531 дүгээр зүйлийн 531.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 12 дугаар байрны 13 тоот, Ү-2205013017 дугаарт бүртгэлтэй 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч Л.Мөнхцэцэгт гаргаж өгөхийг хариуцагч Х.Н даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр бодит нөхцөл байдалд биелэгдэх боломжтой байх шаардлагыг хангасан байх ёстой. Гэтэл бодит байдалд биелэгдэх боломжгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байхад хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч анхнаасаа нэхэмжлэлдээ болон шүүх хуралдааны явцад тухайн байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь хариуцагч Х.Н байгаа гэдгээ нотлоогүй байж, өөр этгээдийн нэр дээрх гэрчилгээг надаас гаргуулахаар тодорхойгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тэрхүү үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ Х.Н байхгүй бөгөөд шүүхээс болон нэхэмжлэгчээс тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь Х.Н байна гэдгийг огт тогтоогоогүй. Үүнээс харахад шүүхийн шийдвэр нь бодит байдалд хэрэгжих боломжтой байх, шүүхийн шийдвэр албадан биелүүлэх ажиллагаа явагдах боломжтой байх, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх ажиллагаа явагдах боломжтой байх зэрэг нөхцөлүүд бодит байдал дээр хэрэгжих боломжгүй байгааг анхаарч үзнэ үү. Х.Наранцэцэг өөрт байхгүй гэрчилгээний өрөнд орохгүй байх мөн шүүн таслах ажиллагаанд саад учруулахгүйн тулд өөрийн нэрийн өмнөөс шүүхэд төлөөлөх үүргийг хэрэгжүүлэх итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон ч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өөрт огт хамааралгүй зүйлд хариуцагчаар татагдаж хариуцлага хүлээхгүйн тулд И.Хонгор өмгөөлөгчтэй гэрээ байгуулж, шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцуулахаар тохиролцсон байсан боловч гэрээ байгуулсан өмгөөлөгчид хэргийн материал танилцуулж, хариуцагчийн өмгөөлөгчийн хувиар хууль зүйн дүгнэлт хийж шүүх хуралдаанд оролцох эрхийг хангалгүйгээр хэргийн материал танилцаагүй байхад шүүх хуралдааныг түүнийг байлцуулан явуулсан байна. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцсон ч хэргийн материал танилцаагүйн улмаас нэг ч үг дуугарч, хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлэх боломжгүй байдлыг шүүх үүсгэсэн. Анхан шатны шүүх хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгч авах эрхтэй гэсэн үндэслэлгүй тайлбар хэлсэн байна. Иймд хариуцагчийн өмгөөлүүлэх эрхийг ноцтой зөрчсөн, шаардлага нь тодорхойгүй, бодит байдалд хэрэгжих боломжгүй шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Л.Мөнхцэцэг нь хариуцагч Х.Н холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний эх хувийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 16/

 

Хэргийн баримтаас үзвэл, хариуцагч Х.Наранцэцэг нь өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалуулах, хууль зүйн туслалцаа авах зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 06 сарын 08-ны өдөр И.Хонгор өмгөөлөгчтэй эрх зүйн туслалцааны гэрээ байгуулсан байна. /хх 59/ Уг гэрээг үндэслэн хариуцагчийн өмгөөлөгч мөн өдрийн шүүх хуралдаанд оролцож хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх уг гэрээнд зурагдсан гарын үсэг хариуцагчийн гарын үсгээс өөр байх тул түүний хүсэл зорилгоор байгуулагдсан гэрээ гэж үзэхгүй гэх үндэслэл зааж, шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өмгөөлөгч И.Хонгорыг оролцуулах эсэхийг тодруулж, өмгөөлөгчийн гаргасан хэргийн материалтай танилцах хүсэлтийг итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан мэтээр дүгнэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.8, 34.3.9-д заасныг зөрчсөн байна. /хх 64-65/

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөний улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдсан гэж үзэхгүй. Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул дээрх үндэслэлээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг ханган, шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 08-ны өдрийн 184/ШШ2020/01879 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 сарын 06-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс[D1]  хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.НЯМБАЗАР

 

 


 [D1]я