Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/01573

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/01573

 

 

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2020/01691 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Х ХХК-ийн хариуцагч Б ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон алдангид 12 231 250 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Бест дриллинг ХХК 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 02/2016 дугаартай гэрээний дагуу 9 387 000 төгрөгийн бараа худалдан авч, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 4 000 000 төгрөг төлж, 5 387 000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байна. Гэрээний 6.2-т заасны дагуу эхний 4 000 000 төгрөгийн төлбөр төлсөн өдрийг хүртэл 139 хоногт алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 4 693 750 төгрөг байна. Бест дриллинг ХХК-аас манай компанид төлөх үндсэн төлбөр, алдангийн хамт 10 081 250 төгрөг болсон. Мөн 2016 онд зэрэгцээ талбайд ажиллах явцдаа Бест дриллинг ХХК-ийн захирал Ө.Ганболд нь манай компаниас 2 300 000 төгрөгийн өртөг бүхий түлш болон бусад бараа материалыг зээлээр авсан бөгөөд үүнээс 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 150 000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 2 150 000 төгрөгийг төлөөгүй байгаа болно. Манай компанийн менежер М.Цолмон, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинжаргал нар Бест дриллинг ХХК-ийн захирал Ө.Ганболдтой 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр биечлэн уулзаж, эвлэрлийн гэрээ байгуулах замаар эдгээр төлбөрийг 2019 оны 11 дүгээр сард багтаан төлөхөөр тохиролцсон боловч Ө.Ганболд нь эвлэрүүлэн зуучлагч дээр очихгүй байсаар 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацаа дууссан. Иймд хариуцагчаас нийт 12 231 250 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинжаргалын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  Гэрээний төлбөрийг 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төлөх байсан боловч 10 дугаар сарын 11-ний өдөр 4 000 000 төгрөг төлсөн тул алдангийг 139 хоногоор тооцон 6 524 312 төгрөг, нийт 14 081 250 төгрөгөөс 4 000 000 төгрөгийг хасч, үлдэх 10 081 250 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн Ө.Ганболд төлөөлөх эрхгүй байх хугацаандаа манай компаниас Бест дриллинг ХХК-ийн нэрээр 2 300 000 төгрөгийн түлш, бусад бараа материалыг аваад 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 150 000 төгрөг дансаар төлсөн тул үлдэх 2 150 000 төгрөгийг нэхэмжилнэ. Бест дриллинг ХХК-ийг төлөөлөн Ө.Ганболд дээрх хоёр гэрээг байгуулж, эд зүйл авсан. Гэтэл Ө.Ганболд өөртөө авч байгаа гэж тайлбарлаагүй. Манай компани худалдан авч байгаа тал нь хэн гэдгийг нарийн шалгаагүй ч Бест дриллинг ХХК-ийг авсан гэж ойлгосон. Ө.Ганболд Бест дриллинг ХХК-ийг төлөөлөх эрхгүй гэдгээ манайд мэдэгдээгүй, анхнаасаа л Бест дриллинг ХХК-ийг төлөөлж байсан. Иймд Бест дриллинг ХХК-аас 12 231 250 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэжээ.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээт төлбөрийн үлдэгдлийг нэхэмжлэгч буруу тооцож нэхэмжилсэн байна. Анх 9 387 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл авсанаас 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 4 000 000 төгрөг төлсөн. Үүнээс 5 387 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл байх ба алданги 50 хувиар тооцож үзвэл 2 693 500 төгрөг, нийт 8 080 500 төгрөг болно. Харин гэрээгүй авсан гэх 2 150 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийн төлбөрийн үлдэгдэл манай компанид хамааралгүй. Уг төлбөрийг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан нэхэмжлэлээ гаргах шаардлагатай. Гэрээний дагуу нэхэмжилж байгаа төлбөрийн тухайд 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаа нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байх бөгөөд энэ хооронд өнгөрсөн хугацааг тооцвол нийт 3 жил 4 сарын хугацаа өнгөрсөн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганболдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тухайн үед Б.Нямбаяр захирал эзгүй байсан учир намайг гарын үсэг зурчих гэж утсаар гуйхаар нь  2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Бест дриллинг ХХК-ийг төлөөлөн гэрээнд гарын үсэг зурж, 9 387 000 төгрөгийн бараа зээлээр авсан. 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 4 000 000 төгрөг төлж, 5 387 000 төгрөг үлдсэн. Үүнээс хойш 1 жилийн дараа би өөрийн Таван гар компанидаа 2 300 000 төгрөгийн бараа зээлээр авсныг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. 150 000 төгрөгийг Бест дриллинг ХХК төлөөгүй, би өөрийн дансаар төлсөн. Тухайн үед Хэрлэн дриллинг ХХК болон манай компани харилцан ажил хийж өгч, шаардлагатай үед мөнгө өгч, авч байсан тул Бест дриллинг ХХК-аас 2 300 000 төгрөгийг шаардах эрхгүй, Бест дриллинг ХХК шаардаагүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацааг 4 сараар хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Бест дриллинг ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт болон алдангид нийт 8 080 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хэрлэн дриллинг ХХК-д олгож, нэхэмжлэлээс 4 150 750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Хэрлэн дриллинг ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 650 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Бест дриллинг ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 144 238 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.  

Хариуцагчийн төлөөлөгч Х.Нямбаярын давж заалдах гомдолд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж шүүхэд хандсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүх 2019 оны 10 сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Эвлэрүүлэн зуучлагчид хандсан бөгөөд үүгээр хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан, шинээр хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэх нь зөв гэж дүгнэсэн байна. Талууд харилцан зөвшилцсөний үндсэн дээр шүүхийн оролцоогүйгээр маргаанаа шийдвэрлүүлэхийн тулд эвлэрүүлэн зуучлагчид хандсан байх шаардлагатай. Гэтэл Хэрлэн дрийлинг ХХК нь маргаанаа эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлүүлэхээр харилцан зөвшилцсөн зүйл байхгүй. Нэхэмжлэгчийг дангаараа эвлэрүүлэн зуучлагчид хандсанаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан, шинээр тоолох үндэслэлтэй гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5 387 500 төгрөг, алданги 4 693 750 төгрөг, түлш бараа материал худалдсан төлбөрийн үлдэгдэл 2 150 000 төгрөг, нийт 12 231 250 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талууд 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 02/2016 тоот тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээг байгуулж, нэхэмжлэгч нь БНХАУ-ын crown брэндийн хайгуулын өрмийн шинэ багаж хэрэгслийг нийлүүлэх, хариуцагч нь үнийг төлөх, бүтээгдэхүүний нийт үнэ 9 387 500 төгрөг байхаар тохиролцсон байна. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв. /хх8-10/

Хариуцагч нь гэрээний төлбөрөөс 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 4 000 000 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй болох нь хэрэгт авагдсан Хаан банкны дансны хуулга, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /хх16, 61/ Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар үнийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гэрээний төлбөрийн үлдэгдэл 5 387 000 төгрөгөөс алданги 50 хувиар тооцоход 2 693 500 төгрөг, нийт үлдэгдэл 8 080 500 төгрөг байхад нэхэмжлэгч буруу тооцоо гаргасан, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. 2 150 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл манайд хамааралгүй гэж тайлбарласан.

Зохигчид гэрээний 2.2, 6.2-т худалдан авагч нь гэрээ байгуулсан өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд гэрээний нийт үнэ болох 9 387 500 төгрөгийг нийлүүлэгчид төлнө, худалдан авагч нь бүтээгдэхүүний үнийг төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлсэн хоног тутам төлөх ёстой байсан үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөх-өөр тохиролцсон байна. /хх8-9/

Гэтэл хариуцагч нь гэрээт хугацааг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 139 хоногоор хэтрүүлэн 4 000 000 төгрөг төлж, 5 387 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Анхан шатны шүүх хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 5 387 000 төгрөгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алдангийг тооцож 2 693 500 төгрөг, нийт 8 080 500 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Хэргийн 13 дугаар талд авагдсан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр уг ажиллагаа 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр эхэлж, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Талууд энэ хуулийн 7, 8 дугаар зүйлд заасан эвлэрүүлэн зуучлагчид хандсан, шүүхэд иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигчид өөрсдөө эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэхээр тохиролцсон, эсхүл шүүгч эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх нь зохистой гэж үзэж санал болгосныг зохигчид зөвшөөрснөөр уг ажиллагаа эхлэнэ гэж заасан. Хариуцагч нь нэхэмжлэгч эвлэрүүлэн зуучлалаар маргаанаа шийдвэрлүүлэхээр бидэнтэй харилцан зөвшилцөөгүй, нэхэмжлэгч дангаараа эвлэрүүлэн зуучлагчид хандсан нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, шинээр тоолох үндэслэл болохгүй гэх тайлбарласан. Хариуцагч нь эвлэрэх хүсэл зориггүй байсан нь нэхэмжлэгчийн шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандсаныг үгүйсгэх үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд хандсанаар Иргэний хуулийн 79 дугаар зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, уг ажиллагаа амжилтгүй болсноор мөн хуулийн 79.3 дах хэсэгт зааснаар тасалдал зогсоно. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дах хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр эхлэн тоолно.

Иймд анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй гэж үзэхдээ хууль зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь түлш бараа материал худалдсан төлбөрийн үлдэгдэлд 2 150 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй, шүүх энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2020/01691 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ