Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2019/00166

 

Д.Эы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2018/00913 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1914 дүгээр магадлалтай

Д.Эы нэхэмжлэлтэй,

Н, Х нарт холбогдох

Нд холбогдуулан Нгын 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/113 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахаар, Хд холбогдуулан Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Нгын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1991 оноос эхлэн боловсролын байгууллагад багшилж эхэлсэн ба 2002 оноос Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуулийн захирлаар, 2011 оноос Хан-Уул дүүргийн 26 дугаар сургуулийн захирлаар томилогдон ажилласан.

Х Ж.Ганхуяг нь төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Д.Этай үр дүнгийн гэрээ байгуулсан. 2017 оны 1 дүгээр сард Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас Үр дүнгийн гэрээний биелэлтийг шалгаж, үр дүнгийн гэрээний тайланг хамгаалуулсан бөгөөд тухайн үед гэрээний үүрэг хангалттай сайн биелэгдсэн гэж А үнэлгээ авч байсан боловч 2017 оны 4 дүгээр сард үр дүнгийн гэрээ нь D үнэлэгдсэн гэж мэдэгдсэн. Гэтэл мөн 2017 оны 5 дугаар сард Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас ямар ч тамга, тэмдэг, огноогүй, баталгаажуулаагүй F үнэлгээтэй үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудсыг танилцуулсан.

Иймд дээр дурдсан үр дүнгийн гэрээний D болон F үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээр 2017 оны 04 дүгээр сарын 27,  2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрүүдэд Хд хүсэлт гаргаж байтал Нгын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/113 тоот захирамжаар Үр дүнгийн гэрээний биелэлт хангалтгүй дүгнэгдсэн гэх үндэслэлийг баримтлан надад сахилгын шийтгэл ногдуулж, 26 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Иймд Хан-Уул дүүргийн 26-р сургуулийн захирал Д.Эы 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг F буюу хангалтгүй гэж дүгнэсэн дүгнэлтийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нгын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 320 дугаар захирамжаар тус дүүргийн 26 дугаар сургуулийн захирлаар Д.Эыг томилсон бөгөөд сургуулийн захирал нь төсвийн шууд захирагч байдаг юм. Нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний 6.2.4-т дүүргийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ нь хангалтгүй гэж дүгнэгдсэн бол сахилгын ноцтой зөрчилд тооцохоор тусгасан байдаг.

Мөн дүүргийн Засаг даргаас 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/268 дугаар албан бичгээр тухайн дүүргийн 26 дугаар сургуулийн захирлыг үнэлж дүгнэсэн дүгнэлтийг ирүүлж санал хүргүүлсэн байдаг. Энэ санал дүгнэлтийг үндэслээд Нийслэлийн боловсролын газраас Нд сахилгын шийтгэл ногдуулах саналыг ирүүлсэн бөгөөд тус саналыг үндэслээд 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Б/113 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамж гаргасан.

Нэхэмжлэгч нь үр дүнгийн гэрээний урамшуулал олгосон асуудлыг тайлбарладаг бөгөөд тус урамшуулал нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 2013 оны А/299 дүгээр журмыг баримталж урамшуулал олгодог бөгөөд үнэлгээний асуудлыг зохицуулсан. Үнэлгээг 1, 3 дугаар улирлын үнэлгээг тухайн сургуулийн багш, захирал өөрийгөө үнэлэхээр, 2, 4 дүгээр улирлын үнэлгээг ажилчид, багш нар, эцэг эхээс тухайн ажилтны үнэлгээг өгдөг. Тус үнэлгээг үндэслэж урамшуулал олгодог. Нөгөөтэйгүүр үр дүнгийн гэрээ дүгнэгдсэн тухайд тус гэрээгээ дүгнүүлээд тухайн дүүргийн Засаг даргад тайлбар хүргүүлж байсан гэж тайлбарладаг. Хэрэв үр дүнгийн гэрээг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд дээд шатны байгууллага, шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй боловч энэ эрхийг нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй. Зөвхөн Нгын гаргасан сахилгын шийтгэл ногдуулсан захирамжтай холбоотой Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/08 дугаар захирамжаар төсвийн шууд захирагч нарын үр дүнгийн гэрээг үнэлэх ажлын хэсгийг байгуулсан. Дээрх ажлын хэсэг тухайн сургууль цэцэрлэг дээр очиж ярилцлага хийж тухайн дүгнэлтийг гаргасан.

Гэрээний биелэлт нь хуулийн шаардлага хангаагүй. Үүнийг мэргэжлийн гишүүд бүхий ажлын хэсэг үнэлээд дүгнэсэн. 2016 онд нийт 42 арга хэмжээ хэрэгжүүлнэ гэснээс 27 арга хэмжээний биелэлт тодорхойгүй, тоо чанарын үзүүлэлт байхгүй, 5 тусгай арга хэмжээнээс 2 арга хэмжээ нь бүрэн хэрэгжээгүй, 2 арга хэмжээ нь хэрэгжээгүй гэж дүгнэсэн байдаг. Энэ байдлаар үнэлэгдээд F үнэлгээ авсан байдаг.

Захиргааны хэргийн шүүхэд урьдчилан журмаар хэрэгжүүлэх арга хэмжээг аваагүй гэсэн захирамжийг харахад зөвхөн захиргааны акттай маргаж байгаа нь харагдаж байна. F үнэлгээ дээр маргасан зүйл өнөөдрийг хүртэл Н Төрийн албаны зөвлөлд хандаагүй. Иймд тус үнэлгээ нь хуулийн дагуу хийгдсэн асуудал тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Хд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2018/00913 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Эыг Нийслэлийн Хан-Уул дүүргийн 26 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 7 516 466 төгрөгийг хариуцагч Нас гаргуулан олгож, нэхэмжлэлээс хариуцагч Хд холбогдох Үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай, Нгын 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/113 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, Д.Эы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Нд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийн нөхөн бичилт хийлгэж баталгаажуулахыг хүссэн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Нас улсын тэмдэгтийн хураамжид 135 213 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож  шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1914 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2018/00913 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Н ньулсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Нгын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Д.Эы нэхэмжлэлтэй Нд холбогдох Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2018/00913 дугаар шийдвэр, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1914 дугаартай магадлалд дараах гомдлыг гаргаж байна.

Үүнд: Үр дүнгийн гэрээний зорилгыг Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 22.”Энэхүү гэрээний зорилго нь үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, ажлын байрны шаардлагад нийцүүлэн мэдлэг чадвараа дээшлүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, сонирхлын зөрчилгүй ажиллах, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төсвийн болон эд хөрөнгийг зохистой ашиглах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зэрэг манлайлалын зорилтуудыг хангах талаар төсвийн шууд захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлоход оршино.” гэж тодорхойлсон.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9 дүгээр хэсэгт “... Үүнээс үзэхэд 2016 оны “Үр дүнгийн гэрээ”-нд заасан бүх арга хэмжээг бүхэлд нь нэхэмжлэгч Д.Эы хүлээх үүргээр тодорхойлж, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд хамруулсан нь учир дутагдалтай болсон...” гэсэн гэж хэт нэг талыг барьж дүгнэсэн нь нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй гэж үзэж байна.

Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д “Үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үндэслэн үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь дараах арга хэмжээг авна. 40.4.2. хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох.” гэж заасан.

Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.4.2. “Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна.” гэсэн бөгөөд нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.4-д Дүүргийн Засаг даргатай байгуулсан Үр дүнгийн гэрээг хангалтгүй дүгнэгдвэл ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан.

Гэтэл шүүх “... Иймд нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлсэн гэж үнэлсэн нь Д.Эы хөдөлмөрийн гэрээнд болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй гэж үзэх, түүнчлэн энэ ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан, ажил олгогчийн нэр хүндийг гутаах зэргээр эрх ашиг сонирхолд нөлөөлөх сөрөг үр дагаврыг бий болгосон, харш үйлдэл бүхий Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй юм...” гэсэн нь хэт нэг талыг барьж дүгнэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь Үр дүнгийн гэрээгээр үйл ажиллагаагаа төлөвлөж, хөдөлмөрлөх явцдаа өөрт ногдуулсан үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй зэргээр, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, дүрмийг зөрчсөн хууль бус, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй учраас сахилгын зөрчил гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь Хтай Үр дүнгийн гэрээ байгуулж, дүгнэхэд Н оролцоогүй бөгөөд нэхэмжлэгч Үр дүнгийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 6 дугаар хэсгийн 6.5-д “Төсвийн шууд захирагч төсвийн ерөнхийлөн захирагчийн өгсөн үнэлгээтэй санал нийлээгүй тохиолдолд үндэслэл бүхий тайлбарыг түүнд бичгээр гаргаж болно. Энэ тохиолдолд талууд үнэлгээтэй холбоотой санал нийлээгүй асуудлыг дахин авч үзнэ. Хэрэв төсвийн ерөнхийлөн захирагч үнэлгээг өөрчлөөгүй бол гэрээний биелэлтийг дүгнэсэн “Илтгэх хуудас”-нд тайлбарыг хавсарган төсвийн шууд захирагчийн хувийн хэрэгт хадгалах бөгөөд гэрээг дүгнэсэнд тооцно.”, 8 дугаар хэсгийн 8.1-т зааснаар гомдол гаргах эрхтэй байсан боловч дээд шатны байгууллага болон Нд гомдол санал гаргаагүй зэргийг дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. 40.2.-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2018/00913 дугаар шийдвэр, 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1914 дугаартай магадлалыг хүчингүй болгож, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2. дахь заалтад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д.Э нь Нд холбогдуулан Нгын 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/113 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахаар, Хд холбогдуулан Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Д.Э нь 2011 оноос Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 26 дугаар сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байгаад Нгын 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/113 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжаар Үр дүнгийн гэрээний биелэлт хангалтгүй дүгнэгдсэн гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2., Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж, дүгнэх журмын 7.1., Хөдөлмөрийн гэрээний 6.2.4-т зааснаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.

Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасны дагуу нэхэмжлэгч Д.Э, Х нар 2016 оны 01 дүгээр сарын 04-нөөс 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаагаар Үр дүнгийн гэрээ байгуулсан ба Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/08 тоот захирамжаар Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын 2016 оны үр дүнгийн гэрээг дүгнэх ажлын хэсэг байгуулагдаж, тус ажлын хэсгийн дүгнэлтээр Д.Э нь 59, 57 оноо буюу F үнэлгээ авсан байна.

Дүүргийн Засаг даргаас Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын  дагуу үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлж, хангалтгүй үнэлгээ авсан төсвийн шууд захирагчдад хариуцлага тооцуулахаар Н бөгөөд Улаанбаатар хотын захирагчид 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/268 албан тоот илгээснээр Нгын 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/113 захирамж гарч, Д.Эыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогджээ.

Шүүх талуудын хооронд Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг үндэслэл бүхий тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.2.4.-т Дүүргийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилт хангалтгүй дүгнэгдсэн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан ноцтой зөрчилд тооцохоор харилцан тохиролцсон байна.

Нэхэмжлэгч нь Үр дүнгийн гэрээний үнэлгээг зөвшөөрөхгүй маргасан бөгөөд анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр нэхэмжлэгчтэй байгуулсан Үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээ үндэслэл бүхий гараагүй, үнэлгээнд дурдсан ажлыг дүгнэсэн оноо ойлгомжгүй, задаргаа байхгүй, гэрээний биелэлтийг үнэлсэн үзүүлэлт, үндэслэл болгосон арга, аргачлал нь тодорхойгүй үндэслэлээр Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудас нь Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх аргачлал, Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журмыг зөрчсөн гэж дүгнэсэн нь хэрэгт  цугларсан нотлох баримтад үндэслэгдсэн, шүүх нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан журмыг зөрчөөгүй байна.

Иймд Үр дүнгийн гэрээгээр хангалтгүй дүгнэгдсэн гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр хуульд нийцээгүй гэж үзэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлд дурдсан ажил олгогчийн ажлаас  чөлөөлсөн тушаал, Үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгох шаардлагыг ажилтныг ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл болно гэж шийдвэрийн үндэслэх хэсэгт зөв дүгнэсэн атлаа дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, давж заалдах журмаар гаргасан хариуцагчийн гомдолд үндэслэл бүхий дүгнэлт хийж, өөрийн эрх хэмжээний хүрээнд хэргийг шийдвэрлэн, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1.дэх заалтад нийцжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч нь Үр дүнгийн гэрээний дүгнэлтийг эс зөвшөөрч удаа дараа холбогдох байгууллагад хандасны эцэст энэ үндэслэлээр ажлаас чөлөөлснийг хууль бус гэж үзэн, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад үнэлгээний талаар гомдол гаргаагүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2018/00913 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1914 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Нгын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Х.СОНИНБАЯР     

                           ШҮҮГЧ                                                 Х.ЭРДЭНЭСУВД