Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2017/01057

 

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2017/01057

 

 

Б.Уранчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2017/00617 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Уранчимэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Маамд холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Уранчимэг

Хариуцагчийн өмгөөлөгч П.Алтанчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр С.Маамаас Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 46 байрны зоорийн давхарт 4 тоотын 18 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 10 000 000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд төлбөрийг гэрээнд заасны дагуу төлсөн. Миний бие тухайн үед автомашингүй байсан бөгөөд авто зогсоолоо очиж үзэхэд автомашин оруулж, зогсоосон байдалтай харагдаж байсан тул мөнгийг нь төлж худалдаж авсан. Гэтэл 2016 оны 10 сард дүүгийнхээ машиныг зогсоолдоо тавих гэтэл автомашин орох, гарах хэсэг нь 3 тоотын автомашин тавигдсан үед боломжгүй болж, автомашинаа зогсоох боломжгүй болох нь тодорхой болсон. Иргэн С.Маам нь надад авто зогсоол худалдахдаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар биет байдлын доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. С.Маам нь тээврийн хэрэгсэл оруулж зогсоох боломжгүйг мэдсээр байж нуун дарагдуулж, авто зогсоолыг зориулалтаар нь ашиглах боломжтой зогсоол мэтээр худалдсанаар намайг хохироож байна. 3 номер болон 4 номер нь нэг хаалгатай. 3 номерийн машин байгаа тохиолдолд орж гарах боломжгүй байдаг. Одоо авто зогсоолыг буцаан өгч, 10 000 000 төгрөгөө буцаан авах хүсэлтэй байна. Анх үзэхэд приус 20 машин байсан боловч надад урьдчилан сануулсан зүйл байхгүй, 3 номероос хамааралтай, машин байх үед орж гарч болдоггүй гэдгийг надад анхааруулаагүй учраас би нуун дарагдуулсан гэж үзэж байна. Иймд гэрээнээс татгалзаж, авто зогсоолын төлбөрт төлсөн 10 000 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тухайн үед Б.Уранчимэг нь өөрийн биеэр уг авто зогсоолыг үзэж хараад худалдан авсан. Миний бие Б.Уранчимэгт ашиглах боломжгүй авто зогсоолыг санаатайгаар худалдсан зүйл огт байхгүй. Улсын бүртгэлийн гэрчилгээнд зориулалтыг нь тодорхой бичсэн байна, энэ бол туйлын үнэн нотлох баримт. Гэрчийн мэдүүлгээр бодит үл хөдлөх хөрөнгийг нүдээр харж үзээд худалдаж авсан. Анх худалдаж авахад Иргэний хуулийн 255.1 дэх хэсэгт зааснаар тухайн үед эд хөрөнгийн доголдлыг мэдэх боломжтой байсан гэдэг нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар тогтоогдлоо. Гэрээ хуулийн дагуу хийгдэж, нотариатаар батлуулсан. Нэхэмжлэгч улсын бүртгэлийн гэрчилгээ болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй маргаагүй. Б.Уранчимэг нь 10 000 000 төгрөгөөр хямдруулж авсан нь энэ баганатай холбоотой байж болох талтай. 3, 4 номерийн гараш зэрэг орох боломжтой байх ёстой гэсэн шаардлага байгаа эсэх нь тодорхойгүй байхад эрх зөрчигдөөд байна гэж үзэх үндэслэлгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 204.1, 205.1-д заасныг баримтлан Б.Уранчимэг, С.Маам нарын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан Авто зогсоол худалдах, худалдан авах гэрээ-г цуцалж, хариуцагч С.Маамаас гэрээ цуцалсантай холбогдуулан 10.000.000 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.Уранчимэгт олгож,

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13335/, 46 дугаар байрны зоорийн давхрын 4 тоот хаягт байршилтай 18 метр квадрат талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг С.Маамд буцаан шилжүүлэх үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэхийг Б.Уранчимэгт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч С.Маамаас 174.950 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Б.Уранчимэгт буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсонгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүх худалдах, худалдан авах гэрээгээр тохиролцсоны дагуу худалдагч тал үүргээ биелүүлээгүй, доголдолгүй эд хөрөнгийг хүлээлгэн өгөх, уг эд хөрөнгийн мэдээллийг нуун дарагдуулсан нь тогтоогдож байна гэж үзээд нэхэмжлэгчийн хүсэл зоригоор талууд өгсөн авсанаа буцаах үндэстэй гэж шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, Уранчимэг, Б.Мөнх-Эрдэнэ нар нь авто зогсоол худалдан авахаар үзэж байх үеийн бодит байдлыг харуулсан фото зураг зэргээр хэрхэн гэрээний үндсэн нөхцөл, гэрээний зүйл, үнэ, бодит байдалтай танилцаж, улмаар гэрээг байгуулсан болох нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл 3 болон 4 тоот зогсоолын хил заагийг тогтоосон зураасийг болон байрлаж байсан хана, дугаар гэх мэт нөхцөлийг харж үзсэнээр худалдан авахаар тохиролцсон болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Мөн гэрээнд заасан гэрээний зүйлийг тодорхойлсон хэмжээ, тоо, ширхэг зэрэгт ямар нэг өөрчлөлт байхгүй, авто зогсоолын зориулалтаар ашиглаж болох тал дээр маргаагүй, уг зогсоол нь ямар норм, дүрэм, зөрчсөн талаар тодорхойлж маргаагүй байдлыг шүүх үнэлсэнгүй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаагаа болон маргааны зүйлийг тодорхойлсон баримтыг шүүхэд гаргасан боловч шүүх хэрэгт хамааралгүй гэсэн үндэслэлээр үнэлэхгүй орхигдуулсныг зөвшөөрөхгүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Уранчимэг нь хариуцагч С.Маамд холбогдуулан түүнтэй байгуулсан Авто зогсоол худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 10 000 000 төгрөг буцаан гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Авто зогсоол худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч С.Маам нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204080516 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 46-р байрны зоорийн давхрын 4 тоот, 18 м.кв талбай бүхий авто зогсоолыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Б.Уранчимэг нь авто зогсоолын үнэд 10 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон гэрээний агуулга, уг гэрээ хэрэгжсэн үйл баримтаас үзэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Зохигчид гэрээ байгуулсан болон гэрээний дагуу 10 000 000 төгрөг төлсөн, авто зогсоолын өмчлөх эрх шилжсэн үйл баримтын талаар маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч нь ...ашиглах боломжгүй автозогсоол болохыг мэдсээр байж нуун дарагдуулсан, биет байдлын доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй.. гэж хариуцагчийг буруутгасан бол хариуцагч нь улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжтой автозогсоолыг өөрсдөө үзэж хараад худалдаж авсан гэж маргажээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж заажээ.

Гэвч зохигчдын хооронд байгуулагдсан Авто зогсоол худалдах, худалдан авах гэрээнд авто зогсоолын чанар байдлын талаар тодорхой заагаагүй байх тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дах хэсэгт зааснаар гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч Б.Уранчимэгийн өөрийнх нь гаргасан ...очиж үзэхэд автомашин зогсоосон байдалтай харагдаж байсан гэх тайлбар, хэрэгт авагдсан фото зураг, автозогсоолыг анх худалдан авахад нэхэмжлэгчтэй хамт байлцсан гэрч Б.Мөнхбаярын 4 тоот зогсоолыг анх авахад би, эгч, С.Маам болон хүү нь байсан, орж гарахад их хэцүү, эвгүй юм байна гэж харж байсан гэх мэдүүлэг зэргээс үзэхэд маргааны зүйл болох авто зогсоолд автомашин чөлөөтэй оруулж, гаргахад хүндрэлтэй нөхцөл байдал байгаа нь тогтоогдсон болохоос автозогсоолыг зориулалтаар нь ашиглах буюу автомашин тавих боломжгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч худалдаж авахыг хүссэн эд хөрөнгөө гэрээний дагуу өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан, хариуцагч нь худалдагчийн хувьд гэрээний дагуу шилжүүлбэл зохих эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.Уранчимэгт шилжүүлсэн, нэхэмжлэгч Б.Уранчимэг нь гэрч Б.Мөнхбаярын хамт хариуцагчтай автозогсоол худалдах, худалдан авах гэрээ байгуулахаас өмнө тухайн зогсоолыг үзэж, зэргэлдээх 3 тоот зогсоолоос хамааралтай, даацын хананы ард байрлалтай болохыг мэдсэн зэрэг нь худалдаж авсан эд хөрөнгийн доголдлын талаар хариуцагчийн зүгээс мэдсээр байж нуун дарагдуулсан гэх байдлыг үгүйсгэж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч шаардлага гаргах эрхээ Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар алдсан, мөн хуулийн 255.2 дах хэсэгт заасан ...доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан... гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байхад мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч 6 сарын дотор гэрээ цуцлах шаардлага гаргасан гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Хариуцагч С.Маам нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.Уранчимэгт шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч гэрээнд зааснаас өөр, эсхүл зориулалтын бус эд хөрөнгө шилжүүлсэн гэх байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул дээрх гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд нэхэмжлэгч Б.Уранчимэг нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээ цуцлах, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний гүйцэтгэлд төлсөн 10 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Уранчимэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2017/00617 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч С.Маамд холбогдох худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 10 000 00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Уранчимэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч С.Маам давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Н.БАТЗОРИГ