Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2065

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2016/01000 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХХ-д холбогдох,

 

ХХХХХХийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/63 дугаартай тушаал, 2016 оны 6 дугаар сарын     14-ний өдрийн Б/68 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 7 911 418 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

 

Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: ХХХХХ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ХХХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХ

Хариуцагчийн өмгөөлөгч: ХХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХХ түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХХХХийн захирлын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/68 дутаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, ХХХХХХийн хөдөлмөрийн дотоод журмын 3.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа нь хууль бус буюу ХХХХХ нь хөдөлмөрийн гэрээний 5.2-т заасан аль зөрчлийг гаргасныг хангалттай нотлохгүйгээр тушаал гаргасан нь буруу юм. Түүнчлэн ХХХХХХийн багшийн ёс зүйн дүрмийн 7.1, 7.2-т зааснаар багш мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргасан нь тодорхойгүй байхад сахилгын шийтгэл хүлээлгэж улмаар удаа дараа зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа хууль бус үйлдэл нь ажилтны хуулиар олгогдсон эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. ХХХХХ нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу хөдөлмөрлөх үүргээ шударгаар биелүүлж, ажил үүргээ зохих ёсоор хийж гүйцэтгэж байсан болно. Иймд ХХХХХХийн захирлын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/68, 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/63 дугаартай тушаалуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХХХХ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйпийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул ХХХХХтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Захирлын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/63 тоот тушаалаар ХХХХХэд сахилгын арга хэмжээ авагдсан. ХХХХХ нь ХХХХХХийн Хөдөлмөрийн дотоод журмын “ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ бүрэн хангалттай гүйцэтгэж, идэвхи санаачлага, үр бүтээлтэй ажиллах” гэсэн заалтыг биелүүлээгүй. Сургалт эрхэлсэн дэд захирлын ажлын байрны тодорхойлолтод заасан “Сургалт явуулж буй мэргэжлийн чиглэл дээрх бүх шатны сургалт, элсэлтийн өмнөх бэлтгэл сургалт болон төгсөлтийн дараах мэргэжил дээшлүүлэх сургалтыг батлагдсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу зохион байгуулах үүргийн дагуу бакалаврын мэргэжил бүрийн сургалтын төлөвлөгөөг БСШУС-ын 2014 оны А/174 тоот “Нийтлэг шаардлага батлах тухай”, БСШУС-ын 2014 оны А/285 тоот “Хичээлийн жагсаалт батлах тухай” тушаалуудаар дээд боловсролын сургалтын төлөвлөгөөг нийтлэг шаардлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулах, баталгаажуулах ажлыг удирдан зохион байгуулах ёстой. Гэтэл ХХХХХ тус сургуульд ажилласан хугацаанд тэнхимүүдтэй баг болж хамтран ажиллаагүй, удирдан зохион байгуулж чадаагүй нь тус сургуульд хийгдсэн төлөвлөгөөт бус шалгалтын дүнд буюу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын    24-ний өдрийн 02-09-071/660 тоот албан шаардлагаар “Батлагдсан сургалтын төлөвлөгөөгүйгээр” сургалт эрхэлж байсан нь тогтоогдсон. 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нэр бүхий 8 тэнхимийн эрхлэгч, менежер, удирдлагууд БСШУ-ны сайд ХХХХХ-т өргөх бичиг өгсний дараа сайд ХХХХХ тус сургуулийн захирал ХХХХ-д ХХХХХийг ажлаас халах арга хэмжээ авах үүрэг өгсөн. Хөдөлмөрийн гэрээний 4.6-д зааснаар хамт олны уур амьсгалыг хэвийн байлгах, дэг журмыг хангахад анхаарч ажиллах үүрэгтэй. Тус сургууль нь нийт 12 тэнхимтэй бөгөөд 8 тэнхимийн удирдлага болон багш нар нь дэд захирал ХХХХ-ийн ажлын арга барилыг хүлээн зөвшөөрөхгүи байсан тул удаа дараа өргөх бичгийг захирал болон сайдад явуулж байсан. Мөн хувь хүний хувьд удирдах ажилтны ёс зүйд нийцэхгүй авир гаргаж Ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчиж байснаас гадна уламжлалдаа тулгуурлан шинэчлэлийг хийж ажиллахын оронд хамт олны саналыг үл хүндэтгэн ажиллаж ирсэн. Иймд ХХХХ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ХХХХХХийн захирлын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/63 дугаартай тушаал, 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/68 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 7 911 418 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай ХХХХ-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар зохигчид тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс гадна маргааны үйл баримт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус хэргийн оролцогчдын маргаагүй асуудлын талаар дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...ХХХХХХийн сургалт эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан ХХХХХ нь албан тушаалаараа ёс зүйн хорооны даргын үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэдэг байх бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр нийт 9 төрлийн үүрэг хүлээснээс 2.3, 4.4, 4.6-д заасан үүргүүдийг биелүүлээгүйгээс ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээний 6.2-т заасны дагуу гэрээг цуцалсан болох нь зохигчдын тайлбар, хөдөлмөрийн гэрээ болон бусад баримтуудаар тогтоогдож байна ...” гэж дүгнэсэн нь илт үндэслэл муутай байх бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. Учир нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын захирлын 2016 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн Б/68 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийг хянуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд уг тушаал нь хууль зүйн хувьд илт үндэслэл муутай байгаа тул хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 02-09-071/660 дугаартай албан шаардлага, ХХХХХтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай БСШУС-ын 2016 оны 06 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд өгсөн чиглэл зэргийг үндэслэсэн байдаг. ХХХХХХийн дэд захирлыг БСШУЯ-аас томилдоггүй, харин ХХХХХХийн захирал түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, тушаалаар томилдог. Мөн хавтаст хэрэгт авагдсан ХХХХХХийн багшийн ёс зүйн хорооны журмын 3 дугаар зүйлд зааснаас үзэхэд багшийн ёс зүйн хорооны гишүүд сонгогддог, дэд захирал нь ёс зүйн хорооны дарга хийдэг нь тогтоогдож байна гэж дүгнэх хууль эрх зүйн боломжгүй байхад шүүх буруу дүгнэлт хийсэн гэж үзэх ба хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг багшийн ёс зүйн хорооны дарга хийж байсан гэдгийг хангалттай нотлох баримт гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... ХХХХХ нь хөдөлмөрийн гэрээнд зааснаар хамт олны уур амьсгалыг хэвийн байлгах дэг журмыг хангахад анхаарч ажиллах үүргээ биелүүлээгүйгээс сургалт арга зүйн зөвлөлөөр 2015-2016 оны хичээлийн жилийн сургалтын төлөвлөгөөг батлуулалгүйгээр ХХХХХХ нь сургалтын ямар ч төлөвлөгөөгүй хичээллэж сургалтын технологи алдагдахад хүрсэн гэж үзэхээр байна ...” гэж дүгнэсэн нь илт хууль бус байгаа бөгөөд шүүх талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж байгаа нь мэргэжлийн хувьд ноцтой алдаа болно. Учир нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалд энэ талаар огт дурдаагүй бөгөөд ажил олгогчийн зүгээс гэрээг дуусгавар болгохдоо сургалтын технологийг алдагдуулсан гэж үзээгүйг шүүх бүрэлдэхүүн анхаар ч үзнэ үү. ХХХХХХ нь БСШУЯ-аас баталсан сургалтын хөтөлбөрийн хүрээнд сургалтын үйл ажиллагааг явуулж байхад шүүх өөрийн санаачилгаараа “ямар ч сургалтын төлөвлөөгүйгээр хичээллэсэн” гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм. Түүнчлэн сургалтын технологи алдагдсан гэдгийг хөндлөнгийн ямар нэгэн байгууллага тогтоогоогүй байхад дүгнэлт хийх боломжгүй юм. Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчийн албан шаардлагад дурдсан зөрчил нь нэхэмжлэгч ХХХХ-ийн буруутай үйлдлийн талаар огт дурдаагүй, ХХХХХХийн хувьд илэрсэн зөрчлийн талаар дурдсан байхад үүнийг зөвхөн нэхэмжлэгчийн буруутай үйлдэл гэж үзэх боломжгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт сахилгын зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгодог боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй тул ХХХХХийг сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй ...” гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагатай нийцэхгүй байна. Учир нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож буй тушаалд удаа дараа ёс зүйн болон хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж дурдсан боловч ажилтан ХХХХХ нь ямар сахилгын зөрчил гаргасан нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл тушаалд заасан зөрчлийг ажил олгогчийн зүгээс шалгасан талаарх материал, ажилтны гаргасан сахилгын зөрчлийг хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг ажил олгогч гаргаж өгөөгүй тохиолдолд тушаалын хууль зүйн үндэслэлийг хариуцагчийн тайлбар бүрэн нотолж чадахгүй. Хэрэгт ХХХХХХийн хөдөлмөрийн дотоод журам авагдсан бөгөөд уг журмын 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан сахилгын зөрчлүүдийн алийг нь ажилтан гаргасан нь тодорхойгүй байхад сахилгын зөрчил гаргасан гэж шууд дүгнэх боломжгүй байна. Мөн уг журмын 12 дугаар зүйлийн 12.7 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн зүгээс зөрчлийн талаар хэрхэн шалгалт хийсэн, тэр нь хэрхэн нотлогдож байгаа зэргээ хангалттай нотолж чадаагүй байхад шүүх маргааны үйл баримтын талаар хангалттай дүгнэлт хийж чадсангүй. Багшийн ёс зүйн дүрмийн 7.1-д заасан ёс зүйн зөрчил гаргасан эсэх нь хэрхэн нотлогдож байгаа нь тодорхой бус байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч ХХХХХ нь хариуцагч ХХХХХ-д холбогдуулан тус коллежийн захирлын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/63, 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” Б/68 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 7 911 418 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь сахилгын давтан болон ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж маргажээ.

 

Хариуцагч ХХХХХХийн захирлын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/63 дугаар тушаалаар нэхэмжлэгч ХХХХХэд сахилгын “сануулах” шийтгэл ногдуулсныг буруутгах боломжгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д зааснаар ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн ажилтанд сануулах сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй.

 

Хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 12.3.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь сахилгын зөрчилд тооцогдох бөгөөд талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4.6-д зааснаар ажилтан нь “хамт олны уур амьсгалыг хэвийн байлгах, дэг журмыг хангахад анхаарч ажиллах” үүргийг хүлээжээ. Нэхэмжлэгчид сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд “... Захиргааны зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 06, 05 дугаар сарын 09-ний өдрүүдийн хурлыг дур мэдэн орхиж гарсан ...” гэж заасан байх ба хэрэгт авагдсан Захиргааны зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хурал, 05 дугаар сарын 09-ний өдрийн шуурхай хурлын тэмдэглэлүүдээс үзэхэд нэхэмжлэгч ХХХХХ нь дээрх хурлуудыг орхиж гарсан нь тогтоогдож байна. /хх.221, 227/

 

Иймд ХХХХХ-д холбогдуулан тус коллежийн захирлын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/63 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй болно.

 

Хариуцагч байгууллагын захирлын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “ХХХХХтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай”  Б/68 дугаар тушаалд “... сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах тухай ажлын байрны тодорхойлолтод заагдсан үндсэн ажил үүргээ биелүүлээгүй, удаа дараа ёс зүйн болон хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан ...” гэх үндэслэл заажээ. Нэхэмжлэгч нь ажил үүргийн хувьд сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулж, батлуулах үүрэг хүлээсэн гэх үйл баримтын талаар зохигчдын хэн аль нь маргаагүй.

 

Хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолт гэх баримтад нэхэмжлэгчийн гарын үсэг зурагдаагүй байх боловч нэхэмжлэгч нь тус байгууллагад удирдах албан тушаалд ажиллаж байсан, түүнчлэн нэхэмжлэгчийн өөрийн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргаж буй ажил үүргийнхээ талаар дурдсан агуулгаас үзэхэд уг ажлын байрны тодорхойлолтод заагдсан өөрийн гүйцэтгэх чиг үүргийг мэдээгүй, танилцаагүй байх боломжгүй.

 

Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 02-09-071/660 дугаар албан бичигт “Сургалтын төлөвлөгөө нь мэргэжил тус бүрээр боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөгдөөгүй, дээд боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөөний дагуу хичээлийн хөтөлбөрийг боловсруулж батлаагүй ...” гэж заасан байгааг /хх.236/ хууль сануулан асуусан гэрч ХХХХ-ийн “... сургалт арга зүйн зөвлөлийг хуралдуулаагүй, ямар нэгэн сургалтын хөтөлбөр батлуулаагүй, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар сургалтын хөтөлбөр боловсруулахыг надад даалгасан ...” гэх мэдүүлэгтэй /хх.254-255/ харьцуулан үзэхэд нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний 2.3-д зааснаар ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан гэж үзнэ.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэл бүрдсэн тул хариуцагч байгууллагын захирлын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” Б/68 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинд 7 911 418 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай шаардлагыг хангах боломжгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2016/01000 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Т.ТУЯА

                                                                             ШҮҮГЧ                        А.ОТГОНЦЭЦЭГ

                                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ж.ОЮУНТУНГАЛАГ