Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2018/00246

 

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2018/00246

 

 

П.Туулын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/02199 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч П.Туулын нэхэмжлэлтэй хариуцагч Тагнуулын ерөнхий газарт холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалинд 6 485 306 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хүдэрбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Тагнуулын ерөнхий газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/407 тоот тушаалаар үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №182/ШШ2017/00444 тоот шийдвэрээр намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2016.08.25-2017.01.20-ны өдөр хүртэлх хугацааны цалинг болох 4 343 570 төгрөг олгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Тагнуулын ерөнхий газарт даалгасан боловч хариуцагч нь ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсаар 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/19 тоот тушаалаар намайг Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх Үндэсний тагнуулын академийн тагнуул судлалын төвийн номын санд судлаач гэсэн ажил, албан тушаалд томилсон. Иймд шүүхийн шийдвэр гарснаас хойшхи ажилгүй байсан хугацаааны цалин хөлс буюу 2017.01.20-2017.09.25-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлс болох 6 485 306 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...П.Туул нь Тагнуулын ерөнхий газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/407 дугаар тушаалыг үндэслэлгүй талаар маргаан үүсгэж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх талаар нэхэмжлэлийн шаардлагаа Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/00444 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Улмаар Тагнуулын ерөнхий газар нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж П.Туулд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 343 570 төгрөг олгосон. Түүнчлэн Тагнуулын ерөнхий газрын Үндэсний тагнуулын академийн Гадаад хэлний тэнхим бүтцийн өөрчлөлтөөр татан буугдаж гадаад хэлний багшийн орон тоо байхгүй болсон тул түүнийг гэрээт багшаар ажиллах санал тавихад тэрээр татгалзсан хариу өгсөн. Манай зүгээс шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлж, орон тоо зохион байгуулалтын зарим зохицуулалтыг хийсний үндсэн дээр тус газрын Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар П.Туулыг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Үндэсний тагнуулын академийн Тагнуул судлалын төвийн Номын санд судлаачаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Харин П.Туул нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх тухай өөрийн хүсэлтээ Тагнуулын ерөнхий газрын удирдлагад гаргасан ба Тамгын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар түүнийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д тус тус зааснаар Тагнуулын ерөнхий газраас ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 5,725,615 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Туулд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 759,691 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,715 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Тагнуулын ерөнхий газраас 106,560 төгрөг гаргуулж П.Туулд олгож, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дугаар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...ТЕГ нь шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 4 343 570 төгрөгийг П.Туулд олгосон. Түүнчлэн ТЕГ-ын Үндэсний тагнуулын академийн Гадаад хэлний тэнхим бүтцийн өөрчлөлтөөр татан буугдаж гадаад хэлний багшийн орон тоо байхгүй болсон тул түүнийг гэрээт багшаар ажиллах санал удаа дараа тавихад П.Туул татгалзсан хариу өгсөн. ТЕГ-ын Хүний нөөцийн хэлтсээс П.Туулд удаа дараа түүний өмнө эрхэлж байсан ТҮМБ-4-2-тай адил үндсэн цалинтай ажлын санал тавьж, тохиролцох талаар арга хэмжээг авч байсан ч тэрээр 2017 оны 2 дугаар сарын 22-оос 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд хөдөлмөрийн гэрээ байгуулах хүсэлгүй байсан нь ТЕГ-ын Тамгын газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 01/982 дугаар албан бичгээр ШШГЕГ-ын НШГАлбаны дарга, хошууч Р.Энхтайванд явуулсан албан бичгээр нотлогдоно. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт "Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно" гэж заасан ба П.Туул нь өнгөрсөн хугацаанд ТЕГ-ын зүгээс тавьсан саналыг хүлээж авахгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулж нэг өдөр, нэг цаг ч ажил эрхлээгүй байж ажилгүй байсан хугацааны олговор нэхэмжилсэн нь шударга бус юм.

2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/00444 дүгээр хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу П.Туулын ажилгүй байсан хугацааг 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх ажлын 110 хоногоор тогтоосон ба 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацааг түүний ажилгүй байсан хугацаанд оруулан тооцох үндэслэлгүй. ТЕГ нь шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлж, орон тоо зохион байгуулалтын зарим зохицуулалтыг хийсний үндсэн дээр тус газрын Тамгын газрын даргын 2017 оны 9 дугээр сарын 21-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар П.Туулыг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн ТЕГ-ын Үндэсний тагнуулын академийн Тагнуул судлалын төвийн Номын санд судлаачаар томилсон ба түүний үндсэн цалинг өмнө эрхэлж байсан албан тушаалын шатлал болох ТҮМБ-4-2-оор тогтоож, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Харин П.Туул нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр "ажлаас чөлөөлөгдөх тухай" өөрийн хүсэлтээ ТЕГ-ын удирдлагад гаргасан ба Тамгын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч П.Туул нь хариуцагч Тагнуулын Ерөнхий газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговорт 6 485 306 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гадаад хэлний багшийн орон тоо байхгүй болсон тул түүнийг гэрээт багшаар ажиллах санал тавихад хүлээж аваагүй маргажээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 182/2017/00444 дүгээр шийдвэрээр П.Туулыг Тагнуулын Ерөнхий газрын дэргэдэх Үндэсний тагнуулын академийн хятад хэлний багшийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх 3-6/

 

Хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчдын тайлбараар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 182/2017/00444 дүгээр шийдвэрийг хариуцагч Тагнуулын Ерөнхий газар биелүүлээгүй үйл баримт тогтоогджээ. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй бөгөөд хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг хариуцах учиртай. Өөрөөр хэлбэл, хариуцагч Тагнуулын Ерөнхий газар нь дээрх шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Б/19 тоот тушаалаараа нэхэмжлэгч П.Туулыг мөн оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тус газрын Үндэсний тагнуулын академийн тагнуул судлалын төвийн номын сангийн судлаачийн ажилд томилсон тул нэхэмжлэгч нь энэ ажилгүй байсан олговор нэхэмжилсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтын талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасантай нийцсэн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасан тул шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн томилогдох хүртэлх хугацаа нь ажилгүй байсан хугацаанд хамаарах юм. Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасанд нийцүүлэн нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцон нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан тавьсан саналыг хүлээж аваагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулж нэг ч өдөр ажиллаагүй байж ажилгүй байсан хугацааны олговор нэхэмжилсэн нь шударга бус, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааг нь тогтоосон гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/02199 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

 

Н.БАТЗОРИГ