Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00882

 

2021           06            25                                          001/ХТ2021/00882

 

 

 

...................гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/01423 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1553 дугаар магадлалтай,

 

...................гийн нэхэмжлэлтэй

...................т холбогдох

 

 Үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номингийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан  оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын Дээд шүүхийн 2019.05.21-ний өдрийн 737 дугаар тогтоолоор ...................гээс 21,205,296 төгрөг гаргуулж Есөн шижир инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэж, уг тогтоолыг албадан гүйцэтгэх ажиллагааг ................... гүйцэтгэж байна. Шийдвэр гүйцэтгэгчээс барьцаа хөрөнгийг худалдах үнийн санал хүссэний дагуу нэхэмжлэгчийн зүгээс хотын А хэсэгт байрлалтай, худалдаа үйлчилгээний цэгт орших үл хөдлөх эд хөрөнгөө 100,000,000 төгрөгөөр үнэлсэн, талууд үнийн санал дээр тохироогүй гэх үндэслэлээр шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгийг 45,252,000 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. Шийдвэр гүйцэтгэгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч болон төлбөр авагч нараас үнийн санал авна гэснийг зөрчиж зөвхөн төлбөр төлөгчөөс үнийн санал авч үнэлгээг зөвшөөрсөн эсэх талаар тодруулалгүй шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчсөн байна. Мөн хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн үнээр тогтоогоогүй бөгөөд өнөөдрийн байдлаар тус дүүргийн нутаг дэвсгэрт манай үл хөдлөх хөрөнгөтэй ижил төстэй эд хөрөнгийг 100,000,000-200,000,000 төгрөгөөр худалдан борлуулдаг. Уг газар Нийслэлийн дахин төлөвлөлтөд орж, улсаас газрыг 110,000,000 төгрөгөөр үнэлж, 3 өрөө орон сууцны ханшаар тооцон, Буянт-Ухаа хороололд орон сууц авах боломжийг олгож байгаа. Иймд иргэн Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Баруун баян уулын 11 дүгээр гудамжны 8-А тоот хаягт байрлах 204 м.кв газар, 84 м.кв хувийн сууцыг 45,252,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх 2019.05.21-ний өдрийн 001/ХТ2019/00737 дугаар тогтоолоор нэхэмжлэгч ...................гээс 20,632,882 төгрөг гаргуулж, Есөн шижир инвест ББСБ ХХК-д олгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ...................гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн ...................дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Баруунбаян уулын 11 дүгээр гудамжны 8-А тоот хаягт байрлалтай, 84 метр квадрат талбайтай, хувийн орон сууц мөн хаягт байрлах 204 метр квадрат талбайтай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байдаг. Гэтэл төлбөр төлөгч үүргээ биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгүүдийг хариуцагч битүүмжлэн хурааж, төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй учраас шинжээч томилон үнэлгээ гаргуулахад үл хөдлөх эд хөрөнгүүдийг 45,252,000 төгрөгөөр үнэлсэн. Иймээс үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/01423 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан ...................гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ...................т холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1553 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/01423 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин хяналтын гомдолдоо: Магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: ................... нь нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлсэн үнэлгээгээр анхны албадан дуудлага худалдаагаар худалдахгүй, харин “Иргэний хууль”-ийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу 70 хувиар тооцож, дуудлага худалдаа явуулж байгаа нь нэхэмжлэгчийн өмчлөх эрх ноцтой зөрчигдөх, эрх зүйн байдлын хувьд хохирох бодит нөхцөл байдал үүсээд байгааг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзээгүйд гомдолтой байна. Иргэн ...................гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 11-8а тоотод байрлах 204 м.кв газар болон 84 м.кв хувийн орон сууцны үл хөдлөх хөрөнгийг 45,252,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлэгдсэн байх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлж байна. Учир нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно.” гэж заасны дагуу уг 45,252,000 төгрөгийн үнээс 70 хувиар тооцож анхны дуудлага худалдаа зарлаж, худалдан борлуулах ажиллагаа явагдах ба анхны дуудлага худалдаагаар худалдан борлогдохгүй бол дахин дуудлага худалдаа явуулж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т “Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно.” гэж заасны дагуу 22,626,000 төгрөгөөр буюу илтэд нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон үнээр худалдагдахаар байгаа юм. Мөн “Виннер Вэй” ХХК-ийн 2020.02.05-ны өдрийн гаргасан “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-гаас дүгнэхэд дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг гаргахдаа ямар ч харьцуулсан судалгаа хийгээгүй, жишиг болгож 3 үл хөдлөх хөрөнгийн үнэ, үзүүлэлтийг оруулсан байх боловч эх сурвалж нь тодорхойгүй байгаа нь тухайн үнэлгээ зах зээлийн үнэлгээнд нийцсэн эсэхэд эргэлзээтэй байна. Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд зарын цахим хуудсуудаас судалгаа хийж үзэхэд нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй төстэй хөрөнгө 80-85 сая төгрөгөөр худалдагдахаар зарууд орсон байсан ба энэ талаар шүүх хуралдаанд тайлбар өгч байсан болно. Гэтэл дээрх нийтэд илэрхий үйл баримтыг огт нягталж шалгалгүй, зөвхөн “Виннер Вей” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг үнэн зөв баримт гэж үзэж, нэхэмжлэгчийн хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан байна гэх үндэслэлээр нотлох баримтыг бүх талаас нь үнэлж дүгнэлгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч ................... нь хариуцагч ...................т холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчдын мэтгэлцэх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээнэ.

 

Шүүх зохигчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.01.18-ны өдрийн 160 дугаар магадлалаар ...................гээс 20,632,882 төгрөгийг гаргуулж Есөн шижир инвест ББСБ ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг ...................гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, баруун баян уулын 11 дүгээр гудамжны 8а тоот хаягт байрлах 84 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 204 м.кв талбайтай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөс хангуулахаар Баянгол дүүргийн иргэний хэргийн 2018.11.12-ны өдрийн 102/ШШ2018/03385 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулсан, уг магадлалыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019.05.21-ний өдрийн 737 дугаар тогтоолоор хэвээр үлдээж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийн үнийг тохиролцоогүй тул хариуцагч 2020.02.03-ны өдөр Виннэр Вэй ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч хөрөнгийг 45,252,000 төгрөгөөр үнэлсэн байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан төлбөр авагч болон төлбөр төлөгчөөс үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн санал авах, шинжээчээр үнэлгээ тогтоолгох зэрэг ажиллагааг хариуцагч хуульд заасан журмын дагуу явуулжээ. Мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.4.-т заасан хоёр дахь дуудлага худалдаанд оролцогчоос санал болгосон үнэ нь дуудлага худалдаа явуулахтай холбогдсон зардал болон үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангахад хүрэлцэхүйц байх тухай хуулийн зохицуулалт нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн шинэ үнэлгээг тогтоож буй ажиллагаа биш,  дуудлага худалдаанд санал болгох үнийн доод хязгаарыг тодорхойлж байгаа тул хөрөнгийн үнийг 50 хувиар бууруулж, эрх ашгийг нь зөрчсөн гэх нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

Шинжээч үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэх байдлыг нэхэмжлэгч баримтаар нотолж, үгүйсгээгүй байх ба хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасан журмын дагуу явуулсан байх тул үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/01423 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1553 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ЦОЛМОН

                      ШҮҮГЧИД                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                                      Б.УНДРАХ

                                                                                                                  Х.ЭРДЭНЭСУВД