Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 115/2019/0012/З |
Дугаар | 30 |
Огноо | 2020-01-13 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 30
Д.М-ын нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Сайншанд
сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь,
Шүүгчид: Г.Банзрагч,
П.Соёл-Эрдэнэ,
Ч.Тунгалаг,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/344 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/468 дугаар захирамжийн Г.Г, Б.А нарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 115/ШШ2019/0015 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2019/0383 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, Х.Х, гуравдагч этгээд Г.Г-ын өмгөөлөгч Ж.Ж нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 115/ШШ2019/0015 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/344 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/468 дугаар захирамжийн Г.Г, Б.А нарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2019/0383 дугаар магадлалаар: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 115/ШШ2019/0015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Давж заалдах шүүх Д.М-ын нэхэмжлэлтэй Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргад холбогдох Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/344 дүгээр захирамж болон 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/468 дугаар захирамжийн Г.Г, Б.А нарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлж, өөр хоорондоо харилцан зөрүүтэй дүгнэлт хийж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.
4. Давж заалдах шатны шүүх хянавал хэсэгтээ: “...шүүхийн шийдвэрийн дагуу Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/172 дугаар захирамжаар нэхэмжлэгчид эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгээгүй байх тул нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй ... эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна... Иймд нэхэмжлэгч Д.М-ын эзэмших эрхтэй газартай давхцуулан гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй...” гэж үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн. Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн” гэж маргаж байгаа мэтээр буруу дүгнэлт хийсэн байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн гол үндэслэл бол, Сайншанд Сумын Засаг дарга маргаан бүхий захирамжуудыг гаргахдаа Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3 “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан газар эзэмшүүлэхэд тавигдах хуулиар тогтоосон шаардлагын ноцтой зөрчсөн буюу энэ талаар шүүхээр хянагдаж байхад буюу талууд маргаантай байхад захирамж гаргасан нөхцөл байдал юм.
5. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Г.Г нар Иргэний хэргийн шүүхэд маргаантай гэдгийг хариуцагч Засаг дарга маргаан бүхий захирамжийг гаргахдаа мэдэж байсан бөгөөд энэ нь иргэний хэрэгт өгч байсан гэрч Б.Гэрэлмаагийн мэдүүлэг /газар чөлөөлөх талаар удаа дараа мэдэгдэл өгч байсан гэдэг/-ээр тогтоогддог. Иргэний хэрэг үүсэх гол нөхцөл байдал нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээр газар эзэмших эрхгүй этгээд байшин барьсан тухай асуудал буюу газрыг хууль бус эзэмшлээс; чөлөөлүүлэх тухай маргаан байдаг бөгөөд энэ нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад давхцсан эсэх нь тодорхойгүй байхад Засаг дарга захирамж гаргаж уг газрыг бусдад эзэмшүүлсэн нь дээр дурдсан Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн явдал юм. Нөгөө талаас маргаан бүхий захиргааны актууд гарсан цаг хугацаанд буюу 2014 онд нэхэмжлэгч Д.Мт газрын даамал Б.Гэрэлмаагаас 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээлгэн өгсөн акт хүчин төгөлдөр байсан бөгөөд иргэн эзэмших эрхийн гэрчилгээтэй, холбогдох газар эзэмшүүлэх гэрээг байгуулчихсан байхад Засаг дарга уг маргаан бүхий захирамжийг гаргасан байгааг давж заалдах шатны шүүх анхааралгүй гомдолд дурдсан үндэслэлд хууль зүйн үнэлэлт, дүгнэлт хийлгүй, хуулийн заалтыг тайлбарлан хэрэглэхээс зайлсхийж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
6. Нэхэмжлэгч 2003 оноос хойш өөрийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах боломжгүй шүүхээр маргаж байгаа бөгөөд 2013 онд гуравдагч этгээд Г.Г нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчиж түүний эзэмшлийн газар дээр давхцуулан байшин барьсан талаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан /Г.Гын барьсан нэхэмжлэгч Д.М-ын газартай давхацсан, эсхүл давхцаагүй гэдэг тогтоогдоогүй бөгөөд Г.Г нь Газрын тухай хууль зөрчиж барилга барьсан үйл баримт тогтоогддог/ бөгөөд уг хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Засаг дарга хууль зөрчиж Г.Гын хууль бусаар барьсан барилгын доорх газрыг түүнд эзэмшүүлсэн явдал нь нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн явдал юм.
7. Учир нь нэхэмжлэгч Г.Гыг өөрийн эзэмшлийн газар дээр давхцуулан барилга барьсан, барилга барихдаа Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан хориглосон хэм хэмжээг зөрчсөн гэсэн үндэслэлээр өөрийн эзэмшлийн газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байтал уг захирамж гарснаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулах үндсэн эрх ноцтой зөрчигдөж байгаа бөгөөд Г.Г, Б.А /тэдгээрийн хууль бус эзэмшлийг хууль ёсны мэт болгож/ нарын эзэмшлийн газартай давхцсан эсэх маргаан болж хувирах хууль зүйн үр дагаврыг бий болгож байгаа юм. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2019/0383 дугаар магадлал болон Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 115/ШШ2019/0015 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
8. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн тул хэвээр үлдээж шийдвэрлэв.
9. Нэхэмжлэгч Д.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Саранчимэг нь “Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/344 дүгээр захирамжийг болон 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/468 дугаар захирамжийн Г.Г, Б.А нарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
10. Маргаан бүхий Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/344 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Г.Гт тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Дампилын 16 дугаар хэсэгт “амины орон сууц барих” зориулалтаар 255 м.кв газрыг эзэмшүүлсэн байдаг бөгөөд Г.Г нь тус газар дээрээ 2 айлын хувийн орон сууц барьж, уг орон сууцны 1 айлынхыг иргэн Б.А-д худалдсантай холбогдуулан, тухайн орон сууцны доорх газрыг буюу 127.5 м.кв газрыг мөн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/468 дугаар захирамжаар Б.А-д шилжүүлж эзэмшүүлсэн байна.
11. Нэхэмжлэгчээс “...Сайншанд сумын Засаг даргын А/344, А/468 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчим, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн заалтуудыг зөрчсөн. ...бидний хооронд газрын маргаантай, асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад газар эзэмшүүлж шийдвэрлэсэн нь илт хууль бус” гэж маргасан бол, хариуцагчаас “...иргэн Г.Г, Б.А нарын эзэмшлийн 225 м.кв газар нь нэхэмжлэгч Д.М-ын эзэмшил газар /400 м.кв/-тай давхцалгүй...” гэсэн тайлбарыг гаргажээ.
12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны актыг хүчингүй болгуулах, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ...нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарахаар, 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт, ...хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгохоор заасан, гуравдагч этгээд Г.Г, Б.А нарт газар эзэмшүүлсэн Сайншанд сумын Засаг даргын дээрх, А/344, А/468 дугаар захирамжуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, энэ талаар 2 шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.
13. Учир нь, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2003 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 60 дугаар захирамжаар, тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт нэхэмжлэгч Д.М-т “амины орон сууц барих” зориулалтаар 20х20 хэмжээний газрыг эзэмшүүлэхдээ иргэн Ж.Эү /одоогийн эзэмшигч А.Ц/-д эзэмшүүлсэн 20х20 хэмжээний газрын баруун талд байршуулж эзэмшүүлсэн байх ба улмаар Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/128 дугаар захирамжаар “гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ. Гэвч Д.М нь захирамжийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн шүүх хэргийг хянаж, 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангасан, уг шийдвэрийн дагуу сумын Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/172 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээж шийдвэрлэсэн боловч газрын албанаас түүний газрын газрын хэмжээ, эргэлтийн цэгийн эхлэл цэгийг буруу тодорхойлсноос газрын маргаан үүсэх үндэслэл бүрдсэн байна.
14. Тодруулбал, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т дүүргийн газрын алба нь эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх үүрэгтэй болохыг, 31 дүгээр зүйлийн 31.3-т хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байхыг хуульчилсан, өөрөөр хэлбэл сумын Засаг дарга, газрын алба нь нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхдээ газрын хэмжээ, заагийг газар дээр нь хянаж тогтоон, газрын мэдээллийн санд оруулах, мөн хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцалтай эсэхийг нягтлан шалгах үүрэгтэй боловч хуульд заасан энэхүү үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй буруутай нь доорх байдлаар тогтоогджээ.
15. Тухайлбал, Г.Г, Д.М нарын газрын маргааныг шийдвэрлэх зорилгоор, тус сумын Засаг даргын 2015 оны А/296 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2015 оны 01 тоот дүгнэлт болон сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/305 дугаар “Газрын маргаан шийдвэрлэх тухай” захирамжид “...Авах арга хэмжээ: 1.Сумын Засаг даргын 2003 оны А/60 дугаар захирамжинд заасан хэмжээ, байршлын зургийн дагуу иргэн А.Ц, С.У нарын илүү газрыг татуулах, 2.Сумын Засаг даргын 2003 оны А/60 дугаар захирамжийг үндэслэн иргэн Д.М-ын нэгж талбарын эргэлтийн цэгийн эхлэл цэгийг тогтоох, 3. Д.М-ын орц, гарцын асуудлыг шийдвэрлэхийн тулд иргэн Т.Долгоржавын эзэмшил газрын тодорхой хэсгийг нийтийн эзэмшлийн зам талбайд авах” гэж заасан, мөн Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02 дугаар шийдвэрт “...иргэн А.Ц /анхны эзэмшигч Ж.Э/ ...400 м.кв газрыг эзэмших эрхтэй атал уг газрын хэмжээг 806 м.кв хэмжээгээр хууль бусаар нэмэгдүүлснээс нэхэмжлэгчийн газартай давхцсан. ...захиргааны зүгээс нэхэмжлэгчийн эзэмшил газарт түүний нэгж талбарын хил заагийн эргэлтийн цэгийг газарт бэхэлж хүлээлгэн өгөх актыг үйлдэхдээ иргэн А.Ц-ийн хууль бусаар нэмэгдүүлсэн, нэхэмжлэгчийн эзэмшил газар луу оруулж баригдсан хашааны газраас эргэлтийн цэгийг тогтоосноор нэхэмжлэгчийн эзэмшил газар нь баруун тийш сунаж, улмаар иргэн Г.Г-ын эзэмшил газартай давхцал үүсгэсэн нөхцөл байдлыг бий болгосноос үүдэн газар эзэмшихтэй холбогдсон маргаан үүссэн…” гэж дүгнэснээр тус тус тогтоогдсон байна.
16. Иймд, нэхэмжлэгч Д.М-ын эзэмших эрхтэй газартай давхцуулан гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон 2 шатны шүүхийн шийдэл хуульд нийцсэн бөгөөд хариуцагч захиргааны байгууллага нь тухайн газрын байршил, хил заагийг тогтоох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлж, нэхэмжлэгчийн газрын маргаантай асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй болохыг дурдав.
17. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах”-аар гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 115/ШШ2019/0015 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2019/0383 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА