Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2018/01909

 

 

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2018/01909

 

 

Б.Батболдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2018/02060 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Батболдын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.Мягмарцэрэнд холбогдох,

 

24 070 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Батсүх

Хариуцагч: Ш.Мягмарцэрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Мягмарцэрэн нь Б.Батболдоос 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 2014 оны 09 сард барилгын тусгай зөвшөөрөлтэй Аалто ХХК-ийн хувьцааг худалдан авах зорилгоор 24 000 000 төгрөг зээлж авсан. Яаралтай өр нэхэгдсэн тохиолдолд Аалто ХХК-ийг зарж өр төлбөрөө барагдуулахаар тохиролцсон боловч өр төлбөрөө авах шаардлага гаргахад төлөөгүй.

Би 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хооронд Ш.Мягмарцэрэн хаяг дээрээ байхгүй болсон тул эрэн сурвалжлуулж хаягийг нь олсон. Зээлсэн 24 000 000 төгрөг, эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг нийт 24 070 200 төгрөгийг хариуцагч Ш.Мягмарцэрэнгээс гаргуулж өгнө үү.

Шинэ дөл констракшн ХХК нь Ш.Мягмарцэрэнг өмгөөлөгчөөр ажиллуулж байсан бөгөөд ажлаа хийгээгүй, муу хийсэн. Мөн биднийг гомдоож зээлсэн мөнгөө цаг хугацаандаа өгөөгүй, өгөх ёсгүй гэж байгаа тул өмгөөллийн хөлсөнд өгч байсан дансаар 2 000 000 төгрөг, бэлнээр 31 440 000 төгрөг өгсөн тул нийт 33 440 000 төгрөгийн нэмэгдүүлсэн шаардлагаа татан авч байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2014 оны 09 дүгээр сард ямар ч зээлийн хэлцэл болоогүй. 24 000 000 төгрөгийг зээлж аваагүй. Хэрвээ надад 24 000 000 төгрөг өгсөн бол зээлийн баримт хийх ёстой. 2016 оны 09 дүгээр сард ямар ч зээлийн хэлцэл болоогүй. Мөнгө хүлээлцэж, өгөлцөж, авалцсан баримт байхгүй.

Б.Батболдын төрсөн хүү Б.Дөлгөөн 2009 оноос эхлэн эрүүгийн хэрэгт холбогдож бөгөөд Б.Батболд өмгөөлөгч авах хүсэлт ирүүлснээр Б.Дөлгөөний хэрэг дээр өмгөөлөгчөөр орж эхэлсэн. Тэр үед өмгөөллийн буюу эрх зүйн туслалцаа үзүүлэх хэлцлүүд байгуулагдаад хэлцлийн дагуу урьдчилгаа төлбөр, ажлын гүйцэтгэлийн дараа гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр зэргээр явж байсан. 8 удаагийн өмгөөллийн үйл ажиллагаа явуулаад өгөлцөж, авалцсан мөнгөний асуудал байгаа.

2008-2010 онуудад Б.Батболд гуай шинэ дөл цогцолбор гээд барилгын 2 том обьектийг барьж байсан. Б.Батболд нь Барилгын тусгай зөвшөөрөлтэй компани байгуул, компани байгуулаад барилгын тусгай зөвшөөрөл ав, энэ асуудал дээр миний хувьд хөрөнгө оруулах боломжтой. 50 000 000 төгрөгийн хөрөнгө оруулья гэж ярьж байсан. Б.Батболд гуай тусгай зөвшөөрөлтэй барилгын компани зарна гэсэн хүмүүс байдаг. Тийм юм судалж үзээч гэж хэлсэн. Тэр үед Б.Батболд гуай Аалто ХХК-ийг олсон юм. Аалто ХХК-ийн захирал н.Мөнхмандахаас компанийг 24 000 000 төгрөгт авахаар болсон. Б.Батболд ах хөрөнгө оруулалтыг нь хийж өгье гэсэн. 2012 оны 08 дугаар сарын эхээр хэлцлүүд хийгдээд Аалто ХХК-ийг миний нэр дээр шилжүүлж өгсөн юм. Энэ үед Б.Батболд гуай өөрөө тусгай зөвшөөрөл эзэмшдэг барилгын компанитай учраас миний нэр дээр хоёр компани байж болохгүй гэсэн учраас миний нэр дээр Аалто ХХК-ийг авсан. Би 24 000 000 төгрөгөөс гар дээрээ нэг ч төгрөг бэлнээр авч, хувьдаа нэг ч төгрөгийг зарцуулаагүй.

2014 оны 09 дүгээр сард би ямар ч зээлийн хэлцэл хийгээгүй. Б.Батболд нь зээлийн мөнгө өгсөн гэж байгаа энэ баримтад гарын үсэг зураад өгөөч татварын асуудал үүсээд байна гэж хэлсэн. Татвар дээр асуудал үүссэн бөгөөд 2014 оны 09 дүгээр сард мөнгө зээлсэн асуудал байхгүй юм чинь үүнийг би татварт үзүүлээд устгана гэсэн.

Би зээлийн гэрээ байгуулж, мөнгө хүлээж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ш.Мягмарцэрэнгээс 24 070 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Батболдын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасны дагуу нэхэмжлэгч Б.Батболд нь хариуцагч Ш.Мягмарцэрэнгээс 33 440 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа татан авсныг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Батбодоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 603 451 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Хариуцагч Ш.Мягмарцэрэн нь 2014 оны 09 сард Б.Батболдын өмгөөлөгчөөр ажиллаж байх үөдээ ажил хэргийн итгэлцлийг ашиглан "Аалто" ХХК-ийн хувьцааг худалдан авах зорилгоор 24 000 000 төгрөгийг зээлсэн. Үүнээс хойш зээлийн мөнгөө төлөхийг шаардахад 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Б.Батболдоос 2014 оны 09 сард барилгын тусгай зөвшөөрөлтэй "Аалто" ХХК-ийн хувьцааг худалдан авах зорилгоор Ш.Мягмарцэрэн нь 24 000 000 төгрөг зээл авсан. Уг мөнгөөр дээрх компанийг худалдан авсан ба үйл ажиллагааны орлогоор өр төлбөрийг саадгүй төлөхөөр баталгаа гаргав" гэсэн өөрийн гарын үсэг бүхий бичгийг Ш.Мягмарцэрэн, Б.Батболдод өгсөн боловч зээлийн мөнгөө төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч түүний төлөөлөгч 24 000 000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн болохыг баримтаар нотолж чадаагүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлтүй шийдвэр болсон байна. Учир нь түүний мөнгө зээлсэн болох нь 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн "Мөнгө зээлсэн тухай баримт" нэртэй Ш.Мягмарцэрэнгийн гарын үсэгтэй баримт, Ш.Мягмарцэрэнгийн шүүх хуралдаанд "Аалто" ХХК-ийг 24 000 000 төгрөг төлж өөрийн нэр дээр шилжүүлэн авсан болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргээр хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Хэдийгээр хариуцагч Ш.Мягмарцэрэн болон гэрч Д.Баатар нар нь 24 000 000 төгрөгийг гар дээрээ хүлээн аваагүй учир зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохгүй гэж өөрсдийгөө хацайлж байгаа боловч тэдний тайлбар, мэдүүлгээр 24 000 000 төгрөг "Аалто" ХХК-ийн захирал н.Мөнхмандахад олгогдож, үүний хариуд Аалто ХХК-ийн нийт хувьцаа Ш.Мягмарцэрэнд шилжиж ирсэн болохыг хүлээн зөвшөөрч байна. Эндээс Б.Батболдын 24 000 000 төгрөгийн зээлийн мөнгөний хариуд Ш.Мягмарцэрэн нь "Аалто" ХХК-ийн хувьцаа буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу "...төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө..."-ийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байх тул зээлийн гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн байна. Хэрэв Б.Батболд тухайн үед 24 000 000 төгрөг зээлээгүй бол Ш.Мягмарцэрэн "Аалто" ХХК-ийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авах боломжгүй байсан гэдэгт анхан шатны шүүх үнэлэлт дүгнэлт хийх ёстой байсан.

Иймд анхан шатны шүүх хэргийг байдлыг зөв үнэлж дүгнэлгүй, буруу дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Батболд нь хариуцагч Ш.Мягмарцэрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон хохиролд 24 070 200 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болох 33 440 000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзсаныг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

 

Ш.Мягмарцэрэн нь 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Мөнгө зээлсэн тухай баримт-д 2014 оны 9 сард Аалто ХХК-ийн хувьцааг худалдан авах зорилгоор Б.Батболдоос 24 000 000 төгрөг зээлж авсан талаар баталгаа гаргаж байна гэж гарын үсэг зуржээ. /хх 4 дэх тал/

 

Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хүлээж аваагүй гэж тайлбарлаж, тайлбараа нотлохоор Д.Баатар, П.Зориг нарыг гэрчээр асуулгасан байна. Гэрч нарын мэдүүлэгт мөнгөн хөрөнгийг Б.Батболдоос Ш.Мягмарцэрэнд шилжүүлээгүй бөгөөд мөнгө зээлсэн тухай баримтыг нөхөж үйлдсэн болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 282.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Талуудын тайлбарыг гэрчийн мэдүүлэгтэй харьцуулан дүгнэвэл Аалто ХХК-ийг худалдан авах зорилгоор зохигч хамтарч ажиллаж байсан ба уг компанийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч болон хувьцааны хувь эзэмшихтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн нь тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг хэсэгт зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шаардах эрхгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2018/02060 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 278 300 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА