Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/00696

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/00696

 

 

Номин даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/00126 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Номин даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Монгол сата интернэшнл ХХК-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 6 236 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхсаруул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Дэлгэрмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Номин даатгал ХХК-д тээврийн хэрэгслийн даатгалтай Ж.Туулын эзэмшлийн Тоёота приус маркийн 67-37 УНЭ улсын дугаартай автомашиныг иргэн Ж.Мөнхтуяа жолоодох явж байгаад Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, төмөр замын вокзалын арын замын хаалтыг мөргөснөөс уг тээврийн хэрэгсэлд 6 236 400 төгрөгийн хохирол учирсан. Уг зам тээврийн осол нь Монгол сата интернэшнл ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болсон болох нь Замын цагдаагийн газрын үзлэгээр тогтоогдсон бөгөөд тухайн үед Монгол сата интернэшнл ХХК нь замын өргөтгөлийн ажил хийж байсан. Монгол сата интернэшнл ХХК нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 5-д зааснаар зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэд дараах үүргийг хүлээх бөгөөд засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.20 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг тавих гэсэн заалтыг зөрчсөн болно. Зам тээврийн ослын улмаас учирсан хохирол 6 236 400 төгрөгийг Номин даатгал ХХК нь гэрээний дагуу эзэмшигч Ж.Туулд нөхөн төлбөрөөр олгохоор шийдвэрлэн хохирлыг бүрэн төлж барагдуулсан ба Иргэний хуулийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8.7 дахь хэсэгт заасны дагуу буруутай этгээдээс гэм хорын хохирол нэхэмжлэх эрх манай компанид шилжсэн. Иймд Монгол сата интернэшнл ХХК-иас гэм хорын хохирол 6 236 400 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-ийг баримтлан Монгол сата интернэшнл ХХК-иас 2 063 200 төгрөгийг гаргуулж  Номин даатгал ХХК-д  олгож, нэхэмжлэгчийн  4 173 200 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд  47 961 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 122 027 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Дэлгэрмаа давж заалдах гомдолдоо:

... Иргэн Ж.Мөнхтуяа тээврийн хэрэгслийн даатгалд даатгуулсан болох нь хэрэг авагдсан баримтаар тогтоогтож байгаа бөгөөд даатгалын байгууллага болон иргэн Ж.Мөнхтуяа нарын хороонд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдийг хэрэглэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхээс Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжсэн, Номин Даатгал ХХК нь шаардах эрхтэй байна гэж дүгнэсэн боловч эрх зүйн тохиолдлыг тухайлан зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ болох Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт "Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар опгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж заасныг хэрэглээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийи үндэслэх хэсэгт ... тээврийн прокурорын газрын прокурорын "Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай" 4544 дүгээр тогтоолоор авто машины хохирлын үнэлгээг 3 513 000 төгрөгөөр тогтоосон байх ба энэ нь шууд хохирлын үнэлгээ байна. Үүн дээр засварын ажлын үнийн дүнг нэмбэл нийт хохирол 4 126 400 төгрөг болж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Тээврийн прокурорын газрын прокурорын тогтоолд ослын улмаас Ж.Мөнхтуяад 3 513 000 төгрөгийн шууд хохирол учирсан нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн байхад шүүх шууд хохирлыг 3 513 000 төгрөгөөр тогтоосон мэтээр шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт оруулж дүгнэсэн нь ойлгомжгүй болсон байна. "Вендо" ХХК-ийн 2013 оны 10 дүгээр сарын 22-ны өдрийн 6392/1390 тоот хохирлын үнэлгээний тайлангаар хохирлын үнэлгээг 6 236 400 төгрөгөөр тогтоосон. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан атлаа уг байдлаа баримтаар нотлоогүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй, шүүх хуралдаанаас өмнө хохирлын үнэлгээний тайлантай холбоотой маргаагүй байхад шүүх өөрийн үзэмжээр шууд хохирлыг 4 126 400 төгрөгөөр тогтоож, даатгуулагчийг буруутай мэтээр дүгнэж учирсан хохирлыг 2 06 000 төгрөгөөр тодорхойлон хариуцагчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн байгаа нь хэт нэг талыг барьсан гэж үзэхэд хүрч байна. Энэ нь хариуцагч Монгол сата интернэшнл ХХК-ийн буруутай эс үйлдлээс хамаарсан шалтгаант холбоотойг шүүх анхаарч үзээгүй. Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр Ж.Мөнхтуяа дүрэм зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид илүү төлсөн мөнгийг буцаан гаргуулж шийдвэрлээгүй зэрэг алдааг гаргасан болно. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/00126 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа давж заалдах гомдолдоо:

... 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 22 цагийн орчим 67-37 УНЭ дугаарын автомашин жолоодож явсан Ж.Мөнхтуяа нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасныг зөрчсөн гэм буруутай болох нь Тээврийн прокурорын газрын прокурорын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4544 дугаар тогтоолоор тогтоогдсон. Мөн хэрэгт авагдсан даатгалын гэрээнд ... даатгуулагчийн хууль бус болон эрүүгийн шинжтэй үйлдлийн улмаас учирсан хохирол даатгалд хамрагдахгүй гэж заасан байна. Гэтэл шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг дутуу үнэлж, хэргийг шийдвэрлэсэн. Дээрх баримтаар Ж.Мөнхтуяагийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь даатгалын нөхөн төлбөр олгогдохгүй нөхцөлд хамаарч байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Вендо ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 22-ны Б392/1390 дугаар үнэлгээгээр ... шууд хохирол 3 153 000 төгрөг, прокурорын тогтоолоор ... Ж.Мөнхтуяад шууд хохирол 3 513 000 төгрөг гэж тус тус тогтоосон байхад шүүх ... автомашины хохиролд 4 126 400 төгрөг учирсан гэж нэмэгдүүлэн манай компаниас 2 063 200 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 00126 дугаар шийдвэрийг хянаж, хариуцагчаас 2 063 200 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Номин даатгал ХХК нь хариуцагч Монгол сата интернейшнл ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 6 236 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрөн маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд иргэн Ж.Мөнхтуяа нь 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 22.00 цагийн орчим иргэн Ж.Туулын эзэмшлийн Тоёота Приус маркийн 67-37 дугаартай автомашиныг жолоодож явахдаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт автозамын өргөтгөл шинэтгэлийн ажил хийгдэж байсан замын бетон хаалт мөргөж, уг ослын улмаас автомашины эзэмшигч иргэн Ж.Туулд 6 236 400 төгрөгийн хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 7-8, 43 тал/ Нэхэмжлэгч Номин даатгал ХХК нь даатгалын гэрээний дагуу иргэн Ж.Туулд учир хохирлыг нөхөн төлбөрөөр олгохоор шийдвэрлэж, бүрэн төлж барагдуулжээ. /хх-ийн 9-10 тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...зам дээр болон түүний ойр орчимд засвар, үйлчилгээ хийхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласан байна.

 

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжихээр заасан байх тул Номин даатгал ХХК нь хариуцагч Монгол сата интернэшнл ХХК-иас хохирлоо шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх автомашины шууд хохирлын үнэлгээ 3 513 000 төгрөг, засварын хөлс 613 400 төгрөг, нийт 4 126 400 төгрөг болсон байхад солих эд ангийг давхардуулан нэхэмжилсэн, бетон хаалтыг урд талаараа мөргөсөн байхад хойд крыло, дохио зэргийг үнэлсэн, мөн иргэн Ж.Мөнхтуяа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөн буруутай ажиллагаа нөлөөлсөн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Вендо ХХК-ийн дүгнэлтээр автомашинд учирсан эвдрэл, хохирлын үнэлгээг 6 236 400 төгрөгөөр тогтоосон байгаа боловч анхан шатны шүүх хариуцагчийн гэм бурууг харгалзан нэхэмжлэлийн шаардлагаас 2 063 200 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасантай нийцжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, энэ талаар давж заалдсан зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/00126 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Номин даатгал ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81 722 төгрөг болон хариуцагч Монгол сата интернэшнл ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 961 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Ц.ИЧИНХОРЛОО