Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2021/00325

 

“...даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

          2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/01667 дугаар шийдвэр,

 

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1805 дугаар магадлалтай,

 

          Нэхэмжлэгч: “...даатгал” ХХК

          Хариуцагч: Н.Т.

 

          12,674,266 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагч Н.Т.ын гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан, хариуцагч Н.Т., нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Н.Т. нь 2016-11-18-ны өдөр 14,095,000 төгрөгийн цалингийн зээлийг 48 сарын хугацаатай, 2017-06-05-ны өдөр нэмэлтээр 2,340,000 төгрөгийн цалингийн зээлийг 48 сарын хугацаатай, 2017-12-13-ны өдөр нэмэлтээр 1,500,000 төгрөгийн зээлийг авч, цалингийн зээлийн шинэчилсэн гэрээгээр 17,935,000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, сарын 1.40 хувийн хүүтэйгээр Улаанбаатар хотын банк ХХК-иас зээлж авсан. Н.Т. нь зээл авах үедээ Улсын дээд шүүхийн Дотоод аудитын албаны даргаар ажиллаж байсан бөгөөд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн 2018-03-26-ны өдрийн 149 дүгээр захирамжаар орон тоог нь хассан. Зээлдэгч нь 2018-06-22-с хойш зээлийн төлбөрөө төлөхгүй байж үүргийн зөрчил үүссэн. Зээлдүүлэгч Улаанбаатар хотын банк ХХК нь манай даатгалын компанитай 2014-06-26-ны өдөр цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ байгуулсан ба зээлдэгч Н.Т.ын орон тоо хасагдаж, зээлийн хугацаа хэтрэлт 90 хоногоос хэтэрснээр даатгалын тохиолдол бий болсон. Ийнхүү Улаанбаатар хотын банк ХХК-ийн нөхөн төлбөр хүссэн 2018-11-21-ний өдрийн 6ё/5913 дугаар албан тоотыг хүлээн авч, компанийн гүйцэтгэх захирлын 30I1804992 дугаар тушаалын дагуу нөхөн төлбөр тооцож 12,674,266 төгрөгийг Улаанбаатар хотын банк ХХК-д төлсөн. Даатгалын тухай хуулийн 8.7, Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 9.1-д заасны дагуу даатгуулагчийн шаардах эрх Улаанбаатар хотын банк ХХК-д олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр манай компанид шилжсэн. Хариуцагч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн төлөлт хийгээгүй байгаа тул Н.Т.аас 12,674,266 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: Даатгал нь эрсдлийг шийддэг санхүүгийн дэд бүтэц бөгөөд хамгийн энгийнээр даатгуулагч эрсдлийн хураамж төлснөөр тэдгээр эрсдлийг бий болох эдийн засгийн дарамтаас хамгаалдаг. Даатгал нь Даатгалын гэрээний үндсэн дээр нэг талаас даатгуулагч өөрийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, ашиг сонирхлоо болзошгүй аюул, эрсдлээс учирч болох хохирлоо нөхөх баталгаатай байх болон тохиролцсон болзлоор нөхөн авах зорилгоор даатгуулж, түүний төлөө зохих хураамж төлөх, нөгөө талаас даатгагч нь даатгуулагчид учирч болох хохирлыг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөр үүрэг хүлээж, эрх эдлэх харилцаа юм. Өөрөөр хэлбэл даатгал нь аливаа эрсдлээс иргэн, аж ахуйн нэгж байгууллагын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, ашиг сонирхлыг хамгаалах зориулалт бүхий мөнгөн сан байгуулах үйл ажиллагаа юм. Гэтэл даатгагч болох “...даатгал” ХХК-иас даатгалын нөхөн төлбөрийг даатгалын тухай хуулийн 8.7-д заасан буруутай этгээдээс нөхөн төлбөр нэхэмжлэхээр зохицуулсан хуулийн зохицуулалтыг буруу ойлгон нэхэмжилж байгаа нь хууль зүйн болон гэрээний эрх зүйн талаасаа үндэслэлгүй байна. Нөгөөтэйгүүр Даатгалын тухай хуульд заасан “буруутай этгээд” гэдэг нь даатгалын гэрээнд заагдсан нөхцөл тохиолдлын дагуу даатгалын нөхөн төлбөрийг авсан этгээд өөрөө байх нь логикийн хувьд ч үндэслэлгүй юм. Даатгалын гэрээний талаар. Үүрэг гүйцэтгэгч нь ямар нэг үйлдэл хийх, эсвэл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгэгч нь түүнээс үүргээ биелүүлэхийг шаардах эрхийг үүсгэдэг. ИХ-н 431.1-д Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, даатгалын гэрээ нь ирээдүйд бий болох нь тодорхойгүй нөхцөл байдлын улмаас аль нэг этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж болох тодорхойлох буюу байнга хянах боломжгүй эрсдлээс сэргийлэн хийгддэг гэрээ юм. Иргэний хуулиар /431.3/ даатгалын гэрээг бичгээр хийх хэлбэрийн шаардлагыг тавьсан байдаг. 2014-06-26-ны өдрийн ЦЗЭ 30C14100534-3 дугаартай Цалингийн зээлийн эрсдлийн гэрээний /хх-15/ 1.1-т Энэхүү гэрээний зорилго нь дэд даатгуулагч /энэ тохиолдолд иргэн Н.Т./ зээл болон 3 сарын хүүгийн үлдэгдлийг төлж барагдуулахад даатгалын эрсдлийн улмаас учирч болох хохирлоос даатгуулан хураамж төлж, даатгагч даатгалын хугацаанд гэрээнд заасан нөхцөлөөр даатгалаар хангахтай холбогдсон харилцааг зохицуулна гэж, 2.2-т дэд даатгуулагч - /гэж/ банкнаас зээл авч буй зээлдэгч болон хамтран зээлдэгч тус бүрийг, 2.4-д даатгалын тохиолдол /гэж/ гэрээнд заасан даатгалын тохиолдол үүсэх: гэж, 4.1-т даатгалын зүйл нь даатгалын хураамж төлсөн дэд даатгуулагчийн авсан зээл байна, 5.1-т даатгалын эрсдэл гэж /5.1.3/ Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ ажил олгогчийн санаачлагаар цуцлагдах гэж тодорхой заажээ. Мөн 2014-06-26-ны ХА 30C/141000534 тоот УБ банк болон “...даатгал” ХХК-ны хооронд байгуулсан Хамтран ажилах гэрээний 1.1-т “дэд даатгуулагчийг” даатгалд хамруулах... харилцааг зохицуулахад оршино гэж туйлын тодорхой заасан байдаг. Эндээс харвал энэхүү Даатгалын гэрээний даатгалын зүйл нь хариуцагчаар татагдсан иргэн миний цалингийн зээл болох нь тодорхой байна. ИХ-н 431.2-т Даатгалын зүйл нь эд хөрөнгө, иргэдийн амь нас, эрүүл мэнд, түүнчлэн хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхол байна гэж заасан. Даатгаж болох ашиг сонирхол нь цаашилбал гуравдагч этгээдийн ашиг сонирхол байж болно. Даатгуулагчийн ашиг сонирхол гэдэг нь даатгалын гэрээгээр өөрийн ашиг сонирхлыг хамгаалах зорилготой этгээдийн ашиг сонирхол бол гуравдагч этгээдийн ашиг сонирхол гэдэг нь даатгалын гэрээний нэг тал болон оролцоогүй ч тухайн даатгалын гэрээний үйлчлэлд багтан өөрийн ашиг сонирхлоо хамгаалуулж болох этгээдийн ашиг сонирхол юм. Улаанбаатар банкнаас “...даатгал” ХХК-д даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичигт /хх-9/ “... Н.Т. нь ... даатгалын шимтгэлд 179,350 төгрөг төлсөн. ... зээлдэгч Н.Т.т даатгалын нөхөн төлбөрийг ...олгож өгнө үү.” гэжээ. Цаашилбал нөхөн төлбөр олгох тухай “...даатгал” ХХК-н захирлын тушаалд /хх-7/ ...даатгалын нөхөн төлбөрт нийт 12 674 266 төгрөгийг даатгуулагч Н.Т.ын хүсэлтээр ... олгохыг... зөвшөөрсүгэй гэжээ. Даатгалын тухай хуулийн 4.1.6-д Даатгалын нөхөн төлбөр гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж заасан. Гэрээний талуудын талаар. Нотлох баримтаас харахад Н.Т. нь гэрээний тал буюу дэд даатгуулагч болох нь тодорхой харагдаж байна. Нөгөөтэйгүүр Даатгалын гэрээнээс үүдэх иргэний эрх зүйн харилцаанд дор хаяж хоёр этгээд оролцох бөгөөд үүнд даатгалын гэрээний талууд буюу даатгагч, даатгуулагч нар хамрагдана. Мөн даатгалын гэрээг бусдыг төлөөлж өөр этгээдтэй байгуулж болно. Энэ тохиолдолд дээрх гэрээг гуравдагч этгээдэд ашигтай гэрээ гэж үзнэ. Даатгалын эрсдлийн талаар. Даатгалын эрсдэл гэдэг нь даатгалд хамрагдсан зүйлд хохирол учруулж болох нөхцөл орчныг ойлгодог. Тэгвэл даатгалын тохиолдол гэдэг нь даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг ойлгоно. Эрсдлийг Даатгалын гэрээний /хх-15/ 5.1-д зааж өгсөн байдаг. Иймд хариуцагчаар татагдсан иргэн миний бие Даатгалын тухай хуулийн 8.7 -д заасан буруутай этгээд биш бөгөөд, /мөн гэрээний 9.1-т заасан/ харин ч эсрэгээрээ гэрээнд заагдсан, даатгалын төлбөрийг төлсөн, даатгалын нөхөн төлбөрийг авах эрх бүхий этгээд мөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 181/ШШ2019/01667 дугаар шийдвэр гаргаж, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Т.аас 12,674,266 төгрөг гаргуулж “...даатгал” ХХК-д олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар  “...даатгал” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217,740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 217,740 төгрөг гаргуулж ... даатгал ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1805 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/01667 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 217,739 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

 

        Хариуцагч Н.Т. хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ..Даатгагч болох “...даатгал” ХХК-иас даатгалын нөхөн төлбөрийг даатгалын тухай хуулийн 8.7-д заасан буруутай этгээдээс нөхөн төлбөр нэхэмжлэхээр зохицуулсан хуулийн зохицуулалтыг буруу ойлгон нэхэмжилсэн нь хууль зүйн болон даатгалын гэрээний эрх зүйн талаасаа үндэслэлгүй байна. Нөгөөтэйгүүр Даатгалын тухай хуульд заасан “буруутай этгээд” гэдэг нь даатгалын гэрээнд заагдсан нөхцөл тохиолдлын дагуу даатгалын нөхөн төлбөрийг авсан этгээд өөрөө байх нь логикийн хувьд ч үндэслэлгүй юм. Гэтэл шүүгч иргэний эрх зүйн нарийвчлан тогтоосон харилцаа болох даатгалын эрх зүйн талаарх хууль болон журмыг хэрэглэлгүй дан ганц нэг талаас нь асуудлыг авч үзэж Цалингийн зээлийн шинэчилсэн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэсэн үндэслэл гаргасан байна. Харин энэхүү даатгалын маргааны гол үндэслэх гэрээ болсон Цалингийн зээлийн эрсдлийн Даатгалын гэрээний гол заалтуудыг үл хэрэгсэн шийдвэрээ гаргасан нь хэргийг бүх талаас нь үнэн бодитой шийдвэрлээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, даатгалын тухай болон бусад нарийвчлан зохицуулсан эрх зүйн хэм хэмжээг оновчтой зөв хэрэглээгүй гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна. Даатгалын гэрээ нь маргааны үндсэн гэрээ болох нь: Энэхүү иргэний маргаан нь Цалингийн зээлийн эрсдлийн даатгалын гэрээ (Цаашид “Даатгалын гэрээ” гэх, хх-15)-нд холбогдох маргаан боловч хариуцагчийн Улаанбаатар банктай байгуулсан цалингийн зээлээс эх үндэстэй өөрөөр хэлбэл тэрхүү цалингийн зээлийн тасалдлыг даатгагчаа гэрээний дагуу төлөөд тэрхүү даатгалын төлбөрөө эргэж даатгуулагчаасаа нэхэмжилсэн маргаан юм. Цалингийн зээлийн Гэрээний үүргийг зөрчих өөрөөр хэлбэл Зээлийн гэрээний үүргээр зээлдүүлэгч мөнгийг зээлдэгчид шилжүүлсний дараа үүргийн зөрчил гарах ганц боломжит хувилбар нь зээлдэгч үүргээ зөрчих явдал юм. Харин Даатгалын гэрээний агуулгаас харвал зээлдэгчийн энэхүү үүргийн зөрчлийн зарим хэсэг өөрөөр хэлбэл урьдчилан хянах бололцоогүй эрсдлүүдийг даатгасан, Үүнд: Нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 хувиас дээш алдах, ажил олгогчийн санаачлагаар ажлаас халагдах гэсэн эрсдлүүд юм. Даатгалын гэм хорыг учруулж болзошгүй этгээд өөрөө Даатгалын гэрээний нэг тал буюу дэд даатгуулагч болон гэрээний тал болон орох нь хуулиар хориотой. Үүнийг олон улсын жишигт Даатгалын залилан гэсэн катигорт хамааруулан авч үздэг. Гэвч Даатгалын гэрээгээр харин ч эсрэгээрээ эдгээр эрсдлүүдэд өртсөнөөр өөрт нь гэм хор ирээдүйд учирч болзошгүй байгаа байдлаа даатгуулсан байдаг. Харин дэд даатгуулагчийн зээлийн гэрээний үүргээ биелүүлэхэд саад учруулж болзошгүй дараах субьектууд байна. Үүнд: Зээлдэгч Нас барсан тохиолдолд түүний амийг хохироосон этгээд, хөдөлмөрийн чадвараа алдахад хүргэсэн этгээд, Ажлаас хэрэв хууль бусаар халж, хөдөлмөрлөх эрхэд нь халдсан этгээд байхаар байна. Бусад тохиолдолд зээлийн эргэн төлөлтөнд гарсан эрсдэлд заавал гэм хор хүргэсэн этгээд байх албагүй. Жишээ нь даатгуулагч золгүй тохиолдлоор нас барах, хөдөлмөрийн чадвараа алдах гэх мэт. Иргэний эрх зүйд иргэний эрх зүйн зөрчилд хариуцлага хүлээлгэх нөхцөл нь гэрээний буюу бусад үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй, хууль бус хэлцэл хийсэн, эд хөрөнгийн гэм хор учруулсан зэрэг иргэний эрх зүйн зөрчил үйлдсэн этгээд нь гэм буруутай байна. Хариуцлагаас чөлөөлөгдөхийн тулд тухайн этгээд өөрийн гэм буруугүй байсныг нотлох ёстой. Харин энэхүү иргэний маргааны гол агуулга нь Зээлийн гэрээний үүргээ зөрчсөн эсэх биш харин Даатгалын гэрээний талууд үүргээ биелүүлсэн эсэх, даатгалын гэм хорыг хэн хариуцах вэ гэсэн үндсэн агуулгатай маргаан юм. Нөгөөтэйгүүр зээлдүүлэгч зээлийн төлбөрөө өөрөө албаар төлөхгүй байх, ажлын байрандаа тэнцэхгүй, хөдөлмөрийн сахилга бат алдаж ажлаас халагдах зэрэг нь даатгуулагчаас өөрөөс нь шалтгаалах удирдаж болох хувь хүнээс хамаарсан эрсдэл тул даатгах боломжгүй. Өөрөөр хэлбэл, Даатгалын гэрээ нь ирээдүйд бий болох нь тодорхойгүй нөхцөл байдлын улмаас аль нэг этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж болох тодорхойлох буюу байнга хянах боломжгүй эрсдлээс сэргийлэн хийгддэг гэрээ юм. Иргэний хуулиар /431.3/ даатгалын гэрээг бичгээр хийх хэлбэрийн шаардлагыг тавьсан байдаг. 2014-06-26-ны өдрийн ЦЗЭ 30С14100534-3 дугаартай Цалингийн зээлийн эрсдлийн гэрээний /хх-15/ 1.1-т “Энэхүү гэрээний зорилго нь дэд даатгуулагч /энэ тохиолдолд иргэн Н.Т./-ийн зээл болон 3 сарын хүүгийн үлдэгдлийг төлж барагдуулахад даатгалын эрсдлийн улмаас учирч болох хохирлоос даатгуулан хураамж төлж, даатгагч даатгалын хугацаанд гэрээнд заасан нөхцлөөр даатгалаар хангахтай холбогдсон харилцааг зохицуулна” гэж, 2.2-т “дэд даатгуулагч”- /гэж/ банкнаас зээл авч буй зээлдэгч болон хамтран зээлдэгч тус бүрийг, 2.4-т “даатгалын тохиолдол”- /гэж/ гэрээнд заасан даатгалын тохиолдол үүсэх: гэж, 4.1-т даатгалын зүйл нь даатгалын хураамж төлсөн дэд даатгуулагчийн авсан зээл байна, 5.1-т даатгалын эрсдэл гэж /5.1.3/ Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ ажил олгогчийн санаачлагаар цуцлагдах гэж тодорхой заажээ. Мөн 2014-06-26-ны ХА 30С/141000534 тоот УБ банк болон “...даатгал” ХХК-ийн хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээний “1.1-т “дэд даатгуулагчийг” даатгалд хамруулах... харилцааг зохицуулахад оршино.” гэж туйлын тодорхой заасан байдаг. Даатгалын гэрээг байгуулах Үндсэн суурь гэрээ болох Хамтран ажиллах гэрээ1 -ний Нийтлэг үндэслэлд “Гэрээний зорилго нь Банк Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд өөрийн харилцагч үйлчлүүлэгч /цаашид “Дэд даатгуулагч” гэх/-ийг даатгалд хамруулах...” гэж заасан бөгөөд энэхүү гэрээний хавсралтаар Даатгалын гэрээг ИХ-н 431.1-д заасны дагуу байгуулсан. Хэдийгээр Даатгалын гэрээний тал болж иргэн Н.Т. гарын үсэг зураагүй боловч энэхүү гэрээний доорх заалтуудаас харахад дэд даатгуулагч буюу гэрээний улмаас хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн бөгөөд гэрээний тодорхой заалтуудад тусгайлан эрх, үүрэгтэйгээр оролцохоор тусгагдсан этгээд мөн учраас гэрээтэй холбоотой маргаанд шаардах эрхтэйгээр оролцох эрхтэй субьект юм. Даатгалын гэрээний 6.2-т “Дэд даатгуулагчийн хураамж төлсөн сарын дараа сарын дараа сарын 5-ны өдрийн дотор хураамжийг “...даатгал” ХХК-ийн ... дансанд шилжүүлэх.” 10.3-т (Даатгагчийн эрх үүрэг) “Дэд даатгуулагчид даатгалын хугацаанд нь гэрээнд заасан нөхцлийн дагуу даатгалаар хангах, даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох үүрэгтэй. 10.4-т “Даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцлийг даатгуулагч, дэд даатгуулагчид танилцуулах үүрэгтэй.” Мөн Даатгалын гэрээний 11.1 (Даатгуулагч, дэд даатгуулагчийн эрх үүрэг) “Даатгуулагч, дэд даатгуулагч даатгалын тохиолдол болсон үед гэрээний нөхцлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах эрхтэй.” 11.6-д “Дэд даатгуулагч даатгал хийлгэхдээ болон нөхөн төлбөр авахдаа үнэн зөв, бодитой, хангалттай мэдээллээр даатгагчийг хангах, аюул ослоос урьдчилан сэргийлэх болон хохирлыг багасгах боломжит бүх арга хэмжээнүүдийг авсан байх үүрэгтэй.” 12.2-т “Дэд даатгуулагч даатгалын хугацаанд нөхөн төлбөр авсан тохиолдолд хураамж буцаан олгогдохгүй. Дэд даатгуулагч тус бүрийн хувьд зээл авсан хугацаагаар даатгал үйлчилнэ.” гэж заасан заалтууд нь дэд даатгуулагч болон даатгагч нарын хоорондох Даатгалын гэрээтэй холбоотой маргааныг СЗХ шийдвэрлэх боломжтой нь харагдаж байна. Энэхүү даатгалын гэрээнд гарын үсэг зураагүй гэрээний тал болж оролцоогүй мэт харагдаж байгаа боловч ИХ-н 441-д Бусад этгээдэд ашигтайгаар даатгах даатгалын талаар заасан байдаг. Тухайлбал 441.1-д “Даатгуулагч өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд ашигтайгаар даатгалын гэрээ байгуулж болох бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр үүсэх бүхий л эрх ашиг сонирхол нь даатгагдсан этгээд /цаашид “ашиг сонирхол бүхий этгээд”- гэх/ эдлэх боловч даатгалын баталгаа олгохыг гагцхүү даатгуулагч шаардах эрхтэй.” гэсэн зохицуулалт байгаа болно. Энэ тохиолдолд хариуцагч миний бие даатгагдсан буюу ашиг сонирхол бүхий этгээд болж байгаа юм. Бусад зүйл: Урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хүсэлт гаргасан боловч явуулаагүй талаар: Даатгалын гэрээний 13.1-д “Даатгалын гэрээтэй холбогдон гарсан маргаантай асуудлыг гэрээний талууд хэлэлцээрийн аргаар зохицуулахыг эрхэмлэх бөгөөд эс чадвал Санхүүгийн Зохицуулах хороонд хандаж шийдвэрлүүлнэ, 13,2-т “Санхүүгийн Зохицуулах Хорооны шийдвэрийг аль нэг тал эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно,” гэж зааснаар энэхүү маргааныг СЗХороо буюу даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар урьдчилан шийдвэрлүүлэхээр гэрээнд тусгагдсан байна. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4,1-т “Санхүүгийн зохицуулах хороо нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэнд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага мөн.”, 6 дугаар зүйлийн /Хорооны бүрэн эрх/ 6.1.6-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч хооронд гарсан маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шийдвэрлэх;” гэж заасан. Мөн Даатгалын тухай хуулийн 12.1.-д “Даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хянах эрхийг даатгалын асуудал хариуцсан Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлнэ." гэжээ. Тийм учраас энэхүү маргааныг Санхүүгийн Зохицуулах Хороогоор урьдчилан шийдвэрлүүлэх үндэслэл байсаар байтал анхан шатны шүүхээс хариуцагчийн хүсэлтийг хангаагүй байгаа нь гэрээ болон хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Даатгагчийн шаардах эрхийг бүрэн тогтоогүй талаар: Даатгалын нөхөн төлбөрийг олгосон баримт дутуу байхад хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэсэн. Учир нь энэхүү баримтууд бүгд бүрдэж байж даатгалын нөхөн төлбөрийг Даатгалын тухай хуулинд заасны дагуу олгосон эсэх нь нотлогдох юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн Даатгалын гэрээгээр олгогдсон нөхөн төлбөрийн шаардах эрхийг шалгах үндсэн нотолгооны баримт юм. Даатгалын тухай хуулийн 8.4-т “даатгалын нөхөн төлбөрийг дараахь баримтыг үндэслэн олгоно:” гээд 8.4.3-т “учирсан хохирлын тухай хохирол үнэлэгчийн бичгээр гаргасан дүгнэлт, акт, материал;" гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс энэхүү Даатгалын маргааныг нэхэмжлэн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтанд Даатгалын нөхөн төлбөрийг ямар баримтыг үндэслэн олгох тухай Даатгалын тухай хуулинд нарийвчлан зааж өгсөн баримтыг гаргаж өгөөгүй байгаа нь Даатгагчид шаардах эрх байгаа эсэх болон хэргийг бүх талаас нь, бодитой, үнэн зөв шийдвэрлэхэд шаардлагатай юм. Учир нь Даатгалын тухай хуулийн 8.4.3-т заагдсан энэхүү шаардлага нь нэхэмжлэгчийн шаардлагаа нотлох чухал ач холбогдолтой баримт юм. Ийм учраас “...даатгал” ХХК-иас учирсан хохирлын тухай хохирол үнэлэгчийн бичгээр гаргасан дүгнэлт, акт, материалууд мөн Даатгалын гэрээний аль заалтанд заагдсан даатгалын тохиолдол үүссэн болохыг тогтоосон баримтуудыг шүүхэд нэхэмжлэгчээс гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүхээс хангахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчиж нэхэмжлэгчийн шаардах эрхийг бүрэн тогтоогүй байгаа юм. Ажлаас хууль бусаар халагдсан гэсэн маргаан Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гартал энэхүү хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй талаар: ХХША-ны явцад хариуцагчийн зүгээс ажлаас хууль бусаар халагдсан талаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан гомдол хэлэлцэгдэж дуустал энэхүү иргэний маргааныг түдгэлзүүлэх хүсэлтийг хангаагүй байгаа нь хэргийг бодитой хянан шийдвэрлэх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Шүүхээс Цалингийн зээл авсан эсэхэд ач холбогдол өгөөд харин энэхүү иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болгосон Даатгалын гэрээний зүйл заалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй байна. Магадлалд “...зээлийн гэрээний үүргээ зөрчигдсөн болох нь нотлогдсон..”, “...Даатгалын тухай хуулийн 8.7-д зааснаар хариуцагч Н.Т.аас төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх шилжсэн гэж үзнэ..." гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгчийн шаардлагыг шүүхээс “гэрээний зөрчил” гэж дүгнэсэн бөгөөд үндэслэл нь даатгалын тухай хуулийн 8.7-д заасан гэм буруутай этгээдээс гаргуулах хуулийн заалтыг нэхэмжилсэн байдаг нь хуулийн уялдаа байхгүй байна. Хариуцагч нь Даатгалын гэрээнд заагдсаны дагуу “...даатгал” ХХК-иас зээлийн тасалдалын эрсдлийн төлөлтөө хийсэн. Харин аль гэрээний үүрэг ...даатгалд яаж шилжиж ирээд түүнийгээ яагаад “дэд даатгуулагч”-аас нэхэмжлээд байгаад нь гэрээний эрх зүйн дүгнэлтийг шүүхээс хийгээгүй байна. Харин Даатгалын гэрээгээр Зээлийн гэрээний зөрчлийн зарим хэсгийг өөрөөр хэлбэл дэд даатгуулагчаас хамаарахгүй эрсдлүүдийг Даатгалын гэрээгээр даатгасан байдаг. Даатгалын гэрээний агуулга нь Цалингийн зээлийн үүргийн гүйцэтгэл зөрчигдөж магадгүй байх эрсдэл байгаа тул хуулийн дагуу энэ эрсдлийг даатгуулсан байдаг ба тийм ч учраас дэд даатгуулагч нэрээр энэхүү гэрээнд орсон байдаг. Гэтэл шүүхээс энэхүү “дэд даатгуулагч” гэсэн гэрээний талыг огт хайхралгүй орхисон юм. Цалингийн зээлийн эрсдлийн даатгал нь банкнаас цалингийн зээл авсан хүн бүрт адил хийгдсэн тул Стандарт гэрээ болно. Стандарт гэрээний агуулга хоёрдмол утгатай бол түүнийг хүлээн авсан тал буюу дэд даатгуулагчид ашигтайгаар тайлбарлах нь хуульд нийнэ. Тэгэхээр Цалингийн зээлийн үүргийн гүйцэтгэл нь дэд даатгуулагчаас огт хамаарахгүйгээр зөрчигдөж болзошгүй байна гэсэн агуулгаар гэрээний нэг тал гэдэгт хариуцагчийг “дэд даатгуулагч” гэж оруулсан. Тийм ч учраас Даатгалын гэрээнд Дэд даатгуулагчийн эрх үүргийг нарийвчлан тодорхойлсон заалтууд байдаг. Үүнд: - Даатгалын гэрээний 10.3-т (Даатгагчийн эрх үүрэг) “Дэд даатгуулагчид даатгалын хугацаанд нь гэрээнд заасан нөхцлийн дагуу даатгалаар хангах, даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох үүрэгтэй. - 10.4-т “Даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцлийг даатгуулагч, дэд даатгуулагчид танилцуулах үүрэгтэй.” -11.1 (...дэд даатгуулагчийн эрх үүрэг) “..., дэд даатгуулагч даатгалын тохиолдол болсон үед гэрээний нөхцлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах эрхтэй.” - 11.6-д “Дэд даатгуулагч даатгал хийлгэхдээ болон нөхөн төлбөр авахдаа үнэн зөв; бодитой, хангалттай мэдээллээр даатгагчийг хангах, аюул ослоос урьдчилан сэргийлэх болон хохиролыг багасгах боломжит бүх арга хэмжээнүүдийг авсан байх үүрэгтэй.” - 12.2-т “Дэд даатгуулагч даатгалын хугацаанд нөхөн төлбөр авсан тохиолдолд хураамж буцаан олгогдохгүй. Дэд даатгуулагч түс бүрийн хувьд зээл авсан хугацаагаар даатгал үйлчилнэ." гэж заасан заалтуудыг шүүхээс анхаарч үзээгүй байна. Цалингийн Зээлийн гэрээг хариуцагч миний бие Улаанбаатар банктай байгуулсан болохоос Даатгагчтай байгуулаагүй. Даатгагч нэгэнт зээлийн эрсдэл бий болоход даатгалын нөхөн төлбөрийг Даатгалын гэрээний дагуу төлсөн бөгөөд энэхүү “гэрээний үүрэг” дэд даатгуулагчид шилжих хуулийн үндэслэл байхгүй юм. Даатгалын тухай хуулийн 8.7-д зааснаар төлбөр нэхэмжлэх эрх шилжээгүй. 8.7 дахь заалт нь зөвхөн гэм хор учруулсан этгээдэд хамааралтай болохоос өөрөөс нь хамаараагүй шалтгаанаар даатгалын эрсдэлд өртсөн дэд даатгуулагчид хамааруулах боломжгүй заалт юм. Иймд хариуцагчаар татагдсан иргэн миний бие Даатгалын тухай хуулийн 8.7-д заасан буруутай этгээд биш бөгөөд, /мөн гэрээний 9.1-т заасан/ харин ч эсрэгээрээ Даатгалын гэрээнд “дэд даатгуулагч” гэж гэрээний нэг тал болон заагдсан, даатгалын төлбөрийг төлсөн, даатгалын нөхөн төлбөрийг авах эрх бүхий этгээд мөн бөгөөд тэр ч утгаараа даатгалын нөхөн төлбөрийг дэд даатгуулагч буюу өөрийн нэрийн өмнөөс хүлээн авч зориулалтын дагуу Зээлийн эрсдэл төлөгдсөн байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүхээс “...даатгал” ХХК-ийн гаргасан үндэслэлгүй шаардсан “Гэрээний үүрэгт” гэх шаардлагыг хангасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

        “...даатгал” ХХК 2019-05-27-ны өдөр шүүхэд хандаж, Н.Т.аас 12,674,266 төгрөг гаргуулахыг шаардахдаа “...манай байгууллага Улаанбаатар хотын банк ХХК-тай даатгалын гэрээ байгуулсан бөгөөд Н.Т. цалингийн зээл авсан боловч зээлээ төлөөгүйгээс даатгалын тохиолдол бий болсон ...нөхөн төлбөрт 12,674,266 төгрөг төлсөн ... шаардах эрх манайд шилжсэн тул хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан...” гэжээ.

        Н.Т. нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...би  Даатгалын тухай хуульд ... заасан буруутай этгээд биш, харин даатгалын төлбөрийг төлсөн, нөхөн төлбөрийг авах эрх бүхий этгээд байхад ...дэд даатгуулагч намайг “буруутай этгээд” гэж буй нь хуульд нийцэхгүй байна...” гэх зэргээр маргасан байна.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

        Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.  

        Нэхэмжлэгч нь “...Н.Т.  2016-11-18-ны өдөр 14,095,000 төгрөг, 2017-06-05-ны өдөр 2,340,000 төгрөг, 2017-12-13-ны өдөр 1,500,000 төгрөг \хх 10\ нийт 17,935,000 төгрөгийг Улаанбаатар хотын банк ХХК-с зээлсэн боловч зээлийг бүрэн төлөөгүйгээс даатгалын тохиолдол бий болж ...даатгал ХХК нь банкинд зээлийг төлсөн..”  гэжээ.

        “...даатгал” ХХК, Улаанбаатар хотын банк нарын хооронд байгуулагдсан гэх 2014-06-26-ны өдрийн  “Хамтран ажиллах гэрээ” \хх12\,  2014-06-26-ны өдрийн “Цалингийн зээлийн эрсдлийн даатгалын гэрээ” \хх15-17\, 2015-08-18-ны өдрийн “Цалингийн зээлийн эрсдлийн даатгалын гэрээний нэмэлт өөрчлөлт” \хх18\, 2016-02-02-ны өдрийн “Цалингийн зээлийн эрсдлийн даатгалын гэрээний нэмэлт өөрчлөлт” \хх19\,  2017-01-02-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээний дэд гэрээнүүдэд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай” гэрээ \хх14\, 2017-07-17-ны өдрийн “Цалингийн зээлийн эрсдлийн даатгалын гэрээний нэмэлт өөрчлөлт” \хх21\,2018-10-30-ны өдрийн “Цалингийн зээлийн эрсдлийн даатгалын гэрээ”  \хх43\ хэрэгт авагдсан байна.

         Дээрх баримтуудыг  харьцуулан  үзвэл, Н.Т.  банкнаас анх 2016-11-18-ны өдөр зээл авсан гэж үзэхээр байна. “Цалингийн зээлийн эрсдлийг даатгалын гэрээний нэмэлт өөрчлөлт” гэсэн 2016-02-02-ны өдрийн гэрээ \хх 19\ байгуулагдах үед Н.Т. зээл аваагүй байсан тул уг гэрээний 2-т  заасан этгээдэд хариуцагч  хамаарч байгаа эсэх, 2014-06-26-ны өдрийн  “Хамтран ажиллах гэрээ”-ий 4.1., 2017-01-02-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээний дэд гэрээнүүдэд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай” гэрээний 2.1.4 дэх заалт буюу 2016-11-18-ны өдөр даатгалын шимтгэл \хх59\-д 112,760 төгрөг төлсөн үндэслэл зэргийн  талаар шүүх  дүгнэлт хийгээгүй нь  Иргэний  хуулийн 431 дүгээр зүйлд  нийцээгүй байна. 

        Шүүх хэргийг шийдвэрлэхдээ “...Улаанбаатар хотын банк ХХК.. даатгалын хураамжийг төлсөн... даатгалын тохиолдолд бий болоход өөртөө нөхөн төлбөрийг авахаар  гэрээ   байгуулсан..” гэсэн дүгнэлт хийхдээ  “...даатгал” ХХК-ийн 2018-12-26-ны өдрийн 30/1804992 дугаар албан бичиг, хариуцагчид олгосон зээлийн шимтгэлийн тооцоо, нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний хариуцагчид холбогдох зохицуулалтын талаар дүгнэлт хийгээгүй, Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн зохицуулалтыг анхаарч үзээгүй нь дутагдалтай болжээ. 

        Түүнчлэн, нэхэмжлэлийн үндэслэл болсон буюу “Улаанбаатар хотын банк” ХХК, “...даатгал” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэх гэрээнүүд хүчин төгөлдөр тохиолдолд нэхэмжлэгчид шаардах эрх үүсгэх тул  энэ талаар зохигч мэтгэлцэж, шүүх дүгнэлт хийх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг зөрчихгүй. 

        Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

        Шүүх  нотлох баримтыг үнэлж, талуудын тайлбар, гэрээний талаар дүгнэлт хийсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/01667 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1805 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 217,739 төгрөгийг захирамжаар Н.Т.т буцааж олгосугай.

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЦАГААНЦООЖ

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                                         ШҮҮГЧИД,                             Х.СОНИНБАЯР

                                                                                                       Б.УНДРАХ

                                                                                                       Д.ЦОЛМОН

 

        

 

 

 

Практикалдаатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/01667 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1805 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч: Практикалдаатгал ХХК

Хариуцагч: Н.Түмэнбаяр

 

12,674,266 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хяналтын журмаар гаргасан хариуцагч Н.Түмэнбаярын гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан, хариуцагч Н.Түмэнбаяр, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Н.Түмэнбаяр нь 2016-11-18-ны өдөр 14,095,000 төгрөгийн цалингийн зээлийг 48 сарын хугацаатай, 2017-06-05-ны өдөр нэмэлтээр 2,340,000 төгрөгийн цалингийн зээлийг 48 сарын хугацаатай, 2017-12-13-ны өдөр нэмэлтээр 1,500,000 төгрөгийн зээлийг авч, цалингийн зээлийн шинэчилсэн гэрээгээр 17,935,000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, сарын 1.40 хувийн хүүтэйгээр Улаанбаатар хотын банк ХХК-иас зээлж авсан. Н.Түмэнбаяр нь зээл авах үедээ Улсын дээд шүүхийн Дотоод аудитын албаны даргаар ажиллаж байсан бөгөөд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн 2018-03-26-ны өдрийн 149 дүгээр захирамжаар орон тоог нь хассан. Зээлдэгч нь 2018-06-22-с хойш зээлийн төлбөрөө төлөхгүй байж үүргийн зөрчил үүссэн. Зээлдүүлэгч Улаанбаатар хотын банк ХХК нь манай даатгалын компанитай 2014-06-26-ны өдөр цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ байгуулсан ба зээлдэгч Н.Түмэнбаярын орон тоо хасагдаж, зээлийн хугацаа хэтрэлт 90 хоногоос хэтэрснээр даатгалын тохиолдол бий болсон. Ийнхүү Улаанбаатар хотын банк ХХК-ийн нөхөн төлбөр хүссэн 2018-11-21-ний өдрийн 6ё/5913 дугаар албан тоотыг хүлээн авч, компанийн гүйцэтгэх захирлын 30I1804992 дугаар тушаалын дагуу нөхөн төлбөр тооцож 12,674,266 төгрөгийг Улаанбаатар хотын банк ХХК-д төлсөн. Даатгалын тухай хуулийн 8.7, Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 9.1-д заасны дагуу даатгуулагчийн шаардах эрх Улаанбаатар хотын банк ХХК-д олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр манай компанид шилжсэн. Хариуцагч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн төлөлт хийгээгүй байгаа тул Н.Түмэнбаяраас 12,674,266 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: Даатгал нь эрсдлийг шийддэг санхүүгийн дэд бүтэц бөгөөд хамгийн энгийнээр даатгуулагч эрсдлийн хураамж төлснөөр тэдгээр эрсдлийг бий болох эдийн засгийн дарамтаас хамгаалдаг. Даатгал нь Даатгалын гэрээний үндсэн дээр нэг талаас даатгуулагч өөрийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, ашиг сонирхлоо болзошгүй аюул, эрсдлээс учирч болох хохирлоо нөхөх баталгаатай байх болон тохиролцсон болзлоор нөхөн авах зорилгоор даатгуулж, түүний төлөө зохих хураамж төлөх, нөгөө талаас даатгагч нь даатгуулагчид учирч болох хохирлыг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөр үүрэг хүлээж, эрх эдлэх харилцаа юм. Өөрөөр хэлбэл даатгал нь аливаа эрсдлээс иргэн, аж ахуйн нэгж байгууллагын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, ашиг сонирхлыг хамгаалах зориулалт бүхий мөнгөн сан байгуулах үйл ажиллагаа юм. Гэтэл даатгагч болох Практикалдаатгал ХХК-иас даатгалын нөхөн төлбөрийг даатгалын тухай хуулийн 8.7-д заасан буруутай этгээдээс нөхөн төлбөр нэхэмжлэхээр зохицуулсан хуулийн зохицуулалтыг буруу ойлгон нэхэмжилж байгаа нь хууль зүйн болон гэрээний эрх зүйн талаасаа үндэслэлгүй байна. Нөгөөтэйгүүр Даатгалын тухай хуульд заасан буруутай этгээд гэдэг нь даатгалын гэрээнд заагдсан нөхцөл тохиолдлын дагуу даатгалын нөхөн төлбөрийг авсан этгээд өөрөө байх нь логикийн хувьд ч үндэслэлгүй юм. Даатгалын гэрээний талаар. Үүрэг гүйцэтгэгч нь ямар нэг үйлдэл хийх, эсвэл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгэгч нь түүнээс үүргээ биелүүлэхийг шаардах эрхийг үүсгэдэг. ИХ-н 431.1-д Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, даатгалын гэрээ нь ирээдүйд бий болох нь тодорхойгүй нөхцөл байдлын улмаас аль нэг этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж болох тодорхойлох буюу байнга хянах боломжгүй эрсдлээс сэргийлэн хийгддэг гэрээ юм. Иргэний хуулиар /431.3/ даатгалын гэрээг бичгээр хийх хэлбэрийн шаардлагыг тавьсан байдаг. 2014-06-26-ны өдрийн ЦЗЭ 30C14100534-3 дугаартай Цалингийн зээлийн эрсдлийн гэрээний /хх-15/ 1.1-т Энэхүү гэрээний зорилго нь дэд даатгуулагч /энэ тохиолдолд иргэн Н.Түмэнбаяр/ зээл болон 3 сарын хүүгийн үлдэгдлийг төлж барагдуулахад даатгалын эрсдлийн улмаас учирч болох хохирлоос даатгуулан хураамж төлж, даатгагч даатгалын хугацаанд гэрээнд заасан нөхцөлөөр даатгалаар хангахтай холбогдсон харилцааг зохицуулна гэж, 2.2-т дэд даатгуулагч - /гэж/ банкнаас зээл авч буй зээлдэгч болон хамтран зээлдэгч тус бүрийг, 2.4-д даатгалын тохиолдол /гэж/ гэрээнд заасан даатгалын тохиолдол үүсэх: гэж, 4.1-т даатгалын зүйл нь даатгалын хураамж төлсөн дэд даатгуулагчийн авсан зээл байна, 5.1-т даатгалын эрсдэл гэж /5.1.3/ Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ ажил олгогчийн санаачлагаар цуцлагдах гэж тодорхой заажээ. Мөн 2014-06-26-ны ХА 30C/141000534 тоот УБ банк болон Практикалдаатгал ХХК-ны хооронд байгуулсан Хамтран ажилах гэрээний 1.1-т дэд даатгуулагчийг даатгалд хамруулах... харилцааг зохицуулахад оршино гэж туйлын тодорхой заасан байдаг. Эндээс харвал энэхүү Даатгалын гэрээний даатгалын зүйл нь хариуцагчаар татагдсан иргэн миний цалингийн зээл болох нь тодорхой байна. ИХ-н 431.2-т Даатгалын зүйл нь эд хөрөнгө, иргэдийн амь нас, эрүүл мэнд, түүнчлэн хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхол байна гэж заасан. Даатгаж болох ашиг сонирхол нь цаашилбал гуравдагч этгээдийн ашиг сонирхол байж болно. Даатгуулагчийн ашиг сонирхол гэдэг нь даатгалын гэрээгээр өөрийн ашиг сонирхлыг хамгаалах зорилготой этгээдийн ашиг сонирхол бол гуравдагч этгээдийн ашиг сонирхол гэдэг нь даатгалын гэрээний нэг тал болон оролцоогүй ч тухайн даатгалын гэрээний үйлчлэлд багтан өөрийн ашиг сонирхлоо хамгаалуулж болох этгээдийн ашиг сонирхол юм. Улаанбаатар банкнаас Практикалдаатгал ХХК-д даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичигт /хх-9/ ... Н.Түмэнбаяр нь ... даатгалын шимтгэлд 179,350 төгрөг төлсөн. ... зээлдэгч Н.Түмэнбаярт даатгалын нөхөн төлбөрийг ...олгож өгнө үү. гэжээ. Цаашилбал нөхөн төлбөр олгох тухай Практикалдаатгал ХХК-н захирлын тушаалд /хх-7/ ...даатгалын нөхөн төлбөрт нийт 12 674 266 төгрөгийг даатгуулагч Н.Түмэнбаярын хүсэлтээр ... олгохыг... зөвшөөрсүгэй гэжээ. Даатгалын тухай хуулийн 4.1.6-д Даатгалын нөхөн төлбөр гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж заасан. Гэрээний талуудын талаар. Нотлох баримтаас харахад Н.Түмэнбаяр нь гэрээний тал буюу дэд даатгуулагч болох нь тодорхой харагдаж байна. Нөгөөтэйгүүр Даатгалын гэрээнээс үүдэх иргэний эрх зүйн харилцаанд дор хаяж хоёр этгээд оролцох бөгөөд үүнд даатгалын гэрээний талууд буюу даатгагч, даатгуулагч нар хамрагдана. Мөн даатгалын гэрээг бусдыг төлөөлж өөр этгээдтэй байгуулж болно. Энэ тохиолдолд дээрх гэрээг гуравдагч этгээдэд ашигтай гэрээ гэж үзнэ. Даатгалын эрсдлийн талаар. Даатгалын эрсдэл гэдэг нь даатгалд хамрагдсан зүйлд хохирол учруулж болох нөхцөл орчныг ойлгодог. Тэгвэл даатгалын тохиолдол гэдэг нь даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг ойлгоно. Эрсдлийг Даатгалын гэрээний /хх-15/ 5.1-д зааж өгсөн байдаг. Иймд хариуцагчаар татагдсан иргэн миний бие Даатгалын тухай хуулийн 8.7 -д заасан буруутай этгээд биш бөгөөд, /мөн гэрээний 9.1-т заасан/ харин ч эсрэгээрээ гэрээнд заагдсан, даатгалын төлбөрийг төлсөн, даатгалын нөхөн төлбөрийг авах эрх бүхий этгээд мөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 181/ШШ2019/01667 дугаар шийдвэр гаргаж, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Түмэнбаяраас 12,674,266 төгрөг гаргуулж Практикалдаатгал ХХК-д олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Практикалдаатгал ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217,740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 217,740 төгрөг гаргуулж Практикал даатгал ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1805 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/01667 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 217,739 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

 

Хариуцагч Н.Түмэнбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ..Даатгагч болох Практикалдаатгал ХХК-иас даатгалын нөхөн төлбөрийг даатгалын тухай хуулийн 8.7-д заасан буруутай этгээдээс нөхөн төлбөр нэхэмжлэхээр зохицуулсан хуулийн зохицуулалтыг буруу ойлгон нэхэмжилсэн нь хууль зүйн болон даатгалын гэрээний эрх зүйн талаасаа үндэслэлгүй байна. Нөгөөтэйгүүр Даатгалын тухай хуульд заасан буруутай этгээд гэдэг нь даатгалын гэрээнд заагдсан нөхцөл тохиолдлын дагуу даатгалын нөхөн төлбөрийг авсан этгээд өөрөө байх нь логикийн хувьд ч үндэслэлгүй юм. Гэтэл шүүгч иргэний эрх зүйн нарийвчлан тогтоосон харилцаа болох даатгалын эрх зүйн талаарх хууль болон журмыг хэрэглэлгүй дан ганц нэг талаас нь асуудлыг авч үзэж Цалингийн зээлийн шинэчилсэн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэсэн үндэслэл гаргасан байна. Харин энэхүү даатгалын маргааны гол үндэслэх гэрээ болсон Цалингийн зээлийн эрсдлийн Даатгалын гэрээний гол заалтуудыг үл хэрэгсэн шийдвэрээ гаргасан нь хэргийг бүх талаас нь үнэн бодитой шийдвэрлээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, даатгалын тухай болон бусад нарийвчлан зохицуулсан эрх зүйн хэм хэмжээг оновчтой зөв хэрэглээгүй гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна. Даатгалын гэрээ нь маргааны үндсэн гэрээ болох нь: Энэхүү иргэний маргаан нь Цалингийн зээлийн эрсдлийн даатгалын гэрээ (Цаашид Даатгалын гэрээ гэх, хх-15)-нд холбогдох маргаан боловч хариуцагчийн Улаанбаатар банктай байгуулсан цалингийн зээлээс эх үндэстэй өөрөөр хэлбэл тэрхүү цалингийн зээлийн тасалдлыг даатгагчаа гэрээний дагуу төлөөд тэрхүү даатгалын төлбөрөө эргэж даатгуулагчаасаа нэхэмжилсэн маргаан юм. Цалингийн зээлийн Гэрээний үүргийг зөрчих өөрөөр хэлбэл Зээлийн гэрээний үүргээр зээлдүүлэгч мөнгийг зээлдэгчид шилжүүлсний дараа үүргийн зөрчил гарах ганц боломжит хувилбар нь зээлдэгч үүргээ зөрчих явдал юм. Харин Даатгалын гэрээний агуулгаас харвал зээлдэгчийн энэхүү үүргийн зөрчлийн зарим хэсэг өөрөөр хэлбэл урьдчилан хянах бололцоогүй эрсдлүүдийг даатгасан, Үүнд: Нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 хувиас дээш алдах, ажил олгогчийн санаачлагаар ажлаас халагдах гэсэн эрсдлүүд юм. Даатгалын гэм хорыг учруулж болзошгүй этгээд өөрөө Даатгалын гэрээний нэг тал буюу дэд даатгуулагч болон гэрээний тал болон орох нь хуулиар хориотой. Үүнийг олон улсын жишигт Даатгалын залилан гэсэн катигорт хамааруулан авч үздэг. Гэвч Даатгалын гэрээгээр харин ч эсрэгээрээ эдгээр эрсдлүүдэд өртсөнөөр өөрт нь гэм хор ирээдүйд учирч болзошгүй байгаа байдлаа даатгуулсан байдаг. Харин дэд даатгуулагчийн зээлийн гэрээний үүргээ биелүүлэхэд саад учруулж болзошгүй дараах субьектууд байна. Үүнд: Зээлдэгч Нас барсан тохиолдолд түүний амийг хохироосон этгээд, хөдөлмөрийн чадвараа алдахад хүргэсэн этгээд, Ажлаас хэрэв хууль бусаар халж, хөдөлмөрлөх эрхэд нь халдсан этгээд байхаар байна. Бусад тохиолдолд зээлийн эргэн төлөлтөнд гарсан эрсдэлд заавал гэм хор хүргэсэн этгээд байх албагүй. Жишээ нь даатгуулагч золгүй тохиолдлоор нас барах, хөдөлмөрийн чадвараа алдах гэх мэт. Иргэний эрх зүйд иргэний эрх зүйн зөрчилд хариуцлага хүлээлгэх нөхцөл нь гэрээний буюу бусад үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй, хууль бус хэлцэл хийсэн, эд хөрөнгийн гэм хор учруулсан зэрэг иргэний эрх зүйн зөрчил үйлдсэн этгээд нь гэм буруутай байна. Хариуцлагаас чөлөөлөгдөхийн тулд тухайн этгээд өөрийн гэм буруугүй байсныг нотлох ёстой. Харин энэхүү иргэний маргааны гол агуулга нь Зээлийн гэрээний үүргээ зөрчсөн эсэх биш харин Даатгалын гэрээний талууд үүргээ биелүүлсэн эсэх, даатгалын гэм хорыг хэн хариуцах вэ гэсэн үндсэн агуулгатай маргаан юм. Нөгөөтэйгүүр зээлдүүлэгч зээлийн төлбөрөө өөрөө албаар төлөхгүй байх, ажлын байрандаа тэнцэхгүй, хөдөлмөрийн сахилга бат алдаж ажлаас халагдах зэрэг нь даатгуулагчаас өөрөөс нь шалтгаалах удирдаж болох хувь хүнээс хамаарсан эрсдэл тул даатгах боломжгүй. Өөрөөр хэлбэл, Даатгалын гэрээ нь ирээдүйд бий болох нь тодорхойгүй нөхцөл байдлын улмаас аль нэг этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж болох тодорхойлох буюу байнга хянах боломжгүй эрсдлээс сэргийлэн хийгддэг гэрээ юм. Иргэний хуулиар /431.3/ даатгалын гэрээг бичгээр хийх хэлбэрийн шаардлагыг тавьсан байдаг. 2014-06-26-ны өдрийн ЦЗЭ 30С14100534-3 дугаартай Цалингийн зээлийн эрсдлийн гэрээний /хх-15/ 1.1-т Энэхүү гэрээний зорилго нь дэд даатгуулагч /энэ тохиолдолд иргэн Н.Түмэнбаяр/-ийн зээл болон 3 сарын хүүгийн үлдэгдлийг төлж барагдуулахад даатгалын эрсдлийн улмаас учирч болох хохирлоос даатгуулан хураамж төлж, даатгагч даатгалын хугацаанд гэрээнд заасан нөхцлөөр даатгалаар хангахтай холбогдсон харилцааг зохицуулна гэж, 2.2-т дэд даатгуулагч- /гэж/ банкнаас зээл авч буй зээлдэгч болон хамтран зээлдэгч тус бүрийг, 2.4-т даатгалын тохиолдол- /гэж/ гэрээнд заасан даатгалын тохиолдол үүсэх: гэж, 4.1-т даатгалын зүйл нь даатгалын хураамж төлсөн дэд даатгуулагчийн авсан зээл байна, 5.1-т даатгалын эрсдэл гэж /5.1.3/ Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ ажил олгогчийн санаачлагаар цуцлагдах гэж тодорхой заажээ. Мөн 2014-06-26-ны ХА 30С/141000534 тоот УБ банк болон Практикалдаатгал ХХК-ийн хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээний 1.1-т дэд даатгуулагчийг даатгалд хамруулах... харилцааг зохицуулахад оршино. гэж туйлын тодорхой заасан байдаг. Даатгалын гэрээг байгуулах Үндсэн суурь гэрээ болох Хамтран ажиллах гэрээ1 -ний Нийтлэг үндэслэлд Гэрээний зорилго нь Банк Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд өөрийн харилцагч үйлчлүүлэгч /цаашид Дэд даатгуулагч гэх/-ийг даатгалд хамруулах... гэж заасан бөгөөд энэхүү гэрээний хавсралтаар Даатгалын гэрээг ИХ-н 431.1-д заасны дагуу байгуулсан. Хэдийгээр Даатгалын гэрээний тал болж иргэн Н.Түмэнбаяр гарын үсэг зураагүй боловч энэхүү гэрээний доорх заалтуудаас харахад дэд даатгуулагч буюу гэрээний улмаас хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн бөгөөд гэрээний тодорхой заалтуудад тусгайлан эрх, үүрэгтэйгээр оролцохоор тусгагдсан этгээд мөн учраас гэрээтэй холбоотой маргаанд шаардах эрхтэйгээр оролцох эрхтэй субьект юм. Даатгалын гэрээний 6.2-т Дэд даатгуулагчийн хураамж төлсөн сарын дараа сарын дараа сарын 5-ны өдрийн дотор хураамжийг Практикалдаатгал ХХК-ийн ... дансанд шилжүүлэх. 10.3-т (Даатгагчийн эрх үүрэг) Дэд даатгуулагчид даатгалын хугацаанд нь гэрээнд заасан нөхцлийн дагуу даатгалаар хангах, даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох үүрэгтэй. 10.4-т Даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцлийг даатгуулагч, дэд даатгуулагчид танилцуулах үүрэгтэй. Мөн Даатгалын гэрээний 11.1 (Даатгуулагч, дэд даатгуулагчийн эрх үүрэг) Даатгуулагч, дэд даатгуулагч даатгалын тохиолдол болсон үед гэрээний нөхцлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах эрхтэй. 11.6-д Дэд даатгуулагч даатгал хийлгэхдээ болон нөхөн төлбөр авахдаа үнэн зөв, бодитой, хангалттай мэдээллээр даатгагчийг хангах, аюул ослоос урьдчилан сэргийлэх болон хохирлыг багасгах боломжит бүх арга хэмжээнүүдийг авсан байх үүрэгтэй. 12.2-т Дэд даатгуулагч даатгалын хугацаанд нөхөн төлбөр авсан тохиолдолд хураамж буцаан олгогдохгүй. Дэд даатгуулагч тус бүрийн хувьд зээл авсан хугацаагаар даатгал үйлчилнэ. гэж заасан заалтууд нь дэд даатгуулагч болон даатгагч нарын хоорондох Даатгалын гэрээтэй холбоотой маргааныг СЗХ шийдвэрлэх боломжтой нь харагдаж байна. Энэхүү даатгалын гэрээнд гарын үсэг зураагүй гэрээний тал болж оролцоогүй мэт харагдаж байгаа боловч ИХ-н 441-д Бусад этгээдэд ашигтайгаар даатгах даатгалын талаар заасан байдаг. Тухайлбал 441.1-д Даатгуулагч өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд ашигтайгаар даатгалын гэрээ байгуулж болох бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр үүсэх бүхий л эрх ашиг сонирхол нь даатгагдсан этгээд /цаашид ашиг сонирхол бүхий этгээд- гэх/ эдлэх боловч даатгалын баталгаа олгохыг гагцхүү даатгуулагч шаардах эрхтэй. гэсэн зохицуулалт байгаа болно. Энэ тохиолдолд хариуцагч миний бие даатгагдсан буюу ашиг сонирхол бүхий этгээд болж байгаа юм. Бусад зүйл: Урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хүсэлт гаргасан боловч явуулаагүй талаар: Даатгалын гэрээний 13.1-д Даатгалын гэрээтэй холбогдон гарсан маргаантай асуудлыг гэрээний талууд хэлэлцээрийн аргаар зохицуулахыг эрхэмлэх бөгөөд эс чадвал Санхүүгийн Зохицуулах хороонд хандаж шийдвэрлүүлнэ, 13,2-т Санхүүгийн Зохицуулах Хорооны шийдвэрийг аль нэг тал эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно, гэж зааснаар энэхүү маргааныг СЗХороо буюу даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар урьдчилан шийдвэрлүүлэхээр гэрээнд тусгагдсан байна. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4,1-т Санхүүгийн зохицуулах хороо нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэнд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага мөн., 6 дугаар зүйлийн /Хорооны бүрэн эрх/ 6.1.6-д тусгай зөвшөөрөл эзэмшигч хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч хооронд гарсан маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шийдвэрлэх; гэж заасан. Мөн Даатгалын тухай хуулийн 12.1.-д Даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хянах эрхийг даатгалын асуудал хариуцсан Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлнэ." гэжээ. Тийм учраас энэхүү маргааныг Санхүүгийн Зохицуулах Хороогоор урьдчилан шийдвэрлүүлэх үндэслэл байсаар байтал анхан шатны шүүхээс хариуцагчийн хүсэлтийг хангаагүй байгаа нь гэрээ болон хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Даатгагчийн шаардах эрхийг бүрэн тогтоогүй талаар: Даатгалын нөхөн төлбөрийг олгосон баримт дутуу байхад хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэсэн. Учир нь энэхүү баримтууд бүгд бүрдэж байж даатгалын нөхөн төлбөрийг Даатгалын тухай хуулинд заасны дагуу олгосон эсэх нь нотлогдох юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн Даатгалын гэрээгээр олгогдсон нөхөн төлбөрийн шаардах эрхийг шалгах үндсэн нотолгооны баримт юм. Даатгалын тухай хуулийн 8.4-т даатгалын нөхөн төлбөрийг дараахь баримтыг үндэслэн олгоно: гээд 8.4.3-т учирсан хохирлын тухай хохирол үнэлэгчийн бичгээр гаргасан дүгнэлт, акт, материал;" гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс энэхүү Даатгалын маргааныг нэхэмжлэн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтанд Даатгалын нөхөн төлбөрийг ямар баримтыг үндэслэн олгох тухай Даатгалын тухай хуулинд нарийвчлан зааж өгсөн баримтыг гаргаж өгөөгүй байгаа нь Даатгагчид шаардах эрх байгаа эсэх болон хэргийг бүх талаас нь, бодитой, үнэн зөв шийдвэрлэхэд шаардлагатай юм. Учир нь Даатгалын тухай хуулийн 8.4.3-т заагдсан энэхүү шаардлага нь нэхэмжлэгчийн шаардлагаа нотлох чухал ач холбогдолтой баримт юм. Ийм учраас Практикалдаатгал ХХК-иас учирсан хохирлын тухай хохирол үнэлэгчийн бичгээр гаргасан дүгнэлт, акт, материалууд мөн Даатгалын гэрээний аль заалтанд заагдсан даатгалын тохиолдол үүссэн болохыг тогтоосон баримтуудыг шүүхэд нэхэмжлэгчээс гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүхээс хангахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчиж нэхэмжлэгчийн шаардах эрхийг бүрэн тогтоогүй байгаа юм. Ажлаас хууль бусаар халагдсан гэсэн маргаан Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гартал энэхүү хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй талаар: ХХША-ны явцад хариуцагчийн зүгээс ажлаас хууль бусаар халагдсан талаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан гомдол хэлэлцэгдэж дуустал энэхүү иргэний маргааныг түдгэлзүүлэх хүсэлтийг хангаагүй байгаа нь хэргийг бодитой хянан шийдвэрлэх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Шүүхээс Цалингийн зээл авсан эсэхэд ач холбогдол өгөөд харин энэхүү иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болгосон Даатгалын гэрээний зүйл заалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй байна. Магадлалд ...зээлийн гэрээний үүргээ зөрчигдсөн болох нь нотлогдсон.., ...Даатгалын тухай хуулийн 8.7-д зааснаар хариуцагч Н.Түмэнбаяраас төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх шилжсэн гэж үзнэ..." гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгчийн шаардлагыг шүүхээс гэрээний зөрчил гэж дүгнэсэн бөгөөд үндэслэл нь даатгалын тухай хуулийн 8.7-д заасан гэм буруутай этгээдээс гаргуулах хуулийн заалтыг нэхэмжилсэн байдаг нь хуулийн уялдаа байхгүй байна. Хариуцагч нь Даатгалын гэрээнд заагдсаны дагуу Практикалдаатгал ХХК-иас зээлийн тасалдалын эрсдлийн төлөлтөө хийсэн. Харин аль гэрээний үүрэг Практикалдаатгалд яаж шилжиж ирээд түүнийгээ яагаад дэд даатгуулагч-аас нэхэмжлээд байгаад нь гэрээний эрх зүйн дүгнэлтийг шүүхээс хийгээгүй байна. Харин Даатгалын гэрээгээр Зээлийн гэрээний зөрчлийн зарим хэсгийг өөрөөр хэлбэл дэд даатгуулагчаас хамаарахгүй эрсдлүүдийг Даатгалын гэрээгээр даатгасан байдаг. Даатгалын гэрээний агуулга нь Цалингийн зээлийн үүргийн гүйцэтгэл зөрчигдөж магадгүй байх эрсдэл байгаа тул хуулийн дагуу энэ эрсдлийг даатгуулсан байдаг ба тийм ч учраас дэд даатгуулагч нэрээр энэхүү гэрээнд орсон байдаг. Гэтэл шүүхээс энэхүү дэд даатгуулагч гэсэн гэрээний талыг огт хайхралгүй орхисон юм. Цалингийн зээлийн эрсдлийн даатгал нь банкнаас цалингийн зээл авсан хүн бүрт адил хийгдсэн тул Стандарт гэрээ болно. Стандарт гэрээний агуулга хоёрдмол утгатай бол түүнийг хүлээн авсан тал буюу дэд даатгуулагчид ашигтайгаар тайлбарлах нь хуульд нийнэ. Тэгэхээр Цалингийн зээлийн үүргийн гүйцэтгэл нь дэд даатгуулагчаас огт хамаарахгүйгээр зөрчигдөж болзошгүй байна гэсэн агуулгаар гэрээний нэг тал гэдэгт хариуцагчийг дэд даатгуулагч гэж оруулсан. Тийм ч учраас Даатгалын гэрээнд Дэд даатгуулагчийн эрх үүргийг нарийвчлан тодорхойлсон заалтууд байдаг. Үүнд: - Даатгалын гэрээний 10.3-т (Даатгагчийн эрх үүрэг) Дэд даатгуулагчид даатгалын хугацаанд нь гэрээнд заасан нөхцлийн дагуу даатгалаар хангах, даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох үүрэгтэй. - 10.4-т Даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцлийг даатгуулагч, дэд даатгуулагчид танилцуулах үүрэгтэй. -11.1 (...дэд даатгуулагчийн эрх үүрэг) ..., дэд даатгуулагч даатгалын тохиолдол болсон үед гэрээний нөхцлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах эрхтэй. - 11.6-д Дэд даатгуулагч даатгал хийлгэхдээ болон нөхөн төлбөр авахдаа үнэн зөв; бодитой, хангалттай мэдээллээр даатгагчийг хангах, аюул ослоос урьдчилан сэргийлэх болон хохиролыг багасгах боломжит бүх арга хэмжээнүүдийг авсан байх үүрэгтэй. - 12.2-т Дэд даатгуулагч даатгалын хугацаанд нөхөн төлбөр авсан тохиолдолд хураамж буцаан олгогдохгүй. Дэд даатгуулагч түс бүрийн хувьд зээл авсан хугацаагаар даатгал үйлчилнэ." гэж заасан заалтуудыг шүүхээс анхаарч үзээгүй байна. Цалингийн Зээлийн гэрээг хариуцагч миний бие Улаанбаатар банктай байгуулсан болохоос Даатгагчтай байгуулаагүй. Даатгагч нэгэнт зээлийн эрсдэл бий болоход даатгалын нөхөн төлбөрийг Даатгалын гэрээний дагуу төлсөн бөгөөд энэхүү гэрээний үүрэг дэд даатгуулагчид шилжих хуулийн үндэслэл байхгүй юм. Даатгалын тухай хуулийн 8.7-д зааснаар төлбөр нэхэмжлэх эрх шилжээгүй. 8.7 дахь заалт нь зөвхөн гэм хор учруулсан этгээдэд хамааралтай болохоос өөрөөс нь хамаараагүй шалтгаанаар даатгалын эрсдэлд өртсөн дэд даатгуулагчид хамааруулах боломжгүй заалт юм. Иймд хариуцагчаар татагдсан иргэн миний бие Даатгалын тухай хуулийн 8.7-д заасан буруутай этгээд биш бөгөөд, /мөн гэрээний 9.1-т заасан/ харин ч эсрэгээрээ Даатгалын гэрээнд дэд даатгуулагч гэж гэрээний нэг тал болон заагдсан, даатгалын төлбөрийг төлсөн, даатгалын нөхөн төлбөрийг авах эрх бүхий этгээд мөн бөгөөд тэр ч утгаараа даатгалын нөхөн төлбөрийг дэд даатгуулагч буюу өөрийн нэрийн өмнөөс хүлээн авч зориулалтын дагуу Зээлийн эрсдэл төлөгдсөн байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Практикалдаатгал ХХК-ийн гаргасан үндэслэлгүй шаардсан Гэрээний үүрэгт гэх шаардлагыг хангасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Практикалдаатгал ХХК 2019-05-27-ны өдөр шүүхэд хандаж, Н.Түмэнбаяраас 12,674,266 төгрөг гаргуулахыг шаардахдаа ...манай байгууллага Улаанбаатар хотын банк ХХК-тай даатгалын гэрээ байгуулсан бөгөөд Н.Түмэнбаяр цалингийн зээл авсан боловч зээлээ төлөөгүйгээс даатгалын тохиолдол бий болсон ...нөхөн төлбөрт 12,674,266 төгрөг төлсөн ... шаардах эрх манайд шилжсэн тул хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан... гэжээ.

Н.Түмэнбаяр нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө ...би Даатгалын тухай хуульд ... заасан буруутай этгээд биш, харин даатгалын төлбөрийг төлсөн, нөхөн төлбөрийг авах эрх бүхий этгээд байхад ...дэд даатгуулагч намайг буруутай этгээд гэж буй нь хуульд нийцэхгүй байна... гэх зэргээр маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь ...Н.Түмэнбаяр 2016-11-18-ны өдөр 14,095,000 төгрөг, 2017-06-05-ны өдөр 2,340,000 төгрөг, 2017-12-13-ны өдөр 1,500,000 төгрөг \хх 10\ нийт 17,935,000 төгрөгийг Улаанбаатар хотын банк ХХК-с зээлсэн боловч зээлийг бүрэн төлөөгүйгээс даатгалын тохиолдол бий болж Практикалдаатгал ХХК нь банкинд зээлийг төлсөн.. гэжээ.

Практикалдаатгал ХХК, Улаанбаатар хотын банк нарын хооронд байгуулагдсан гэх 2014-06-26-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ \хх12\, 2014-06-26-ны өдрийн Цалингийн зээлийн эрсдлийн даатгалын гэрээ \хх15-17\, 2015-08-18-ны өдрийн Цалингийн зээлийн эрсдлийн даатгалын гэрээний нэмэлт өөрчлөлт \хх18\, 2016-02-02-ны өдрийн Цалингийн зээлийн эрсдлийн даатгалын гэрээний нэмэлт өөрчлөлт \хх19\, 2017-01-02-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний дэд гэрээнүүдэд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай гэрээ \хх14\, 2017-07-17-ны өдрийн Цалингийн зээлийн эрсдлийн даатгалын гэрээний нэмэлт өөрчлөлт \хх21\,2018-10-30-ны өдрийн Цалингийн зээлийн эрсдлийн даатгалын гэрээ \хх43\ хэрэгт авагдсан байна.

Дээрх баримтуудыг харьцуулан үзвэл, Н.Түмэнбаяр банкнаас анх 2016-11-18-ны өдөр зээл авсан гэж үзэхээр байна. Цалингийн зээлийн эрсдлийг даатгалын гэрээний нэмэлт өөрчлөлт гэсэн 2016-02-02-ны өдрийн гэрээ \хх 19\ байгуулагдах үед Н.Түмэнбаяр зээл аваагүй байсан тул уг гэрээний 2-т заасан этгээдэд хариуцагч хамаарч байгаа эсэх, 2014-06-26-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ-ий 4.1., 2017-01-02-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний дэд гэрээнүүдэд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай гэрээний 2.1.4 дэх заалт буюу 2016-11-18-ны өдөр даатгалын шимтгэл \хх59\-д 112,760 төгрөг төлсөн үндэслэл зэргийн талаар шүүх дүгнэлт хийгээгүй нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлд нийцээгүй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ ...Улаанбаатар хотын банк ХХК.. даатгалын хураамжийг төлсөн... даатгалын тохиолдолд бий болоход өөртөө нөхөн төлбөрийг авахаар гэрээ байгуулсан.. гэсэн дүгнэлт хийхдээ Практикалдаатгал ХХК-ийн 2018-12-26-ны өдрийн 30/1804992 дугаар албан бичиг, хариуцагчид олгосон зээлийн шимтгэлийн тооцоо, нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний хариуцагчид холбогдох зохицуулалтын талаар дүгнэлт хийгээгүй, Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн зохицуулалтыг анхаарч үзээгүй нь дутагдалтай болжээ.

Түүнчлэн, нэхэмжлэлийн үндэслэл болсон буюу Улаанбаатар хотын банк ХХК, Практикалдаатгал ХХК-ийн хооронд байгуулагдсан гэх гэрээнүүд хүчин төгөлдөр тохиолдолд нэхэмжлэгчид шаардах эрх үүсгэх тул энэ талаар зохигч мэтгэлцэж, шүүх дүгнэлт хийх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг зөрчихгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Шүүх нотлох баримтыг үнэлж, талуудын тайлбар, гэрээний талаар дүгнэлт хийсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/01667 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1805 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 217,739 төгрөгийг захирамжаар Н.Түмэнбаярт буцааж олгосугай.

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

   ШҮҮГЧИД, Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ

Д.ЦОЛМОН