Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2018/01914

 

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2018/01914

 

 

Д.Энхтайваны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2018/00913 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Энхтайваны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох,

 

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б\113 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шиймигэлийн нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах, Үр дүнгийн гэрээ-ний биелэлтийг дүгнэсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Ариунтуул

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1991 оноос эхлэн боловсролын байгууллагад багшилж эхэлсэн ба 2002 оноос Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуулийн захирлаар, 2011 оноос Хан-Уул дүүргийн 26 дугаар сургуулийн захирлаар томилогдон ажилласан.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нь төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Д.Энхтайвантай үр дүнгийн гэрээ байгуулсан. 2017 оны 1 дүгээр сард Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас Үр дүнгийн гэрээ-ний биелэлтийг шалгаж, үр дүнгийн гэрээний тайланг хамгаалуулсан бөгөөд тухайн үед гэрээний үүрэг хангалттай сайн биелэгдсэн гэж А үнэлгээ авч байсан боловч 2017 оны 4 дүгээр сард үр дүнгийн гэрээ нь D үнэлэгдсэн гэж мэдэгдсэн. Гэтэл мөн 2017 оны 5 дугаар сард Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас ямар ч тамга, тэмдэг, огноогүй, баталгаажуулаагүй F үнэлгээтэй үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудсыг танилцуулсан.

Иймд дээр дурдсан үр дүнгийн гэрээний D болон F үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээр 2017 оны 04 дүгээр сарын 27, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрүүүдэд Хан-Уул дүүргийн Засаг даргад хүсэлт гаргаж байтал Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/113 тоот захирамжаар Үр дүнгийн гэрээний биелэлт хангалтгүй дүгнэгдсэн гэх үндэслэлийг баримтлан надад сахилгын шийтгэл ногдуулж, 26 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Иймд Хан-Уул дүүргийн 26-р сургуулийн захирал Д.Энхтайваны 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг F буюу хангалтгүй гэж дүгнэсэн дүгнэлтийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 320 дугаар захирамжаар тус дүүргийн 26 дугаар сургуулийн захирлаар Д.Энхтайваныг томилсон бөгөөд сургуулийн захирал нь төсвийн шууд захирагч байдаг юм. Нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний 6.2.4-т дүүргийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ нь хангалтгүй гэж дүгнэгдсэн бол сахилгын ноцтой зөрчилд тооцохоор тусгасан байдаг.

Мөн дүүргийн Засаг даргаас 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/268 дугаар албан бичгээр тухайн дүүргийн 26 дугаар сургуулийн захирлыг үнэлж дүгнэсэн дүгнэлтийг ирүүлж санал хүргүүлсэн байдаг. Энэ санал дүгнэлтийг үндэслээд Нийслэлийн боловсролын газраас Нийслэлийн Засаг даргад сахилгын шийтгэл ногдуулах саналыг ирүүлсэн бөгөөд тус саналыг үндэслээд 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Б/113 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамж гаргасан.

Нэхэмжлэгч нь үр дүнгийн гэрээний урамшуулал олгосон асуудлыг тайлбарладаг бөгөөд тус урамшуулал нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 2013 оны А/299 дүгээр журмыг баримталж урамшуулал олгодог бөгөөд үнэлгээний асуудлыг зохицуулсан. Үнэлгээг 1, 3 дугаар улирлын үнэлгээг тухайн сургуулийн багш, захирал өөрийгөө үнэлэхээр, 2, 4 дүгээр улирлын үнэлгээг ажилчид, багш нар, эцэг эхээс тухайн ажилтны үнэлгээг өгдөг. Тус үнэлгээг үндэслэж урамшуулал олгодог. Нөгөөтэйгүүр үр дүнгийн гэрээ дүгнэгдсэн тухайд тус гэрээгээ дүгнүүлээд тухайн дүүргийн Засаг даргад тайлбар хүргүүлж байсан гэж тайлбарладаг. Хэрэв үр дүнгийн гэрээг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд дээд шатны байгууллага, шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй боловч энэ эрхийг нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй. Зөвхөн Нийслэлийн Засаг даргын гаргасан сахилгын шийтгэл ногдуулсан захирамжтай холбоотой Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/08 дугаар захирамжаар төсвийн шууд захирагч нарын үр дүнгийн гэрээг үнэлэх ажлын хэсгийг байгуулсан. Дээрх ажлын хэсэг тухайн сургууль цэцэрлэг дээр очиж ярилцлага хийж тухайн дүгнэлтийг гаргасан.

Гэрээний биелэлт нь хуулийн шаардлага хангаагүй. Үүнийг мэргэжлийн гишүүд бүхий ажлын хэсэг үнэлээд дүгнэсэн. Нийт 42 арга хэмжээ, 2016 онд хэрэгжүүлнэ гэснээс 27 арга хэмжээний биелэлт тодорхойгүй, тоо чанарын үзүүлэлт байхгүй, 5 тусгай арга хэмжээнээс 2 арга хэмжээ нь бүрэн хэрэгжээгүй, 2 арга хэмжээ нь хэрэгжээгүй гэж дүгнэсэн байдаг. Энэ байдлаар үнэлэгдээд F үнэлгээ авсан байдаг.

Захиргааны хэргийн шүүхэд урьдчилан журмаар хэрэгжүүлэх арга хэмжээг аваагүй гэсэн захирамжийг харахад зөвхөн захиргааны акттай маргаж байгаа нь харагдаж байна. F үнэлгээ дээр маргасан зүйл өнөөдрийг хүртэл Нийслэлийн Засаг дарга Төрийн албаны зөвлөлд хандаагүй. Иймд тус үнэлгээ нь хуулийн дагуу хийгдсэн асуудал тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Энхтайваныг Нийслэлийн Хан-Уул дүүргийн 26 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 7 516 466 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Засаг даргаас гаргуулан олгож, нэхэмжлэлээс хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох Үр дүнгийн гэрээ-ний биелэлтийг үнэлсэн үнэлгээг хүчигүй болгуулах тухай, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/113 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, Д.Энхтайваны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийг нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийн нөхөн бичилт хийлгэж баталгаажуулахыг хүссэн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгөргийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 135 213 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Үр дүнгийн гэрээний зорилгыг Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам"-ын 2.2 тодорхой заасан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Үүнээс үзэхэд 2016 оны "Үр дүнгийн гэрээ"-нд заасан бүх арга хэмжээг бүхэлд нь нэхэмжлэгч Д.Энхтайваны хүлээх үүргээр тодорхойлж, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд хамруулсан учир дутагдалтай болсон" гэсэн гэж хэт нэг талыг барьж дүгнэсэн нь нотлох баримтуудыг баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй гэж үзэж байна.

Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт "Үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үндэслэн үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь дараах арга хэмжээг авна, мөн хуулийн 40.4.2.хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох" гэж заасан. Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.4.2 гэрээний 4 талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна гэсэн бөгөөд нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.4-д Дүүргийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээг хангалтгүй дүгнэгдвэл ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан.

Гэтэл шүүх "Иймд нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлсэн гэж үнэлсэн нь Д.Энхтайваны хөдөлмөрийн гэрээнд болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй гэж үзэх, түүнчлэн энэ ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан, ажил олгогчийн нэр хүндийг гутаах зэргээр эрх ашиг сонирхолд нөлөөлөх сөрөг үр дагаврыг бий болгосон, харш үйлдэл бүхий Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй юм" гэсэн нь хэт нэг талыг барьж дүгнэсэн нь нотлох баримтуудыг баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь Үр дүнгийн гэрээгээр үйл ажиллагаагаа төлөвлөж, хөдөлмөрлөх явцдаа өөрт ногдуулсан үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй зэргээр, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, дүрмийг зөрчсөн хууль бус, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй учраас сахилгын зөрчил гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Энхтайван нь хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга нарт холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/113 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 321 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Д.Энхтайваныг Ерөнхий боловсролын 26 дугаар сургуулийн захирлаар томилсон ба Нийслэлийн Боловсролын газрын дарга болон Д.Энхтайван нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/113 тоот захирамжаар Д.Энхтайваныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

 

Нийслэлийн Засаг даргын Б/113 тоот захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж, дүгнэх журмын 7.1, Хөдөлмөрийн гэрээний 6.2.4-т заасныг тус тус баримтлан Үр дүнгийн гэрээний биелэлт хангалтгүй дүгнэгдсэн үндэслэл зааж Хан-Уул дүүргийн 26 дугаар сургуулийн захирал Э.Энхтайваныг 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс тасалбар болгон ажлаас нь чөлөөлжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 6.2.4-т Дүүргийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилт хангалтгүй дүгнэгдсэн бол ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцалж, ажлаас халахаар тохиролцсон байна.

 

Талуудын хооронд үр дүнгийн гэрээ 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан ба уг гэрээ нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Үр дүнгийн гэрээг дүгнэх ажлын хэсэг нь хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/08 тоот захирамжаар томилогдсон, уг ажлын хэсэг нь 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн илтгэх хуудсыг үйлдсэн, уг илтгэх хуудаст тэмдэглэгдснээр нэхэмжлэгч Д.Энхтайваны үр дүнгийн гэрээний үнэлгээг 59 гэж дүгнэсэн байна. Энэ үнэлгээг нэхэмжлэгч эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасныг дагуу дахин шалгаж, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн илтгэх хуудаст нэхэмжлэгчийн ажлыг 57 гэж үнэлсэн нь хангалтгүй гэх үнэлгээнд хамаарч байна.

 

Үр дүнгийн гэрээг үнэлэх ажиллагаа нь Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам-аар зохицуулагдах учиртай бөгөөд уг журмын 6.1-д заасны дагуу үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж үнэлгээ өгөхдөө төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн шууд захирагчтай ярилцлага хийхээр заасан байхад уг ажиллагааг Хан-Уул дүүргийн Засаг даргаас томилогдсон ажлын хэсэг явуулсан нь журамд нийцэхгүй талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Түүнчлэн мөн журмын 2 дугаар хавсралтаар батлагдсан Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх аргачлал-ын 1.1, 1.2, 1.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэх ажлыг 2016 оны үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөгөөр тодорхойлсоноор дүгнэх бөгөөд үүнд үндсэн зорилт түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээ, дотоод ажил үйлчилгээ зэрэг 42 үзүүлэлт бүхий нийт арга хэмжээ, 5 үзүүлэлт бүхий тусгай арга хэмжээг хэрэгжүүлэх, манлайлалын зорилтын биелэлт, мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт зэргийг үзүүлэлт тус бүрээр оноо өгч дүгнэсэн эсэх нь тодорхойгүй, ямар арга хэмжээнүүдийг үнэлсэн онооны дундаж нь нийт арга хэмжээний биелэлтийг 20 оноогоор, тусгай арга хэмжээний биелэлтийг 22 оноогоор манлайллын зорилтын биелэлтийг 15 оноогоор үнэлснийг тайлбарлаагүйгээс тодорхойгүй болсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл журмаар тодорхойлсон аргачлалын дагуу үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн гэж тодорхойлох боломжгүй байна.

 

Иймд тогтоосон журам баримтлалгүй хийгдсэн үр дүнгийн гэрээний дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэхгүй тул энэ үндэслэлээр Д.Энхтайвантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.4, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй гэж гаргасан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцэхгүй юм.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/113 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Үр дүнгийн гэрээ-ний биелэлтийг дүгнэсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг нэхэмжлэлийн үндэслэл гэж дүгнэж хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгч Д.Энхтайваныг Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 26 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 7 516 466 төгрөгөөр тогтоож хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох болон үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нэрийг Д.Э гэх байдлаар товчилж бичсэн нь буруу байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2018/00913 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА