Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2018/01913

 

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2018/01913

 

 

Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2018/01904 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хотол дэгжих ХХК, Титэм өлзий констракшн ХХК, Ж.Ганзориг, Б.Хүрэлбаатар, Д.Адъяамаа, Д.Эрдэнэпүрэв, З.Нарантуяа, Э.Барс-Оч, Ч.Энхжаргал нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1 626 505 579 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Харьболд, Л.Баасанжав

Хариуцагч З.Нарантуяа, Д.Эрдэнэпүрэв нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.Түвшин

Хариуцагч Д.Адъяамаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Зоригоо

Хариуцагч Д.Адъяамаагийн өмгөөлөгч: Р.Мэндсайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк нь 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хотолдэгжих ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 1 500 000 000 төгрөгийг экспортыг дэмжих үйлдвэрлэлийн төслийн зээл зориулалтаар жилийн 7 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай зээлдүүлсэн. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ЭДҮТ-14/011 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ЭДҮТ-14/011-01 тоот үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ЭДҮТ-14/011-02 тоот үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээ тус тус байгуулж дараах эд хөрөнгө болон эрхийг барьцаалсан. Үүнд Ж.Ганзоригийн өмчлөлийн 50,7 мкв 2 өрөө орон сууц, 624 м.кв орон сууц, 692,07 м.кв орон сууц, Д.Адъяамаагийн өмчлөлийн 30 м.кв 2 өрөө, Титэм Өлзий ХХК-ийн өмчлөлийн 98%-ийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх, Б.Хүрэлбаатарын өмчлөлийн 35 м.кв 2 өрөө орон сууц, Д.Эрдэнэпүрэв, З.Нарантуяа, Э.Барс-Оч нарын өмчлөлийн 47,7 м.кв 2 өрөө, Ч.Энхжаргалын өмчлөлийн 53,12 м.кв 2 өрөө, Ч.Энхжаргалын өмчлөлийн 53,46 м.кв 2 өрөө, Хотолдэгжих ХХК-ийн өмчлөлийн тоосгоны үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөийг тус тус барьцаалсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлэхгүй өдийг хүрсэн бөгөөд банкны зүгээс зээл, хүүг буцаан төлөх хуваарийн дагуу төлөх мэдэгдэл хүргүүлэх, зээлдэгчтэй уулзах зэргээр удаа дараа шаардсаар ирсэн. Зээлдэгч нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 11 546 төгрөг, үндсэн хүү 80 827 031 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 343 401 төгрөг, нийт 81 181 979 төгрөгийг төлсөн.

2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээл 1 499 988 453 төгрөг, үндсэн хүү 125 144 241 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 372 883 төгрөг, нийт 1 626 505 579 төгрөгийн зөрчилтэй байгаа болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа тул талуудын хооронд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг цуцалж, зээлийн өр, төлбөрийг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Д.Адъяамаагаас өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205005879 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 12-р хороо, 6-р бичил хороолол, 6А байрны 12 тоот хаягт байрлах, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиран зарцуулах эрхийг Хотол дэгжих ХХК-д олгосон итгэмжлэл хуулийн шаардлага хангаж, Хотол дэгжих ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөгч эрхтэй этгээд болох Ж.Ганзориг гарын үсэг зурж, компанийн тамга тэмдэгийг дарж баталгаажуулсан. Тус итгэмжлэлийг нотариатч үнэн зөв, хуулийн шаардлага хангасныг баталсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Ганзориг шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Бид нэхэмжлэгч талд эвлэрэх хүсэлт тавьсан ч, эвлэрэх боломжгүй болсон. Хотол дэгжих ХХК улирлын чанартай барилгын үйл ажиллагаа явуулдаг, сүүлийн 5 жилээс хойш компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан. Эдгээр хүмүүсийг барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх үүргээ хүлээнэ гэв.

 

Хариуцагч Д.Адъяамаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хотол дэгжих ХХК-ийн захирал Ж.Ганзориг иргэн Д.Адъяамаатай 2014 оны 10 сард н.Энхтамир гэх танилаараа дамжуулан уулзаж, Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас 1 500 000 000 төгрөгийн зээл авч байгаа, банк намайг нэмэлт барьцаа хөрөнгө тавь гээд байна. Танай орон сууцыг түр хугацаанд барьцаалж, зээл авахад туслаач зээл авсан даруйдаа тэргүүн ээлжинд орон сууцыг чинь барьцаанаас шуурхай чөлөөлж, өгнө гэж итгүүлсэн. Д.Адъяамаа, Ж.Ганзориг нар бүрэн итгэж, ямар нэгэн хариу төлбөргүйгээр гэр бүлийн дундын өмчлөлийн 2 өрөө орон сууцыг Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд барьцаанд тавих эрхийг итгэмжлэлээр олгосон. Ж.Ганзориг энэхүү итгэмжлэлээр Хотол дэгжих ХХК-ийн нэрийн өмнөөс Үндэсний хөрөнгө оруулалтын банктай үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээг байгуулж, зээлээ тус банкнаас авсан байна. Гэвч өнөөдрийг хүртэл манай орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгөөгүй, Д.Адъяамааг хууран мэхэлж байгаа бөгөөд бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байна.

Нэмэлт барьцааны хөрөнгө буюу 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ЭДҮД14/011-01 дугаартай гэрээний 2 дахь заалтын 2.1.2-т заасан үндэслэлээр биднийг хариуцлага хүлээх ёстой гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь уг үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ хуулийн шаардлага хангахгүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3-д заасныг тус тус зөрчиж талууд барьцааны гэрээ байгуулсан. Оюуны өмч улсын бүртгэлийн газрын 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 7/4577 дугаартай албан бичигт зааснаар ЭДҮД14/01101 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээ улсын бүртгэлийн цахим санд бүртгэгдээгүй байна. Ийм учраас нэмэлт барьцааны гэрээ хуулийн шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус гэрээ байна. Энэхүү хүчин төгөлдөр гэрээний дагуу Д.Адъяамаа үүрэг хүлээх үндэслэлгүй.

Ж.Ганзориг нь хувь хүнд олгосон итгэмжлэлийг аж ахуйн нэгж байгуулсан нэмэлт барьцааны гэрээнд ашигласан нь үндэслэлгүй байна. Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасны дагуу Д.Адъяамаагаас Хотол дэгжих ХХК-ийн захирал Ж.Ганзоригт 2014.10.19 өдөр олгосон орон сууц захиран зарцуулах тухай итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч З.Нарантуяа, Э.Барс-Оч, Д.Эрдэнэпүрэв нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Нарантуяа, Э.Барс-Оч, Д.Эрдэнэпүрэв нар нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 2 дугаар хороолол, Морингийн давааны 62-50 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний итгэмжлэлийг Хотол дэгжих ХХК-д олгосон. Зээлийн гэрээтэй холбогдуулан үл хөдлөх хөрөнгө барьцаалсантай маргахгүй. Гэхдээ барьцааны гэрээ хуулийн шаардлага хангахгүй, Ж.Ганзориг нь З.Нарантуяа, Э.Барс-Оч, Д.Эрдэнэпүрэв нараас олгосон итгэмжлэлийн дагуу уг хэлцлийг байгуулсан. Өөрөөр хэлбэл итгэмжлэлд бүрэн эрх олгосон этгээд үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулна. Иймд З.Нарантуяа, Э.Барс-Оч, Д.Эрдэнэпүрэв нарын эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

 

Хариуцагч Б.Хүрэлбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Үндэсний хөрөнгө оруулалтын банкны нэхэмжлэлтэй, Хотол дэгжих ХХК-нд холбогдох шүүх хуралд дахин оролцож чадахгүй, шүүхийн гаргасан шийдвэрийг хүндэтгэх болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар хариуцагч Хотол дэгжих ХХК-иас 1 626 505 579 төгрөг 31 мөнгө гаргуулж, нэхэмжлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-нд олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ЭДҮТ-14/011 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ЭДҮТ-14/011-01, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ЭДҮТ-14/011-02 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийн хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 290 480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хотол дэгжих ХХК-иас 8 290 480 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-нд олгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зоригоогийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 500 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1.-д зааснаар илүү төлсөн 300 төгрөгийг түүнд буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ "Үндэсний хөрөнгө оруулалтын банк" ХХК-ийн шүүхэд гаргаж өгсөн Улсын бүртгэлд бүртгэгдэн, тамга тэмдэг дарагдсан 2014 оны 11 сарын 10-ны өдрийн ЭДҮТ-14/011-01 дугаартай, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ЭДҮТ-14/011-02 дугаартай "Үл хөдлөх хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээ"-нүүдийг анхаарч үзэлгүй Улсын бүртгэлд бүртгэсэн Улсын бүртгэгчийн үйлдэлд дүгнэлт хийж, "Үндэсний хөрөнгө оруулалтын банк" ХХК-ийн шүүхэд гаргаж өгсөн, нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг шүүх хуралдааны явцад дахин тодруулалгүйгээр шууд хууль бус гэж үзэн, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичгийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж, Нэхэмжлэгчийн эрх ашиг, сонирхлыг хохироосон хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас барьцааны гэрээний эх баримт бичгийг архив, цахим мэдээллийн сангаас тус тус хайх ёстой байтал зөвхөн цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй байгаа талаар лавлагаа ирүүлсэн нь учир дутагдалтай байсан. Учир нь Шүүгч 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ЭДҮТ-14/011-01 дугаартай, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ЭДҮТ-14/011-02 дугаартай "Үл хөдлөх хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээ"-г Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулахаар захирамжилсан болохоос барьцааны гэрээ улсын бүртгэлийн цахим санд бүртгэгдсэн эсэх талаар лавлагаа авахаар захирамжлаагүй. Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний дугаараар улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас шүүх боломжгүй гэсэн хариу өгсөн атлаа улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас шүүх боломжгүй нөхцөл байдал нь арилаагүй байхад дахин шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг гүйцэтгэхдээ үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний дугаараар улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ЭДҮТ-14/011-01 дугаартай, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ЭДҮТ-14/011-02 дугаартай "Үл хөдлөх хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээ"-г шүүж үзээл бүртгэгдээгүй гэсэн хариу өгсөн байна. Шүүгчийн шийдвэр буюу захирамж нь бүрэн биелэгдээгүй, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар нь шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг дутуу гүйцэтгэсэн, 2014 оны 11 сарын 10-ны өдрийн ЭДҮТ-14/011-01 дугаартай, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ЭДҮТ-14/011-02 дугаартай "Үл хөдлөх хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээ" нь Улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх нь эцсийн байдлаар тодорхой болоогүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ЭДҮТ-14/011 тоот зээлийн гэрээг цуцлах талаархи нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.

Зохигч, тэдгээрийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Хариуцагч Ч.Энхжаргал нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр "Хотол дэгжих" ХХК, түүнийг төлөөлж захирал Ж.Ганзоригт шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг олгосон байна. Үүнээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд аариуцагч Ч.Энхжаргалыг төлөөлж иргэн Ж.Ганзориг оролцож эхэлсэн байдаг. Хариуцагч Ч.Энхжаргал нь иргэн Ж.Ганзоригт өөрийг нь шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг олгоогүй, "Хотол дэгжих" ХХК-д олгосон атал "Хотол дэгжих" ХХК-иас Ч.Энхжаргалыг шүүхэд төлөөлөх итгэмжлэгдэгчийг албан ёсоор итгэмжлэн томилоогүй. Гэтэл шүүх иргэн Ж.Ганзоригоор хариуцагч Ч.Энхжаргалыг төлөөлүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь үндэслэлгүй байх бегөөд хэргийн оролцогч Ч.Энхжаргал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч "Хотол дэгжих" ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй байна.

Хариуцагч Э.Барс-Оч нь У.Түвшин гэх хүнд өөрийг нь шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг олгоогүй байхад шүүх дур мэдэн У.Түвшингөөр түүнийг төлөөлүүлэн шүүх хуралдаанд оролцуулсан. Хариуцагч Э.Барс-Оч нь 2004 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 14 настай, иргэний эрх зүйн бүрэн бус чадвартай этгээд юм. Э.Барс-Оч нь хуулиар зөвшөөрснөөс бусад хэлцэлийг хууль ёсны төлөөлөгчийн бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хийнэ. Э.Барс-Оч нь У.Түвшин гэх хүнд өөрийг нь шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг олгоогүй, хууль ёсны төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүнийг төлөөлж оролцоогүй байхад шүүхээс З.Нарантуяа, Д.Эрдэнэпүрэв нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшинг шууд Э.Барс-Очийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж үзэн шүүх хуралдаанд оролцуулсан. Э.Барс-Очид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй байдаг.

Зарим хариуцагч нарт Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөхгүй байх талаархи нөлөөллийн мэдүүлгийг танилцуулаагүй, гарын үсэг зуруулаагүй нь шүүгчид нөлөөлсөн байх магадлалтай байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК нь хариуцагч Хотол дэгжих ХХК, Титэм өлзий констракшн ХХК, Ж.Ганзориг, Б.Хүрэлбаатар, Д.Адъяамаа, Д.Эрдэнэпүрэв, З.Нарантуяа, Э.Барс-Оч, Ч.Энхжаргал нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 626 505 579 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Ч.Энхжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэгт нотлох баримтаар авагдсан барьцааны гэрээ зөрүүтэй байгаа тул Оюуны өмч, Улсын бүртгэлийн газраас лавлагаа гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авч 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 102/ШЗ2017/07977 дугаар захирамж гаргажээ.

 

Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас дээрх захирамжид дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас шүүх боломжгүй тул эд хөрөнгийн хаяг, улсын бүртгэлийн дугаар, өмчлөгч болон хуулийн этгээдийн мэдээллийг тодруулах талаар 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 7/5361 тоот албан бичгийг шүүхэд ирүүлжээ. /1хх 188 дахь тал/

 

Анхан шатны шүүхээс Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1/1711 тоот албан бичиг /2хх 163 дахь тал/ явуулж, 102/ШЗ2017/07977 дугаар захирамжид заасан нотлох баримтыг гаргуулахаар шаардахдаа барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн хаяг, улсын бүртгэлийн дугаар, өмчлөгч болон хуулийн этгээдийн мэдээллийг тодруулж өгөөгүйгээс Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газар нь Үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээ нь эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн хариуг шүүхэд хүргүүлжээ. /2хх 167 дахь тал/

 

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 102/ШЗ2017/07977 дугаар захирамж биелэгдсэн гэж үзэх боломжгүй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн нэмэлт барьцааны гэрээ нь улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэгдээгүйг тухайн гэрээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэж шууд дүгнэх үндэслэл болохгүй.

 

Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 оны/-ийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлийн мэдээллийн сан нь эх нотлох баримт бичиг бүхий архив, цахим мэдээллийн сангаас бүрдэх бөгөөд мөн зүйлийн 12.4 дэх хэсэгт зааснаар бичгэн хэлбэрийн мэдээлэл нь бүртгэлийн эх сурвалж болохоор зохицуулсан байхад анхан шатны шүүх цахим мэдээллийн сангийн лавлагааг үндэслэн барьцааны гэрээн дээр улсын бүртгэл хийгдсэн тэмдэглэлийг шууд үгүйсгэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Мөн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг шалгах үүргээ хэрэгжүүлээгүй. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 14 настай Э.Барс-Очийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШЗ2017/09721 дүгээр захирамжаар хариуцагчаар татаж оролцуулсныг буруутгах боломжгүй ч тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны төлөөлөгчөөрөө төлөөлүүлэн оролцох юм. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй этгээдийн хууль ёсны төлөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах шийдвэр гаргаагүйгээс гадна насанд хүрээгүй этгээдээс итгэмжлэл шаардахгүй юм. Гэтэл насанд хүрээгүй Э.Барс-Очийн эх З.Нарантуяагаас эцэг Д.Эрдэнэпүрэвт олгосон итгэмжлэл, Д.Эрдэнэпүрэвээс У.Түвшинд олгосон итгэмжлэлээр Э.Барс-Очийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг тодорхойлсон нь учир дутагдалтай.

 

Хариуцагч Д.Адъяамаа нь нэхэмжлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК болон хариуцагч Хотол дэгжих ХХК-ийн захирал Ж.Ганзориг нарт холбогдуулж сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч ажиллагаа явуулсан нь буруу гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчээс гадна хариуцагч талд холбогдуулж сөрөг нэхэмжлэл гаргасныг анхаараагүй байна.

 

Түүнчлэн шүүгчид хөндлөнгөөс нөлөөлөхгүй байх талаарх нөлөөллийн мэдүүлгийг хэргийн зарим оролцогч нарт танилцуулаагүй, гарын үсэг зуруулаагүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

Дээрх зөрчил тус бүрийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3, 168.1.7-д заасан үндэслэл тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2018/01904 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА