Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/00196

 

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/00196

 

МАГАДЛАЛ

Төсөл

2018.1.15 дуЦ.Жавзан-Орломын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/02785 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Жавзан-Орломын нэхэмжлэлтэй хариуцагч Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд холбогдох

 

2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/25, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/53 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, А/53 тушаалын дагуу цалингаас суутгасан 386 985 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Жавзан-Орлом, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа, хариуцагчийн өмгөөлөгч Л.Хатанбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Жавзан-Орлом намайг 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/199 тоот тушаалаар ажлаас халсан бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр ажилдаа эргэж орсон боловч Эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү нь ялгаварлан гадуурхаж, хэл амаар доромжилж ажлын байрны дарамт үзүүлсээр байна. Л.Баярхүү 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр А/24 тоот Ажил сайжруулах тухай, 4 дүгээр сарын 18-ны өдөр А/25 дугаартай Сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалууд гаргаж, энэ тушаалуудыг 18-ны өдөр 18 цаг 38 минутанд эмчилгээ эрхэлсэн орлогч дарга миний мэйл хаягаар над руу явуулсан байсан. Энэхүү сахилгын арга хэмжээ авсан тушаалыг би хүлээн зөвшөөрөөгүй тул шүүхэд хандахад шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага болон хариуцагчаа буруу тодорхойлсон гээд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гаргасан. Намайг материалаа бүрдүүлж байх хугацаанд 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр А/53 дугаартай тушаалаар дахин Сахилгын шийтгэл оногдуулж үндсэн цалинг 2 сараар 20 хүртэл хувиар бууруулах арга хэмжээ авсан бөгөөд тушаалд 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/35 тоот тушаалыг биелүүлээгүй тул цалингийн 20%-ийг хасах арга хэмжээ ав гэж заасан. Эрүүл мэндийн төвийн даргын ...А/35 тоот тушаал гарах үед миний бие нь өвчтэй, харьяа эмнэлэгт эмчлэгдэж байхад хүний нөөцийн албаны дарга Б.Базарсүрэн нь миний мэйлаар явуулсан. Эрүүл мэндийн төвийн даргын А/24, А/35 тоот тушаалуудад хэрэгжүүлэхээр заагдсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 02-03-08/1354 дүгээр албан шаардлага нь тухайн үедээ хэрэгжээд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зохих журмын дагуу дахин үнэлэгдээд 83,6 хувийн биелэлтэй дүгнэгдсэн. Дахин 2017 оны 5 сард Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төлөвлөгөөт шалгалт ирээд сувиллын цогцолборыг хангалттай гэж үнэлсэн. Дээрх тушаалын дагуу 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Жаргалсайханд Сүхбаатар сувиллын цогцолборын 2017 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг бичиж танилцуулахдаа А/35 тоот тушаалын дагуу хийсэн ажлаа 7 дугаар бүлгийн 2 дугаар заалт болгож уг тушаалын дагуу хийсэн 8 төрлийн ажлыг нэг бүрчлэн тусгаж өгсөн. Уг тушаалын дагуу хийсэн ажлын үр дүнтэй танилцах удирдлагын зөвлөлийн хуралд миний бие шууд оролцож ажилаа тайлагнах эрх бүхий албан тушаалтан биш юм. Нэг сар гарангийн хугацаанд Сахилгын шийтгэл ногдуулах тухай 2 тушаал, үүрэг даалгавар өгөх тухай 2, нийтдээ 4 тушаал гаргаж удаа дараа арга хэмжээ авч байгаа нь намайг ажлаас дахин халах гэсэн зорилготой байгааг батлан харуулж байна. Зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, албан шаардлагын биелэлтийг хангалттай гэж мэргэжлийн байгууллага үнэлсэн байхад сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байна. Иймд дээрх тушаалуудыг хүчингүй болгож, А/53 дугаартай тушаалаар суутгасан үндсэн цалингийн 20% болох 7, 8 дугаар сард тус бүр 126 000 төгрөг, 7 дугаар сарын нэмэгдлээс 277 279 төгрөг олгогдохоос 206 973 төгрөг олгож 70 306 төгрөг, 8 дугаар сард 323 395 төгрөг олгогдохоос 258 716 төгрөг олгож 64 679 төгрөг тус тус суутгасан байх тул 386 985 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Ц.Жавзан-Орлом нь Эрүүл мэндийн төвийн харъяа Сувиллын цогцолборыг байгуулснаас хойш эрхлэгчээр ажилласан хэдий ч хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн сувиллын цогцолборын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих чиглэлээр хангалтгүй ажиллаж байнгын зөрчил гаргаж ирсэн. Үүнд, сувиллын цогцолборт сувилуулсан иргэн Д.Шаравдорж Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасны дагуу тус сувиллын цогцолборын үйл ажиллагаанд шалгалт хийж 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 02-03-081/1354 дугаартай албан шаардлагаар нийт 13 төрлийн зөрчлийг арилгах албан шаардлага ирүүлсэн. Албан шаардлагын дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагаас төлөвлөгөө гаргаж, албан шаардлагад заасан хугацаанд хийсэн ажлын тайланг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн. Энэ зөрчлийг арилгах ажлууд нь Ц.Жавзан-Орломын дурдсанчлан 20 хоногийн дотор бүрэн гүйцэтгэгдээд тухайн үедээ хэрэгжээд дүгнэгдэх боломжгүй шат дараатай хийгдэх хугацаа шаардах ажлууд байсан. Мөн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр сувиллын цогцолборт сувилуулж байсан иргэн Т.Жав бариа, бумба эмчилгээ хийлгээд нурууны бүсэлхий хэсэгт улайсан, хоёр хэсэгт цэврүү үүссэн гэж гомдол гаргасны дагуу чанарын баг тус цогцолборт ажиллаж шалгалт хийхэд эмчийн заалтгүйгээр дур мэдэн эмчилгээ хийсэн эмчилгээний хуудсыг дутуу хөтөлсөн, хийгдэх эмчилгээний талаар сувилагч, сувилуулагчид тайлбарлаагүй, эмчилгээний хуудас дээр заалтыг дэлгэрэнгүй бичээгүй, эмнэлгийн анхан шатны маягтыг заавар, журмын дагуу хөтөлдөггүй, гарсан зөрчлийг нуун дарагдуулдаг, сувилуулагч биш гадны хүнд эмчийн заавар, зөвлөгөөгүй дураараа хануур, шивүүр, гулгуур бумба, блок гаргах зэрэг эмчилгээг байнга хийдэг, эмчилгээний стандарт технологи зөрчсөнөөс сувилуулагчийн биед цэврүү үүссэн зэрэг алдаа дутагдалтай байсан. Энэ байдлыг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн чанарын багийн өргөтгөсөн хурлаар хэлэлцэн эмчийн заалтгүйгээр дур мэдэн эмчилгээ хийх, эмч сувилагчид ёс суртахуунгүй авир гаргадаг байдлыг таслан зогсоох, эмчилгээнд хяналт тавих, стандартын дагуу ажиллах, технологийн алдаа дахин гаргахгүй байх, сувилуулагч Т.Жаваас эмчилгээний алдаа гаргаж нуруунд цэврүү үүсгэсэн асуудлаар уучлалт гуйх, эмч сувилагч нарт арга зүйн зөвлөгөө өгч ажиллах шаарлагатай гэсэн анхааруулгыг өгсөн. ...Эмийн эмчилгээ хийх эрхгүй байтал 3 хоног эмийн эмчилгээ хийсэн, оношийн үндэслэлийг сувилуулагч хэвтсэнээс хойш 7 хоногийн дараа гаргадаг, өдөр бүрийн эмчилгээний тэмдэглэлийг бичдэггүй, эмч сувилуулагчийг үзээгүй хэрнээ яаралтай эмчилгээг утсаар зааж, сувилагч нь картанд бичээгүй эмчилгээг хийсэн, сувилуулагчийн өвчний түүхийг хаахдаа гарах үеийн эпикризэнд хийгдсэн эмчилгээг бичээгүй зэрэг стандарт шаардлага, холбогдох дүрэм журмуудыг зөрчсөн зөрчил байхад Сувиллын цогцолборт баримтлах журамд заасан Сувиллын цогцолборын эрхлэгчийн үүрэг, ажлын байрны тодорхойлолтод тусгасан ажил үүргээ биелүүлдэггүй. Дотоод хяналт шалгалтаар цайны газрын үйл ажиллагаанд хяналт тавьдаггүйгээс сувилуулагчдын хоолноос дээж авдаггүй, тэмдэглэл хөтөлдөггүй, ажилтан нь урьдчилан сэргийлэх үзлэгт орсон гэх боловч он, сар, өдөр нь ирээдүй цаг буюу урьдчилан тавьсан байсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээний Чанарын албанаас Сувиллын цогцолборын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт, иргэдээс ирсэн гомдлыг авч хэлэлцэх өргөтгөсөн хурлаас эмч сувилуулагчийг үзээгүй хэрнээ яаралтай тусламжийн эмчилгээг утсаар заасан, холбогдох зөвшөөрлийг аваагүй байхад эмийн эмчилгээ хийсэн, эмнэлгийн баримт бичгийг хуурамчаар нөхөж бичсэн, буруу, стандарт бус эмчилгээ хийж гомдол гаргасан, жижүүр ажлын байран дээр удаа дараа согтуу байдаг, уурын зуухны нүүрсийг шуудайлж зардаг зэргээр эмнэлгийн ажилтны ёс зүй зөрчсөн үйлдлийг ярилцаж холбогдох ажилтанд хариуцлага тооцох, Сувиллын цогцолборын эрхлэгчид ажил сайжруулах үүрэг даалгавар өгөхөөр шийдвэрлэсэн. Дээрх зөрчлүүд болон 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Сувиллын цогцолборын эмчилгээ, сувилгаа, үйлчилгээг сайжруулах зорилгоор тус төвийн даргын А/24 дүгээр тушаалаар Ажил сайжруулах үүрэг даалгавар өгч, энэ тушаалын дагуу хийсэн ажлын тайланг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор Удирдлагын зөвлөлд танилцуулахыг Сувиллын цогцолборын эрхлэгч Ц.Жавзан-Орломд даалгасан боловч өгсөн үүрэг даалгавар хэрэгжээгүй тул тус төвийн даргын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/35 дугаар тушаалаар танилцуулах хугацааг сунгаж 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор Удирдлагын зөвлөлд танилцуулахыг даалгаж, үүрэг даалгаврын хэрэгжилтийг цаг хугацаанд нь танилцуулаагүй тохиолдолд арга хэмжээ тооцохыг анхааруулсан. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын тушаалаар өгөгдсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй, хийсэн ажилгүй, тайлангаа удирдлагын зөвлөлд танилцуулаагүй тул Хөдөлмөрийн тухай хууль, тус төвийн Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтын дагуу Ц.Жавзан-Орломд сахилгын шийтгэл ногдуулсан. Ц.Жавзан-Орлом нь 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/35 дугаар тушаал гарах үед өвчтэй, харьяа эмнэлэгтээ эмчлэгдэж байсан гэж байгаа боловч түүний 0880412 дугаартай эмнэлгийн хуудаст 2017.05.08-ны өдрөөс 2017.05.22 өдрийг хүртэл 14 хоног амбулаториор эмчлүүлсэн, уг хуудсыг 2017.05.22-ны өдөр олгосон тухай тэмдэглэгээ байгаа бөгөөд тушаал гарсан 2017.05.19-ны өдөр баасан гариг, Ц.Жавзан-Орлом ажилдаа орсон 22-ны өдөр даваа гариг таарч байна.

Сувиллын цогцолборын нийт ажилтан нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сувилуулагч нарт зөв, эрсдэлгүй, стандартын дагуу үзүүлэх, түүний дотор эрхлэгч нь үүнд хяналт тавих үүрэгтэй. Тус төвийн дарга нь хууль журмаар хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсанаас бус ялгаварлан гадуурхаж, хэл амаар доромжилсон, ажлын байрны дарамт шахалт үзүүлсэн зүйлгүй. Ц.Жавзан-Орломд тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 11.2.3, Хөдөлмөрийн гэрээний 6.2.2-д заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасны дагуу үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 %-иар бууруулах арга хэмжээ авсан, нэхэмжлэгч нэмэгдлээс хассан гэж байгаа нь ойлгомжгүй байна. Тушаал дээр үндсэн цалингийн 20%-ийг хассан байхад түүгээр нь л 250 876 төгрөгийг суутгасан, энэ тухай баримтыг шүүхэд өгсөн, Ц.Жавзан-Орломын үндсэн цалин нь 627 192 төгрөг юм, үүнээс 20%-ийг суутгаад үлдсэн цалинг нь олгосон, ажилтны авч байгаа нэмэгдлийг суутгаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7,131 дүгээр зүйлийн 131.1.1, 131.1.2, 131.2-т заасныг баримтлан хариуцагч Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/25, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/53 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан цалингаас суутгасан 250 878 төгрөгийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 136 107 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 78 376 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах байгууллагын сувиллын цогцолборын эрхлэгч Ц.Жавзан-Орломын хувийн болон мэргэжлийн ёс зүйн байдал, дээд шатны удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь зохих ёсоор хэрэгжүүлдэггүй, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, зохих стандартыг баримтлаагүй учраас сувиллын цогцолборын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй тул олон алдаа, дутагдал, зөрчил гаргаж байсныг түүний удирдлаган дор ажилладаг мэргэжлийн хамт олон, эмчлүүлж буй өвчтөн нарын гомдол, тайлбар, Чанарын албаны болон Дотоод хяналт шалгалтын газраас илрүүлсэн, тогтоосон нөхцөл байдал, Мэргэжлийн хяналтын газрын албан шаардлагыг үндэслэн Хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн үйл ажиллагаанд сахилгын шийтгэлийн арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлсэн үйл явдал нь нэг талаар бодит байдлын үр дагавар нөгөө талаар хариуцлагагүй үйл ажиллагааг цаашид таслан зогсоох сувиллын хэвийн ажлын нөхцөлийг бүрдүүлэх тушаал шийдвэр байсан гэдгийг хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд хангалттай нотолж байхад шүүгч зөрчил гаргаж байсан явдал тогтоогдохгүй байна, сувиллын эрхлэгчид хамаарахгүй гэсэн хийсвэр тайлбар гаргаж үйл явдлын жинхэнэ бодит нөхцөл байдлыг үгүйсгэж хавтас хэрэгт бэхжүүлэгдсэн эрхлэгчийн буруутай үйл ажиллагааны талаархи нотлох баримтуудын ач холбогдлыг илт нэг талыг баримтлан мушгин гуйвуулж, сувилалын эрхлэгч үүнд огт хамааралгүй, холбогдолгүй гэж шийдсэн байр суурь нь хууль зүйн үндэслэл муутай гэж үзэж байна.

...Өөрөөр хэлбэл анхны сануулах сахилгын арга хэмжээ бол зөвхөн дотоодын хяналт шалгалтаар илэрсэн, шалгагдсан зүйлтэй холбоотой гэдгийг тодруулах нь зүйтэй гэж үзэж байна. Тус сувиллын цогцолборын эрхлэгч Ц.Жавзан-Орломын зүгээс 2017 оны 3 сарын 3 өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулчихаад 3 сар гаруй орчим хугацаа өнгөрчихөөд байхад элдэв янзын шалтаг тоочин ажлын байрны тодорхойлолтод гарын үсгээ зурахгүй зугатаагаад байгаа явдал нь өөрийн эрхгүй хариуцлагагүй үйлдлийн бас нэг жишээ билээ.

...Мэргэжлийн хяналтын газраас тус цогцолборын үйл ажиллагаанд олон хууль, журам, тушаал биелэгдэхгүй зөрчигдсөн, хэрэгжих ёстой стандартуудыг баримтлаагүй учраас уг сувиллын дээд удирдлага болох Эрүүл мэндийн төвд хандсан байдаг бөгөөд албан шаардлагын зүйл заалтыг хэрэгжүүлэх талаар эрхлэгч Ц.Жавзан-Орлом нь өөрийн дээд шууд удирдлагад олон сар өнгөрч байхад нэг ч дорвитой ажил гүйцэтгээгүй учраас түүнээс энэ талаар тайлангаа гаргахыг удаа дараа амаар болон бичгээр үүрэг даалгавар өгч байхад ажил олгогчийн зүй ёсны шаардлагыг хэрэгжүүлэх битгий хэл цаг хугацааг нь сунгаж боломж олгож өгч байхад нөгөө л сурсан арга барилаар хөшүүн хойрго хандаж биелүүлээгүй явдалд удирдлагын зүгээс 2017 оны 6 сарын 30 өдөр А/53 тоот тушаал гаргаж цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэлийг хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан арга хэмжээ авсан байдаг.

Эрүүл мэндийн тодорхой байгууллагыг удирдаж ажиллаж байгаа хүн ажлын хариуцлага алдсан байхад түүнд хариуцлага тооцсон үйл ажиллагааг буруутгаж буй шүүхийн шийдвэр нь нэг талаар хариуцлагагүй ажилтны гэм буруутай үйл ажиллагааг өөгшүүлсэн нөгөө талаар иргэдийн эрүүл мэнд эрсдэлд орох магадлал байгааг анхаарч үзэх шаардлагатай байна. Мэргэжлийн алдаа зөрчлөөс гадна тус төвийн үйл ажиллагаанд ажлын байрны түвшин тааруу, хоол хүнсний чанарын талаар болон эрүүл ахуйн шаардлага алдагдсан, архидалт болон бусад зохисгүй явдлууд байнга гардаг зэрэг наад захын стандартуудыг хэвшил болгон ажиллаж байгаагүй гэдэг нь хангалттай харагдаж байгаа тул удирдлагын зүгээс энэ хариуцлагагүй явдлыг таслан зогсоох үүднээс хариуцлага тооцох зайлшгүй шаардлага байсан байдаг. Ц.Жавзан-0рлом нь байгууллагынхаа үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хяналт тавиж чадаагүй, түүний буруутай үйлдлийн улмаас тус цогцолборын үйл ажиллагаанд олон алдаа, дутагдал, зөрчил гаргасан нөхцөл байдлуудад иргэд болон хамт олноос байнга хүсэлт гомдол гарч байсныг дотоодын хяналт шалгалтаар болон мэргэжлийн хяналтын газраас хангалттай тогтоогдсон учраас тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын тушаалаар эхний удаа сануулах сахилгын шийтгэл оногдуулсан боловч үүний дагуу тодорхой ажлын идэвх санаачлага огт гаргаагүй буюу өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхгүй биелүүлэхгүй байсан учраас захиргааны зүгээс сахилгын шийтгэлийн арга хэмжээг дэс дараалалтай авч хэрэгжүүлсэн удирдлагын үйл ажиллагааг буруутгаж буй шүүгчийн шийдвэр нь нэг талаар бодит байдлыг гүйцэд судлаж ойлгоогүй нөгөө талаас Хөдөлмөрийн тухай хуулийг болон уг байгууллагын дотоод журмыг буруу тайлбарласан тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ц.Жавзан-Орлом нь хариуцагч Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд холбогдуулж түүнд сахилгын шийтгэл буруу ногдуулсан гэсэн үндэслэлээр тус төвийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/25 тоот болон 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/53 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгох, цалингаас суутгасан 386 985 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Ц.Жавзан-Орлом нь сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан 3 сарын хугацаанд буюу 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан байна.

1. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/25 тоот тушаалаар Сувиллын цогцолборын эрхлэгч нь Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны А/56 дугаар тушаалаар баталсан Сувиллын цогцолборын үйл ажиллагаанд баримтлах журмын 6.1, 6.2, 6.3, 6.4 болон ажлын байрны тодорхойлолтонд зааснаар сувилуулагчийг Эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмчээс илгээсний дагуу сувилалд эмчлэгдэх өвчний онош, заалтын дагуу эрэмбэлэн ангилж хүлээн авах, үзлэг хийх, сувилуулагчийн карт, бусад холбогдох маягт, цахим бүртгэл, баримт бичгүүдийг стандартын дагуу хөтлүүлэх, сувилуулагчид эмчилгээний болон түгээмэл үйлдлийн стандарт, удирдамжийн дагуу оношлогоо, эмчилгээг хийх зэрэгт хяналт тавьж ажиллаагүй, бариа заслын сувилагч, ээлжийн сувилагч нар эмчийн заалтгүй, яаралтай бус нөхцөлд эмийн эмчилгээ хийсэн, сувилуулагчийн өвчний түүхэнд үзлэг, онош, хийсэн эмчилгээг нөхөж бичсэн зэрэг ноцтой зөрчил удаа дараа гаргаж байхад хяналт тавьж ажиллаагүй тул Ц.Жавзан-Орломд сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Жавзан-Орлом нь Сувиллын цогцолборын үйл ажиллагаанд баримтлах журмын 6.1, 6.2, 6.3, 6.4 болон ажлын байрны тодорхойлолтонд заасан хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна бариа заслын сувилагч Б.Удаабаярын талаар сувилуулагч Т.Жав гомдол гаргасанд, сувилагч Д.Алтанцэцэг сувилуулагч Г.Батсайханд Г.Цэцэгдэлгэр эмч утсаар зөвшөөрөл өгсний дагуу эмийн эмчилгээг хийсэн, Г.Цэцэгдэлгэр эмчийн сувилуулагчийн түүхийн хуудсыг сольсон, нөхөж бичсэн зэрэгт эрхлэгч Ц.Жавзан-Орломыг шууд буруутгаж сануулах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн дээрх тушаалыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Нөгөө талаар ажил олгогч эмч, сувилагч нарын дээрх алдаа зөрчлүүдийн талаар 2017 оны 02 дугаар сарын 02, 02 дугаар сарын 14, 02 дугаар сарын 23-ны өдөр тус тус мэдсэн атлаа \хх-ийн 209-210, 217-219\ Ц.Жавзан-Орломд сахилгын шийтгэлийг 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт заасан сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах тухай шаардлагыг зөрчжээ.

Харин шүүх 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/25 тоот тушаалд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 02-03-08/1354 дүгээр албан шаардлагын талаар дурдагдаагүй байхад энэ талаар дүгнэлт хийсэн нь буруу болсныг дээрх байдлаар залруулан дүгнэж байна.

2. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/53 тоот тушаалаар Сувиллын цогцолборын эрхлэгч Ц.Жавзан-Орлом нь тус Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/24 дүгээр тушаалаар Сувиллын цогцолборын эрхлэгчийн эрх, үүрэг, ажлын байрны тодорхойлолтонд заасны дагуу Сувиллын цогцолборын оношлогоо, эмчилгээ, сувилгаа, түгээмэл үйлдлийн стандарт, эмнэлзүйн удирдамжийн хэрэгжилтэнд тавих хяналтыг сайжруулж, уг тушаалын дагуу хийсэн ажлын тайланг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор Удирдлагын зөвлөлд тайлагнаагүй тул хугацааг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/35 тоот тушаалаар сунгасан боловч өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй тул үндсэн цалинг 2 сараар 20 хүртэл хувиар бууруулах арга хэмжээ авчээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 02-03-08/1354 тоот албан шаардлагын дагуу Сувиллын цогцолборын үйл ажиллагааны зөрчил арилгуулах албан даалгаврыг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж 13 төрлийн ажил төлөвлөж, уг төлөвлөгөөний биелэлтийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гаргаж тайлан бичсэн байна. /хх-ийн 177-182/ Түүнчлэн Сүхбаатар сувиллын цогцолборын 2017 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг Сувиллын цогцолборын эрхлэгч Ц.Жавзан-Орлом бичиж, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Жаргалсайхан 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хянаж гарын үсэг зурсан байх бөгөөд уг тайланд тус төвийн даргын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/35 тоот тушаалын дагуу хийсэн ажлаа уг тайлангийн 7.2-т тайлагнасан байна /хх-ийн 33-36/

Мөн удирдлагын зөвлөлийн хурал хэзээ хийхээр товлогдсон, Ц.Жавзан-Орломд энэ талаар мэдэгдсэн эсэх, хурлын хэлэлцэх асуудалд Ц.Жавзан-Орлом, С.Жаргалсайхан нарын тайлан орсон эсэх нь тус тус тодорхой бус, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд анхан шатны шүүхээс Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/25, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/53 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, цалингаас суутгасан 250 878 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Ажлын байрны тодорхойлолтонд гарын үсгээ зурахаас зайлсхийсэн, шинжилгээ хийлгээгүй хүнд шинжилгээний хариу гаргуулсан, ажилтан Болорын гомдол зэрэг нь дээрх тушаалуудын үндэслэл болоогүй тул энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/02785 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Л.Хатанбаатар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ