Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2017/00248

 

                                                    М.Мөнгөнсүхийн нэхэмжлэлтэй,

                                                             иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2016/01000 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2065 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : М.Мөнгөнсүх,

Хариуцагч : Хөгжим бүжгийн коллеж,

Нэхэмжлэлийн шаардлага : Хөгжим бүжгийн коллежийн захирлын 2016.5.09-ний өдрийн Б/63 дугаартай тушаал, 2016.6.14-ний өдрийн Б/68 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 7.911.418 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Мягмарсүрэнгийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Чинхүүн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ариунаа, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: Хөгжим бүжгийн коллежийн захирлын 2016.6.14-ний өдрийн Б/68 дутаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, Дээд боловсролын тухай хуулийн 8.4 дэх хэсэг, Хөгжим бүжгийн коллежийн хөдөлмөрийн дотоод журмын 3.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа нь хууль бус буюу М.Мөнгөнсүх нь хөдөлмөрийн гэрээний 5.2-т заасан аль зөрчлийг гаргасныг хангалттай нотлохгүйгээр тушаал гаргасан нь буруу юм. Түүнчлэн, Багшийн ёс зүйн дүрмийн 7.1, 7.2-т зааснаар багш мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргасан нь тодорхойгүй байхад сахилгын шийтгэл хүлээлгэж улмаар удаа дараа зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа хууль бус үйлдэл нь ажилтны хуулиар олгогдсон эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. М.Мөнгөнсүх нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу хөдөлмөрлөх үүргээ шударгаар биелүүлж, ажил үүргээ зохих ёсоор хийж гүйцэтгэж байсан. Иймд Хөгжим бүжгийн коллежийн захирлын Б/68, Б/63 дугаартай тушаалуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Захирлын 2016.509-ний өдрийн Б/63 тоот тушаалаар М.Мөнгөнсүхэд сахилгын арга хэмжээ авагдсан. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ бүрэн хангалттай гүйцэтгэж, идэвхи санаачлага, үр бүтээлтэй ажиллах гэсэн заалтыг биелүүлээгүй. Сургалт эрхэлсэн дэд захирлын ажлын байрны тодорхойлолтод заасан Сургалт явуулж буй мэргэжлийн чиглэл дээрх бүх шатны сургалт, элсэлтийн өмнөх бэлтгэл сургалт болон төгсөлтийн дараах мэргэжил дээшлүүлэх сургалтыг батлагдсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу зохион байгуулах үүргийн дагуу бакалаврын мэргэжил бүрийн сургалтын төлөвлөгөөг БСШУС-ын 2014 оны А/174 тоот Нийтлэг шаардлага батлах тухай, БСШУС-ын 2014 оны А/285 тоот Хичээлийн жагсаалт батлах тухай тушаалуудаар дээд боловсролын сургалтын төлөвлөгөөг нийтлэг шаардлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулах, баталгаажуулах ажлыг удирдан зохион байгуулах ёстой. Гэтэл М.Мөнгөнсүх тус сургуульд ажилласан хугацаанд тэнхимүүдтэй баг болж хамтран ажиллаагүй, удирдан зохион байгуулж чадаагүй нь тус сургуульд хийгдсэн төлөвлөгөөт бус шалгалтын дүнд буюу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2016.5.24-ний өдрийн 02-09-071/660 тоот албан шаардлагаар Батлагдсан сургалтын төлөвлөгөөгүйгээр сургалт эрхэлж байсан нь тогтоогдсон. 2016.6.08-ны өдөр нэр бүхий 8 тэнхимийн эрхлэгч, менежер, удирдлагууд БСШУ-ны сайд Л.Гантөмөрт өргөх бичиг өгсний дараа сайд Л.Гантөмөр тус сургуулийн захирал Г.Эрдэнэбатад М.Мөнгөнсүхийг ажлаас халах арга хэмжээ авах үүрэг өгсөн. Хөдөлмөрийн гэрээний 4.6-д зааснаар хамт олны уур амьсгалыг хэвийн байлгах, дэг журмыг хангахад анхаарч ажиллах үүрэгтэй. Тус сургууль нь нийт 12 тэнхимтэй бөгөөд 8 тэнхимийн удирдлага болон багш нар нь дэд захирал М.Мөнгөнсүхийн ажлын арга барилыг хүлээн зөвшөөрөхгүи байсан тул удаа дараа өргөх бичгийг захирал болон сайдад явуулж байсан. Мөн хувь хүний хувьд удирдах ажилтны ёс зүйд нийцэхгүй авир гаргаж Ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчиж байснаас гадна уламжлалдаа тулгуурлан шинэчлэлийг хийж ажиллахын оронд хамт олны саналыг үл хүндэтгэн ажиллаж ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2016/01000 шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хөгжим бүжгийн коллежийн захирлын 2016.5.09-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/63 дугаартай тушаал, 2016.614-ний өдрийн Б/68 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 7.911.418 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай М.Мөнгөнсүхийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2065 дугаар магадлал гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2016/01000 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 1. Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2016.5.24-ний өдрийн 02-09-071/660 дугаартай албан шаардлага, БСШУЯ-ны сайд С.Гантөмөрийн дэд захирал М.Мөнгөнсүх ажилдаа тэнцэхгүй тул хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2016.6.10,11-ний өдрүүдэд өгсөн чиглэл зэргийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь хууль зүй үндэслэлтэй эсэхийг хянуулахаар нэхэмжлэл гаргасан. Хөгжим бүжгийн коллежийн дэд захирлыг БСШУ-ны яамнаас томилдоггүй бөгөөд харин захирал түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, тушаалаар томилдог байхад энэ хүрээнд шүүх дүгнэлт өгөөгүй. Мөн Багшийн ёс зүйн хорооны журмын 3-т зааснаас үзэхэд багшийн ёс зүйн хорооны гишүүд сонгогддог байхад албан тушаалаараа дэд захирал нь ёс зүйн хорооны дарга хийдэг нь тогтоогдож байна гэж дүгнэх хууль зүйн боломжгүй байхад шүүх буруу дүгнэлт хийсэн гэж үзэх ба хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг багшийн ёс зүйн хорооны дарга хийх байсан гэдгийг хангалттай нотолсон тушаал, шийдвэр зэргийг нотлох баримтаар гаргаж өгөөгүй. 2. Хөгжим бүжгийн коллеж нь БСШУЯ-наас баталсан сургалтын хөтөлбөрийн хүрээнд сургалтын үйл ажиллагааг явуулж байхад шүүх өөрийн санаачилгаараа "...ямар ч сургалтын төлөвлөөгүйгээр хичээллэсэн..." байна гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм. Түүнчлэн, сургалтын технологи алдагдсан гэдгийг хөндлөнгийн ямар нэгэн байгууллага тогтоогоогүй байхад дүгнэлт хийх боломжгүй. Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчийн албан шаардлагад дурьдсан зөрчил нь нэхэмжлэгч М.Мөнгөнсүхийн буруутай үйлдлийн талаар огт дурьдаагүй бөгөөд хөгжим бүжгийн коллежийн хувьд илэрсэн зөрчлийн талаар дурьдсан байхад үүнийг зөвхөн нэхэмжлэгчийн буруутай үйлдэл гэж үзэх боломжгүй. 3. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож буй тушаалд удаа дараа ёс зүйн болон хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж ажил олгогч үзэж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байдаг. Сахилгын зөрчлийн хувьд ажилтан хөдөлмөрийн гэрээ болон бусад дүрэм журамд заасан зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Гэтэл ажилтан М.Мөнгөнсүх нь ямар сахилгын зөрчил гаргасан нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл тушаалд заасан зөрчлийг ажил олгогчийн зүгээс шалгасан талаарх материал, ажилтны гаргасан сахилгын зөрчлийг хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг ажил олгогч гаргаж өгөөгүй тохиолдолд тушаалын хууль зүйн үндэслэлийг хариуцагчийн тайлбар бүрэн нотолж чадахгүй юм. Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт Хөгжим бүжгийн коллежийн хөдөлмөрийн дотоод журам авагдсан бөгөөд уг журмын 12.1 дэх хэсэгт зааснаар сахилгын зөрчлүүдийг нэрлэн заасан бөгөөд эдгээр зөрчлийн алийг нь ажилтан гаргасан нь тодорхойгүй байхад сахилгын зөрчил гаргасан гэж шүүх шууд дүгнэх боломжгүй байна. Мөн уг журмын 12.7 дахь хэсэгт зааснаар: "... ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг тогтоосон байна. Ес зүйн дүрэм зөрчсөнийг уг дүрэмд заасны дагуу шалган тогтооно. Шалгалт дууссаны дараа шалгалт хийсэн танилцуулгыг ХБК-ийн захиралд танилцуулна..." арга хэмжээ авна гэж заасан бөгөөд ажил олгогчийн зүгээс зөрчлийн талаар хэрхэн шалгалт хийсэн, тэр нь хэрхэн нотлогдож байгаа зэргээр хангалттай нотолж чадаагүй байхад шүүх маргааны үйл баримтын талаар хангалттай дүгнэлтийг хийж чадсангүй. Мөн М.Мөнгөнсүх нь хэдийгээр удирдах албан тушаалд ажиллаж байсан боловч уг ажлын байрны тодорхойлолтыг батлаагүй, танилцсан байж болох ч уг баримтыг хариуцагч талаас өөрчилсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан зассан байх магадлалыг яагаад давж заалдах шатны шүүх харж үзсэнгүй вэ. Шүүх нэг талын нотлох баримтыг үнэн зөв, хөтөлбөргүй баримт гэж дүгнэх нь илт нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт гэж үзэхээр байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн буюу хариуцагч байгууллагын өмнөөс нэхэмжлэгч М.Мөнгөнсүхийн зөрчлийг илрүүлж, хариуцагч Хөгжим бүжгийн коллежийн захирльн Б\68 дугаартай тушаалд дурдаагүй үйл баримтыг өөрийн үзэмжээр тогтоож шийдвэрлэсэн байна. Мөн хэрэгт "Мэргэжлийи хяналтын улсын ахлах байцаагчийн 2015.5.24-ний өдрийн 02-09-071X660 дугаар албан бичиг" ийм баримт байхгүй, байгаа ч үгүй, хаанаас гарч ирсэн баримтыг шүүх үнэлээд байна вэ? давж заалдах шатны шүүх нь магадлалыг гаргахдаа хэрэгт байхгүй баримтыг үндэслэж шийдвэрлэсэн нь хэргийг үнэн зөв, шударгаар хянасан гэж боломж байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч М.Мөнгөнсүх нь ёс зүйн хорооны даргаар ажиллаж байх үедээ ёс зүйн хороонд ирсэн өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх талаар ямар ч арга хэмжээ авдаггүй, ялангуяа өөрийнх нь ёс зүйтэй холбоотой маш олон өргөдөл, гомдол ирсэн байдаг ба нэг нь ч шийдвэрлэгдээгүй болно. Ингээд түүнийг 2015.12.09-ний өдөр ёс зүйн хорооны даргын ажлаас чөлөөлсөн байдаг. 2. М.Мөнгөнсүх нь сургуулийн багш, ажилтнуудтай хамтран ажиллаж чадахгүй байсны улмаас сургууль батлагдсан сургалтын хөтөлбөргүй хичээлээ явуулж сургалтын үйл ажиллагаа саатахад хүрсэн. Улмаар энэ талаар багш, ажилтнуудын зүгээс удаа дараа сургуулийн захиргаа болон холбогдох төрийн байгууллагуудад өргөдөл, гомдол гаргасан байдаг. Мөн хамт олныг удирдан зохион байгуулж тэдэнтэй хамтран   ажиллаж   чадаагүй   болохыг   сургууль   дээр  явагдсан  төлөвлөгөөт   бус шалгалтын дүн нотолдог. 3. М.Мөнгөнсүх нь элдэв шалтаг хэлж хуралд ирэхгүй байх, хурал хаяж явах, доод албан тушаалтнуудаа элдэв хараалын үгээр доромжилж харилцах, хамтран ажиллахад хүндрэлгүй талаар санал асуулгад хэд хэдэн ажилтнуудыг гарын үсэг зурахыг шаардаж, тулгах зэргээр ёс зүйгүй, сахилга батгүй үйлдэл олонтаа гаргаж байсан ба хамгийн сүүлд 2016.3.28-нд болон 2016.3.30-ны өдөр хуралдсан Захиргааны зөвлөлийн   хурлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хамт олон, хурлыг үл хүндэтгэн хаяж явсан үйлдэл нь сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэж үзэх хангалттай үндэслэл болно. Энэ талаар хурлын тэмдэглэлд тусгагдсан бөгөөд шүүхэд нотлох баримтаар хавсаргаж ирүүлсэн болно. Сургуулийн захирлын Б/68 тушаал нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй, М.Мөнгөнсүхийн үйлдэл зөрчилд үнэн зөв үнэлэлт дүгнэлт өгсөн эрхийн акт гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргадаг. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлоо яг хэвээр нь хяналтын гомдол нэртэйгээр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Бид зохих тайлбарыг шүүхэд тухайн үед гаргаж өгсөн болно. Анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүдээс хэргийн үйл баримт, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар хуулийн хүрээнд, нотлох баримтуудад үндэслэн тодорхой, үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэрээ гаргасан явдал нь хууль, шударга ёсонд бүрнээ нийцсэн болохыг дурдаж байна. Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

М.Мөнгөнсүх Хөгжим бүжгийн коллежид холбогдуулан нэхэмжлэл гаргаж,  Хөгжим бүжгийн коллежийн захирлын 2016.5.09-ний өдрийн Б/63 дугаартай тушаал, 2016.6.14-ний өдрийн Б/68 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 7.911.418 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх шаардлага тавьсан байна.  /хх 1-3/

Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Хөгжим бүжгийн коллежийн захирал 2016.5.09-ны өдөр Б/63 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн  5 дүгээр зүйлийн 5.1, 131 дүгээр зүйлийн 131.1.1, Дотоод журмын 3.1, 8.1, 8.1.12, 2015.9.01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 3.2, 4.6, Захиргааны зөвлөлийн 2016.4.06, 2016.5.09-ний өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн   дэд захирал М.Мөнгөнсүх “...Хөдөлмөрийн гэрээ зөрчсөн, 2016 оны 4 дүгээр  сарын 06, 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн хурлыг дур мэдэн орхин гарсан зэрэг ажил олгогч болон хамт олныг илтэд үл хүндэтгэсэн ёс зүйгүй үйлдэл гаргасан...” гэж сануулах сахилгын шийтгэл /хх 7/ ногдуулснаас гадна 2016.6.14-ний өдөр Б/68 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Хөгжим бүжгийн коллежийн хөдөлмөрийн дотоод журмын 3.1, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2016.5.24-ний өдрийн 02-09-071/660 дугаартай албан шаардлага, Боловсрол Соёл Шинжлэх ухааны сайдаас 2016 оны 6 дугаар сарын 10, 11-ний өдөр өгсөн чиглэл зэргийг үндэслэн Сургалт эрхэлсэн дэд захирал М.Мөнгөнсүх “...Хөгжим бүжгийн коллежийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах тухай ажлын байрны тодорхойлолтод заагдсан үндсэн ажил үүргээ биелүүлээгүй, удаа дараа ёс зүйн болон хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан...” гэж хөдөлмөрийн гэрээг /хх 4/ цуцалсан бөгөөд эдгээрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ. /хх 4/ 

Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, дотоод журам зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй бөгөөд Хөгжим бүжгийн коллежийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б/63 дугаар тушаалд заасан зөрчлийг нэхэмжлэгч гаргасан нь тогтоогдсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-г зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ тухай нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна. 

Нэхэмжлэгч нь сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах тухай ажлын байрны тодорхойлолтод заагдсан үндсэн ажил үүргээ биелүүлээгүй нь Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 02-09-071/660 дугаар албан шаардлагаар /хх 31/ нотлогдсон, М.Мөнгөнсүх нь ажил үүргийн хувьд сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах, батлуулах үүрэгтэй гэж үзэхээр байгаа тул хариуцагчийн 2016 оны Б/68 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-г зөрчөөгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримт, зохигчдын тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2016/01000 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2065 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Мягмарсүрэнгийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ