Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 126

 

 

 

 

     2018 оны 01 сарын 18 өдөр

      Дугаар 182/ШШ2018/00126

              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Буд даргалж, шүүгч Ж.Байгалмаа, Т.Наранцогт нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “НД” ХХК /РД:2679698/, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө Номин Юнайтед төвийн 7 дугаар давхар

Хариуцагч: “МСИ”ХХК /РД:2618001/, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Сүхбаатарын гудамж 8, Цэцээ гүн 310 тоот

 

6.692.312 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Дэлгэрмаа, иргэдийн төлөөлөгч Т.Ёндон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа оролцов.

                                                  

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2013 оны 10 сарын 20-ны өдөр “НД” ХХК-д тээврийн хэрэгслийн даатгалтай Ж.Туулын эзэмшлийн Тоёота приус маркийн 67-37 УНЭ улсын дугаартай автомашиныг иргэн Ж.Мөнхтуяа нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, төмөр замын вокзалын арын зам дээр жолоодон явж байгаад замын хаалтыг мөргөснөөс уг тээврийн хэрэгсэлд 6.236.400 төгрөгийн хохирол учирсан. Болсон зам тээврийн осол нь “МСИ” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болсон болох нь замын цагдаагийн газрын үзлэгээр тогтоогдсон бөгөөд тухайн үед “МСИ”ХХК нь замын өргөтгөлийн ажил хийж байсан.“МСИ” ХХК нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 5-д заасан “Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэд дараах үүргийг хүлээнэ:

 а/ засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.20 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг тавих” гэсэн заалтыг зөрчсөн болно.

 Зам тээврийн ослын улмаас учирсан хохирол 6.236.400 төгрөгийг “НД” ХХК нь гэрээний дагуу эзэмшигч Ж.Туулд нөхөн төлбөрөөр олгохоор шийдвэрлэн хохирлыг бүрэн төлж барагдуулсан ба Иргэний хуулийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8.7-д заасны дагуу буруутай этгээдээс гэм хорын хохирол нэхэмжлэх эрх манай компанид шилжсэн. Иймд “МСИ” ХХК-аас гэм хорын хохирол 6.236.400 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх замын цагдаагийн ослын акт, бүдүүвч зураг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ, даатгалын гэрээ, нөхөн төлбөр олгосон баримт, хохирлыг барагдуулах тухай Номин холдинг ХХК-ийн Эрх зүйн газраас “МСИ” ХХК-д явуулж байсан албан бичгүүд зэрэг нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

            Ж.Мөнхтуяа нь 2013 оны 10 дугаар 20-ны өдрийн 22 цагийн орчимд Ж.Туулын эзэмшлийн Тоёота приус маркийн, 67-37 УНЭ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэр нарны замын баруун хэсэг, төмөр замын вокзалаас төмөр замын депогийн уулзвар хүртэлх автозамын өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэж байсан замын бетон хаалт мөргөсөн зам тээврийн осол гаргасан байна. “Нд” ХХК нь уг ослын улмаас автомашинд учирсан хохирол 6.236.400 төгрөгийг даатгалын гэрээний дагуу автомашины эзэмшигч Ж.Туулд нөхөн төлбөрөөр олгохоор шийдвэрлэж, хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх ба уг даатгалын нөхөн төлбөрт өгсөн мөнгийг буруутай этгээдээс гаргуулахаар нэхэмжилж шүүхэд ирүүлжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ хариуцагч “МСИ” ХХК нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 5-д заасан “Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэд дараах үүргийг хүлээнэ: а/ засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.20 (замын засвар хийж буйг харуулсан) тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг тавих” гэсэн заалтыг зөрчсөн нь замын цагдаагийн ажилтны осол дээр тогтоосон актаар, даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ нь автомашинд учирсан хохирлын хэмжээгээр буюу “Вендо” ХХК-ийн эвдрэл, хохирлыг тогтоосон үнэлгээгээр тогтоогдсон гэж үзжээ. “Нд” ХХК даатгуулагчид нөхөн төлбөрт 6.236.400 төгрөг олгосон баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагч “МСИ” ХХК нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн ба тэрээр шүүх хуралдаанд оролцож тайлбар гаргаагүй.

 

“МСИ” ХХК нь зам тээврийн осол болдог өдөр буюу 2013 оны 10 дугаар 20-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр нарны замын баруун хэсэг, төмөр замын вокзалаас төмөр замын депогийн уулзвар хүртэлх автозамын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг хийж байсан байх бөгөөд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 5-д заасан “Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэд дараах үүргийг хүлээнэ: а/ засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.20 (замын засвар хийж буйг харуулсан) тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг тавих” гэсэн заалтыг зөрчиж, зам дээр анхааруулах болон тойрч гарах чиг заасан тэмдэг тэмдэглэгээ байрлуулаагүй байсан нь замын цагдаагийн ажилтны осол дээр тогтоосон актаар тогтоогдож байна. Энэ талаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээдийн хүлээх үүргийг заасны 13.2.4-т “зам дээр болон түүний ойр орчимд ажил, үйлчилгээ хийхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах” үүрэг орсон байна. Энэ үүргийг“МСИ” ХХК биелүүлээгүй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ” гэж заасан байх бөгөөд “НД” ХХК бусдад нөхөн төлбөрт төлсөн мөнгөө гуравдагч этгээдээс шаардах эрхтэй байна.

 

Дээрх зам тээврийн ослыг шалгаж хянасан Тээврийн прокурорын газрын прокурорын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” 4544 дүгээр тогтоолоор автомашины хохирлын үнэлгээг 3.513.000 төгрөгөөр тогтоосон байх ба энэ нь шууд хохирлын үнэлгээ байна. Үүн дээр засварын ажлын хөлсний үнийн дүнг нэмбэл нийт хохирол 4.126.400 төгрөг болж байна. “Вендо” ХХК дээрх 2003 онд үйлдвэрлэгдэж, Монгол улсад 2011 онд бүртгэгдсэн автомашины эвдрэл, хохирлыг 6.236.400 төгрөг гэж үнэлсэн нь ойлгомж муутай байх ба даатгалын байгууллага үүнийг нягтлах шаардлагатай байжээ. Тухайлбал, компани шууд хохирол гэж дүгнэсэн 3.513.000 төгрөгт засах солих эд ангиуд аль аль нь орсон байтал дахин түүнээс гадна солих гэж эд ангийг жагсаасан, энд хөдөлгүүр 650.000 төгрөг гэсэн ба шууд хохиролд орсон хөдөлгүүр ангийн таг 550.000 төгрөг гэдэг нь давхардаж буй эсэхийг тодруулах, мөн бетон хаалтыг урд талаараа мөргөсөн байхад автомашины хойд крыло, дохио зэргийг үнэлсэн байсныг анхаараагүй байна.

 

Түүнчлэн автомашиныг жолоодон явсан Ж.Мөнхтуяа нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заснаар “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж замын голд байсан бетон хаалтыг мөргөсөн буруутай болох нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолд тусгагдсан байна.

 

            Шүүх автомашины хохирлыг 4.126.400 төгрөг гэж үзсэн ба хариуцагчийн гэм бурууг харгалзан түүгээр 2.063.200 төгрөгийг нэхэмжлэгчид төлүүлэх, нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирж мэтгэлцээгүй, шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцсэн болно.

 

           

            Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 118-р зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-ийг баримтлан “МСИ” ХХК-аас 2.063.200 төгрөгийг гаргуулж “НД” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн 4.173.200 төгрөгийн нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 47.961 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 122.027 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                                    С. БУД

                                        

                                          ШҮҮГЧИД                                   Ж.БАЙГАЛМАА

                                                                                             

                                                                                              Т.НАРАНЦОГТ