Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2022/00742

 

“Х д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа,Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2020/01691 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1573 дугаар магадлалтай,

“Х д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Б д” ХХК-д холбогдох

“Худалдан-худалдан авах гэрээ”-ний үүрэг болон алдангид нийт 12,231,250 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Х.Н-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч “Х д” ХХК-аас “Б д” ХХК-д холбогдуулан “Худалдан-худалдан авах гэрээ”-ний үүрэг болон алдангид нийт 12,231,250 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2020/01691 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч “Б д” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт болон алдангид нийт 8,080,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х д” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 4,150,750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Х д” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,650 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Б д” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 144,238 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1573 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2020/01691 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч Х.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Тус хэргийг анхан болон давж заалдах журмаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тухайд.

Манай компани нь анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлж шүүхэд хандсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах байр сууриа илэрхийлсэн. Үүнийг шүүх дүгнэхдээ 2019.10.10-ны өдөр нэхэмжлэгч Эвлэрүүлэн зуучлагчид хандсан байх бөгөөд үүгээр хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан, шинээр хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэх нь зөв гэж дүгнэсэн байна.

Иргэний эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлагчид хандахын тулд нэхэмжлэгч хариуцагч талууд харилцан зөвшилцсөний үндсэн дээр шүүхийн оролцоогүйгээр маргаанаа шийдвэрлүүлэхийн тулд эвлэрүүлэн зуучлагчид хандсан байх ёстой. Гэтэл манай “Бест дрийлинг” ХХК-тай “Хэрлэн дрийлинг” ХХК нь маргаанаа эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлүүлэхээр харилцан зөвшилцсөн явдал огт байхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг дангаараа эвлэрүүлэн зуучлагчид хандсанаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан, шинээр тоолох үндэслэлтэй гэж үзэхгүй гэсэн байр суурь илэрхийлж анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүй байна гэж дүгнэхдээ эвлэрүүлэн зуучлагчид хандсан нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, улмаар шинээр тоолж эхлэх үндэслэл болно гэжээ. Гэтэл хариуцагчийн хувьд уг эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаанд огт оролцоогүй, бүр тийм ажиллагаа явагдаж байгаа талаар огтхон ч мэдээгүй өнгөрөөсөн.

4.2. Давж заалдах шатны шүүхийн магадлалын тухайд.

Давж заалдах шатны шүүх уг иргэний хэргийг хариуцагчийн гомдлоор хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг нэлээд дэлгэрэнгүй задлаж тайлбарлажээ.

Уг магадлалд Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Талууд ...эвлэрүүлэн зуучлагчид хандсан...” гэдгийг эвлэрүүлэн зуучлалаар маргаанаа шийдвэрлүүлэхээр хандаж байгаа маргалдагч талуудын аль нэг нь мэдээгүй байхад нөгөөх нь эвлэрүүлэн зуучлагчид хандах хууль зүйн боломжтой гэж ойлгож дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт энэ мэт тодорхой дэлгэрэнгүй бичээгүй боловч адил утгатай байдлаар дүгнэсэн байдаг.

Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

6. Нэхэмжлэгч “Х д” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...хариуцагч нь 2016.04.27-ны өдрийн 02/2016 гэрээний дагуу 9,387,000 төгрөгийн бараа худалдаж авсан, үүнээс 4,000,000 төгрөгийг 2016.10.11-нд төлсөн, үлдэх 5,387,000 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 6.2-т зааснаар барааны үнээс 4,000,000 төгрөгийг төлөх хүртэлх 139 хоногт алданги тооцож, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50% болох 4,693,750 төгрөг дээр үлдэгдэл төлбөр 5,387,000 төгрөгийг нэмж нийт 10,081,250 төгрөгийг гаргуулах, мөн 2016 онд хариуцагч компанийн захирал Ө.Ганболд 2,300,000 төгрөгийн өртөг бүхий түлш болон бусад материалыг зээлээр авснаас 150,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 2,150,000 төгрөгийн хамт 12,231,250 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч: “...5,387,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаад маргаагүй, гагцхүү алдангийг буруу тооцсон, дээрх үнийн дүнгийн 50 хувиар алдангийг тооцоход 2,693,500 төгрөг, нийт 8,080,500 төгрөг болно. Харин гэрээгүйгээр авсан гэх 2,150,000 төгрөгийн төлбөрийг зөвшөөрөхгүй, түүнчлэн нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

7. 2016.04.27-ны өдөр байгуулсан №02/20169 дугаартай Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээгээр нийлүүлэгч буюу “Х д” ХХК худалдан авагч “Б д” ХХК-д 9,387,500 төгрөгийн үнэ бүхий чанар стандартын шаардлага хангасан, зориулалтын дагуу ашиглаж болох гэрээний хавсралтад заасан тоо, ширхэг, үнэ бүхий БНХАУ-ын CROWN брендийн хайгуулын өрмийн шинэ багаж хэрэгслийг гэрээ байгуулсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор нийлүүлэх, худалдан авагч гэрээ байгуулсан өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд үнийг төлөхөөр, нийлүүлэгч бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд бүтээгдэхүүний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх торгуулийг худалдан авагчид төлөх, худалдан авагч бүтээгдэхүүний үнийг төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлсэн хоног тутам төлөх ёстой үнийн дүнгийн 0,5хувиар тооцож алданги төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

Гэрээний дагуу нийлүүлэгч буюу нэхэмжлэгч гэрээгээр тохирсон бүтээгдэхүүнийг нийлүүлсэн, худалдан авагч бүтээгдэхүүний үнэд 4,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй үйл баримтын талаар маргаагүй байна.

8. Зохигчийн хооронд байгуулагдсан Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3-т нийцсэн байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, ...хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, ...анз нь торгууль, алданги гэсэн хоёр төрөлтэй байна, анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, ...хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6-д тус тус зохицуулжээ.

9. Анхан шатны шүүх “...зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, худалдан авагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул худалдагч үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэх эрхтэй, талууд гэрээний 6.2-т үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй бол алданги төлөхөөр тохирсон тул үлдэгдэл 5,387,000 төгрөгийн алдангийг 50 хувиар тооцож,  2,693,500 төгрөгийн хамт хариуцагч төлөх үүрэгтэй, харин гэрээгүй авсан гэх 2,150,000 төгрөгтэй холбоотой шаардлагыг хариуцах үндэслэлээ нэхэмжлэгч нотлоогүй гэж дүгнэн, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагчаас 8,080,500 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Иргэний хуулийн маргаантай харилцааг зохицуулсан хэрэглэвэл зохих зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

10. Хариуцагчийн төлөөлөгч Х.Нямбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг  хэтрүүлсэн,  ...хариуцагч нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцоогүй, бүр тийм ажиллагаа явагдаж байгаа талаар огтхон ч мэдээгүй өнгөрсөн байхад хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн... тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж, ...хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно,  ...тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан ...бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр тоолно гэж хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д тус тус зохицуулсан.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь худалдан авсан бүтээгдэхүүний үнээс 4,000,000 төгрөгийг 2016.10.11-ний өдөр төлсөн тул шаардах эрхийн хугацаа 2019.10.11-нд дуусахаар байх бөгөөд нэхэмжлэгч нь 2019.10.10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид хандаж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан боловч хариуцагч  “Б д” ХХК-ийн захирал Ө.Ганболд хамтарсан уулзалтад хүрэлцэн ирээгүй үндэслэлээр Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон гэж үзэж дуусгавар болгосон болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч Н.Оюунчимэгийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай №358 дугаартай тэмдэглэлээр тогтоогджээ.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.-т Талууд маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлэхээр гэрээндээ хэлэлцэн тохиролцсон бол шүүхийн бус аргаар урьдчилан шийдвэрлэх журам тогтоосон гэж үзнэ гэж зохицуулсан байх ба зохигч гэрээний 8.3-т гэрээний талаар болон гэрээтэй холбогдон гарсан маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэх ба хэрэв маргааныг харилцан зөвшилцөн шийдвэрлэж чадаагүй тохиолдолд хууль тогтоомжийн дагуу шүүхэд хандана гэж тохиролцжээ.

Хариуцагч худалдан авсан эд хөрөнгийн үнийг төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч нь Эвлэрүүлэн зуучлагчид хандсаныг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан гэж үзэх тул Эвлэрүүлэн зуучлагчид хандсан 2019.10.10-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.

Нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр тоолохоор хуульд зохицуулсан тул нэхэмжлэгчийн шаардлага гаргах хугацаа 2022.10.10-ны өдөр дуусахаар байна.

Нэхэмжлэгч нь 2020.02.20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2020/01691 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1573 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч Х.Нямбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Б д” ХХК-аас 2020.08.17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 146,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.ЗОЛЗАЯА

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Г.АЛТАНЧИМЭГ

                                       ШҮҮГЧИД                                               Г.БАНЗРАГЧ

                                                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                                                        Х.ЭРДЭНЭСУВД