Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/01553

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/01553

 

 

 

Н.Б нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Нямбазар, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/01423 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н.Б хариуцагч Н газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Улсын Дээд шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 737 дугаар тогтоолоор Н.Баярхүүгээс 21 205 296 төгрөг гаргуулж Есөн шижир инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэж, уг тогтоолыг албадан гүйцэтгэх ажиллагааг Н газар гүйцэтгэж байна. Шийдвэр гүйцэтгэгчээс барьцаа хөрөнгийг худалдах үнийн санал хүссэний дагуу нэхэмжлэгчийн зүгээс хотын А хэсэгт байрлалтай, худалдаа үйлчилгээний цэгт орших үл хөдлөх эд хөрөнгөө 100 000 000 төгрөгөөр үнэлсэн, талууд үнийн санал дээр тохироогүй гэх үндэслэлээр шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгийг 45 252 000 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. Шийдвэр гүйцэтгэгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч болон төлбөр авагч нараас үнийн санал авна гэснийг зөрчиж зөвхөн төлбөр төлөгчөөс үнийн санал авч үнэлгээг зөвшөөрсөн эсэх талаар тодруулалгүй шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчсөн байна. Мөн хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн үнээр тогтоогоогүй бөгөөд өнөөдрийн байдлаар тус дүүргийн нутаг дэвсгэрт манай үл хөдлөх хөрөнгөтэй ижил төстэй эд хөрөнгийг 100 000 000-200 000 000 төгрөгөөр худалдан борлуулдаг. Уг газар Нийслэлийн дахин төлөвлөлтөд орж, улсаас газрыг 110 000 000 төгрөгөөр үнэлж, 3 өрөө орон сууцны ханшаар тооцон, Буянт-Ухаа хороололд орон сууц авах боломжийг олгож байгаа. Иймд иргэн Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Баруун баян уулын 11 дүгээр гудамжны 8-А тоот хаягт байрлах 204 м.кв газар, 84 м.кв хувийн сууцыг 45 252 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2019/00737 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Н.Баярхүүгээс 20 632 882 төгрөг гаргуулж, Есөн шижир инвест ББСБ ХХК-д олгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Н.Б өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2206011496 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Баруунбаян уулын 11 дүгээр гудамжны 8-А тоот хаягт байрлалтай, 84 метр квадрат талбайтай, хувийн орон сууц мөн хаягт байрлах 204 метр квадрат талбайтай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байдаг. Гэтэл төлбөр төлөгч үүргээ биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгүүдийг хариуцагч битүүмжлэн хурааж, төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй учраас шинжээч томилон үнэлгээ гаргуулахад үл хөдлөх эд хөрөнгүүдийг 45 252 000 төгрөгөөр үнэлсэ. Иймээс үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Б нэхэмжлэлтэй, хариуцагч Н газарт холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.   

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номингийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүх нэхэмжлэгч зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолж чадаагүй, үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнээс илүү үнээр зарагдах байсан гэх тайлбарыг баталсан баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь буруу. Үл хөдлөх хөрөнгийг 45 252 000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлж байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 45 252 000 төгрөгийн үнээс 70 хувиар тооцож анхны дуудлага худалдаа зарлаж, худалдан борлуулах ажиллагаа явагдах ба анхны дуудлага худалдаагаар худалдан борлогдохгүй бол дахин дуудлага худалдаа явуулж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу 22 626 000 төгрөгөөр буюу илтэд нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон үнээр худалдагдахаар байна. Мөн Виннер Вэй ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг гаргахдаа ямар ч харьцуулсан судалгаа хийгээгүй, жишиг болгосон 3 үл хөдлөх хөрөнгийн үнэ, үзүүлэлтийг оруулсан байх боловч эх сурвалж тодорхойгүй байгаа нь тухайн үнэлгээ зах зээлийн үнэлгээнд нийцсэн эсэхэд эргэлзээтэй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд зарын цахим хуудсуудаас судалгаа хийж үзэхэд нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй төстэй хөрөнгө 80 000 000-85 000 000 төгрөгөөр худалдагдахаар байсан ба энэ талаар шүүх хуралдаанд тайлбарлаж байсан. Гэтэл нийтэд илэрхий үйл баримтыг огт нягталж шалгалгүй, зөвхөн Виннер Вэй ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг үнэн зөв гэж үзэж, нэхэмжлэгчийн хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан байна гэх үндэслэлээр нотлох баримтыг бүх талаас нь үнэлж дүгнэлгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Н.Баярхүү нь хариуцагч Н газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 00737 дугаар тогтоолоор Н.Баярхүүгээс 20 632 882 төгрөг гаргуулж, Есөн шижир инвест ББСБ ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг Н.Б өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, баруун баян уулын 11 дүгээр гудамжны 8а тоот хаягт байрлах 84 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 204 м.кв талбайтай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн байх ба шүүхийн уг шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх16-21/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй.

Хариуцагч Н газар нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1049 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 19271829/4 дугаар тогтоолоор битүүмжилж /хх 81-82/, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 19271829/6 дугаар тогтоолоор /хх86-87/ тус тус хураан авч, шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн /хх83-85/ үйл баримт тогтоогдсон.

 

Төлбөр төлөгч барьцааны хөрөнгийг 100 000 000 төгрөгөөр худалдан борлуулах үнийн санал ирүүлснийг төлбөр авагч Есөн шижир инвест ББСБ ХХК эс зөвшөөрч, хариуцагч байгууллагын зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, 55 дугаар зүйлийн 55.2 дах хэсэгт заасныг тус тус үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Виннэр Вэй ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчийн 45 252 000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч Н.Баярхүүд 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдсэн байна. /хх 88, 91, 95, 101-122/

 

Шийдвэр гүйцэтгэгчээс явуулсан дээрх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байх бөгөөд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийн холбогдох зүйл хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Хариуцагчийн шинжээч үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэх тайлбар, гомдол үндэслэлгүй. Хөрөнгийн үнэлгээний Виннэр Вэй ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хөрөнгө үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний өртгийн, орлогын, зах зээлийн харьцуулан шижих хандлагын аргаар тус тус үнэлж, эдгээр аргуудаас хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн хандлагын аргаар үнэлгээг тогтоожээ. /хх101-113/ Тодруулбал, тухайн хөрөнгөтэй ижил бүсэд байрлах объектуудыг судалж үнэ ханш, баригдсан он, ерөнхий байдал, зориулалт, одоо байгаа төлөв зэрэг үзүүлэлтүүдийг эзэдтэй нь уулзах, утсаар холбогдох, фото зургийг харах зэргээр барилгын байршил, насжилт элэгдэл, барилгын тоноглол, талбайн хэмжээ, хүрээлэн буй орчин, засвар үйлчилгээ, барилгын хийц бүтээц, газрын хэмжээ зэргийг харьцуулан үзэж хөрөнгийн үнэлгээг гаргажээ. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасантай нийцсэн. Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 45 252 000 төгрөгөөс илүү өндөр үнээр үнэлэгдэх боломжтой байсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/01423 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ