Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 25

 

 “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   Д.Мөнхтуяа,

                                                   Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:              Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/1009 дүгээр захирамжаар “Ө” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаар захирамж”-аар эзэмшиж байсан 4484 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгож, шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулж, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаар захирамжаар хууль ёсны дагуу эзэмших 4484 м.кв газрыг “Ө” ХХК-д олгохыг даалгах, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар 23-ны өдрийн А/58 дугаар захирамжаар хууль бусаар Нийслэлийн 160 дугаар цэцэрлэгт олгосон газрын эзэмших эрхийг хүчингүй болгуулах”

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 577 дугаартай захирамжаас “Ө” ХХК-д 4484 м.кв газрыг эзэмшүүлсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0321 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2019/0530 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, гуравдагч этгээд 160 дугаар цэцэрлэгийн төлөөлөгч Ч.О, түүний өмгөөлөгч Б.Б, гуравдагч этгээд “Андууд-2” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Ө.Э, гуравдагч этгээд “Шинэ хөгжил” СӨХ-ны өмгөөлөгч Н.О нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0321 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1009 дүгээр захирамжийн “Ө” ХХК-д холбогдох хэсгийг болон Нийслэлийн засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжийн 160 дугаар цэцэрлэгт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Нийслэлийн засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаар захирамжаар эзэмшиж байсан 4484 м.кв газрыг нэхэмжлэгчид нэмж олгохыг Нийслэлийн засаг даргад даалгаж шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2019/0530 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0321 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 35 дугаар зүйлийн 35.1.5, 35.3.1, 35.3.3, 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн “нийслэлийн Засаг даргын 2015 оны А/1009 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаар захирамжаар эзэмшиж байсан 4484 м.кв газрыг олгохыг даалгах, нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/58 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэгт олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь, гуравдагч этгээд Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэгийн “нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 577 дугаар захирамжийн “Ө” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд нарын болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2019/0530 дугаартай магадлалд нэхэмжлэгчийн зүгээс дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Магадлалын хянавал хэсэгт: “Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Ө” ХХК нь газрын төлбөрөө 2007-2012 оны хугацаанд буюу 2008, 2009, 2011 онд төлсөн, харин 2007, 2010, 2012 онд төлөөгүй болох нь газрын төлбөр тооцоо нийлсэн актаар тогтоогдож байх тул гэрээгээр тогтоосон хугацаанд газрын төлбөрөө төлөөгүй гэж үзнэ” гэжээ. Гэтэл хэргийн материалд байгаа газрын төлбөрийн талаарх баримт нь газрын төлбөр тооцоо нийлсэн акт биш бөгөөд гагцхүү хариуцагч талаас гаргаж өгсөн баримт юм. Тус баримтаар зарим онд газрын төлбөрийг илүүгээр төлж байсан бөгөөд илүү төлөлтийг дараагийн онуудад шилжүүлж тооцоогүй байдаг. Хэрэв тооцоо нийлсэн бол илүү төлөлт нь дараа оны газрын төлбөрт тооцогдохоор байсан.

5. Ө ХХК-ийн зүгээс 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №12/03 албан бичгээр “2008.09.22-ны өдрийн 499 дүгээр захирамжаар газрын хэмжээ өөрчлөгдөж 0.31 га болсон ч гэрээ байгуулаагүй байна. Сүүлийн захирамжийн дагуу 0.31 га газрын гэрээ байгуулж гэрчилгээ олгож, газрын төлбөр тооцоо нийлэхийг хүсье” гэдгээ илэрхийлсэн ч тодорхой хариу өгөөгүй. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 499 дүгээр захирамжаар 4484 м.кв газар нь 0.31 га буюу 3100 м.кв болж багассан ба газрын гэрээг шинэчилж төлбөрийн хэмжээ өөрчлөгдөхөөр байсан тул бид дээрхи албан бичиг явуулж байсныг шүүх дүгнээгүй.

6. Мөн магадлалын хянавал хэсэгт “Нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлт гаргаагүй шалтгаанаа эрхийн гэрчилгээг барьцаанд өгсөн байсан гэж тайлбарлах боловч Газрын тухай хуульд барьцаалагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй талаарх зохицуулалт байхгүй тул нэхэмжлэгчийн энэ тайлбарыг зөвтгөх боломжгүй” гэжээ. Гэвч Газрын тухай хуульд газар эзэмших эрхийн хугацааг сунгахдаа зайлшгүй газрын гэрээ, гэрчилгээний эх хувийг шаардах ба энэ талаар ч газрын албанаас амаар мэдэгдэж, бид газрын гэрээ, гэрчилгээний эх хувийг авахаар УБ хотын банктай иргэний хэргийн шүүхийн маргаан үүсгэж анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн тогтоолын дагуу гэрээ гэрчилгээгээ авах ажиллагааг хийж байсныг хэрэгт авагдсан баримтуудаар нотолсон. Гэвч шүүх Газрын тухай хуулийг буруу тайлбарлаж дүгнэсэн гэж үзэж байна.

7. Мөн магадлалд “Засаг даргын 2015 оны А/1009 захирамж гарсны дараа Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжаар гуравдагч этгээд Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэг, боловсролын зориулалтаар нь дахин эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэв” гэжээ. Гэтэл газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу газар эзэмшигч болон барьцаалагчид мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй байж 160 дугаар цэцэрлэгт газрыг эзэмшүүлсэн асуудалд огт дүгнэлт хийгээгүй байна.

8. Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2019/0530 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0321 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

9. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

10. Нэхэмжлэгч “Ө” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/1009 дүгээр захирамж /2007 оны 577 дугаар захирамжаар эзэмшиж байсан 4484 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон/-ийг хүчингүй болгуулж, 4484 м.кв газрыг “Ө” ХХК-д олгохыг хариуцагчид даалгах, Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэгт газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/58 дугаар захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд болох Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэг нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаар захирамжийн “Ө” ХХК-д 4484 м.кв газрыг эзэмшүүлсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн бие даасан шаардлагыг тус тус гаргажээ.

11. Анхан шатны шүүх “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээний хугацааг хэрхэн дуусгавар болсонд тооцсон нь тодорхойгүй, урьдчилж шаардлага тавиагүй, мэдэгдээгүй...” гэсэн хуульд нийцэхгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3.1-д заасантай нийцээгүй” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

12. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 тоот захирамжаар, Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэгийн газраас 4484 м.кв газрыг орон сууцны зориулалтаар нэхэмжлэгч “Ө” ХХК-д эзэмшүүлсэн, харин мөн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1009 дүгээр захирамжаар, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг тус тус үндэслэн “газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээний хугацааг сунгуулаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болсонд тооцсон, түүнчлэн мөн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэгт 4484 м.кв газрыг буцааж эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

13. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхээр, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болохоор, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор тус тус заасан,  тодруулбал газар эзэмшигч “Ө” ХХК нь газрыг гэрээний үндсэн дээр эзэмшиж, газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, мөн газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргах, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд нь бүрэн төлөх, газрын эзэмшил, ашиглалттай холбогдуулан эрх бүхий байгууллагын тавьсан  шаардлагыг биелүүлэх үүрэгтэй байна.

14. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “Ө” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээ 2007 оны 12 дугаар сарын 14-ний өдөр олгогдож, газар эзэмшүүлэх гэрээг 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан байх ба тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дуусахаар байна. Гэвч нэхэмжлэгч “Ө” ХХК нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтийг холбогдох баримтуудын хамт тухайн шатны Засаг даргад гаргаагүй нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хуульд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй тул тус компанийн газар эзэмших эрх дуусгавар болжээ. Мөн түүнчлэн тус компани нь гэрээний хугацаанд буюу 2008, 2009, 2011 онуудад газрын төлбөрөө төлсөн, гэвч 2007, 2010, 2012-2015 онуудад газрын төлбөрийг төлөөгүй болох нь газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт болон бусад баримтаар тогтоогдсон, иймд нэхэмжлэгчийг гэрээгээр тогтоосон хугацаанд газрын төлбөрөө бүрэн төлөөгүй гэж үзнэ.

15. Иймд, нэхэмжлэгч “Ө” ХХК-ийг Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн, хуульд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулаагүй, газрын төлбөрөө бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон Нийслэлийн Засаг даргын А/1009 дүгээр захирамж нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн, энэ талаар давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ. 

16. Нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг гаргаагүй шалтгааныг, газар эзэмших эрхийн гэрчилгээ барьцаанд байсан гэж тайлбарласан, гэвч барьцаанд байгаа нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байх шалтгаан болохгүй, иймд нэхэмжлэгчийн “... эзэмшил газраа 2010 онд “Бумбын шовх” ХХК-ийн, Улаанбаатар хотын банкнаас авсан зээлийн барьцаанд тавьсан, тус компани зээлээ бүрэн төлсөн байтал Улаанбаатар хотын банк газрын гэрчилгээг чөлөөлж өгөхгүй байсан, иймд уг маргааныг 3 шатны шүүхээр шийдвэрлүүлсэн шалтгаантай байсан...” гэсэн тайлбар, хяналтын гомдол үндэслэлгүй юм.

17. Түүнчлэн, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/1009 дүгээр захирамж гарсан /нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн/-ы дараа, мөн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжаар гуравдагч этгээд Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэгт нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 4484 м.кв газрыг “цэцэрлэг, боловсрол”-ын зориулалтаар буцааж эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, учир нь захиргааны байгууллага Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасныг зөрчиж, цэцэрлэгийн ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх гэсэн үндэслэл /хөнгөлөлттэй байр олгох үндэслэл/-ээр улсын цэцэрлэгийн газраас нэхэмжлэгч хуулийн этгээдэд 4484 м.кв газрыг шилжүүлж эзэмшүүлсэн байх бөгөөд гуравдагч этгээд Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэг нь өөрийн эзэмшиж байсан газрыг сэргээж эзэмших хүсэлт гаргасныг үндэслэн, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/58 дугаар захирамжаар тус цэцэрлэгт дээрх газрыг эзэмшүүлсэнийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

18. Гуравдагч этгээд Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэгийн гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаар захирамжийн, “Ө” ХХК-д 4484 м.кв газрыг эзэмшүүлсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн бие даасан шаардлагын тухайд, маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/1009 дүгээр захирамж гарснаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 577 дугаар захирамжийг хүчингүй болгож, тухайн захиргааны акт эрх зүйн үйлчлэлгүй болсон, иймд шүүхээс эрх зүйн үйлчлэлгүй захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох боломжгүй, түүнчлэн гуравдагч этгээдээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хяналтын гомдол гаргаагүй учир бие даасан шаардлагын энэ үндэслэлд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

19. Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Газрын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ...давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх”-ээр гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2019/0530 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                                    ШҮҮГЧ                                                                 Б.МӨНХТУЯА