Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Батзориг |
Хэргийн индекс | 181/2017/02142/И |
Дугаар | 210/МА2018/00248 |
Огноо | 2018-01-19 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2018/00248
2018 оны 01 сарын 19 өдөр | Дугаар 210/МА2018/00248 |
Цуг дэлгэрэх ХХК болон Д.Цэдэнжавын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/02829 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Цуг дэлгэрэх ХХК болон Д.Цэдэнжавын нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Цуг дэлгэрэх ХХК-ийн төлөөлөгч буюу нэхэмжлэгч Д.Цэдэнжав шүүхэд болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 4397 дугаар шүүгчийн захирамжаар Цуг дэлгэрэх ХХК-иас 216 881 982 төгрөг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 3/16022 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Цуг дэлгэрэх ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Д.Цэдэнжавын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026533 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Дамдинсүрэнгийн гудамж, 87 дугаар байрны 37 тоот орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэ болох 92 000 000 төгрөгийн 70 хувь 64 000 000 төгрөгөөр, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024797 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуаран 1 дүгээр гудамжны 124 тоот 243 м.кв талбайтай хувийн сууц, Г-2204008277 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуаран 1 дүгээр гудамжны 124 тоот 445 м.кв талбайтай газрын хамт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэ болох 160 000 000 төгрөгийн 70 хувь 112 000 000 төгрөгөөр тус тус дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд оруулах болсныг мэдэгдсэн. Хоёр өрөө орон сууц нь хотын А зэрэглэлд байрлалтай өндөр үнэтэй, хувийн орон сууц, газар нь төвийн шугам сүлжээнд холбогдох боломжтой, 2 давхар үйлдвэр үйлчилгээ явуулдаг, дэлгүүр, боовны цех, оёдол, нийтийн байртай, хашаандаа 2 машины гражтай хөрөнгүүд юм. Дээрх хувийн сууцанд дэлгүүр ажиллаж байгаа бөгөөд сард 2 000 000 төгрөгийн орлого олдог, түрээслэхэд 300 000 төгрөг олох боломжтой. Манайх 280 сая төгрөгөөр худалдан борлуулахаар зар тавьсан. Зарын дагуу 200 сая төгрөгөөр авах санал ирж байсныг зөвшөөрөөгүй. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгүүд нь байршил сайтай үнэ өндөртэй байхад хэзээ, хэрхэн, ямар шалгуураар үнэлгээ тогтоосон тодорхойгүйгээр зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн байна. Мөн үнийн санал аваагүй, үнэлгээ хийлгэх тухай тогтоолыг танилцуулаагүй. Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 37 тоот 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 64 000 000 төгрөгөөр, ...хувийн сууц, газрын хамт 112 000 000 төгрөгөөр тус тус албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Төлбөр төлөгч Цуг дэлгэрэх ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Д.Цэдэнжавын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026533 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол Дамдинсүрэнгийн гудамж, 87 дугаар байрны 37 тоот орон сууц, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуаран 1 дүгээр гудамжны 124 тоот 243 м.кв талбайтай хувийн сууц, Г-2204008277 дугаарт бүртгэлтэй мөн хаягт байрлах 445 м.кв талбайтай газрын хамт 2016 оны 8 дугаар сарын 23-нд битүүмжилж, 2016 оны 12 дугаар сард хураан авсан. Үнийн саналаа ирүүлэхийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдэж, үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилж хөрөнгийг үнэлүүлсэн. Шинжээч 37 тоот орон сууцыг 92 000 000 төгрөгөөр, 124 тоот 243 мкв талбайтай хувийн сууц, 445 м,кв талбайтай газрын хамт 160 000 000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Шинжээч томилсон тогтоолыг танилцуулах үүргийг хуулиар хүлээгээгүй. Төлбөр төлөгч нь хэдийд ч шийдвэр гүйцэтгэх материалтай танилцах эрхтэй байдаг. Иймд нэхэмжлэгч нь ирээд танилцах бүрэн боломжтой байсан. Мөн төлбөр төлөгч дээрх хөрөнгийг ашиглаад сард 2 000 000 төгрөгийн орлого олж байгаа бол төлбөрөөс төлж болох байсан ч төлөгдөөгүй байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлийн 37.3, 34 дүгээр зүйлийн 34.4-т зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба/-т холбогдох Цуг дэлгэрэх ХХК, Д.Цэдэнжав нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2017/09021 дүгээр шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шийдвэрийн үндэслэх хэсэгт Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон тогтоол, үнэлгээ хийсэн тайланг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас төлбөр төлөгч нарт танилцуулаагүйг хуулиар хүлээгээгүй гэсэн хариуцагчийн тайлбарыг буруутгах боломжгүй гэж үзсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь хүний л хөдлөх эд хөрөнгийг ямар байгууллагаар үнэлгээ хийлгэж байгааг ямар аргаар үнэлгээ хийснийг болон үнэлгээний тайланг төлбөр төлөгч нарт хуулиар танилцуулах үүрэг хүлээгээгүй ч хүнийг орон байргүй, орлогогүй болгож гудамжинд гаргах гэж байгаа гэдэг утгаараа заавал мэдэгдэх нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, энэрэнгүй байх зарчмуудыг нь баримтлахгүй байгаагийн нэг илрэл гэж үзэж байна. Ингэж мэдээгүйгээс болж олон төлбөр төлөгч нарын эрх ашиг сонирхлыг зөрчсөөр байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Цуг дэлгэрэх ХХК болон Д.Цэдэнжав нар нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/04397 дугаар шийдвэрээр Цугдэлгэрэх ХХК нь Капитал банк ХХК-д 216 881 982 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрснийг баталж шийдвэрлэсэн ба уг шийдвэрт шүүхээс гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 188/24 тоот тогтоолоор төлбөр төлөгчийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуаран 1-р гудамжны 124 тоот, 243 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц /үйлчилгээтэй/-ыг 445 м.кв газрын хамт, 188/23 тоот тогтоолоор мөн дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 87 дугаар байрны 37 тоот 2 өрөө, 64.06 м.кв талбайтай орон сууцыг тус тус битүүмжилж, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 188/13 тоот тогтоолоор хураажээ. /хх-ийн 42, 45, 47, 49/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-т шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах үйл ажиллагаа явуулахдаа ...эд хөрөнгийг битүүмжлэх, албадан барьцаалах, хураах, худалдан борлуулах ажиллагаа явуулж болохыг зохицуулсан бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан дээрх ажиллагаа хуульд нийцсэн энэ талаар нэхэмжлэгч нар гомдол гаргаагүй болно.
Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг явуулахаас өмнө дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгүүдийн санал болгох доод үнийн талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг үнэлгээчнээр томилж, уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.
Сэлэнгэ Эстимэйт ХХК нь 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлтээр 2 давхар хувийн сууц /үйлчилгээтэй/-ыг 445 м.кв газрын хамт 160 000 000 төгрөгөөр, орон сууцыг 92 000 000 төгрөгөөр тус тус үнэлсэн, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шинжээчийн үнэлсэн үнэлгээний 70 хувиар анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон тухай мэдэгдлийг нэхэмжлэгч нарт хүргүүлсэн, нэхэмжлэгч нар энэ талаар маргаагүй байна.
Нэхэмжлэгч нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дах хэсэгт заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг доогуур тогтоосон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Харин анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт тухайн маргаанд хамааралгүй хуулийг хэрэглэсэн байх тул зөвтгөх нь зүйтэй.
Дээр дурдсан үндсэн үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/02829 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 34 дүгээр зүйлийн 34.4 гэснийг хасч өөрчилж, шийдвэрийн бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Цуг дэлгэрэх ХХК-ийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
Н.БАТЗОРИГ