Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2017/02199

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 14 өдөр

      Дугаар 182/ШШ2017/02199

                  Улаанбаатар хот

 

   

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: П.Т /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т.Е.Г холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин 6,485,306 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хүдэрбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэрэндулам нар оролцов.                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...миний бие Т.Е.Г дэргэдэх Үндэсний тагнуулын академид 2011 оноос хойш Хятад хэлний багшаар ажиллаж байгаад Т.Е.Г даргын 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/407 тоот тушаалаар үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан.

Миний бие дээрх тушаалыг үндэслэлгүй болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №182/ШШ2017/00444 тоот шийдвэрээр намайг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2016.08.25-2017.01.20 өдөр хүртэлх хугацааны цалинг болох 4,343,570 төгрөгийг олгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Т.Е.Гт даалгасан боловч хариуцагч нь ажилд эргүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсаар 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/19 тоот тушаалаар намайг Т.Е.Г дэргэдэх Үндэсний тагнуулын академийн тагнуул судлалын төвийн номын санд судлаач гэсэн ажил, албан тушаалд томилсон болно.

Иймд шүүхийн шийдвэр гарснаас хойшхи ажилгүй байсан хугацаааны цалин хөлс буюу 2017.01.20-2017.09.25-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлс болох 6,485,306 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Т.Е.Г дарга Б.Х шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хүдэрбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...П.Т нь Т.Е.Г даргын 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 41 дүгээр тушаалаар Т.Е.Г Үндэсний тагнуулын академид Гадаад хэлний тэнхимийн багшаар томилогдон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад Үндэсний тагнуулын академийн албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин тогтоох комиссын үнэлгээгээр “хангалтгүй” дүн авч, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг биелүүлэх чадваргүй гэж дүгнэгдсэн тул Т.Е.Г даргын 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/407 дугаар тушаалаар түүнийг ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

П.Т нь Т.Е.Г даргын 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/407 дугаар тушаалыг үндэслэлгүй талаар маргаан үүсгэж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх талаар нэхэмжлэлийн шаардлагаа Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/00444 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Улмаар Т.Е.Г нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж П.Тд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,343,570 төгрөгийг тооцон олгосон.

Түүнчлэн Т.Е.Г Үндэсний тагнуулын академийн Гадаад хэлний тэнхим бүтцийн өөрчлөлтөөр татан буугдаж гадаад хэлний багшийн орон тоо байхгүй болсон тул түүнийг гэрээт багшаар ажиллах санал тавихад тэрээр татгалзсан хариуг өгсөн.

Манай зүгээс шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлж, орон тоо зохион байгуулалтын зарим зохицуулалтыг хийсний үндсэн дээр тус газрын Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар П.Тыг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Үндэсний тагнуулын академийн Тагнуул судлалын төвийн Номын санд судлаачаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

Харин П.Т нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “ажлаас чөлөөлөгдөх тухай” өөрийн хүсэлтээ Т.Е.Г удирдлагад гаргасан ба Тамгын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар түүнийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Иймд учраас П.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Т нь хариуцагч Т.Е.Гт холбогдуулан aжилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6,485,306 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч П.Т нь хариуцагч Т.Е.Г даргын 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/407 тоот тушаалаар Т.Е.Г Үндэсний тагнуулын академийн Гадаад хэлний тэнхимийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.

 

            Нэхэмжлэгч П.Т нь ажлаас халсан тушаалд гомдол гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/00444 дугаар шийдвэрээр Т.Е.Г Үндэсний тагнуулын академийн Гадаад хэлний тэнхимийн багшийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4,343,570 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, түүнд олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/00444 дугаар шийдвэрийг үндэслэн Т.Е.Г Үндэсний тагнуулын академийн тагнуул судлалын төвийн номын санд судлаачийн ажилд томилж, шүүхийн шийдвэрээр гарсан нөхөн олговорт 4,343,570 төгрөгийг олгосон талаар талууд маргаагүй болно.

 

Т.Е.Г дарга нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/00444 дугаар шийдвэрийг үндэслэн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/19 тоот тушаалаар П.Тыг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Т.Е.Г Үндэсний тагнуулын академийн тагнуул судлалын төвийн номын санд судлаачийн ажилд томилжээ.

 

Нэхэмжлэгч П.Т нь хариуцагчийн буруутай ажиллагаанаас болж 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс хойш буюу Т.Е.Г даргын 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/19 тоот “Ажилд томилох тухай” тушаал гарах хүртэл хугацаанд цалин хөлсгүй байж хохирсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан бол хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилгүй байсан хугацааны цалинг нь олгосон.

 

Мөн гадаад хэлний тэнхимийн татан буугдаж нэхэмжлэгчийн орон тоо хасагдсан учраас гэрээт багшаар ажиллах санал тавихад П.Т нь хүлээж аваагүй учраас байгууллагын зүгээс орон тоо гаргаад судлаачийн ажилд авсан гэж тайлбарласан боловч шүүхийн шийдвэрийн дагуу тогтоосон ажлын байр нь байхгүй болсон талаар баримтаар нотлох үүргээ хариуцагч нь хэрэгжүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Хариуцагч Т.Е.Г дарга нь нэхэмжлэгч П.Тыг ажлаас үндэслэлгүй халсан болох нь хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/00444 дугаар шийдвэрээр тогтоогдож байх тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, түүнийг дахин ажилд томилох хүртэл хугацаанд нэхэмжлэгчийг цалин хөлсгүй байсан явдалд шүүх хариуцагчийг буруутгах үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ... олгоно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хуулийн дээрх үндэслэлээр 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс ажилд томилсон 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 6,485,306 төгрөгийг нэхэмжилж байгааг буруутгах боломжгүй юм.

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үндэслэлээр олгохоор зохицуулсан.

 

Өөрөөр хэлбэл ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан “ажилгүй байсан бүх хугацаанд” хамаардаг.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж заасан бөгөөд хариуцагч нь П.Тыг Т.Е.Г Үндэсний тагнуулын академийн тагнуул судлалын төвийн номын санд судлаачийн ажилд томилсон 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/19 дугаартай тушаал гаргах хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2/22159 дугаартай “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай” албан бичгээр тогтоогдлоо.

 

Иймд нэхэмжлэгч П.Т нь хариуцагч Тагнуулын ерөнхий газраас Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш, Т.Е.Г Үндэсний тагнуулын академийн тагнуул судлалын төвийн номын санд судлаачаар томилогдох өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэх эрхтэй гэж үзнэ.

 

Ажилтныг ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасны дагуу гомдлоо гаргаж шийдвэрлүүлдэг учраас нэхэмжлэгч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацаагаа 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш буюу Т.Е.Г даргын 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/19 дугаартай тушаалаар Үндэсний тагнуулын академийн тагнуул судлалын төвийн номын санд судлаачийн ажилд томилогдох хүртэлх цалин 6,485,306 төгрөг гэж тодорхойлсон.

 

П.Т нь Т.Е.Г Үндэсний тагнуулын академийн Гадаад хэлний тэнхимийн багшийн албан тушаалд сарын 848,986 төгрөг, өдрийн 39,487 төгрөгийн цалинтай ажиллаж байсан болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/00444 дугаар шийдвэрээр тогтоогдсон тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан үндэслэлээр дахин нотлох шаардлагагүй юм.

 

Ийм учраас нэхэмжлэгчийг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс хойш ажилд томилсон тушаал гарах хүртэл 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл ажилгүй байсан бүх хугацааны ажлын 145 хоногийн цалин болох 5,725,615 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 759,691 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д тус тус зааснаар Тагнуулын ерөнхий газраас ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 5,725,615 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 759,691 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,715 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Тагнуулын ерөнхий газраас 106,560 төгрөг гаргуулж П.Тд олгосугай.

 

3.Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дугаар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ                                            Х.ДАШДЭЧМАА