Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 46

 

“Р” ХХК-ийн гомдолтой,

Оюуны өмчийн газрын улсын байцаагч

Д.Н-т холбогдох

зөрчлийн хэргийн тухай

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:         Ч.Тунгалаг

            Шүүгчид:                        Г.Банзрагч

                                                   Б.Мөнхтуяа

                                                   П.Соёл-Эрдэнэ

            Илтгэгч шүүгч:               Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Гомдлын шаардлага: “Оюуны өмчийн газрын улсын байцаагч Д.Нын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 18020000395 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0747 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 672 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: гомдол гаргагчийн өмгөөлөгч Т.Х, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нарыг оролцуулж,

            Гомдол гаргагч “Р” ХХК-ийн өмгөөлөгч Т.Х-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0747 дугаар шийдвэрээр: Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.1-13.1.4, Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Оюуны өмчийн газрын улсын байцаагч Д.Н-ын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 18020000395 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нэхэмжлэгч “Р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 672 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн  анхан шатны шүүхийн  2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0747 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Гомдол гаргагч “Р” ХХК-ийн өмгөөлөгч Т.Х хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь Базалит гэх үг, дугуй дүрсний хосолмол барааны тэмдгийн эзэмшигчээр Л.А-ыг бүртгэсэн, барааны тэмдгийн 6806 дугаар гэрчилгээг олгосноор 2007 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс уг хосолмол барааны тэмдгийн хувьд барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх үүссэнийг зөв тогтоосон атлаа нэхэмжлэгч “Р” компанийг уг хосолмол тэмдгийг ашигласан, мөн уг ашигласан барааны тэмдэг хамгаалагдсан байсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

4. Хэргийн материалын 83 дугаар талд хавсаргасан баримтын дагуу “Р” компани кирилл үсгээр бичигдсэн Базалит нэр томьёог дангаараа ашигласан нь нотлогддог бол хавтаст хэргийн 81, 82 дугаар талд байгаа Барааны гэрчилгээний дагуу Монгол Базальт компани Базалит үг, дугуй дүрсний хосолмол барааны тэмдгийг бүртгүүлсэн нь тогтоогдож байна. Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “барааны тэмдэг нь үг, дүрс, үсэг, тоо, гурван хэмжээст дүрс, өнгө, дуу авиа, үнэр эсхүл тэдгээрийг хосолсон байдлаар илэрхийлэгдэж болно” гэж заасны дагуу “Р” компанийн ашиглаж буй Базалит дан барааны тэмдэг болон гуравдагч этгээдийн бүртгүүлсэн Базалит хосолмол барааны тэмдэг нь илэрхийлэгдэх байдлын хувьд ялгаатай учраас өөр өөр барааны тэмдэгт тооцогдох бөгөөд хамгаалагдах объектын хувьд ялгаатай байна. Түүнчлэн энэхүү хоёр барааны тэмдгийг бүртгүүлэхдээ тус бүрт нь Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т заасан мэдүүлэг гаргах шаардлагатай байхаас гадна өөр өөрийн мэдүүлгийн бүрдлийн хяналтын шат болон шүүлтийн процесс явагдсаны эцэст Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан тухайн барааны тэмдэгт хамаарах онцгой эрхийг гэрчилсэн барааны тэмдгийн гэрчилгээ тусгайлан олгогдох журамтай байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс эдгээр 2 барааны тэмдгийн ялгаатай байдлыг үл харгалзан, Базалит хосолмол барааны тэмдгийн хувьд үүссэн онцгой эрхийг үндэслэн “Р” компанийн Базалит дан барааны тэмдэг бүхий барааг борлуулж байгаа үйлдэлд шийтгэл оногдуулсан нь дээрх заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэнд тооцогдоно.

5. Ийнхүү эдгээр хоёр барааны тэмдгийн ялгаатай байдлыг харгалзан үзвэл Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг үндэслэн шийтгэл оногдуулах шийдвэр нь үндэслэл бүхий байхын тулд дараах 2 тохиолдол байх боломжтой.

6. Нэгдүгээрт, Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.4-т заасан тохиолдолд буюу “Р” компани нь бүртгэгдсэн Базалит хосолмол тэмдгийг иргэн Л.А-ын зөвшөөрөлгүй ашигласан нөхцөл байдал бүрдсэн байх шаардлагатай. Гэтэл “Р” компани нь Базалит хосолмол тэмдгийг ашиглаагүй бөгөөд ашигласан талаар нотлох баримт хэргийн материалд байхгүй байна.

7. Нэмж дурдахад, гуравдагч этгээд Базалит хосолмол тэмдгийн хувьд шаардах эрх эдлэхийн тулд тухайн барааны тэмдэг нь бүртгэгдсэн байхаас гадна Базалит хосолмол барааны тэмдгээр хамгаалуулсан барааны нэрсийн жагсаалттай байх шаардлага тавигддаг. Энэ нь дараах хууль, олон улсын хэлэлцээрийн зүйл заалтаар зохицуулагддаг. Үүнд: Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.12-т “тухайн барааны тэмдэгт хамаарах бараа, барааны нэрсийн жагсаалттай байх” гэж, тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх бүртгэгдсэн барааны нэрсийн жагсаалтын хүрээнд үйлчилнэ” гэж тус тус заасан, мөн Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридын хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт “мэдүүлэг гаргагч барааны тэмдгээр хамгаалуулах гэсэн барааг заах үүрэгтэй” гэж тус тус заасан байдаг. Гэтэл гуравдагч этгээд уг хосолмол барааны тэмдгийг бараа, сав баглаа боодолд хэрэглэсэн, эсхүл уг хосолмол барааны тэмдэг бүхий бараатай байгаа талаар баримт хэргийн материалд байхгүй байна. Харин хавтаст хэргийн 23, 24, 25 талд байгаа баримтуудын дагуу гуравдагч этгээд Basaltwool гэх латин үсгээр бичигдсэн барааны тэмдгийг бүртгүүлсэн, түүнийг өөрийн барааны сав баглаа боодол дээр ашиглаж байгаа нь тогтоогддог. Ийнхүү дүгнэхэд, гуравдагч этгээд уг бүртгэгдсэн Базалит хосолмол барааны тэмдгээр хамгаалагдсан барааны нэрсийн жагсаалтгүй учраас уг барааны тэмдгийн хувьд эзэмшигчийн онцгой эрх үүссэн хэдий ч үйлчлэх нөхцөл байдал бүрдээгүй байна. Улмаар уг хосолмол барааны тэмдэгтэй холбоотой бусдын үйлдлийг таслан зогсоох шаардах эрхийг эдлэх боломжгүй бөгөөд үүнээс үүдэн шийтгэл оногдуулах үндэслэлгүй юм.

8. Үүнээс гадна анхан шат болон давж заалдах шатны шүүхээс “Р” компанийн ашиглаж Базалит дан барааны тэмдэг ба гуравдагч этгээдийн бүртгүүлсэн Базалит хосолмол барааны тэмдгийн нэршил бичилт, хэрэглэгчдэд уншигдах байдлын хувьд адилхан, бусдыг төөрөгдөлд оруулж болзошгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Үгний хувьд бичилт, уншигдах байдлын хувьд адил боловч шүүгч хосолмол барааны тэмдэг дэх дугуй дүрсийг огт дурдаагүй нь гайхшрал төрүүлж байна. Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “барааны тэмдэг гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг” гэж ойлгохоор заасан. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд өөрийн барааг бусад этгээдийн бараанаас ялгах зорилгоор Базалит хосолмол барааны тэмдгийг сав баглаа боодол дээр ашигласан байж эцсийн хэрэглэгч хоёр талын санал болгож байгаа барааг үзэн нэршлийг нь унших, сонголтоо хийх боломж бүрдэнэ. Гэтэл бодит байдал дээрээ “Р” компанийн борлуулж буй бараан дээрх Базалит дан барааны тэмдгийн нэршлийг хэрэглэгч унших боломжтой байна. Харин “М Б” ХК-д өөрийн бүртгүүлсэн хосолмол тэмдгээр хамгаалуулах бараа байхгүй, тус хосолмол барааны тэмдэг бүхий барааны жагсаалтгүй тул хэрэглэгч яаж нэршлийг нь унших боломжгүй тул хэрэглэгч төөрөгдөлд орсон эсэх асуудал ч яригдах үндэслэлгүй юм.

9. Хоёрдугаарт, шийтгэл оногдуулах үед буюу 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гуравдагч этгээдэд Базалит дан барааны тэмдгийн хувьд онцгой эрх үүссэн бол “Р” компани Базалит дан барааны тэмдгийг ашигласан явдал зөрчилд тооцогдоно. Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж, тус зүйлийн 12.3.3-т “бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах” гэж тус тус заасны дагуу, мөн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “бүртгэгдсэн барааны тэмдэг, газар зүйн заалт гэж хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгэсэн барааны тэмдэг, газар зүйн заалтыг” гэж заасныг дүгнэвэл “Р” компаниас Базалит дан барааны тэмдгийг ашиглаж болохыг хуулиар хориглоогүй бөгөөд барааны тэмдэг ашиглаж болох эрх хэмжээ нь тухайн барааны тэмдэг бүртгэгдснээр хязгаарлагдсан. Тэгвэл “Р” компанийн ашиглаж буй Базалит дан барааны тэмдэг нь шийтгэл оногдуулах үед бүртгэгдсэн байсан эсэхийг 2 шатны шүүхээс шалгаагүйд нэхэмжлэгч гомдолтой байна. Хавтаст хэргийн 153 талд байгаа иргэн Л.Ариунболдын мэдүүлгийн дагуу тэрээр Базалит үгийг дангаар барааны тэмдгээр бүртгүүлэх хүсэлтийг 2018 оны 9 дүгээр сарын 21-нд Оюуны өмчийн газарт гаргажээ. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шийтгэл оногдуулах үед уг хүсэлт шүүлтийн шатанд байж байгаад хавтаст хэргийн 158, 160, 161 дүгээр талд байгаа Оюуны өмчийн газрын А/72 дугаартай тушаал болон Барааны тэмдгийн гэрчилгээний дагуу Базалит дан барааны тэмдэг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр бүртгэгдсэн нь нотлогдож байна. Ийнхүү эдгээр баримтыг үнэлэхэд, улсын байцаагч 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шийтгэл оногдуулах үед Базалит дан барааны тэмдэг бүртгэгдээгүй, уг барааны тэмдэгт хамаарах онцгой эрх гуравдагч этгээдэд үүсээгүй, улмаар гуравдагч этгээд уг барааны тэмдгийн хувьд 2019 оны 5 сар хүртэл шаардах эрхгүй байсан нь нотлогдож байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.5-д заасныг үндэслэн “Базалит барааны тэмдгийг ашигласнаар бусдыг төөрөгдөлд оруулж болзошгүй байх тул Базалит үгийг дангаар ашиглаж болохгүи” гэж дүгнэсэн нь эдгээр нотлох баримтыг үнэлээгүй, энэхүү заалтад заасан бүртгэгдсэн барааны тэмдэг гэсэн нөхцлийг харгалзаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг гэрчилж байна.

10. Улсын байцаагч Д.Н нь дээрх материаллаг хуулийн заалт зөрчсөнөөс гадна зөрчлийн хэрэгт хамааралгүй этгээдийг хохирогчоор оролцуулж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлд “зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийг хохирогч” гэж заасныг давхар зөрчсөн. Учир нь иргэн Л.Ариунболд Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.2 дахь хэсэгт заасны дагуу Базалит хосолмол тэмдгийг бүртгүүлэхийг хүссэн мэдүүлгийг иргэний хувьд гаргаж, улмаар уг хосолмол барааны тэмдэг эзэмшигч болж, бусдын үйлдлийг таслан зогсоох шаардах эрх эдлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд иргэний хувьд хохирогчоор оролцох эрхтэй байна. Гэтэл улсын байцаагч нь барааны тэмдэг эзэмшигч бус этгээд болох “М Б” ХК-ийн гомдлоор зөрчлийн хэрэг нээж, тус компанийг хохирогчоор тогтоож, түүнээс тайлбар мэдүүлэг авсныг үндэслэн шийтгэл оногдуулсан нь хавтаст хэргийн 80, 84, 89 дүгээр хуудсанд байгаа баримтаар нотлогдож байна. Харамсалтай нь улсын байцаагчийн дээрх хууль бус үйлдлийг давж заалдах шатны шүүхээс тогтоосон атал нэхэмжлэгчийн үйлдэлд ногдуулсан шийтгэлд хамааралгүй гэж дүгнэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2, Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 6.5.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “шүүгч гагцхүү хуульд захирагдана” гэж тус тус заасныг зөрчсөн болно.

11. Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, нотлох баримт огт үнэлээгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

                 12. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

          13. Оюуны өмчийн газрын улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 18020000395 дугаар шийтгэлийн хуудсаар “... “Р” ХХК нь “Б” барааны тэмдгийн нэрээр “Б” чулуун хөвөнг зах зээлд борлуулж байгаа нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.3, 13.1.4 дэх хэсгийг тус тус зөрчсөн” гэх үндэслэлээр, Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 3 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, “Р” ХХК-иас “... Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн холбогдох заалт... –ыг зөрчиж шийтгэл оногдуулсан, ... базалит материалаар хийсэн чулуун хөвөнгийн үйлдвэрлэгч болох Хабаровский завод “Базалит ДВ” ХК нь хуучнаар ЗХУ-ын аж ахуйн нэгжийг бүртгэх холбогдох төрийн байгууллагад 1964 онд анх байгуулагдаж, 2002 оноос хойш Оросын Холбооны Улсад одооны нэрээр бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа, манай “Р” ХХК нь уг бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулсан нь ... “М Б” ХК-ийн барааны тэмдэг эзэмших онцгой эрх ... /болон/ хууль зөрчөөгүй, манай 2 компани ижил төрлийн чулуун хөвөн борлуулдаг боловч уг бараанд хэрэглэж буй “Б” ба “Basaltwool” нэрсүүд төсөөтэй биш” гэх зэргээр маргажээ.

          14. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, Монгол Улсын Шадар сайдын 2007 оны 120 дугаар тушаалаар, 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн анхдагч огноотой, дугуй хэлбэртэй дүрсний доор “Б” гэсэн бичиглэл бүхий барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийг иргэн Л.Ариунболдод зөвшөөрч, 6808 дугаартай Барааны тэмдгийн гэрчилгээ олгосон, “Р” ХХК нь ОХУ-ын “Б ДВ” ХК-ийн үйлдвэрлэсэн барилгын дулаалгад ашиглагддаг “Б” материалаар хийгдсэн чулуун хөвөнг импортоор оруулж ирж, харин “М Б” ХХК нь өөрийн үйлдвэрлэсэн, мөн барилгын дулаалгад ашиглагддаг “Б” материалаар хийгдсэн чулуун хөвөнг зах зээлд тус тус борлуулдаг, “М Б” ХХК-ийн Ерөнхий захирал Л.А-оос 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “... “Б” нэртэй хөвөн зах зээлд борлуулагдаж байгаа нь хэрэглэгчийг төөрөгдүүлэх, манай компанийн нэр хүндийг зах зээлд унагаж болзошгүй байна, ... /энэ нь/ Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байгаа ... тул шалгаж өгнө үү” гэх өргөдлийг Оюуны өмч, улсын бүртгэлийн газар (тухайн үеийн нэрээр) гаргасан, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

15. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.1-д “... барааны тэмдэг гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг /ойлгох/”-оор, 12 дугаар зүйлийн 12.1-д “барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх”-ээр, түүнчлэн барааны тэмдэг эзэмшигч нь тухайн барааны тэмдгийн хувьд түүнийг өмчлөх, бусдад ашиглуулах, шилжүүлэх, барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах, барааны тэмдэгтэй төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах, хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг гэм буруутай этгээдээс шаардах зэрэг онцгой эрхийг эдлэхээр, мөн хуулийн 13 дугаар зүйлд “бараа, түүний сав, баглаа боодол, үйлчилгээнд хэрэглэсэн, ... барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан, үйлчилгээ үзүүлсэн, ... барааны тэмдэг бүхий барааг хилээр нэвтрүүлсэн, ... барааны тэмдгийг албан бичиг, танилцуулга, бусад баримт, интернэт, сурталчилгаанд ашигласан” зэрэг үйлдлийг барааны тэмдэг ашигласанд тооцохоор тус тус заажээ.

16. Хуулийн эдгээр заалтуудыг маргааны үйл баримтуудад холбогдуулан авч үзвэл, иргэн Л.Ариунболдын 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн анхдагч огноотой, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрхийн хамгаалалт авсан “дугуй хэлбэртэй дүрсний доор “Б” гэсэн бичиглэл бүхий” барааны тэмдгийг өөр бусад этгээд аливаа хэлбэрээр ашиглах эрхгүй, энэ тохиолдолд, “Р” ХХК нь  иргэн Л.Ариунболдын нэр дээр эрхийн хамгаалалт үүссэн “дугуй хэлбэртэй дүрсний доор “Б” гэсэн бичиглэл бүхий” барааны тэмдгийг ямар нэг байдлаар ашигласан бараа бүтээгдэхүүнийг борлуулаагүй, талууд энэ үйл баримттай маргаагүй, ОХУ-ын Хабаровский завод “Б ДВ” ХК-д үйлдвэрлэсэн ижил төрлийн бүтээгдэхүүн борлуулсан нь барааны тэмдэг эзэмшигч Л.А-ын эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

17. Өөрөөр хэлбэл, “Б” гэх ижил материалаар хийгдсэн, барилгын дулаалгад ашиглагддаг, ижил төрлийн бүтээгдэхүүнийг хэд хэдэн этгээд зах зээлд зэрэгцэн борлуулахыг хуулиар хориглоогүй, гагцхүү хуулиар хамгаалагдсан бусдын барааны тэмдгийг уг тэмдэг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр өөрийн бараа бүтээгдэхүүндээ ашиглахыг хуулиар хориглосон, энэ тохиолдолд, ОХУ-ын Хабаровский завод “Б ДВ” ХК-ийн “Б” гэсэн нэртэй дулаалгын материалыг зах зээлд борлуулсан нь  “дугуй хэлбэртэй дүрсний доор “Б” гэсэн бичиглэл бүхий” барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй, анхан болон давж заалдах шатны шүүх  Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн дээрх заалтуудыг маргааны үйл баримтуудад холбогдуулан буруу тайлбарлан хэрэглэсэн, “...барааны тэмдгийг ашиглах эрх нь зөвхөн уг барааны тэмдгийг эзэмшигч ”М Б” ХХК-ийн ерөнхий захирал Л.А-д хадгалагдаж /байхад/ ... “Р” ХХК нь Базалит нэртэй чулуун хөвөнг ОХУ-аас импортлон борлуулж байгаа нь ... барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчиж, барааны тэмдгийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр өөрийн бараа, бүтээгдэхүүндээ ашигласан зөрчил үйлдсэн” гэх зэргээр үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

          18. Барааны тэмдэг нь гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх “ялгагдах чадвартай илэрхийлэл”-ийг ойлгохоор хуульд заасан, өөрөөр хэлбэл, ноос, ноолуур, зөгийн бал, сүү гэх мэтээр бараа бүтээгдэхүүний өөрийн бусдаас ялгагдах нэр нь барааны тэмдэг биш, харин тэдгээрийг үйлдвэрлэгч, зах зээлд борлуулагчийн бусдаас ялгагдах зорилгоор зохиосон “ялгагдах чадвартай илэрхийлэл” нь барааны тэмдэг болох тул гуравдагч этгээд “М Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Базалит гэсэн нэртэй бүтээгдэхүүн зарж, борлуулж байгаа нь хэрэглэгчийн төөрөгдүүлж байгаа, барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчсөн” гэх тайлбар үндэслэлгүй, бусад этгээд ижил төрлийн бүтээгдэхүүн худалдан борлуулсан нь тус компанийн онцгой эрхээр хамгаалагдсан “дугуй хэлбэртэй дүрсний доор “Б” гэсэн бичиглэл бүхий” илэрхийлэл болох барааны тэмдгийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй, хариуцагч тухайн тохиолдолд, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан “барааны тэмдгийг ашигласанд тооцох” хуулийн зохицуулалтыг буруу ойлгож, Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг баримталж “барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөн” гэх зөрчил тогтоосон байх тул маргаан бүхий  улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 18020000395 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй, гомдол гаргагчийн өмгөөлөгч Т.Хурцбаатарын хяналтын журмаар гаргасан “...”Р” компанийн борлуулж буй бүтээгдэхүүн /барилгын дулаалгын чулуун хөвөн/-ий баглаа боодол дээр кирилл үсгээр Базалит гэж бичсэн нь гуравдагч этгээдийн Базалит үг, дугуй дүрсний хосолмол барааны тэмдгийн эрхийг зөрчөөгүй, ...   анхан болон давж заалдах шатны шүүх Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн ... заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх гомдлыг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.

          19. Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/72 дугаар тушаалаар “Б” гэх үгийг барааны тэмдгээр бүртгэсэн талаарх баримтууд хэрэгт авагдсан, уг үйл баримт нь “Оюуны өмчийн газрын улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 18020000395 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагатай энэ маргаанд хамааралгүй тул хяналтын шатны шүүх уг асуудлаар дүгнэлт хийхгүй.

          20. Эдгээр үндэслэлээр, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0747 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 672 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 12 дугаар зүйлийн 12.3, 13 дугаар зүйлийн 13.1, Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Оюуны өмчийн газрын улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 18020000395 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гомдол гаргагч “Р” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

                        ШҮҮГЧ                                                                   Д.МӨНХТУЯА