Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2019/01805

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2019/01805

 

 

П.Д. ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/01667 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч П.Д. ХХК-ийн нэхэмжлэлтэй

ХариуцагчН.Т-т холбогдох

 

Гэрээний үүрэгт 12 674 266 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан

ХариуцагчН.Т-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч П.Д. ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

ХариуцагчН.Т- нь 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 14 095 000 төгрөгийн цалингийн зээлийг 48 сарын хугацаатай, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр нэмэлтээр 2 340 000 төгрөгийн цалингийн зээлийг 48 сарын хугацаатай, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэмэлтээр 1 500 000 төгрөгийн зээлийг авч, цалингийн зээлийн шинэчилсэн гэрээгээр 17 935 000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, сарын 1.40 хувийн хүүтэйгээр Улаанбаатар хотын банк ХХК-аас зээлж авсан.

Н.Түмэнбаяр нь зээл авах үедээ Улсын дээд шүүхийн Дотоод аудитын албаны даргаар ажиллаж байсан бөгөөд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 149 дүгээр захирамжаар орон тоог нь хассан. Зээлдэгч нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс хойш зээлийн төлбөрөө төлөхгүй байж үүргийн зөрчил үүссэн.

Зээлдүүлэгч Улаанбаатар хотын банк ХХК нь манай даатгалын компанитай 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ байгуулсан ба зээлдэгчН.Т-ын орон тоо хасагдаж, зээлийн хугацаа хэтрэлт 90 хоногоос хэтэрснээр даатгалын тохиолдол бий болсон. Ийнхүү Улаанбаатар хотын банк ХХК-ийн нөхөн төлбөр хүссэн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 6ё/5913 дугаар албан тоотыг хүлээн авч, компанийн гүйцэтгэх захирлын 3011804992 дугаар тушаалын дагуу нөхөн төлбөр тооцож 12 674 266 төгрөгийг Улаанбаатар хотын банк ХХК-д төлсөн.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу даатгуулагчийн шаардах эрх Улаанбаатар хотын банк ХХК-д олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр манай компанид шилжсэн. Хариуцагч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн төлөлт хийгээгүй байгаа тулН.Т-аас 12 674 266 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

ХариуцагчН.Т- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Д. ХХК нь даатгалын тухай хуулийн 8.7 дахь хэсэгт заасан буруутай этгээдээс нөхөн төлбөр нэхэмжлэхээр зохицуулсан хуулийн зохицуулалтыг буруу ойлгон нэхэмжилж байгаа нь хууль зүйн болон гэрээний эрх зүйн талаасаа үндэслэлгүй байна.

Даатгалын гэрээний даатгалын зүйл нь хариуцагчаар татагдсан миний цалингийн зээл юм. Улаанбаатар хотын банкнаас П.Д. ХХК-д даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичигт /хх-9/ "...Н.Т- нь ... даатгалын шимтгэлд 179 350 төгрөг төлсөн. ... зээлдэгчН.Т-т даатгалын нөхөн төлбөрийг ...олгож өгнө үү." гэжээ. Цаашилбал нөхөн төлбөр олгох тухай П.Д. ХХК-ийн захирлын тушаалд /хх-7/ " ...даатгалын нөхөн төлбөрт нийт 12 674 266 төгрөгийг даатгуулагчН.Т-ын хүсэлтээр ... олгохыг... зөвшөөрсүгэй гэжээ.

Нотлох баримтаас харахад би гэрээний тал буюу дэд даатгуулагч болох нь тодорхой харагдаж байна. Нөгөөтэйгүүр Даатгалын гэрээнээс үүдэх иргэний эрх зүйн харилцаанд дор хаяж хоёр этгээд оролцох бөгөөд үүнд даатгалын гэрээний талууд буюу даатгагч, даатгуулагч нар хамрагдана. Мөн даатгалын гэрээг бусдыг төлөөлж өөр этгээдтэй байгуулж болно. Энэ тохиолдолд дээрх гэрээг гуравдагч этгээдэд ашигтай гэрээ гэж үзнэ.

Иймд би Даатгалын тухай хуулийн 8.7 дахь хэсэгт заасан буруутай этгээд биш бөгөөд, /мөн гэрээний 9.1-т заасан/ харин ч гэрээнд заагдсан, даатгалын төлбөрийг төлсөн, даатгалын нөхөн төлбөрийг авах эрх бүхий этгээд мөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх: Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасныг баримтланН.Т-аас 12 674 266 /арван хоёр сая зургаан зуун далан дөрвөн мянга хоёр зуун жаран зургаан/ төгрөгийг гаргуулж П.Д. ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч П.Д. ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217 740 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчН.Т-аас 217 740 /хоёр зуун арван долоон мянга долоон зуун дөчин/ төгрөгийг гаргуулж П.Д. ХХК-д олгож шийдвэрлэжээ.

ХариуцагчН.Т- давж заалдах гомдолдоо: Шүүгч иргэний эрх зүйн нарийвчлан тогтоосон харилцаа болох даатгалын эрх зүйн талаарх хууль болон журмыг хэрэглэлгүй нэг талаас нь асуудлыг авч үзэн Цалингийн зээлийн шинэчилсэн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэсэн үндэслэл гаргасан. Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний гол заалтуудыг үл хэрэглэн шийдвэрээ гаргасан нь хэргийг бүх талаас нь үнэн бодитой шийдвэрлээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, даатгалын тухай болон бусад нарийвчлан зохицуулсан эрх зүйн хэм хэмжээг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Би Даатгалын тухай хуулийн 8.7 дахь хэсэгт заасан буруутай этгээд биш бөгөөд /мөн гэрээний 9.1 дэх хэсэгт заасан/ харин ч даатгалын гэрээнд дэд даатгуулагч гэж гэрээний нэг тал болон заагдсан, даатгалын төлбөрийг төлсөн, даатгалын нөхөн төлбөрийг авах эрх бүхий этгээд мөн бөгөөд тэр ч утгаараа даатгалын нөхөн төлбөрийг дэд даатгуулагч буюу өөрийн нэрийн өмнөөс хүлээн авч зориулалтын дагуу Зээлийн эрсдэл төлөгдсөн байдаг.

Шүүх Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээнд тусгагдаагүй, байхгүй үндэслэл зааж шийдвэрээ гаргасан. Мөн нэхэмжлэгч П.Д. ХХК нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасан үндэслэл өөрөөр хэлбэл буруутай этгээд гэж дэд даатгуулагч болох намайг үзэж нэхэмжлэлээ гаргасан байтал шүүгч шийдвэртээ нэгд буруутай этгээд, хоёрт үүрэг шилжүүлсэн гэсэн харилцан эсрэг тэсрэг агуулга үндэслэл гаргасан байгаа нь даатгалын эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ Даатгалын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч П.Д. ХХК нь хариуцагчН.Т-т холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 12 674 266 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, ... даатгалын хураамж төлж байсан, ... даатгалын нөхөн төлбөр авах эрх бүхий этгээд болохоос буруутай этгээд биш ... гэх тайлбар гарган, маргажээ.

Н.Түмэнбаяр нь Улаанбаатар хотын банк ХХК-тай байгуулсан цалингийн зээлийн гэрээний дагуу нийт 17 935 000 төгрөг зээлснээр тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь хэрэгт авагдсан 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн цалингийн зээлийн шинэчилсэн гэрээ, талуудын тайлбар зэргээр нотлогджээ. /хх10-11/

Мөн П.Д. ХХК нь Улаанбаатар хотын банк ХХК-тай байгуулсан 2014 оны ХА 30С/14100534 дугаартай хамтран ажиллах гэрээний дагуу мөн оны 6 дугаар сарын 26-ны өдөр цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ байгуулсан, гэрээнүүдэд 4 удаа нэмэлт өөрчлөлт орсон болох нь тогтоогдож байна. /хх-12-22, 43-45 тал/ Эдгээр гэрээ хүчин төгөлдөр байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт нийцжээ.

Талууд цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээнд зээлдэгчийг дэд даатгуулагч гэж тодорхойлон тэрээр ажил олгогч дэд даатгуулагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 37,38,39,40,41 дүгээр зүйлд заасны дагуу цуцалсны улмаас зээлийн гэрээгээр төлөх үүргээ 90-ээс дээш хоногоор хожимдуулсан тохиолдлыг даатгалын эрсдэлийн нөхцөлд хамааруулахаар тохиролцсон байна. /хх-21/

Хэргийн баримтаар хариуцагчН.Т-ын ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр цуцлагдсан, уг хугацаанаас хойш зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн болох нь нотлогдсон байх бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй.

Нэхэмжлэгч тал дээрх үйл баримттай холбогдуулан цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 5.1.5, 7.1-д заасны дагуу дэд даатгуулагч буюу хариуцагчН.Т-ын зээлийн үлдэгдэл, хүүд 12 674 266 төгрөгийг Улаанбаатар хотын банк ХХК-д төлсөн болох нь хэрэгт авагдсан П.Д. ХХК-ийн захирлын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 30/1804992 дугаартай тушаал, дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдсон байна. /хх-7,8/ Ингэснээр нэхэмжлэгч талд Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт зааснаар хариуцагчН.Т-аас төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх шилжсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу харьцуулан үнэлж, нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Даатгалын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/01667 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 217 739 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД