| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0404/э |
| Дугаар | 16 |
| Огноо | 2019-12-26 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 16
Г.Мхолбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунэгэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 29 дүгээр магадлалтай, Г.Мхолбогдох 1936000710098 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1974 онд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Мөөнэйхэн овогт Г М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэх” гэмт хэрэгт холбогджээ.
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.М-ыг зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Г.М-с 1,470,000 төгрөг гаргуулж төрийн санд оруулахаар шийдвэрлэсэн байна.
Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.М гаргасан гомдолдоо “Анхан шатны шүүх шүүгдэгч Г.М-ыг зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, 1,470,000 төгрөгийг гаргуулж Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын Тамгын газрын дансанд хийлгэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч Г.М миний бие гэмт хэргийн хохирлыг шинжээчийн дүгнэлтээр 490,000 төгрөг гэсэн байхад түүнийг 3 дахин нугалж 1,470,000 төгрөг болгон төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэсний дагуу хохирлыг тооцохдоо Эрүүгийн хуулийн энэхүү зохицуулалтыг хэрэглэх ёстой байсан. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг хэрэглэн хохирлыг шууд хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага дараах үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө” гэж заасан бөгөөд шүүх энэхүү хуулийн заалтыг хэрэглээгүй. Г.М миний гэм буруутай үйлдлийн улмаас учруулсан шууд хохирол бол 490,000 төгрөг байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүйгээр, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хохирлын хэмжээг 3 дахин нэмэгдүүлж миний эрх зүйн байдлыг дордуулсан байгааг давж заалдах шатны шүүх энэхүү алдааг засаж зөвтгөлгүйгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн. Г.М миний бие аминдаа 30 бог 6 бодтой, эдгээр малаа маллаж л эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг бөгөөд өөр нэмэлт орлогогүй тул малдаа зориулж харганаар хашаа барьсан. Харгана бол өөрөө элбэг ургамал бөгөөд нутгийн иргэд бүгд л харганаар хашаагаа барьдаг. Энэ хутагт очоод үзвэл харганаар хашаагаа бариагүй нэг ч айл байхгүй байгааг бэлхнээ харж болно. Гэтэл цөөн тооны малаараа арай гэж амь зууж байгаа надад энэхүү шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар оногдуулсан хохирол хүндээр тусаж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалд тус тус өөрчлөлт оруулж хохирлын хэмжээг шууд учирсан бодит хохирол болох 490,000 төгрөг болгон багасгаж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.М нь зохих зөвшөөрөлгүйгээр бургас, харгана бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас 490,000 төгрөгийн бодит хохирол учирсан хэдий ч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хохирлыг гаргуулсан нь үндэслэл бүхий болсон. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.М-ын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Г.М нь Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн нутаг дэвсгэр “Дуукар” гэх нэртэй газраас 2018 оны 11 дүгээр сард зохих зөвшөөрөлгүйгээр ойн сангийн хамгаалалтын бүсээс 3 ширхэг бургас, 62 ширхэг харгана бэлтгэж нийт 490,000 төгрөгийн мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.М-н гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан байна.
Шүүгдэгчийн зүгээс шинжээчийн дүгнэлтээр гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг 490,000 төгрөгөөр тогтоосон ба энэ нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохиролд тооцогдох байтал хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн уг хохирлыг 3 дахин нэмэгдүүлж хуулийг буруу тайлбарласан тул хохирлыг багасгаж өгөхийг хүссэн агуулгатай гомдол гаргажээ.
Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “ой” гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газар зүйн онцлог нөхцөл бүхий орчныг ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч Г.М-ын зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн бургас, харгана энэхүү ойд хамаарах тул ойн санд учирсан хохирлын нөхөн төлүүлэхдээ мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу “зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг түүсэн, бэлтгэсэн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасныг баримтлана.
Өөрөөр хэлбэл зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэснээс учирсан нөхөн төлбөрийн хэмжээг экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоох бөгөөд ингэхдээ Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасны дагуу шүүгдэгч Г.М-ын буруутай үйлдлийн улмаас учирсан 490,000 төгрөгийн хохирлыг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 1,470,000 төгрөгөөр ойн экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Иймд шүүгдэгч Г.Мын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 29 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Г.М-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН